| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/12927/И |
| Дугаар | 210/МА2026/00665 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00665
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01572 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 217,386,423 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 3,500 м.куб бетон зуурмаг, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 3,000 м.куб бетон зуурмаг тус тус нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Манай компани 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 221,810,282 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс хариуцагч 111,186,000 төгрөгийг бэлэн төлж, үлдэгдэл 110,624,282 төгрөгийг төлөөгүй.
Улмаар гэрээний үлдэгдэл төлбөрт 2024 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад орох *******, 38 дугаар хороо, Авес гранд сити апартментийн А1 сууц 8 давхрын 48.07 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 110,561,000 төгрөгөөр тооцон бартерт авахаар тохиролцсон боловч тус орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй. Гэрээний 3.7-д заасны дагуу орон сууцны төлбөрийг бэлэн мөнгөөр тооцон 5.1 дэх заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.
1.2. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 64,300,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс хариуцагч 30,000,000 төгрөг бэлэн төлж, үлдэгдэл 34,300,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 5.1-д зааснаар алдангийг 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тооцоход алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн.
Иймд хариуцагчаас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн төлбөр 110,624,282 төгрөг, алданги 55,312,141 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн төлбөр 34,300,000 төгрөг, алданги 17,150,000 төгрөг, нийт 217,386,423 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч талтай хоёр удаагийн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд эхний гэрээний хувьд 280,000,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авч, үлдэгдэл 110,000,000 төгрөгт орон сууц өгөхөөр харилцан тохиролцон орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж байгаа бол манай зүгээс алданги төлөх үндэслэлгүй. Мөн хоёр дахь гэрээгээр алдангийг хэрхэн яаж тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй тул алданги төлөх үндэслэлгүй. Харин бетон зуурмаг нийлүүлэх хоёр гэрээний үлдэгдэл 34,300,000 төгрөг болон 110,624,282 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 162,074,282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,312,141 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,244,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 968,321 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзэн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 110,624,282 төгрөгт ногдох алданги болох 55,312,141 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа гэрээнээс татгалзсан талаар дурдаагүй, гэрээнээс татгалзсан зүйл байхгүй, гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагч тал гэрээний дагуу төлбөл зохих бартерын төлбөрт хоёр өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон боловч орон сууцаа өгөөгүй, уг орон сууц ашиглалтад орохгүй болох нь тодорхой болсон учраас гэрээний 3.6-д зааснаар бартерын зүйл дээр талууд харилцан тохиролцолд хүрээгүй, бартерын зүйлийг гэрээгээр тохирсон хугацаанд нийлүүлэгчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үл маргах журмаар төлбөрийг бэлэн мөнгөөр нийлүүлэгчид төлж барагдуулна гэж заасны дагуу төлбөрийг бэлэн мөнгөөр тооцон нэхэмжилсэн.
Гэтэл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан байна хэмээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн буюу хүчин төгөлдөр гэрээний хэрэгжилт, хариуцагчийн үүргийн зөрчилтэй хамааралтай талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн нэхэмжлэгч талын гэрээний дагуу хариуцагч талаас авбал зохих алданги шаардах эрхийг хязгаарласан.
Иймд шүүхийн шийдвэрээр гэрээний алданги 55,312,141 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 110,000,000 төгрөгөөс алданги тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь талууд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан ба тус гэрээнд төлбөрийг бэлэн мөнгөөр төлнө гэж заасан. Хариуцагч нь бэлэн мөнгө төлж, үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Г-23/026 тоот гэрээний хавсралт-1 гэсэн захиалгын гэрээ байгуулж 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон. Уг орон сууц нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ашиглалтад орох хугацаатай байсан бөгөөд тус хугацаанд ашиглалтад ороогүй.
Нэхэмжлэгч нь энэ хугацаанаас хойш орон сууц авахаа больж мөнгөө авъя гэж шаардлага тавьж эхэлсэн. Гэрээний хавсралт үндсэн гэрээний нэгэн адил үйлчлэх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж үндсэн төлбөрөө нэхэмжилсэн. Талууд зөвшилцөж гэрээний хугацааг тодорхой хэмжээгээр буюу 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байхад нэхэмжлэгч нь алдангийг 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш тооцож байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзэж алданги 53,312,141 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болох 144,924,282 төгрөг, алданги 72,462,141 төгрөг, нийт 217,386,423 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч, харин алдангийг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талууд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч буюу ******* ХХК ХХК нь 3,500 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч буюу ******* ХХК нь нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартерын нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон. /хх-6-8 тал/
3.2. Үүний дараа талууд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч буюу ******* ХХК ХХК нь 3,000 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, захиалагч буюу ******* ХХК нь нийлүүлсэн бетон зуурмагийн үнийн дүнгийн 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг бартерын нөхцөлөөр төлөхөөр тохиролцжээ. /хх-15-17 тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.3. Талууд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний 3.4-т захиалагч тал захиалсан зуурмагийн төлбөрийн 50 хувийг бетон зуурмаг хүлээн авахаас 3 хоногийн өмнө бэлэн мөнгөөр, 3.5-д үлдэгдэл 50 хувийг бэлэн бартерын нөхцөлөөр төлж барагдуулахаар тохиролцсонтой холбоотойгоор уг гэрээний хавсралт №1 тоот гэрээг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо, Awes grand city apartment A1 сууц 8 давхрын хойшоо харсан цонхтой 48.07 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 2,300,000 төгрөг, нийт 110,561,000 төгрөгт тооцон 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. /хх-ийн 6-14 тал/
3.4. Энэ гэрээгээр тохиролцсон бартерын орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул талууд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх орон сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 10-14 тал/
3.5. Дээрх гэрээний дагуу бартерын нөхцөлөөр төлбөрт шилжүүлэн өгөх байсан орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй буюу хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөн буруутай байна. Анхан шатны шүүх талууд гэрээгээр тохирсон гэрээний үлдэгдэл төлбөр төлөх хугацааг тохирсноос гадна гэрээний үүрэгт орон сууц өгөхөөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсныг дээрх гэрээгээр тохиролцсон үнэ төлөх хугацаанд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь зөв байна.
3.6. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 221,810,282 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 111,186,000 төгрөгийг бэлэн төлж, 110,624,282 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбар болон хэргийн 18-19 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний бартерын нөхцөлөөр төлбөр төлөхтэй холбоотой гэрээнээс татгалзсан байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулан дүгнэнэ.
4.1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөрт бартерын орон сууцыг хүлээн авахаас татгалзсан нөхцөлд гэрээний үүрэг шаардахгүй, харин өөрт учирсан хохирол болох үлдэгдэл төлбөрийг мөнгөн хэлбэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
4.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээгээр тохирсон бартерын нөхцөлийн дагуу орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөх үүргийг зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж хохирол шаардсан тул хариуцагчаас хохиролд 110,624,282 төгрөг гаргуулах үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн шийдэл зөв байна.
5. Талууд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний 5.1-д захиалагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
5.1. Хэдийгээр талууд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээнд алдангийн талаар тохиролцсон нь хуульд нийцсэн боловч хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж хариуцагчаас алдангид 55,312,141 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох бартерын орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүйгээс гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу бартерын орон сууцыг хүлээн авахаас татгалзсан тул гэрээгээр тохиролцсон алданги төлөх үүрэг мөн адил цуцлагдсан гэж үзнэ. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн алдангийн талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Талуудын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний тухайд:
6.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний дагуу 64,300,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 30,000,000 төгрөгийг бэлэн төлж, 34,300,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбар болон хэргийн 18-19 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгт хариуцагчаас 34,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
6.2. Харин талууд 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 5.1-д захиалагч тал гэрээний 3 дугаар зүйлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзыг бичгээр хийх шаардлагыг хангасан, хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.
6.3. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч ******* ХХК-ийн шаардсан 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн бетон зуурмагийн гэрээгээр тохирсон алдангид 17,150,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434,511 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