Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 799

 

   2019        10           22                                  2019/ШЦТ/799

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч У.Б , түүний өмгөөлөгч К.Манлай,

хохирогч Б.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн У.Б т холбогдох эрүүгийн 1911022150974 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овгийн У.Б , 1989 оны 05 дугаар сарын 25-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Гайт” зочид буудалд тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 8-266 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.     

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Б  нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд иргэн Б.Амаржаргалын хамран тус газар пивоны шил шидэж Б.Амаржаргалын биед “хамарт шарх, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд зүүн 1-р шүд, баруун 1, 2-р шүдний эмтрэл, дээд уруулын салстад цус хуралт, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч У.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчид үлдэх мөнгийг төлөхөд хугацаа хэрэгтэй байна. Хэсэг хугацааны дараа төлөх боломжтой...” гэв.

Хохирогч Б.Амаржаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр миний төрсөн өдөр болж байсан. Миний хамар мурийсан байгаа. Би гомдолтой байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/,

Хохирогч Б.Амаржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр болсон юм, тэгээд орой 20:00 цагийн үед найзуудтайгаа баяраа тэмдэглэхээр “Баянбүрд” тойргийн хажууд байдаг “Rich” караокед найз Оюунцогт, Ариунзаяа, Пүрэвсүрэн, Пүүжээ, Хүслэн, Солонго, Алтанчимэг нартай 2 цаг караокед дуулаад нэг шил архи, 6 пиво, ундаа, усны сэт аваад үйлчлүүлсэн. Тэндээсээ 22:30 цагийн үед гараад бүгдээрээ алхаад “Чикаго” бааранд орцгоосон, тэгээд бүгдээрээ нэг давхрын булангийн ширээнд суугаад нэг шил архи, ус захиалаад архинаасаа нэг нэгийг уучхаад удаа ч үгүй бүжгийн талбай руу Оюунцогт, Пүрэвсүрэн, Пүүжээ, Солонго бид нар бүжиглэхээр гарсан. Гараад байж байтал дээрээс гэнэт пивоны шил шидээд миний хамрыг онож гэмтээсэн. Миний хамраас маш их цус гараад би газар хэвтчихсэн, нэг мэдэхэд ухаан алдчихаад сэрэхэд түргэний эмч болон цагдаа нар ирчихсэн байсан, тэгээд түргэний эмч анхны тусламж үзүүлээд явчихсан, мөн томографт үзүүлэхэд хамар хугараагүй, баруун тийшээ мурийсан байна гэсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. Миний хамар мурийсан, хэдэн оёдол тавиулснаа мэдэхгүй байна. Мөн миний үүдэн баруун талын 3 шүдний паалан гэмтсэн, үүдэн нэг шүд хөндүүрлэж өвдөж байна. Духны зүүн хэсгээр хавдсан, уруулын дээд хэсэг язарсан, хавдсан байна. Биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 12-14/,

