Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00666

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01520 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ХХК-ийн захирлын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тушаалыг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Миний бие 2014 оноос эхлэн ******* группийн охин компани болох ******* ХХК-д хоол үйлчилгээний салбарт тогоочоор ажиллаж байхдаа ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн ирсэн. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулах тухай мэдэгдлийг өгч гарын үсэг зуруулсан. Уг мэдэгдэлд миний ажлын явцын талаар үнэлгээ тайлан танилцуулаагүй атлаа ажлын үзүүлэлтийн хувьд 2025 оны эхний хагас жилийн хугацаанд 70,9 хувиар, сүүлийн нэг жилийн дунджаар 77,7 хувиар үнэлэгдсэн, мөн илтэд гүтгэж хамт олны уур амьсгал эвддэг, хов ярьдаг гэх мэтчилэн гүтгэн бичсэн байсан.

Би мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь намайг гүтгэсэн, албан ёсны сахилгын шийтгэл ногдуулсан тухай албан тушаалтны шийдвэр гардуулаагүй талаар тайлбараа өгсөн. Улмаар надад 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр захирлын тушаалыг гардуулан өгсөн боловч уг тушаал хууль бус юм. Би ******* ХХК-д ажиллах хугацаандаа сарын 2,300,000 төгрөгийн үндсэн цалин, ажилласан жилийн нэмэгдэл 550,000 төгрөг, нийт 2,550,000 төгрөг авдаг байсан.

Иймд ******* ХХК-ийн захирлын 2025 оны 8 сарын 19-ний өдрийн №247/25 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, 2025 оны 08 сарын 19-ний өдрөөс эхлэн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг,нэмэгдэл хөлсний хамт гаргуулан өгч, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******тай хөдөлмөрийн гэрээгээр 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс тогоочийн ажлын байранд нэг сарын 2,000,0000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллахаар тохиролцсон. Тэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хороололд байрлах Усан оргилуур салбарт тогоочоор ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 03 сарын 02-ны өдөр бэлэн бараа бүтээгдэхүүний хадгалах хугацаа дууссан байхад энэ тухай мэдэгдэж хэрэглэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байхад энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Энэ зөрчлийн талаар *******д мэдэгдэж, тэрээр уучлаарай, дахин ийм алдаа гарахгүй гэдгээ мэдэгдлээ гэсэн байдаг. Түүнд сахилгын сануулах шийтгэлийг ногдуулж мэдэгдэхэд зөвшөөрсөн. Мөн ******* нь 2025 оны эхний хагас жилийн зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээгээр 70.9 хувь, сүүлийн нэг жилийн дунджаар 77.7 хувийн үнэлгээ авсан. Энэ үнэлгээ нь хамгийн муу үзүүлэлт байсан.

Нэхэмжлэгчийн зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээ буурсан нь анхаарал татсан, цаашид үнэлгээ нь дээшилнэ гэдэг итгэл үнэмшил төрүүлээгүй. Түүнтэй хамт ажилладаг ажилтнуудаас харилцаа хандлагын доголдолтой, хов жив их ярьдаг, бусдыг муулдаг, ажлын бүтээмжийн талаар тавьсан шаардлагыг хүлээн авдаггүй, уурлаж уцаарладаг, хамт олны уур амьсгалыг алдагдуулдаг гэх гомдол гаргасан. Ажилтнуудаас гаргасан гомдлын дагуу компанийн Хүний нөөцийн ажилтнаас 2025 оны 07 сарын 22, 23-ны өдрүүдэд туссалбарын ажилтнуудтай уулзалт хийсэн бөгөөд уулзалтад ******* оролцоогүй, уулзалтад оролцохгүй, хүний нөөцийн ажилтантай уулзахгүй гээд тайлбар өгөхөөс татгалзсан. Тухайн уулзалтад оролцсон ажилтнууд тайлбарлаж хэрүүл маргаан хийдэг, хов жив ярьдаг, хүнийг араар муулдаг, хүндэтгэлтэй харилцаа байхгүй Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг байнга гаргадаг тухай мэдэгдсэн.

