Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 777

 

   2019        10          10                                   2019/ШЦТ/777

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Н.Нямдаваа,

шүүгдэгч Б.С  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мятав овгийн Б.С д холбогдох эрүүгийн 1911018200885 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мятав овогт Б.С , 1985 оны 02 сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33 дугаар гудамж, 654 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1390 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.С  нь Н.Нямдаваа, У.Амарбаяр нарт “солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Н.Нямдаваагаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 13- наас 27-ны өдрийн хооронд нийт 1.300.000 төгрөг, мөн 2018 оны 08 дугаар сарын сүүлээр “хүүхдийн хичээл орох гээд мөнгө хэрэгтэй байна, зээлээч” гэж 250.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Манай 2 хүүхэд миний ээж дээр байдаг. Хохирогчид 890.000 төгрөгийг өгсөн одоо 660.000 төгрөг дутуу байгаа. Надад тогтсон ажил олдоод байдаггүй. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Н.Нямдаваа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээс 09 дүгээр сарын эхэн үед надаас их хэмжээний мөнгө ойр ойрхон шилжүүлж авсан. Би анх Б.С тэй 2018 оны 01 дүгээр сард танилцсан. Б.С  нь надаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж 1.550.000 төгрөг авсан. Би 2019 оны 06 дугаар сараас эхэлж цагдаагийн байгууллагад хандсан. 2019 оны 08 дугаар сард надад 550.000 төгрөгийг ээжийнхээ дансаар шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн данснаас 340.000 төгрөг шилжүүлсэн нийт 890.000 төгрөгийг надад өгсөн үлдэгдэл 660.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хохирогч Н.Нямдаваа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...би өөрийн эзэмшлийн автомашинаар такси үйлчилгээнд явдаг бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын эхээр би таксинд явж байгаад Хайлаастаас гар өргөн суусан Сарангэрэл гэх эмэгтэйтэй танилцсан юм. ...1 дүгээр төрөх орохоор явсан юм. Явж байхдаа хоорондоо юм ярьсан тухайн үед “би Солонгос явах гэж байгаа, нэг жилийн хугацаагаар гэрээгээр ажиллах гэж байгаа” гэхээр нь хаанаас ямар шугамаар явах гэж байгааг нь асуусан чинь “нэг компани байгаа нэг жилийн хугацаатай хүмүүсийг гэрээгээр явуулдаг компани” гэж хэлээд компанийн нэрийг нь хэлж байх шиг байсан. ...би тэр компанид чинь бүртгүүлчих юмсан гэж хэлэхэд тэр эмэгтэй болно шүү дээ гэж ярьж байгаад машинаас буусан. Энэ явдлаас хойш дахин 2-3 удаа миний машинаар үйлчлүүлсэн. ...би Солонгос явах яриагаа үргэлжлүүлээд л яриад байдаг байсан. Ингэж явсаар 2018 оны 08 дугаар сарын үед Сарангэрэлийн утасны дугаарыг нь авч хоорондоо утсаар холбогддог болсон. Сарангэрэл хаана ямар ажил хийдэг гэдгээ хэлээгүй, тухайн үед 1 дүгээр төрөх орсон болохоор нь тэнд л ажилдаг юм байх гэж бодсон. ...Сарангэрэл над руу утсаар ярьж “нөгөө компани чинь хүн бүртгэж эхэлсэн гэнэ, бүртгэлийн хураамж 150.000 төгрөгийг над руу шилжүүлчих” гэж хэлээд над руу дансны дугаар өгсөн. Тэр данс нь Хаан Банкны Баасандорж гэх хүний нэртэй 5027304468 дугаарын данс байсан. ...би 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 150.000 төгрөг шилжүүлсэн. Баасандорж гэх хүний данс мөн юм уу гэж асуусан чинь тиймээ манай аавын данс байгаа юм гэж хэлсэн. ...энэ асуудлын талаар эхнэр Амарбаяртаа хэлсэн чинь би бас цуг явъя гэж хэлсэн. ...энэнээс 3 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр над руу Сарангэрэл яриад виз чинь гарчихлаа, одоо визний мөнгө болох 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлээд Д.Отгонбаатар гэдэг хүний Хаан банкны 5011188154 дугаартай данс өгсөн, би тэр данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Д.Отгонбаатар гэх хүний данс мөн үү гэхэд тиймээ уг компанийн санхүү хариуцсан ажилтны данс байгаа юм гэж хэлсэн. ...Сарангэрэлд манай эхнэр бас явмаар байна гэж хэлсэн чинь болно би яриад өгье гэж хэлсэн. Ингээд надаас манай эхнэрийн гадаад паспортыг аваад. ...Д.Отгонбаатар гэх хүний Хаан банкны 5011188154 дугаарын данс руу 150.000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлж аваад 2 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дараагийнхаа мөнгийг өгчих гэж хэлээд 500.000 төгрөгийг мөн дээрх Д.Отгонбаатар гэх хүний дансаар авсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын сүүлчээр дахин над руу ярьж 250.000 төгрөг түр зээлээч гэж хэлээд бэлэн мөнгөөр 250.000 төгрөг авсан юм. ...нийтдээ 1.550.000 төгрөг надаас авсан. Эдгээр мөнгө нь миний өөрийн мөнгө учраас нэхэмжилж байна. 2018 оны 09 дүгээр сарын дундуур. ...Сарангэрэлээс визнийхээ талаар асуух гээд залгахаар утсаа авахгүй, нэг бол утсаа салгаад алга болчхоод байхаар нь би гэрт нь очсон. ...ээжтэй нь уулзсан чинь ээж нь учрыг нь сонсоод “тиймээ 2 ширхэг паспорт яваад байсан” гэж хэлээд манай эхнэр бид хоёрын паспортыг гаргаж ирсэн. ...ямар ч виз дарагдаагүй байсан энэ үеэс эхлээд мөнгөө нэхэж эхэлсэн боловч мөнгө төгрөг олох гэж байгаа гээд л явсаар өдийг хүрсэн. Би виз гаргуулахаар ямар нэг бичиг баримт материал бүрдүүлж өгөөгүй. Надаас манай эхнэр болон миний гадаад паспортыг мөнгөтэй авахад л болно гэж хэлээд авсан. Виз гаргаж байгаа хүн нь Баянзүрх дүүргийн прокурорт ажилладаг хүн байгаа гэж хэлж бид нарт итгэл үнэмшил төрүүлсэн. Ямар компани виз гаргаж байгаа болон ямар журмаар гаргаж байгаа талаар надад бичиг баримт үзүүлээгүй. Би өөрийнхөө мөнгийг гэрээсээ Мобайл банкаар шилжүүлж өгсөн. Харин сүүлийн 250.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх 6-10/,

Гэрч У.Амарбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Манай нөхөр Н.Нямдаваа бид хоёр цуг Солонгос улсад 2001-2010 он хүртэл ажиллаж байсан юм. Манай нөхөр Н.Нямдаваа нь өөрийн хувийн авто машинаар такси үйлчилгээнд явдаг юм. ...манай нөхөр надад “би таксинд явж байсан чинь манай эндээс явдаг Сарангэрэл гэдэг хүүхэн солонгос руу явах гээд нэг компанид бүртгүүлчихсэн гэсэн. Тэр нь бүтэж байгаа юм шиг байна. би өөрийгөө бүртгүүлж болох уу гэж асуусан чинь болно гэж байна гэж хэлсэн. Би ямар учиртай болох талаар сонирхож асуусан чинь Сарангэрэл нь манай тэр хавьд гэр нь байдаг хүүхэн байсан. ...тэр компани нь ТБД андуудын тэнд байдаг гэж байсан. Манай нөхрөөс гадаад паспортыг нь аваад хураамж гэж 150.000 төгрөг авсан байсан. Өөр ямар нэгэн бичиг баримт хэрэггүй гэж хэлсэн. Удалгүй 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр виз чинь бүтчихлээ одоо 500.