| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 181/2021/02839/И |
| Дугаар | 210/МА2026/00439 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00439
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09939 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******
Ажлын хөлс 499,746,267 төгрөг гаргуулах үндсэн, тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай түншлэн ******* зарласан Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцон шалгарч, захиалагч талыг төлөөлж *******, гүйцэтгэгч талыг ******* нар 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******/201904026 тоот гэрээг байгуулсан.
1.2. Дээрх гэрээгээр барилгын үндсэн угсралтын ажлыг ******* хийж гүйцэтгэх, гэрээ байгуулах шатанд түншлэлийн толгой компани болох *******-д гуравдагч этгээдтэй харилцах бүх эрхийг шилжүүлэн өгсөн байсан ба энэ хүрээнд гэрээг ******* нь *******/201904026 тоот гэрээг байгуулсан байдаг.
1.3. Манай компани техникийн үзүүлэлт, стандарт технологийн дагуу барилга угсралтын ажлыг хугацаандаа гүйцэтгэж байсан боловч ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээ дуусах хугацааг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан боловч цар тахалтай холбоотой нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас мөн л ажлыг дуусгаж амжаагүй.
Энэ талаар түншлэлийн толгой компаниар дамжуулан захиалагч талд мэдэгдэж байсан боловч захиалагч нь дээд газрын зөвшөөрөлгүйгээр нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 1/13 тоот албан бичгээр ирүүлсэн.
Иймд гэрээт ажлын явцад гүйцэтгэсэн ажлын төсөв нь 2,081,001,517 төгрөг болсон, захиалагчаас 1,581,255,250 төгрөгийн санхүүжилт авсан, ажлын үлдэгдэл төлбөр 499,746,267 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-тай 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******-ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлыг 2,470,000,000 төгрөгөөр гүйцэтгэж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан. *******-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, ямар нэгэн гэрээний санхүүгийн төлбөрийн болон бусад үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
2.2. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 247 сая төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 741 сая төгрөг нийт 988 сая төгрөгийг *******-д шилжүүлсэн. *******-ийн хийсэн гэх ажлын төлбөр 988 сая төгрөгийг *******-д шилжүүлсэн болно.
2.3. Тендерийн материалд ******* нь *******, *******, *******, *******-уудтай байгуулсан гэрээг гүйцэтгэлийн баримт бичигт ирүүлсэн. *******, *******-ийн хооронд түншлэлийн гэрээний дагуу ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ ирүүлээгүй.
Мөн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ******* нь ******* 1,480,000,000 төгрөгийн гэрээг барилга угсралтын гүйцэтгэлийн баримт бичигт ирүүлж, ******* нь иргэн *******, *******, *******, *******, *******-уудаар гүйцэтгүүлсэн тухай гэрээг ирүүлсэн. 2019, 2020 онд нийт 1,581,255,250 төгрөгийн санхүүжилт олгосон.
2.4. Гэрээт хугацаанд барилгын ажил дуусаагүй бөгөөд барилгын талбай дээр ажиллах инженер, техникийн ажилтан байхгүй, туслах ажилтан 6-7 хүн, барилгын материал татан авалт байхгүй, ажлын зохион байгуулалт сул, гэрээт хугацаанаас олон сараар хоцорсон байсныг удаа дараа шаардлага тавьж байсан тул 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр *******-ийн захирал *******т гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.
2.5. Мөн *******-тай санхүүжилт, хийгдсэн ажлын талаар тооцоо нийлж үзэхэд 99,9 сая төгрөгийн санхүүжилт илүү хийгдсэн байдаг тул энэ дүнг хасаж тооцох учиртай. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******-ийн тайлбарын агуулга:
3.1. 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******/201904026 дугаартай “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагч тал болох *******, гүйцэтгэгч талаас түншлэлийн олгосон итгэмжлэлийн дагуу ******* байгуулж, ажлыг 2,470,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Тендерт ******* болон ******* түншлэлээр оролцож, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19/10 дугаартай түншлэлийн гэрээг байгуулсан. Манай байгууллага захиалагчаас орж ирсэн санхүүжилтийг түншлэлийн гэрээний дагуу *******-д 100 хувь шилжүүлж байсан.
3.2. Ажил гүйцэтгэх явцад Ковид-19 цар тахлын нөхцөл зэрэг урьдчилан тооцоолоогүй шалтгаанаар ажил удааширсан. Гэвч 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр захиалагч гэрээ цуцлах мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд манай зүгээс уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, *******ад болон захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх нэхэмжлэлийг харьяаллын үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.
3.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гүйцэтгэлийн баталгааг талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэж дуусгавар болгох хүртэл хүчинтэй байхаар заасан бөгөөд захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэсэн зүйл байдаггүй.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******-ийн гаргасан бие даасан шаардлага, үндэслэлийн агуулга:
4.1. *******-тай түншлэн ******* зарласан “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах” барилга угсралтын ажлын тендерт шалгарч, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *******/201904026 тоот гэрээ байгуулсан. Талууд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр *******/201904026-1 тоот нэмэлт гэрээ байгуулж, ажлыг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөхөөр хугацааг сунгасан.
4.2. Гэрээний дагуу Улаанбаатар хотын ******* газарт оюутны хээрийн дадлагын баазыг 2,470,000,000 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний үнийн дүнгийн 10 хувь буюу 247,000,000 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаа болгон захиалагч талаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******* банкинд байршуулсан.
4.3. Гүйцэтгэгч тал барилга угсралтын ажлыг техникийн тодорхойлолт, стандартын дагуу гүйцэтгэж байсан боловч 2020 онд дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоосноор барилгын ажил тодорхой хугацаанд зогссон. Иймд гэрээнд заасан хугацаанд ажлыг бүрэн дуусгах боломжгүй болсон. Энэ талаар гүйцэтгэгч талаас захиалагчид албан бичгээр болон утсаар удаа дараа мэдэгдсэн боловч захиалагч нь дээд шатны байгууллагын зөвшөөрөлгүйгээр 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 1/13 тоот албан бичгээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан талаар мэдэгдсэн.
Иймд гэрээ цуцалсан нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэж үзэх үндэслэлтэй тул тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.3, 42.5-т зааснаар хариуцагч ******* 499,746,267 төгрөгийг гаргуулж *******-д, 247,000,000 төгрөгийг гаргуулж *******-д тус тус олгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ийн төлсөн 3,891,682 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******-ийн төлсөн 1,392,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 3,891,682 төгрөгийг гаргуулж *******-д, 1,392,950 төгрөгийг гаргуулж, *******-д тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээг буруу хэрэглэж, хууль хэрэглээний ноцтой алдаа гарган хариуцагч талыг хохироосон шийдвэр гаргасан. Үүнд:
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа, хамтран ажиллах гэрээг ажил гүйцэтгэх гэрээний шинж чанарыг буруу тодорхойлсны улмаас хамтран ажиллах гэрээний хүсэл зоригийг ажил гүйцэтгэх гэрээний шаардах эрхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээний нэг талд ******* захиалагч, нөгөө талд ******* гүйцэтгэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу *******-ийн “Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа өгсөн боловч биелүүлээгүй тул ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 56 дугаар зүйлийн 1/13 дугаар зүйлд заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр өгч ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан байдаг.
6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт санхүүжилтийн гүйцэтгэсэн ажлын зардал үнэлгээтэй нь тулгаж хэрхэн хэдэн төгрөгийн санхүүжилт олгосон тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 99,956,268 төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүгч дүгнэжээ. Гэрээний талууд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэл үнэлгээ хийж захиалагчийг төлөөлж *******-ийн Санхүү аж ахуй эрхэлсэн дэд захирал *******, Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга *******, Захиалагчийн хяналтын инженер ******* нар нөгөө талаас гүйцэтгэгчийг төлөөлж *******-ийн Захирал *******, Ерөнхий инженер *******, Нягтлан бодогч ******* нар баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /хх-ийн 160 дахь тал/, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тооцооны үлдэгдлийн баталгааг захиалагч талаас нягтлан бодогч *******, гүйцэтгэгч талаас нягтлан бодогч ******* нар тооцоо нийлэн баталгаажуулж гарын үсэг зурсан бичгийн нотлох баримт /хх-ийн 103 дахь тал/ хэргийн материалд байхад шүүгч нотлох баримтийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэлт өгөөгүй байна.
