Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 867

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Үдлэгт оршин суух АС56081012 регистрийн дугаартай Боржигон овогт Эмээлийн Дашдондогийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Э.Дашдондог, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн Э.Дашдондог шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1956 онд төрсөн, Архангай аймгийн Хашаат сумын “Их-эхлэлт”  нэгдэлд малчнаар 1978 оны 03 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Гэтэл намайг анх ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа ба холбогдох тушаал, бичиг баримтанд миний нэрийг Эмээлийн Дашдоной гэж дууддаг нэрээр бичсэн байна. Мөн нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт намайг Эмээлийн Дашдоной гэж зөрүүтэй бичсэнээс болж тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд 1978 оны 03 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг болон тус нэгдлээс Эмээлийн Дашдонойд гэж нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Эмээлийн Дашдондог мөн болохыг  миний цуглуулсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтанд үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Э.Дашдондог нь Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдэлд  1978 оны 03 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн  болохыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ. Үүнд:

1.Иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Архангай аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн 365 тоот албан бичигт “Хашаат сумын Их-эхлэлт нэгдлийн малчин Эмээлийн Дашдоной 1979 оноос 1989 онуудад 102-314 төгрөгийн цалин хөлс авч байсан” гэх баримт

2.Архангай аймгийн Хашаат сумын “Их-эхлэлт” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1978 оны 11 сарын 20-ны өдрийн 78 тоот Сүү тосны заводын тэргүүний ажилчдыг шагнах тухай тогтоол, хавсралтанд “Э.Дашдонойг 30 төгрөгөөр шагнах... ”, Б.Шмералын нэрэмжит “Их-эхлэлт” нэгдлийн даргын 1983 оны 02 сарын 18-ны өдрийн 13 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын 2 дугаарт “Эмээл овогтой Дашдонойг ... туслах малчнаар ... томилсугай” гэсэн бичилт,

3.Архангай аймгийн төрийн архив, Аймгийн өмч хувьчлалын комиссын Хашаат сумын Баян компаний өмч хувьчлалын материалд “... малчин Э.Дашдоной” гэсэн бичилт,

4.Эмээлийн Дашдонойд Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдлээс 1986 оны 04 сарын 23-ны өдөр нээж олсгосон хөдөлмөрийн дэвтрийн 2-3 талд “1983 оны 05 сарын 15-наас нэгдэлд малчнаар 1983-1990 онуудад цалин хөлс авч байсан”,  1991 оны 01 сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991-1992 онуудад цалин хөлс авч байсан тухай бичилт,

5.Э.Дашдонойд Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газраас 1984 оны 01 сарын 28-ны өдрийн “Алтан шар замын арвин их нөөц” уралдааны гэрчилгээний хуулбар,

-Архангай аймгийн Хашаат сумын Мал эмнэлгийн тасаг, Хөдөө аж ахуйн удирдах газруудаас 1981, 1982, 1986 онуудын Баярын бичгийн хуулбарууд,

6.Э.Дашдондогийн 1978 оны 05 сарын 17-ны өдөр нээсэн Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд “1978 оноос 1981 онуудад гишүүний татвар төлж байсан” баримт,

7.Гэрч Б.Сайнбатын “Э.Дашдондог нь Архангай аймгийн Хашаат суманд 8 дугаар ангиа төгсөөд хөдөө мал дээр гарч малчин болж байсан хүн. Э.Дашдондог нь Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдэлд малчнаар, малын санитарч зэрэг ажлыг 1978 оноос 1993 онд нэгдэл тарж хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Би Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдэлд жолоочоор 1977 оноос 1980 оныг хүртэл ажиллаж байгаад Төв аймгийн Заамар сум руу ажлын шаардлагаар шилжиж одоо Төв аймгийн Зуунмод суманд ажиллаж амьдарч байна. Бид нэг нутгийн тухайн үед хамт нэг байгууллагад ажиллаж байсан хүмүүс учраас түүнийг нэгдэл хувьчлагдах хүртэл тасралтгүй ажиллаж байсныг мэднэ” гэх,

-гэрч Д.Должинсүрэнгийн “Намайг Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн ТМС-ийг 1977 онд төгсөж ирэхэд Э.Дашдондог нь цэргээс халагдаж ирж байсан. 1978 оноос Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдэлд малчин, санитарч, сүү тосны заводод сүү хүлээж авч машиндагч зэрэг нэгдлийн янз бүрийн ажлыг 1978 оны 03 сарын 01-нээс 1993 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсныг мэднэ. Би Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдлийн худгийн моторчингоор 1977 оны 5 сараас 1983 оныг хүртэл ажиллаж байгаад нэгдлийн саальчнаар 1990 оныг хүртэл ажилласан. Э.Дашдондог бид хоёр нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас түүний ажиллаж байсныг мэднэ” мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчид эрх олгосон баримт бичиг болох хөдөлмөрийн дэвтэр дээрх нэр нь түүний иргэний үнэмлэхний нэртэй тохирохгүй байгаа ба эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч Э.Дашдондогийн шүүхэд ирүүлсэн дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн тодорхойлолт, бусад бичгийн нотлох баримтыг үндэслэн түүнд Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдлээс 1986 оны 04 сарын 23, 1991 оны 01 сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь АС56081012 регистрийн дугаартай Боржигон овогт Эмээлийн Дашдондог мөн болохыг мөн тус нэгдэлд 1978 оны 03 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан АС56081012 регистрийн дугаартай Боржигон овогт Эмээлийн Дашдондог нь Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдлээс 1986 оны 04 сарын 23, 1991 оны 01 сарын 01-ний өдрүүдэд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож,

Э.Дашдондогын 1978 оны 03 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл Архангай аймгийн Хашаат сумын Их-эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Э.Дашдондогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.ОЮУНЦЭЦЭГ