Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00597

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00682 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 76,000,000 төгрөг, хохиролд 7,292,609 төгрөг, алданги 1,596,000 төгрөг, нийт 84,888,609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Бид хариуцагч компанитай 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, гэрээгээр Баянгол дүүрэгт байрлах Төгс хотхон орон сууцны хотхоны 6 дугаар ээлжийн барилгын 14 давхарт *******, тоот орон сууцны зориулалттай 68.49 м.кв талбайтай 2 орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2,800,000 төгрөгөөр тооцон нийт 191,772,000 төгрөгөөр бариулахаар харилцан тохиролцсон. Улмаар гэрээний урьдчилгаа төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар нийт 40,000,000 төгрөгт тооцон төлсөн. Үүнд: 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлж, 15,000,000 төгрөгт приус маркийн автомашин, *******,******* хаягт байрлах газрыг 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулж төлсөн.

Мөн гэрээ байгуулснаас хойш 2024 оны 4 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 2,000,000 төгрөгийг төлж, нийт 76,000,000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.2-т заасны дагуу гүйцэтгэгч нь орон сууцыг 2024 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын явц 30-40 хувьтай байх бөгөөд хэзээ баригдаж дуусган хүлээлгэн өгөх эсэх нь тодорхойгүй. Энэ талаар барилгын компаниас нь тодруулахад тодорхой хариу өгөөгүй. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ ноцтойгоор зөрчсөн.

 

1.2. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс банкинд их хэмжээний хүү, түрээсийн төлбөрийн хохирол амссан. Орон сууц захиалгын гэрээний урьдчилгааг бүрдүүлэхийн тулд нэхэмжлэгч ******* нь банкнаас 32,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, үүнээс 5,000,000 төгрөгийг хариуцагч компанид шилжүүлж, 15,000,000 төгрөгийг өөрийн дүү т өгч, түүний тoyota рrius маркийн тээврийн хэрэгслийг барилгын компанид шилжүүлсэн. Иймээс 20,000,000 төгрөгийн банкны хүү нь өнөөдрийн байдлаар 3,692,609 төгрөг болсон. Мөн бид гэрээ байгуулах үед амьдарч байсан хашаагаа 20,000,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулж төлбөрийг хариуцагчид төлсөн ба хашаагаа зарснаас хойш 2024 оны 3 дугаар сараас эхлэн одоогийн амьдарч байгаа хашаа байшинг нэг сарын 200,000 төгрөгөөр түрээсэлж байна. Энэ нь 2024 оны 04 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл 18 сарын хугацаанд түрээсийн төлбөрийн зардалд нийт 3,600,000 төгрөг төлсөн.

1.3. Талуудын байгуулсан гэрээний 5.5-д 2024 оны 4 дүгээр улиралд орон сууцыг дуусгаг хүлээлгэн өгөх байсан ч түүнээс хойш хүлээлгийн 90 хоногийн хугацааг хасч 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаа буюу нийт 210 хоногийг 76,000,000 төгрөгийн 0,01 хувиар тооцоход алданги 1,596,000 төгрөг үүссэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч ******* нь ходоодны хорт хавдраар оношлогдсон бөгөөд БНСУ руу явж эмчилгээ хийлгэх шаардлага үүссэн. Улмаар барилгын компанийг гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тул өөрийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас хариуцагч компанитай байгуулсан гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор талууд гэрээ цуцалсан талаар баримт үйлдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төлсөн 76,000,000 төгрөгийг нэг дор гарган өгөх боломжгүй гэх тайлбар хэлсэн.

Иймд хариуцагчаас орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 76,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 3,600,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 3,692,609 төгрөг, алданги 1,596,000 төгрөг, нийт 84,888,609 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 84,888,609 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 583,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-аас 583,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сүүлд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны өдөр өглөөний 09 цаг 45 минутад шүүх дээр ирсэн. Нэхэмжлэгч нарт эвлэрэх санал тавьж тухайн үед нөхөр ******* зөвшөөрч эмнэлэгт байгаа тул өөрийн гэр бүлийн хүнтэй яриарай гэж хэлсэн. Улмаар би удаа дараа утсаар харилцсаны үндсэн дээр эвлэрлийн гэрээг бичиж гаргуулахаар шүүхтэй залгаа Хур төвийн байранд орсон. Энэ хугацаанд шүүх хурал орсон бөгөөд шүүх хуралдаан үргэлжлүүлэх эсэх хүсэлт хэлэлцэж шийдвэр гаргах үед орох гэхэд оруулаагүй. Бидний зүгээс шүүхэд хүндэтгэлтэй хандан шүүх хуралдааныг хэдэн цагаар хүлээдэг ч шүүх 5 минут хоцроход хуралдааныг эхлүүлж давуу эрхтэй мэт бусдыг үл хүндэтгэсэн, шударгаар хэргээ шийдвэрлүүлэх нөхцөлийг хангаагүй.

4.2. Нэхэмжлэгч нь өөрсдийн санаачилгаар захиалгын гэрээ цуцлахаар санал гарган бид харилцан тохиролцож 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гийн дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгч энэ тухай мэдэж байсан ч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 76,000,000 төгрөг гаргуулахаар шаардахад шүүх дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн, ******* болон түүний өмгөөлөгч нар хууль зүйн үр дагаврыг мэдсэн атлаа энэ тухай шүүх хуралд бодит байдлыг дурдахгүйгээр шийдвэр гаргуулсан нь хариуцагчийн эрх ашигт халдсан.

4.3. *******, ******* нар өөрсдийн санаачилгаар буюу нөхөр ******* нь өвдсөн учир захиалгын гэрээгээ цуцлахаар болсон тухайгаа манай компанид хэлсэн тул иргэдийн асуудалд хүндэтгэлтэй хандан үлдсэн 56,000,000 төгрөгийг 2 хувааж төлөх саналыг тавсан. Хэргийн үйл баримтад байр түрээсэлсэн тухай баримт байхгүй, байрны түрээсийн төлбөрийг хангасан зэргээс үзвэл шүүх хариуцагчийн эзгүйд шийдсэн ч цугларсан нотлох баримтын хүрээнээс хальж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй, эвлэрэх боломжоор хангаагүй гэж гомдол гаргасан. Шүүхээс хариуцагч болон түүний төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зарчмаар хангасан буюу шүүх хуралдааны товыг хурал болохоос хэд хоногийн өмнө мэдэгдсэн байсан. Шүүх хуралдаанд хоцорсон шалтгааныг шүүгчийн туслахад замын түгжрэлтэй байсан, жоохон хүлээгээд өгөөч гэж хэлсэн. Тухайн үед миний бие, нэхэмжлэгч *******тай хамт зогсож байсан. Шүүгчийн туслахаас тухайн тайлбарыг шүүгчид мэдэгдсэнээр хуралдааныг эхлүүлэлгүй 5 минут хүлээсэн бөгөөд 7 минут өнгөрсний дараа шүүх хуралдааныг эхлүүлж бид нар шүүх хурлын танхимд орсон. Шүүхээс шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд цагтаа ирэх үүргийг биелүүлээгүй.

5.2. Хариуцагчийн хувьд эвлэрэх санал тавихдаа зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө, харин хохирол нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөхгүй хугацаа тохирч эвлэрье гэсэн. Үүнийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрөөгүй, төлбөрөө бүрэн авна, мөн хохирлын төлбөрийг нэмж гаргуулна гэдэг шаардлагыг тавьснаар талууд эвлэрэх асуудал дээр тохиролцоогүй. Эвлэрэхгүй гэх хариу хэлэхэд хариуцагч талаас манай саналыг хүлээж авч эвлэрэхгүй бол танай хэргийг шүүх дээр хэдэн жилээр ч хамаагүй удааж чадна гэж дарамтлах, сүрдүүлэх хандлагатай зүйл ярьж байсан.

5.3. Хариуцагчийн хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн боловч нэмэлт төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ баримтаар нотлогдохгүй байна гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн гэрээ, түрээс төлж байсан дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан. Тухайн баримтууд нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа бөгөөд зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч ******* нь цахимаар цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой тодорхой хэмжээний хариуцлага хүлээх хэрэгтэй гэж үзэж алданги нэхэмжилсэн. Дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гадна бусад хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй.

5.4. Хариуцагчаас нэхэмжлэгчид 20,000,000 төгрөг шилжүүлснийг өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн дараа мэдсэн. Хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хүлээж авсан гэдэгтэй маргахгүй. Иймээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 20,000,000 төгрөгөөр багасгаж, энэ хэсэгт шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэргийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 76,000,000 төгрөг, хохиролд 7,292,609 төгрөг, алданги 1,596,000 төгрөг, нийт 84,888,609 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Талууд 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Төгс хотхон орон сууц хотхоны 6 дугаар ээлж 16 давхар байрны 14 давхарт 107 болон тоот, /26.7+41.79 /нийт 68.49 м.кв талбай бүхий хоёр орон сууцыг барьж, 2024 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч нь 1 м.кв талбайг 2,800,000 төгрөгөөр тооцон орон сууцны үнэ 191,772,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 5-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

3.2. Нэхэмжлэгч нар хариуцагчид 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 76,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар тээврийн хэрэгсэл оролцуулан төлсөн боловч хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барилгыг ашиглалтад оруулах гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн буруутай байна.