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн талаар манай нөхөр надад хэлээд гэрт байхдаа өөрийнхөө данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь би ч бас явмаар байна гээд нөхрөөрөө Сарангэрэл рүү яриулсан. Тэгсэн чинь болно гэж хэлсэн. Дараа нь би өөрөө Сарангэрэлтэй түүний 89898863 дугаарын утсаар нь залгаж ярьсан чинь “та мөнгөө бэлэн байлгаж байгаарай, виз чинь ямар ч асуудалгүй гарна” гэж хэлж байсан. Манай нөхрөөр дамжуулж миний гадаад паспортыг авсан. Удалгүй 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 150.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн байсан. Манай нөхөр Н.Нямдаваа өөрийн данснаас шилжүүлж өгсөн. Мөн 2 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг мөн шилжүүлэн авсан юм. Энэнээс хойш манай нөхөр бид хоёр хүлээлтийн байдалтай Сарангэрэлтэй холбогдоод явж байсан. 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Сарангэрэл хүүхдийн хичээл орох гээд мөнгөний хэрэг байна, 250.000 төгрөг зээлээч гээд манай нөхрөөс мөн зээлж авсан. Нийтдээ 1.550.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд одоог хүртэл эргүүлж өгөөгүй юм. Виз гарсан эсэх талаар асуухад янз бүрийн шалтаг хэлээд хуураад яваад байхаар нь тэдний гэрээр очсон. Тэгэхэд ээж нь гээд нэг эмэгтэй байсан ба виз гаргаж өгөхөөр мөнгө төгрөг өгсөн талаараа хэлэхэд ээж нь “тийм үү манай гэрт 2 паспорт яваад байсан” гээд нөхөр бид хоёрын паспортыг гаргаж өгсөн. Ингээд худлаа ярьсан гэж мэдээд мөнгөө нэхэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13/

Гэрч Б.Баасандорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед 2018 оны 08 дугаар сард би Завхан аймгийн Завханмандал суманд байсан ...би өөрийнхөө...5027304468 дугаартай дансыг холбуулсан картаа гэртээ үлдээсэн байсан. Тэгэхэд манай охин Сарангэрэл гэрт үлдсэн бөгөөд миний картыг ашиглаж хүнээс мөнгө авсан байсан. Ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 150.000 төгрөг орж ирээд авсан байсан ...Би Н.Нямдаваа, У.Амарбаяр гэх хүмүүсийг танихгүй, 2018 оны 08 дугаар сарын сүүлээр гэртээ ирэхэд л Нямдаваа гэдэг хүн манай гэрээр ирж “танай охин Сарангэрэл хаагуур байгаа вэ” гэж асуусан яах гэж байгаа юм бэ гэхэд надаас Солонгос улсын виз гаргаж өгнө гээд мөнгө авсан, одоо олдохгүй байна” гэж асууж байсан. Би тухайн үед энэ талаар мэдэхгүй гэж хэлээд явуулсан. Энэ үеэс хойш л манайхаар байнга л мөнгө авна гээд ирээд хаалга тогшоод байдаг. Сарангэрэл миний үгэнд орохгүй юм. Би одоо энэ охиноо дийлэхээ байлаа. Энэ асуудлыг ямар байдлаар шийддэг юм тэр журмаараа л шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Хийдэг газар байдаг бол хийгээд өгмөөр байна. Миний охин Сарангэрэлд тийм виз гаргаж өгдөг чадал байхгүй. Авсан мөнгөө юунд зарцуулдаг талаар мэдэхгүй. ...Сүүлийн үед жаахан архи уугаад байгаа. Гэр орондоо ирэхээсээ ирэхгүй нь их байдаг хаагуур юу хийж явдаг юм мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 18-19/,

Гэрч Д.Отгонбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би өөрийн Хаан Банкны 5011188154 дугаартай дансыг өөрийнхөө виза картанд холбуулан ашиглаж байгаа бөгөөд одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын үед манай эхнэрийн хамаатны Сарангэрэл гэдэг эмэгтэйд ашиглуулж байсан. Яг ашиглуулах үед нь би байгаагүй, манай эхнэр сүүлд нь надад хэлсэн. Эхнэр хэлэхдээ чиний Хаан банкны дансаар Сарангэрэл мөнгө авсан. “Надад манай хүүхдийн аав нь сургуулийн хичээл орох гээд хичээлийн бэлтгэл хангаарай гэж над руу мөнгө шилжүүлнэ гэж байна, надад данс байхгүй болохоор танай дансаар чинь мөнгө оруулаад авчихмаар байна” гэж хэлсэн тэгэхээр нь би чиний дансыг өгөөд мөнгө орж ирэхээр нь аваад өгчихлөө гэж хэлсэн. Миний виза карт манай эхнэр Пүрэвбаярт явдаг юм. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр миний утсанд орлого 500.000 төгрөг гэж орж ирсэн, утга нь Нямдаваа гэж бичээд регистрийн дугаар болох ЧН70092815 гэж бичсэн байсан. Уг мөнгө нь эргээд зарлага болоод гарсан. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөн 150.000 төгрөг Амарбаяр гэж бичээд 86664881 гэсэн дугаар тавьсан утгатай орж ирээд мөн удаагүй зарлага гарсан. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Амарбаяр 86664881 гэж бичсэн утга бүхий 500.000 төгрөгийн орлого ороод удаагүй гарсан юм. Ийм байдлаар 3 удаа мөнгө авч байсан. Нийтдээ 1.150.000 төгрөгийг миний дансаар оруулж гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Гэрч Ц.Пүрэвбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.С  надтай уулзаад манай хүүхдийн аав хичээлийн хэрэглэл бэлд гэж хэлээд хэдэн төгрөг шилжүүлж байгаа юм. Чамд данс байна уу гэхээр нь нөхөр Отгонбаатарын дансыг өгч уг дансаар мөнгө хүлээн авч, гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

Гэрч Т.Чимэдрэгзэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сүүлд 2018 оны 10 дугаар сарын хавьд байх. Манай гэрт Н.Нямдаваа гэх залуу ирээд яваад байсан. Ямар учиртай явж байгаа талаар асуусан чинь танай охин Б.С  Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан паспорт бичиг баримтаа авмаар байна гэсэн. Тэгэхлээр нь надад удаа дараа асуугаад байсан тул би Сарангэрэлийн юмнуудыг үзсэн чинь дотроос нь гадаад паспорт гарч ирэхээр нь Н.Нямдаваад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Шүүгдэгч Б.С  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Н.Нямдаваа гэх хүнээс 1 сая 550 мянган төгрөгийг виз гаргаж өгнө гэж авсан нь үнэн. Би өөрөө 2017 онд Солонгос улс руу явах зорилгоор хүнд мөнгө төгрөг өгч алдаад явж чадаагүй бөгөөд дахин виз гаргуулахаар судлаад явж байсан. Энэ хугацаанд 2018 оны 01 дүгээр сараас Нямдаваа ахтай танилцаж машинд нь явж байхдаа энэ талаар ярьж байсан. Би өөрөө Солонгос улс руу явах гэж байгаа. Нэг компаниар виз гаргуулахаар хөөцөлдүүлж байгаа гэж хэлсэн. Ингээд би тухайн үедээ мөнгөний хэрэг гараад хүнээс виз гаргаж өгнө гэж хэлээд мөнгө төгрөг авч болох юм байна гэж бодоод Нямдаваа ахад худлаа хэлээд найдвартай хүн байгаа эхлээд бүртгэлийн хураамж гэж 150.000 төгрөг хэрэгтэй юм байна гэж хэлээд мөнгө авъя гэж бодсон. Энэ талаар Н.Нямдаваа ахад хэлэхэд манай эхнэр бас хамт бүртгүүлье гээд байна гэхээр нь би болно. Хүн тус бүрийн 150.000 төгрөг шилжүүлнэ. Өөрсдийнхөө гадаад паспортыг өгөөрэй гэж хэлсэн. ...нийт 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх 36-38/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 54/, хохирогч Н.Нямдаваагийн Хаан банкны дансны хуулга /хх 49/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 52/, шүүгдэгч Б.С д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 44-46/, хохирогч Н.Нямдаваагийн хохирлын мөнгө авсан тухай баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С  нь Н.Нямдаваа, У.Амарбаяр нарт “солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Н.Нямдаваагаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 13- наас 27-ны өдрийн хооронд нийт 1.300.000 төгрөг, мөн 2018 оны 08 дугаар сарын сүүлээр “хүүхдийн хичээл орох гээд мөнгө хэрэгтэй байна, зээлээч” гэж 250.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогч Н.Нямдаваагийн “...Сарангэрэл над руу утсаар ярьж “нөгөө компани чинь хүн бүртгэж эхэлсэн гэнэ, бүртгэлийн хураамж 150.000 төгрөгийг над руу шилжүүлчих” гэж хэлээд над руу дансны дугаар өгсөн. ...нийтдээ 1.550.000 төгрөг надаас авсан. Эдгээр мөнгө нь миний өөрийн мөнгө учраас нэхэмжилж байна. 2018 оны 09 дүгээр сарын дундуур. ...Сарангэрэлээс визнийхээ талаар асуух гээд залгахаар утсаа авахгүй, нэг бол утсаа салгаад алга болчхоод байхаар нь би гэрт нь очсон. ...ээжтэй нь уулзсан чинь ээж нь учрыг нь сонсоод “тиймээ 2 ширхэг паспорт яваад байсан” гэж хэлээд манай эхнэр бид хоёрын паспортыг гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 6-10/, гэрч У.Амарбаярын  “...нийтдээ 1.550.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд одоог хүртэл эргүүлж өгөөгүй юм. Виз гарсан эсэх талаар асуухад янз бүрийн шалтаг хэлээд хуураад яваад байхаар нь тэдний гэрээр очсон. Тэгэхэд ээж нь гээд нэг эмэгтэй байсан ба виз гаргаж өгөхөөр мөнгө төгрөг өгсөн талаараа хэлэхэд ээж нь “тийм үү манай гэрт 2 паспорт яваад байсан” гээд нөхөр бид хоёрын паспортыг гаргаж өгсөн. Ингээд худлаа ярьсан гэж мэдээд мөнгөө нэхэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч Б.Баасандоржийн “...Тухайн үед 2018 оны 08 дугаар сард би Завхан аймгийн Завханмандал суманд байсан ...би өөрийнхөө...5027304468 дугаартай дансыг холбуулсан картаа гэртээ үлдээсэн байсан. Тэгэхэд манай охин Сарангэрэл гэрт үлдсэн бөгөөд миний картыг ашиглаж хүнээс мөнгө авсан байсан. Ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан 150.000 төгрөг орж ирээд авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 18-19/, гэрч Д.Отгонбаатарын “...Нийтдээ 1.150.000 төгрөгийг миний дансаар оруулж гаргаж авсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/, гэрч Ц.Пүрэвбаярын “...Б.С  надтай уулзаад манай хүүхдийн аав хичээлийн хэрэглэл бэлд гэж хэлээд хэдэн төгрөг шилжүүлж байгаа юм. Чамд данс байна уу гэхээр нь нөхөр Отгонбаатарын дансыг өгч уг дансаар мөнгө хүлээн авч, гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 23-24/, гэрч Т.Чимэдрэгзэнгийн “...Тэгэхлээр нь надад удаа дараа асуугаад байсан тул би Сарангэрэлийн юмнуудыг үзсэн чинь дотроос нь гадаад паспорт гарч ирэхээр нь Н.Нямдаваад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 26-27/, шүүгдэгч Б.С ийн “...Би Н.Нямдаваа ахаас нийт 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг /хх 36-38/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Нямдаваа нь хохирол төлбөрт 890.000 төгрөгийг авсан, үлдэх нь 660.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх тул шүүгдэгч Б.С ээс 660.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Нямдаваад олгуулахаар шийдвэрлэв. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С ийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мятав овогт Б.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.С  нь хохирол төлбөрт нийт 890.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ээс 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Нямдаваа /ЧН70092815 /-д олгосугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН