Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 869

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 1-11 тоотод оршин суух НЭ61082267 регистрийн дугаартай “Боржгин” овогт Цогзолын Цэцгээгийн нэхэмжлэлтэй эрх олгосон бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Цэцгээ, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн. Би Төв аймгийн Зуунмод хотын Ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оноос 1991 оныг хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт Дампилийн Цэцгээ гэж өвөөгөөр овоглон бичсэн учир  эрх зөрчигдөж байна. Мөн анх ажилд томилсон тушаалд өвөө Дампилаар овоглосон байна. Миний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ болон бусад бүх бичиг баримт ээж Цогзолоор овоглосон байдаг тул Төв аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатаас 1987 оны 07 сарын 01-ний өдөр Дампилын Цэцгээд гэж нээж олгосон №185641 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цогзолын Цэцгээ мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт бичгээр ирүүлсэн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-д тус тус зааснаар Ц.Цэцгээ нь өөрийн эрх олгосон бичиг баримт болох иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэн овогтой  түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог тохирохгүй зөрүүтэй учир бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн байна.  

Цогзол овогтой Цэцгээд 1987 оны 07 сарын 01-ний өдөр № 185641 дугаар бүхий хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний овгийг Дампил гэж буруу бичигдсэн болох нь шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцсэн хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт бичгээр ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Төрсний гэрчилгээнд “Боржгин овогт Цогзолын Цэцгээ 1961 оны 08 сарын 22-нд Төв аймгийн Баянбараат /одоогийн Баян-Өнжүүл/ суманд төрснийг төрсний бүртгэлд 2010 оны 07 сарын 22-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн бичилт,

Боржгин овогт Цогзолын Цэцгээгийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар,

гэрч Б.Уранчимэгийн “Ц.Цэцгээ бол миний найз, надаас нэг нас дүү юм. Цэцгээгийн өвөө нь Дампил гэдэг хүн байсан, түүний хойд эцэг нь Дамбий гэдэг хүн байсан. Анх ажилд ороход нь түүнд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ нэгдлийн боловсон хүчин овгийг нь өвөөгөөр овоглож Дампилын Цэцгээ гэж нээснээс болоод зөрчилтэй тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа юм. Төрсөн эцгийнх нь талаар мэдэхгүй, тухайн үед нэгдлийн боловсон хүчин өвөөгөөр нь овоглосноос бичиг баримтын зөрчилтэй болсон. Ц.Цэцгээгийн иргэний үнэмлэх бусад бичиг баримт Цогзолын Цэцгээ гэж ээжээрээ овоглосон байдаг.  Төв аймгийн Баянбараат сумын Бүрд бригадад нутагладаг, малчин хүмүүс байсан”

Р.Лхагважавын “Цэцгийн ээж нь Цогзол гэдэг хүн одоо Баян-Өнжүүл сумын Бүрд багт 2 хүүхдийнхээ хамт мал маллан амьдарч байгаа. Цэцгээ бол ээжээрээ овоглож иргэний үнэмлэх бичиг баримтаа авсан. Гэтэл анх ажилд ороход нь боловсон хүчин нь түүнийг өвөөгөөр овоглож Дампилын Цэцгээ гэж нээснээс болоод зөрчилтэй тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа юм” гэсэн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоох үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж 

хүсэлт гаргагч Ц.Цэцгээг №185641 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1,1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Төв аймгийн Зуунмод хотын Ахуйн үйлчилгээний удирдах газраас 1987 оны 07 сарын 01-ний өдөр нээж олгосон №185641 дугаарын  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь НЭ61082267 регистрийн дугаартай Цогзолын Цэцгээ мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