2.2. Стандарт, хэмжил зүйн газраас 2019 онд баталсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавих шаардлага MNS 4946:2019 стандартыг тус компани үйл ажиллагаандаа баримталж, ажилтнууддаа шаардлага тавьж ирсэн. Энэхүү стандартын 5 дугаар зүйлийн 5, 7-д Хоолны газрын үйлчилгээний ажилтнууд нь мэргэжлийн ур чадвартай, харилцааны ёс зүй, хувь хүний эрүүл ахуйн зөв дадлыг эзэмшсэн байна гэсэн шаардлагыг тодорхойлж өгсөн. ******* 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тухай өдрийн хоолны дээж авахгүйгээр хуучин дээжийн он, сар, өдрийг сольж тавьсан ноцтой зөрчлийг гаргасан. Нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд нь тухайн өдрийн хоолны дээжийг зориулалтын саванд авч 72 цагийн хугацаанд хадгалах хөргүүрт хадгалах үүрэгтэй. Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хүнсний тухай хуулийн 10.1.1, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандартын 7 дугаар зүйлийн 7.11.3-т заасны дагуу нэг ээлжид бэлтгэсэн бүх төрлийн хоол хүнснээс багадаа 150 гр дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжлэн +4 хэмд 72 цаг хадгалах ёстой.

Ингэж хоолны дээж авах нь хоол хүнсээр дамжих өвчлөлийн аливаа сэжигтэй тохиолдлын үед хяналт, шалгалтад зориулан бэлэн байлгах ач холбогдолтой. Гэтэл тухайн өдөрт гаргах хоолноос дээж авах ёстой байтал ийнхүү хуучин дээжийн он сарыг өдрийг сольж тавьсан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарна. Зөрчлийг ******* хүлээн зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хоолны дээж аваагүй. Хуучин хоолны дээжний он, сар, сольж тавьсан тогооч *******, дээж аваагүй үнэн болно гэх тайлбарыг бичижөгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гардуулан өгсөн. Мэдэгдлийг өгөхдөө гаргасан зөрчлүүд болон түүнд ногдуулах шийтгэлийн талаар тайлбарлаж өгсөн, мэдэгдлийг хүлээн авахдаа нэхэмжлэгч бүрэн уншиж тайлбар өгсөн гэсэн тэмдэглэлийг бичсэн. Нэхэмжлэгчид ажиллах салбараа өөрчилж Сүхбаатар дүүрэгт байрлах салбарт ажиллахыг санал болгоход хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн гаргасан хоолны дээж сольсон үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 6.1, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4.1, 10.1.4.3, 10.1.4.5 дахь заалтыг үндэслэн *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас 15,154,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны цалин болох 15,154,543 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, харьяа нийгмийн даатгалын байгууллага, татварын байгууллагад тайлагнан шимтгэл, татварыг нөхөн төлөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийг ажлаас халсан 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтуудыг үндэслэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах сахилгын шийтгэлийн ногдуулсан. Уг тушаалд нэхэмжлэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хоолны дээжийг аваагүй, хуучин дээжний он, сарыг сольсон ноцтой зөрчилд тооцогдох хууран мэхлэх үйлдэл гаргасаныг хүлээн зөвшөөрсөн. Мөн хамт олны эв эеийг алдагдуулах, хов жив ярих, уурлаж уцаарлах зэрэг зөрчлүүд гаргаж байсан нь ажилтнуудаас гомдол, мэдээлэл болон компанийн хагас жилийн зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээгээр тогтоогдсон, эдгээр үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарч байна. Гэтэл анхан шатны шүүх тушаал эрх зүйн актын шаардлага хангаагүй, зөрчил бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэснийг хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй холбоотой зөрчлүүдийг шалгах үүргээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэн холбогдох этгээдүүдээс тайлбар авах, гаргасан зөрчлийн талаар танилцуулж, тайлбар авах зэрэг ажиллагааг хийсэн.

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь нийтийн хоол үйлдвэрлэлийн байгууллагын хүнсний аюулгүй байдлыг хангахтай шууд холбоотой үйлдэл учир ажил олгогч ноцтой зөрчил гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлгийн 6.1 дүгээр заалт Үнэнч шударга зан чанар-ын хүрээнд худал мэдээлэл өгөх, хууран мэхлэх, бусдыг гүтгэх зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэхээр заасан. Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хүнсний тухай хуулийн 10.1.1, Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандартын 7 дугаар зүйлийн 7.11.3-т заасны дагуу нэг ээлжид бэлтгэсэн бүх төрлийн хоол хүнснээс багадаа 150 гр дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжпэн +4 хэмд 72 цаг хадгалах ёстой. Үйлдвэрлэсэн хоолны дээж авах нь эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах стандартыг хангуулах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгаалах, хоол үйлдвэрлэгчийг эрсдэлээс хамгаалах, хоол хүнсээр дамжих өвчлөлийн аливаа сэжигтэй тохиолдлын үед хяналт, шалгалтад зориулан бэлэн байлгах ач холбогдолтой. Энэхүү үүргийг тухайн ээлжийн тогооч зохих ёсоор гүйцэтгэдэг. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3-т хоолны дээжийг авч зориулалтын саванд хийж, хөргөгчид хадгалан бүртгэл хөтлөх үүргийг тодорхой заасан.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан салбарт өдөр бүр хамгийн эхний хоолноос нийт бэлтгэсэн 12 саванд дээж авч 72 цаг хадгалдаг бөгөөд ээлжид гарч буй тогооч өмнөх 72 цагийн хугацаа дууссан дээжийг устгаж, тухайн өдрийн хоолноос шинэ дээж авах үүрэгтэй байдаг.Ээлжид гарсан тогооч өмнөх дээжийн хугацаа дууссан эсэхийг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд огноог сольж тавина гэдэг нь санамсаргүй алдаа бус, санаатай бөгөөд хууран мэхлэх үйлдэл юм. Шүүхийн шийдвэрт хоёр ээлжийн тогооч ажиллаж байгаа тохиолдолд ажил олгогчоос дээжийг авах, огноог бичих, хоолны дээжийг устгах талаарх бүртгэлийг хөтлүүлээгүй, хяналт тавиагүй, тогооч *******ыг хоолны дээжийн огноог сольсон болохыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, уг үндэслэлээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байх ба хэргийн 29 дүгээр хуудсанд байгаа ...дээж аваагүй нь үнэн болно. Бадам... гэх бичвэр нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасныг хангалттай тоггоохгүй байна гэж дүгнэсэн.

Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нотлох баримтыг няцаах ямар нэгэн баримтгүйгээр ийнхүү үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй. Гэрчийн мэдүүлгээр тухайн салбарыг хариуцсан менежер зөрчлийг илрүүлж, нэхэмжлэгчээс асууж тодруулахад өөрөө хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан болох нь нотлогдсон. Нэхэмжлэгчийн өөрийн бичсэн тайлбар, салбарын менежерийн мэдүүлэг, хамт ажилладаг нөгөө ээлжийн тогоочийн мэдүүлэг, зөрчилтэй холбогдуулан арга хэмжээ авахаар очсон хүний нөөцийн мэргэжилтний мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хоорондоо уялдаа холбоотой байхад шүүх эдгээрийг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй. Ажил олгогчийн зүгээс хяналт тавиагүй, бүртгэл хөтлүүлээгүй гэх үндэслэлээр зөрчлийг үгүйсгэн дүгнэх нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх түүний бичгийн нотлох баримт болон бусад нотолгооны зүйлээр нотлогдоогүй тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

Дээрх ноцтой зөрчлөөс гадна тогооч ******* нь хамт олны эв эеийг алдагдуулах, хов жив ярих, уурлаж уцаарлах ...зэрэг зөрчлүүд гаргаж байсан нь ажилтнуудаас гомдол, мэдээлэл болон компанийн хагас жилийн зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээгээр тогтоогдсон. Эдгээр зөрчилтэй холбоотойгоор ажил олгогч арга хэмжээ аваагүй, харин ойлголцох, зөрчлийг засах зэргээр ажиллаж, нэхэмжлэгчтэй хэд хэдэн удаа уулзалт хийж, амаар болон бичгээр сануулж байсан. Түүнд ажиллах боломж, өөрийгөө засах хугацааг хангалттай олгосон. Ажиллаж байх хугацаанд түүнтэй холбоотой гомдол удаа дараа ирж байсан бөгөөд тухай бүрд байгууллагын дотоод журмын дагуу амаар сануулах арга хэмжээг авсан. Улмаар хугацаа нь дууссан бэлэн барааны буцаалт хийгээгүй, бараа бүтээгдэхүүний хадгалах хугацааг шалгаагүй зөрчил гаргасан тул түүнээс тайлбар авч, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдэгдлийг албан ёсоор танилцуулсан. Мөн хүний нөөцийн ажилтан тухайн салбарт очиж ярилцлага хийхэд салбарын ажилтнуудын зүгээс нэхэмжлэгчтэй холбоотой санал гомдол үргэлжилсээр байсан. Хүний нөөцийн ажилтан түүнтэй уулзаж ярилцах гэсэн боловч уулзаагүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч хоолны дээжийн он, сарыг солиогүй талаар тайлбарласан. Угаагч нь тухайн хоолны дээжийн савыг ариутгадаг бөгөөд ариутгасан саванд хоолны дээжийг хийдэг. Тухайн угаагчийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад ажилтны талд гэрчээр оролцдоггүй. Учир нь бусад ажилчдын хувьд өөрсдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалздаг. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбарыг тайлбарлаж гэрч оролцуулж байгаа боловч тухайн тайлбараа нотлох баримтыг гаргаж өгдөггүй.

5.2. Өмнө сахилгын шийтгэл оногдуулж байсан гэж тайлбарласан. Сахилгын шийтгэл оногдуулна гэдэг нь тухайн ажилтан сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар сануулах арга хэмжээ авч тухайн үйл баримтыг баримтаар нотлох ёстой боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, өмнө сахилгын шийтгэл оногдуулж байсан гэх үндэслэл байхгүй.

5.3. Нэхэмжлэгч ямар байдлаар хамт олны уур амьсгал эвдсэн талаар холбогдох нотлох баримт байдаггүй. Тэрээр тус байгууллагад 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байсан бөгөөд өмнө асуудал гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч энэ асуудлын талаар тайлбарлахдаа дээд удирдлагууд солигдсоноос хойш үүссэн гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуульд хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглодог бөгөөд нэхэмжлэгчид ажлын байрны дарамт үзүүлсэн асуудал үүссэн.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 247/25 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид 2014 оноос бэлтгэгч болон тогоочоор ажиллаж эхэлснээр тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн. /хх-ийн 5-7, 78-80/

 

3.2. Хариуцагч ******* ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч *******д хүргүүлж, захирлын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №247/25 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. /хх-ийн 10/

 

3.3. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн маргаантай асуудлаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хандсан бөгөөд тус хорооноос талууд тохиролцоогүйг тэмдэглэж маргаан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Улмаар нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлтэй 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр танилцаж, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөх хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. /хх-ийн 10-13/

 

Нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх, улмаар хариуцагчийн гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

4. Дээрх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4.1, 10.1.4.3, 10.1.4.5 дахь заалтуудыг тус тус баримтлан тогооч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хоолны дээжийг авахгүйгээр хуучин дээжийн он сарыг сольсон ноцтой зөрчилд тооцогдох хууран мэхлэх үйлдэл гаргаж, уг үйлдлээ өөрийн тайлбараар хүлээн зөвшөөрсөн, мөн хамт олны эв эеийг алдагдуулах, хов жив ярих, уурлаж уцаарлах, амт чанаргүй хоол хийдэг зэрэг зөрчлүүд гаргасан нь ажилтнуудаас амаар болон бичгээр ирүүлсэн гомдол, мэдээлэл болон компанийн хагас жилийн Зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээ-гээр тогтоогдсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна гэж үндэслэлээ заасан.

 

4.1. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д Зөв төлөвшил хүмүүжил-ийн хүрээнд эв эеийг алдагдуулах ямарваа нэгэн үг, үйл гаргах, хов жив ярих, ажлын байран дээр зүй бусаар уурлаж уцаарлаж харьцсан тохиолдолд ажил олгогч нь зэм шийтгэл ногдуулахаар, 6.1-д Үнэнч шударга зан чанар-ын хүрээнд худал мэдээлэл өгөх, хууран мэхлэх, бусдыг гүтгэх зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Түүнчлэн, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4-т хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийг гэрээг цуцлана. 10.1.4.1-д группийн язгуур бодлогыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл гаргасан, 10.1.4.3-т АБТ-д заасан болон гүйцэтгэвэл зохих ажил үүргийг бүрэн биелүүлээгүй, ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, өгсөн үүрэг даалгаврыг шалтгаангүйгээр биелүүлэхээс татгалзсан, өөрийн дураар өөрчилсөн, үүрэг даалгавыг 2-оос дээш удаа биелүүлээгүй буюу чанаргүй гүйцэтгэсэн, 10.1.4.5-д гүйцэтгэсэн ажилд нь хоёроос дээш удаа гологдол, доголдол, гомдол гарсан гэж заасан.