6.3. *******, *******-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 201904026 тоот ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх явцад ******* нь туслан гүйцэтгэгч компанийн үүрэг гүйцэтгэж байсныг нотлох баримтууд иргэний хэрэгт байдаг. *******-аас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20/79 тоот албан бичгээр *******-д хүсэлт илгээхдээ “...туслан гүйцэтгэгч ******* нь ажиллах хүчний алдаа гаргаж ажлыг удаашруулсан тул манай компанийн зүгээс харамсаж байна ******* нь 6 дугаар сарын 12-ны өдрөөс туслан гүйцэтгэгч компанитай гэрээ цуцалж цаашид тухайн ажилд оролцуулахгүйгээр ажлыг үргэлжүүлэх болсон тул өөрсдийн хүч бололцоогоо шалган холбогдох хүч, материалыг нэмэгдүүлэн үргэлжүүлэх хүсэлтэй байна” /хх-ийн 70 дахь тал/, ******* болон *******-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19/10 тоот түншлэлийн хамтран ажиллах гэрээнд ******* нь цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, холбоо дохиолол, галын аюулгүй байдал зэрэг ажлыг гүйцэтгэхээр тусгасан байсан. Түншлэлийн гэрээний үнийн дүн 980 сая төгрөгийн барилгын ажил хийж, хамтран ажиллахаар тохиролцсон байна. ******* болон *******-ийн хооронд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 19/10 тоот түншлэлийн хамтран ажиллах гэрээний зохицуулалт нь гэрээг анх байгуулахдаа гэрээний нэр нь Түншлэлийн хамтран ажиллах гэрээ /ИХ-ийн 476 дугаар зүйл/, гэрээний 3.1 дэх заалт Түншлэлийн удирдлага зохион байгуулалт /ИХ-ийн 478.7/, гэрээний 4.1.1 дэх заалтаар талуудын эрх үүрэг /ИХ-ийн 478.7/ гэрээний 6.1 дэх заалтаар гэрээний хариуцлага /ИХ-ийн 478.11/, гэрээний 7.3 дахь заалтаар Компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, гэрээний 3.1 дэх заалтаар Түншлэлийн ерөнхий удирдагчаар *******-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцан ажиллана, гэрээний 3.2 зааснаар Түншлэлийн толгой компаниар ******* ажиллах бөгөөд түншлэлийг төлөөлж энэхүү гэрээт ажилтай холбоотой гуравдагч этгээдтэй харилцана гэж гэрээ байгуулж хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж, баталгаажуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээг бичгийн нотлох баримтаар шүүхэд өгчээ. Энэхүү гэрээгээр ******* болон ******* хамтран ажиллах гэрээ хийгдсэн байхад шүүгч ажил гүйцэтгэх гэрээнд эрх үүрэг хүлээгээгүй гарын үсэг зураагүй *******-ийн нэхэмжлэлийн хангасан нь хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ******* банкны барьцаанд буй 247,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагaac татгалзах хүсэлт гаргаж, шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь ажил гүйцэтгэх гэрээний маргаан гаргах эрх бүхий субьект биш болохыг давхар нотолсон үйл явдал болсон. ******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу олон компанитай барилгын туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч тухай барилгын гүйцэтгэлийн санхүүжилтийг *******-аас хүлээн авсан боловч, туслан гүйцэтгэгч компаниудад төлбөрийн төлөөгүйн улмаас олон удаа маргаан гарч шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Тухайлбал, Хан-Уул дүүргийн шүүхэд *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний маргаанд хамтран хариуцагчаар ******* оролцсон боловч шүүхийн шийдвэрээр *******-ийг хариуцагчаас чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг шүүх хуралдааны өмнө *******-аас шүүхэд бичгийн нотлох баримт болгож өгснийг дурдаж байна.
6.4. *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр ******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оруулсан боловч нэхэмжлэгч дахин хүсэлт гаргаж *******-ийг бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдээр оролцуулах шүүгчийн захирамж гаргаж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалттай байхад шүүгч хуулийг хэрэглээгүй.
6.5. ******* гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь *******, ******* хооронд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 201904026 тоот ажил гүйцэтгэх гэрээний төлөгдөөгүй гэх төлбөрийн шаардлагыг нэхэмжилж буй нь ажил гүйцэтгэх гэрээнд ******* нь оролцоогүй нь нотлогдож байхад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан *******-ийг бие даасан шаардлага гаргах эрхтэйгээр шүүх хуралдаанд оролцуулах үндэслэлгүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******-аас ажил гүйцэтгэх гэрээний баталгаа болгож ******* банкинд 247,000,000 төгрөг барьцаалсан төлбөрийг шаардаж байгаа нь шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй бөгөөд энэхүү маргаан нь *******, *******-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалттай хамааралтай болно.
Иймд шүүхэд хянан хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй үйл явдлыг хянан хэлэлцэж, бие даасан шаардлага гаргасан *******-д 247,000,000 төгрөгийг *******-аас гаргуулахаар шийдвэрлэж, хууль зөрчсөн байна.
6.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар туслан гүйцэтгэгч болон түншлэлээр хамтран тендерт оролцож, ажил гүйцэтгэж байгаа талуудын харилцааг тусад нь салгаж зохицуулсан байгаагаac ******* болон *******-ийн туслан гүйцэтгэгч гэх үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрээний төрөл шинж чанарыг буруу тодорхойлж, хамтран ажиллах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний гэрээ байгуулагч талуудын хүсэл зоригийг гажуудуулсан, хуулийг буруу хэрэглэж хариуцагч талыг илтэд хохироож, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн статусгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн суурь зарчмуудыг зөрчиж шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ******* гэрээний дагуу шаардах эрхтэй гэдгийг тодорхойлсон. Анх тендерийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа түншилж орсон. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх хэлэлцэж дүгнэсэн. Хийсэн ажлынхаа үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх *******, ******* байж болно. Энэ агуулгаар түншлэлийн хамтран ажиллах гэрээнд тохирсон ажил үүргийн хуваариар ******* гэрээ цуцлах хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр буюу 499,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Энэ асуудлыг дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
7.2. Хариуцагч тухайн ажлыг хийж гүйцэтгэснээр ямар нэгэн зөрүү төлбөр байхгүй бөгөөд 99,000,000 төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гэх баримтыг шүүх үнэлээгүй гэж тайлбарладаг. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Талуудын санхүүгийн эрх бүхий этгээдүүдийн тооцоо нийлсэн баримт байдаг болохоос гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа эсэх, үүнээс авсан санхүүжилт хэдэн хувьтай байна гэх зүйл байхгүй. Хэрэгт авагдсанаар уг ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа 73 хувьтай байна гэж гаргасныг ******* тухайн гүйцэтгэлийг багасгаж мөнгө, санхүүжилтийг олгосон. Үүнээс хойш манайх ажлаа хийж гүйцэтгэсээр нийт гүйцэт авах ёстой төлбөрийн зөрүү 499,000,000 төгрөг бөгөөд үүнийг нэхэмжилсэн.
7.3. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч уг ажлын тоо хэмжээ, гүйцэтгэсэнтэй холбоотой ямар нэгэн байдлаар маргадаггүй, зөвхөн танайх нэхэмжлэх эрхгүй этгээд байж нэхэмжлэл гаргасан гэх агуулгааг маргадаг. Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг нотлохын тулд шинжээч томилж хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангаагүй. *******, ******* нар 247,000,000 төгрөгт гэрээ хийж тохиролцоод 123,500,000 төгрөгийг өгсөн гэх зүйлийн ярьдаг. Энэ гэрээний хувьд түншлэлээр хамтран оролцож буй этгээд *******, ******* тул энэ хоёр компанийн хэн аль нь эрхээ хэрэгжүүлэх эрхтэй гэдгийг хэлэх нь зөв.
8. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
8.1. Хариуцагч тал манай байгууллагатай 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр уулзалт хийж гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь зөв бөгөөд манайд 123,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр шүүхийн маргаан шийдвэрлэгдсэний дараа шилжүүлнэ гэдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгээд манайд мөнгө шилжүүлсэн хэр нь буцааж авах талаар хоёр утгатай зүйл ярьдаг.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажлын хөлс 499,746,267 төгрөг гаргуулах, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...түншлэлийн хэлбэрээр *******-тай тендерт оролцон шалгарч, түншлэлийг төлөөлж ******* нь *******тай гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 2,081,001,517 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн” гэж, харин хариуцагч байгууллага татгалзлын үндэслэлээ “...тендерт ******* шалгарч, тус компанитай гэрээ байгуулсан, уг гэрээний ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй, нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, харин 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар *******-тай тооцоо нийлэхэд 1,481,298,982 төгрөгийн ажил гүйцэтгэж, 99,956,268 төгрөгийн санхүүжилт илүү олгосон нь тогтоогдсон” гэх агуулгаар тус тус тайлбарлажээ.
2.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжсэн байр суурь илэрхийлжээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, улмаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Талууд ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн *******/201904026 дугаартай “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэх асуудлаар маргасан байхад маргааны зүйл болж буй *******, *******-иуд түншлэлийн хэлбэрээр тендерт хамтран оролцсон эсэх асуудлыг тодруулж, энэ талаарх холбогдох баримт авагдаагүй нөхцөлд дээрх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.
3.2. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс *******-ийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2022/09465 дугаартай захирамжаар /1хх-146-147/ хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээр оролцох эсэхийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байсан *******-иас тодруулаагүй атлаа “...жинхэнэ нэхэмжлэгчээр *******-ийг солих хүсэлт нь хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна” гэх үндэслэлийг заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гуравдагч этгээд *******-аас жинхэнэ нэхэмжлэгчээр оролцох хүсэл зориг байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр уг хүсэлтийг шийдвэрлэх байжээ.
3.3. Мөн нэхэмжлэгч талаас хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, түүний нийт төсвийг тусгай мэдлэг бүхий этгээдээр тогтоолгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/06565 дугаартай захирамжаар хангаж, шинжээч томилжээ. /2хх-ийн 130, 131-133 дугаар тал/
Уг захирамжид хариуцагч тал гомдол гаргаж, шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШТ2024/00185 дугаар тогтоолоор “...Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тодорхойлсон 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн *******/201904026 дугаартай “Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г ******* нь тендер сонгон шалгаруулалтаар *******-тай гэрээ байгуулсан байхад уг гэрээний дагуу *******-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, төсвийг гаргуулахаар шинжээч томилсон нь ойлгомжгүй байна. ...” гэх үндэслэлийг зааж, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2024/06565 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болоогүй байна. /2хх-ийн 147-149 дүгээр тал/
Учир нь талууд гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, түүний төсвийн үнийн дүнд маргаж, нэхэмжлэгч талаас мэргэшсэн төсөвчнөөр тооцоолуулахад 2,081,001,517 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, энэ үнийн дүн бүхий санхүүгийн анхан шатны баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн гэж, харин хариуцагч байгууллага нь 1,481,298,982 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж *******-тай тооцоо нийлсэн, нэхэмжлэгч ямар баримтыг үндэслэн төсөв зохиолгосон нь ойлгомжгүй гэж маргасан байх ба хэрэгт ******* болон *******-ийн тооцоо нийлсэн гэх баримт, *******-ийн 2021.03.25-ны өдрийн 21/03-5 дугаартай “...******* руу 99,955,268 төгрөгийг зөрүү төлбөр болгон шилжүүлэхийг шаардсан тооцоо хоёр байгууллагын хооронд байгаа. Үлдсэн 23,043,732 төгрөгийн зөрүүг мөн манай компани захиран зарцуулах эрхтэй. ...“ гэх агуулга бүхий албан бичиг авагджээ. /1хх-103, 2хх-85, 137 дугаар тал/
Энэ тохиолдолд нэхэмжлэгч байгууллагаас гаргасан шинжээч томилуулах хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.
Иймд анхан шатны шүүх талуудаас барилгын ажлын гүйцэтгэл, түүнтэй холбоотой санхүүгийн болон бусад баримтууд байгаа эсэхийг тодруулж, шинжээч томилох эсэх асуудлыг шийдвэрлэх байжээ.
4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/09939 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Т.ГАНДИЙМАА