 

3.3. Нэхэмжлэгч нар орон сууцыг хариуцагч 2024 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд барилгын явц 30-40 хувьтай хэзээ баригдаж дуусган хүлээлгэн өгөх эсэх нь тодорхойгүй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар хариуцагчид мэдэгдэн гэрээ цуцалсан талаар баримт үйлдсэн... гэж тайлбарласан.

 

3.4. Хариуцагчийн зүгээс энэ талаар тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтын талаар маргаагүй гэж үзнэ.

 

3.5. Иймд хариуцагч нь гэрээний үүргийг ноцтой зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гарахааргүй байх тул нэхэмжлэгч нар нь ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар мэдэгдэж, улмаар талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

3.6. Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, гэрээний үүрэг биелэгдэх нь тодорхойгүй, барилгын явц 30-40 хувьтай явагдаж буй үйл баримт нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

3.7. Анхан шатны шүүх хариуцагчаас 76,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3.8. Тодруулбал, хэргийн баримтаар нэхэмжлэгч нар гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 76,000,000 төгрөгийг бэлэн бусаар болон тээврийн хэрэгсэл оролцуулан төлсөн нь тогтоогдсон боловч уг төлбөрөөс хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч нар үгүйсгэж маргаагүй. Иймд нэхэмжлэгч нар орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлсөн 76,000,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 20,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 56,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

4. Нэхэмжлэгч нар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны алдангид 1,596,000 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

4.1. Талуудын байгуулсан гэрээний 5.5-д гүйцэтгэгч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 90 хоногийн хугацаанд шилжих бөгөөд уг хугацаанаас хэтэрсэн тохиолдолд төлөгдсөн мөнгөн дүнгийн 0,01 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, гэрээг бичгээр байгуулж хугацаа тогтоосон тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.5-д зааснаар хариуцагчаас гэрээг цуцлах хүртэлх хугацааны алданги шаардах эрхтэй.

 

4.2. Хариуцагч нь гэрээгээр орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх гэрээний нийт үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алдангид 1,596,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

5. Нэхэмжлэгч нар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх үүднээс өөрсдийн амьдарч байсан хашааг 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, 2024 оны 3 дугаар сараас хойш одоогийн амьдарч байгаа хашаа, байшинг сарын 200,000 төгрөгөөр түрээсэлж түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг төлж, мөн цалингийн зээл авч 20,000,000 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хэрэглэсэн тул банкны зээлийн хүүнд 3,692,609 төгрөг төлж хохирсон гэж шаардлагаа тодорхойлсон.

 

5.1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

5.2. Хэргийн 19-20 дугаар талд нэхэмжлэгч ******* нь Худалдаа хөгжлийн банктай 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, 32,000,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Үүнээс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг хариуцагчид бэлэн бусаар шилжүүлж, мөн өдөр хариуцагчид 15,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн автомашины үнэд 15,000,000 төгрөгийг төлсөн байна.

 

5.3. Нэхэмжлэгч нар дээрх мөнгөн дүнгийн хүүнд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 3,692,609 төгрөг төлсөн нь хэргийн 42 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд хариуцагчаас хохирол 3,692,609 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч нь захиалсан орон сууцны үнийг төлөхөөр өөрийн амьдарч байсан хашаагаа худалдан борлуулж, улмаар нэхэмжлэгч ******* нь иргэн Ц.Мөнхөөтэй 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, гэрээгээр *******, ЗН-11-79 тоот хаягт байрлах хашаа, байшинг нэг сарын 200,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцжээ.

 

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг түрээсийн төлбөрт 3,600,000 төгрөг төлсөн гэж дүгнэн хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

6.2. Учир нь хэргийн баримтаар нэхэмжлэгч нар түрээсийн төлбөрт 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 400,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг төлсөн нь ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл баримтуудаар тогтоогдсон. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрт төлсөн 2,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /хх-ийн 12-16/

 

7. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 223 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хасаж, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг нэмж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан эрх, үүрэгтэй танилцуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй байна. Түүнчлэн, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох, уг нотлох баримтаа шүүхэд бүрдүүлж, цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...эвлэрэх болон нотлох баримт гаргаж өгөх, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас 63,288,609 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2026/00682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 63,288,609 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж,  583,000 гэснийг 474,393 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 302,394 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