 

4.2. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг хамт олны эв эеийг алдагдуулах, хов жив ярих, уурлаж уцаарлах, амт чанаргүй хоол хийдэг зэрэг зөрчил гаргасан нь ажилтнуудаас амаар болон бичгээр ирүүлсэн гомдол, мэдээлэл болон компанийн хагас жилийн Зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээ-гээр тус тус тогтоогдсон гэх нөхцөл байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.

 

4.3. Учир нь гэрч шүүхэд ...гал тогоонд ажиллаж байгаа хүмүүсээс ирсэн санал гомдол байгаа, харилцааны зөрчил гаргадаг, хүмүүсийн хоорондын харилцаанд худлаа үнэн юм ярьж олон хүнд хамт ажиллахад хэцүү байдлууд гаргаж байсан, нөгөө ээлжийн менежер н.Чинсанаа ажлаас гарахдаа *******тай хамтран ажиллахад хэцүү байна, цаашид үргэлжүүлэн ажиллах боломжгүй гээд ажлаас гарсан, ******* хамт олны үнэлгээгээр муу үнэлгээ авсан, ... гэх мэдүүлгийг, /хх 89-91/

 

Гэрч ******* шүүхэд ...*******ын зан байдал байгууллагын өдөр тутмын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байсан гэх мэдүүлгийг, /хх92-93/

 

Гэрч ******* шүүхэд ...хамт олны үнэлгээгээр доогуур үнэлгээ авсан, тэрээр бусад ажилтнуудыг дарамталдаг талаар гомдол мэдээлэл ирдэг байсан, хамт олны уур амьсгал эвддэг хүн, 2 ч хүн ажлаасаа гарсан... гэх мэдүүлгийг, /хх-ийн 94-95/

 

Гэрч ******* шүүхэд намайг дагалдуулж сургасан хүн, ******* шулуун шударга зантай, сэтгэлээсээ ажилладаг, хамт олонтойгоо хэвийн ажилладаг байсан, бид хоёрын гар нийлдэг байсан... гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.

 

4.4. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар давхар эргэлзээгүйгээр нотлогдоогүй тул гэрчүүдийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Түүнчлэн, хариуцагч байгууллага нь Зөв төлөвшил хүмүүжлийн үнэлгээ-г ямар дүрэм, журамд үндэслэн хэзээ хэрхэн хэлэлцэж үнэлсэн талаарх баримтгүй байхаас гадна хэзээ, хэн гэх ажилтан Б.Бадамын талаар гомдол мэдээлэл гаргасан, уг мэдээллийн дагуу зөрчлийг хэрхэн тогтоосон талаар нотолсон баримтгүй байна. Иймээс нэхэмжлэгч *******ыг хамт олны эв эеийг алдагдуулах, хов жив ярих, уурлаж уцаарлах, амт чанаргүй хоол хийдэг зэрэг зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, хоёр ээлжийн тогооч ажиллаж буй тохиолдолд ажил олгогчоос хоолны дээжийг авах, огноог бичих, хоолны дээжийг устгах талаарх бүртгэлийг хөтлүүлээгүй, хяналт тавиагүй, тогооч *******ыг хоолны дээжийн огноог сольсон болохыг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, түүний дээж аваагүй үнэн болно гэх бичвэр нь ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасныг хангалттай тогтоохгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

5.1. Учир нь хариуцагч байгууллага нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаар тогтоолоор баталсан Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мөрдөх эрүүл ахуйн дадал MNS CAC/RCP 39:2011 стандартын 7 дугаар зүйлийн 7.11.3-т Нэг ээлжид бэлтгэсэн бүх төрлийн хоол хүнснээс (цуврал бүрээс) багадаа 150 г дээжийг авч, ариутгасан саванд хийж битүүмжлэн 4оС-ийн температурт хадгалах бөгөөд бэлтгэсэн хоол хүнсийг бүгдийг хэрэглэж дууссанаас хойш гурваас доошгүй хоног хадгална. Зарим төрлийн бичил биетэн хүйтнийг тэсвэрлэдэггүй, үхдэг учир хөлдөөгчийн оронд хөргөгчид дээдийг хадгалах нь зүйтэй гэж заасан.

 

5.2. Хэрэгт авагдсан тогоочийн ажлын байрны тодорхойлолтын 3-т ажил гүйцэтгэх чиг үүргийн хүрээнд хийх ажлуудыг заасан бөгөөд үүнд хоолны дээжийг авч зориулалтын ариутгасан саванд хийж, дээжийн хөргөгчинд хадгалан бүртгэл хөтлөнө гэжээ. /хх-ийн 3-4/

 

5.3. Хэргийн 29 дүгээр талд 2025 оны 07 дугаар сарын 18-нд хоолны дээж аваагүй. Хуучин хоолны дээжний он, сар сольж тавьсан тогооч Б.Бадам, дээж аваагүй үнэн болно гэх нэхэмжлэгч *******ын бичсэн баримт авагдсан.

 

5.4. Гэрч шүүхэд ...тогооч маань журмын дагуу өдрийн 3 удаа дээж авдаг, тухайн устгах ёстой байсан дээжийн хугацааг сольж нааснаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ өөрөө зурсан, хоолны дээж 72 цаг хадгалах ёстой, ... сольсон дээж 72 цагаас хэтэрсэн дээж тавиад байна гэсэн үг, хэрвээ ямар нэгэн асуудал үүсээд шинжилгээнд явлаа гэхэд хугацаа дууссан болж таарах гээд байна, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дээж устгах ёстой дээжийг устгахгүйгээр он сар өдрийг сольж наагаад байгаа юм, дээжийн он сар өдрийг сольсныг мэдээд ******* эгчид бөөндөө суугаад хэлсэн. Би бичиг авч үлдэнэ гээд та хүлээн зөвшөөрч байна уу гэхэд хүлээн зөвшөөрч байна дээж аваагүй нь үнэн болно гэж бичиж өгсөн, албадсан шинж байхгүй... гэх мэдүүлгийг,

 

Гэрч ******* шүүхэд ...дээжийг өглөө эхний хоолноос авна, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг гал тогоо хариуцана, өглөө орж ирээд он сараа хараад ялгаж тавих ч юм уу буцаалт хийх ёстой... гэх мэдүүлгийг,

 

Гэрч ******* шүүхэд ...2025 оны 03 дугаар сард хугацаа дууссан бүтээгдэхүүн хэрэглэсэн гээд сахилгын шийтгэл авсан, манайд хүнсний технологич гэж хүн байдаг тэр хүн шалгалт хийгээд ийм зөрчил гарсан, тухайн үед ******* над дээр ирж уулзаад сахилгын шийтгэлээ бичүүлж авсан, үүний дараа 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дээжийн он сар өдөр сольсон гэж сахилгын шийтгэл авсан өөрийн гараар бичиж өгсөн баримт байгаа... гэх мэдүүлгийг тус тус өгсөн.

 

5.5. Дээрх баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгийг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хоолны дээжийг авч зориулалтын ариутгасан саванд хийж, дээжийн хөргөгчинд хадгалан бүртгэл хөтлөнө гэж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, улмаар хуучин хоолны дээжний он, сар сольж тавьсан зөрчил гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Энэ талаарх хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

5.6. Түүнчлэн, нэхэмжлэгч нь намайг загнаж, хүчээр бичүүлж авсан гэх байдлаа нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд нотлох үүрэгтэй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

5.7. Иймд хөдөлмөрийн гэрээний 6 дугаар бүлгийн 6.1-д Үнэнч шударга зан чанар-ын хүрээнд худал мэдээлэл өгөх, хууран мэхлэх, бусдыг гүтгэх зөрчил гаргасан үндэслэлээр хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангав.

 

5.8 Давж заалдах шатны шүүх хариуцагчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нь уг шаардлагын үр дагаврыг хариуцагчаас шаардах эрхгүй. Иймд ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг мөн хэрэгсэхгүй болгоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхгүй. Түүнчлэн, хариуцагчид мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэг үүсэхгүй.

 

6. Нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 247/25 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гэж нэхэмжлэлээ гаргасан боловч шаардлага бус үндэслэл байх тул нэхэмжлэлийн шаардлага гэж шийдвэрлэхгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