Гэрч П.Пүрэвсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 20:00 цагийн үед найз Амаржаргалын төрсөн өдрийг тэмдэглэхээр “Баянбүрд” тойргийн хажууд байрлах “Rich” караокед Амаржаргал, Солонго, Аагий, Оюунцогт, Пүүжээ, Хүслэн нарын хамт нэг шил архи, 6 пиво, ундаа, ус захиалаад 2 цаг караокед дуулж байгаад 22:30 цагийн үед гараад бүгдээрээ алхаад “Чикаго” бааранд ороод булангийн ширээнд суугаад нэг шил архи, ус захиалаад архинаасаа бүгдээрээ нэг нэгийг уугаад бөөндөө бүжгийн талбай дээр гарцгаасан, дөнгөж гараад бүжиглэх гээд байж байтал дээрээс миний толгой дээр шингэн зүйл асгараад юу бэ гээд дээшээ харчхаад буцаад хартал миний өөдөөс хараад бүжиглэж байсан Амаржаргалын хамраас цус гараад хартал газар дотроо пивотой, шил нь хагараагүй, уначихсан байсан, тэгээд дээшээ хартал нэг эмэгтэй ширээн дээрээ орилж чарлаад байхаар нь Оюунцогттой дээшээ гараад тэр эмэгтэйд “чи хүний хамар гэмтээчихлээ ш дээ” гэтэл өөдөөс “та нар өгдөг газраа өг, та нар амжих уу” гээд агсраад байхаар нь 23:33 цагийн үед би өөрийн 91112371 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа болон түргэн ирсэн, цагдаа нарыг ирэхэд тэр эмэгтэй агсраад дийлдэхгүй орилж чарлаад байсан, тэгээд аваад явсан, түргэний эмч ирээд анхан шатны тусламж үзүүлчихэд явсны дараа найз Амаржаргалыг дагуулаад гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамар мурийсан байна гээд язарсан хэсгийг нь оёж өгсөн, хэдэн оёдол тавьсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Б.Ариунзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 20:00 цагийн үед найз Амаржаргалын төрсөн өдрийг тэмдэглэхээр “Баянбүрд” тойргийн хажууд байрлах “Rich” караокед найз Амаржаргал, Солонго, Алтанчимэг, Оюунцогт, Пүүжээ, Хүслэн, Пүрэвсүрэн нарын хамт нэг шил архи, 6 пиво, ундаа, ус захиалаад 2цаг караокед дуулж байгаад 22:30 цагийн үед гараад бүгдээрээ алхаад “Чикаго” бааранд орсон, бааранд оронгуутаа зүүн талын булангийн ширээн дээр суугаад 750 граммтай нэг шил архи, ундаа, ус захиалчхаад бүгдээрээ архинаасаа нэг нэг татсан, тэгээд ширээн дээр Хүслэн бид 2 суугаад, бусад нь бүжиглэхээр бүжгийн талбай руу гарцгаасан, ойролцоогоор 5 минутын дараа нөгөө хэдийгээ хартал манай найз Солонго зөөгчийг татаад газар руу хараад байхаар нь яваад очтол Амаржаргалын хамраас цус гараад хувцас хунар нь нил цус болчихсон газар сууж байсан, тэгэхээр нь юу болов гэтэл “дээрээс пиво шидчихлээ” гэхээр нь яваад очтол нэг охин ширээн дээрээ орилж чарлаад байж байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гэтэл өөдөөс салаавч өгөөд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нөгөө охин буугаад зугтаах гээд байхаар нь хаалганы хажууд очоод нөгөө охиныг бариад автал миний гэдэс рүү аймар хүчтэй тийрсэн, удалгүй цагдаа болон түргэний эмч ирсэн, тэгээд нөгөө охиныг цагдаа аваад явсан. Тухайн үед Амаржаргалын хамраас маш их цус гарсан, хамрынх нь арьс язарсан, гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд хамар чинь тасрах гэж байна гээд оёдол тавьсан, дух нь хавдчихсан, үүдэн шүднүүд нь булангаас паалан нь уначихсан байсан, өөр бэртэж гэмтсэн хүн байхгүй, би гэдэс рүүгээ өшиглүүлсэн ч гэсэн сүртэй гэмтээгүй, миний хувьд гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх 16/,          

 Гэрч Б.Халиунаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бадамаа эгч Мөнхбаяр гэх залуутай нохойны талаар яриад маргалдаад байсан. Бадамаа эгч уурлаад босох гэтэл тэр залуу босгохгүй байсан. Бадмаа эгч уурлаад ширээн дээр байсан “Тайгер” шилтэй пивыг аваад нөгөө хажууд сууж байгаа залуу руу цацах гэтэл гараас нь мултраад шилтэй пиво алга болчихсон. Тэр үед хажууд байсан залуу руу шидсэн боловч оноогүй, тэгтэл доороос баахан эмэгтэйчүүд гарч ирээд манай найзын  хамрыг гэмтээчихлээ гээд уурлацгаагаад байсан. Тухайн үед хэн хэн нь доошоо унасныг мэдээгүй. Нөгөө хоёр залуу гайгүй байсан. Бадамаа эгч нэлээд согтуу байсан. Би бол бараг эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх 19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10196 дугаар дүгнэлтэд: “...Б.Амаржаргалын биед хамарт шарх, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд зүүн 1-р шүд, баруун 1, 2-р шүдний эмтрэл, дээд уруулын салстад цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 24/,

Шүүгдэгч У.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн үед нэлээн согтсон байсан, хажууд сууж байсан Мөнхбаяртай нохойны асуудлаас болоод маргалдаад гарах гэтэл Мөнхбаяр намайг гаргахгүй гараас татаад хойш суулгаад байхаар нь уурандаа ширээн дээр байсан шилтэй пивыг аваад Мөнхбаяр руу цацах гээд далайтал шилтэй пиво гэнэт гараас мултраад доошоо бүжгийн талбай дээр унасан байсан. Би тэр үед доошоо унасан гэдгийг нь мэдээгүй, ширээний тэр хавьд унасан байх гэж бодсон. Би Амаржаргал гэх эмэгтэйг санаатай гэмтээе гэж бодоогүй, түүнд санамсаргүй хөнгөн зэргийг гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 34/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40/, ажлын газрын тодорхойлолт /хх 38/, шүүгдэгч У.Б ийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 42-43/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 13-14/, хохирогч Б.Амаржаргалын эмчилгээнд зарцуулсан хохирлыг баримт /хх 26-31, 36/,  хохирогч Б.Амаржаргалд хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх 48/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б  нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чикаго” бааранд иргэн Б.Амаржаргалын хамран тус газар пивоны шил шидэж Б.Амаржаргалын биед “хамарт шарх, баруун дээд 1-р шүдний сулрал, дээд зүүн 1-р шүд, баруун 1, 2-р шүдний эмтрэл, дээд уруулын салстад цус хуралт, тархи доргилт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10/, хохирогч Б.Амаржаргалын “...дээрээс гэнэт пивоны шил шидээд миний хамрыг онож гэмтээсэн. Миний хамраас маш их цус гараад би газар хэвтчихсэн, нэг мэдэхэд ухаан алдчихаад сэрэхэд түргэний эмч болон цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх 12-14/, гэрч П.Пүрэвсүрэнгийн “...бүжиглэх гээд байж байтал дээрээс миний толгой дээр шингэн зүйл асгараад юу бэ гээд дээшээ харчхаад буцаад хартал миний өөдөөс хараад бүжиглэж байсан Амаржаргалын хамраас цус гараад хартал газар дотроо пивотой, шил нь хагараагүй, уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 15/, гэрч Б.Ариунзаяагийн “...Амаржаргалын хамраас цус гараад хувцас хунар нь нил цус болчихсон газар сууж байсан, тэгэхээр нь юу болов гэтэл “дээрээс пиво шидчихлээ” гэхээр нь яваад очтол нэг охин ширээн дээрээ орилж чарлаад байж байхаар нь “чи яаж байгаа юм бэ” гэтэл өөдөөс салаавч өгөөд хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хх 16/, гэрч Б.Халиунаагийн “...Тухайн үед хэн хэн нь доошоо унасныг мэдээгүй. Нөгөө хоёр залуу гайгүй байсан. Бадамаа эгч нэлээд согтуу байсан. Би бол бараг эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх 19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10196 дугаар дүгнэлт /хх 24/, шүүгдэгч У.Б ийн “...ширээн дээр байсан шилтэй пивыг аваад Мөнхбаяр руу цацах гээд далайтал шилтэй пиво гэнэт гараас мултраад доошоо бүжгийн талбай дээр унасан байсан. Би тэр үед доошоо унасан гэдгийг нь мэдээгүй, ширээний тэр хавьд унасан байх гэж бодсон. Би Амаржаргал гэх эмэгтэйг санаатай гэмтээе гэж бодоогүй, түүнд санамсаргүй хөнгөн зэргийг гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 34/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч У.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгж буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч У.Б  нь хохирогчид 2.300.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.Амаржаргал нь шүүгдэгч У.Б т гомдолтой гэх боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн У.Б ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн У.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б т 750 /долоон зуун тавь/ нэгж буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч У.Б  нь хохирогч Б.Амаржаргалд 2.300.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН