Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00667

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2026/00500 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 27,061,122 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******ны Занабазар салбарт 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* тоот, охин ******* ******* тоот хадгаламжийг тус бүр нэг жилийн хугацаатай сунгуулсан. Тухайн үед 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү 16,8 хувь байсан бөгөөд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хооронд банкнаас надад 10,733,793.51 төгрөг олгохоор байхад банкны ажилтан ******* хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргаснаар 5,343,320 төгрөгийн хадгаламжийн хүү авч чадалгүй хохирсон. ******* нь өөрийн алдаатай үйлдлээ нуухын тулд гүйлгээний баримтыг зассаныг *******ны хуулийн газар шалгаад миний хохирлыг барагдуулахаар болсон ч банкны дотоод хяналтын газрын дарга ******* оролцож хуулийн газрынхаа шийдвэрийг өөр нэг дэд захирлаараа хүчингүй болгуулж, дараа нь хуулийн газрын шийдвэрээс илүү мөнгө олгуулна гэсэн би авах ёстой мөнгөө л авъя гэхэд тэр намайг дарамталсан.

Улмаар Чингэлтэй дүүргийн шүүхэд хандахад банкнаас нотлох баримт гаргуулах үүргээ биелүүлэхгүйгээр миний нэхэмжлэлийг 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 837 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан. Улсын Дээд шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнээс хойш хууль зөрчсөн үйлдлүүдээ залруулах, банкнаас нотлох баримт гаргуулахыг шүүхээс шаардсан боловч хариуцагчаас нотлох баримт гаргуулах талаар ажиллагаа явуулаагүй, миний оролцоогүй, нотлох баримтгүйгээр шүүх хурал хийхийг удаа дараа оролдсон. Улмаар шүүхийн тогтоолоор нэхэжлэлийг буцаасан тул хохирлоо барагдуулахаар дахин нэхэмжлэл гарган 5,343,320 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед ******* ХК нь хууль хэрэгжүүлсэн, шүүх хуулийн хүрээнд ажлаа хийсэн бол би 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хохирлоо бүрэн барагдуулан 5,343,320 төгрөгийг ******* ХК-д хугацаатай хадгаламжид хадгалуулах байсан.

1.2. Миний ******* тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгийг авснаар хадгаламжийн мөнгөө бүрэн авч чадалгүй 5,343,320 төгрөг дутуу олгогдсон. Тодруулбал, анх хадгаламжийн мөнгө дутуу байгаа талаар олж мэдээд банкинд хандахад хүү зөрүүтэй байгаа нь та анхнаасаа хүсэлтээ ингэж өгсөн гэж тайлбарласан. Түүнийг эс зөвшөөрсөн боловч хүү бодох хугацааг буруу тооцсоноос үүссэн гэж андуурч хөтлөгдсөн байсан. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахад ******* ХК-аас одоо мэдүүлж байгаа шигээ хадгаламжийн хүүг гэрээний дагуу бодож олгосон гэж нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэн гаргаж эрүүгийн хэргийг хаалгасан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хэрэгт авагдсан баримтуудыг дахин шалгуулахад хариуцагч нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэхдээ хадгаламжийн дэвтэрт өмнө бичигдсэн гүйлгээг дутуу орхисон, Нягтлан бодох бүртгэлтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан дэс дарааллыг алдагдуулсан, гэрээний нөхцөлийг алдаатай шивсэн, гүйлгээ хийхдээ аль сүлжээнээс хандсан болохыг нууцалсан, хадгаламжийн дансанд хийсэн орлогын гүйлгээний анхны баримтыг гаргаж өгөөгүй зэрэг нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгасан.

******* ХК нь миний хадгаламжийн дансны мөнгө дутсан данснаас мөнгө авсан гэх дүгнэлтийг зөвшөөрсөн. Миний хадгаламжийн данснаас мөнгө гаргасан гүйлгээний баримтуудыг гаргаж өгөхийг шаардахад гаргаж өгөөгүй. Эрүүгийн хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч банк гүйлгээний баримтыг гаргаж өгөхгүй байгааг тайлбарлахдаа шинжээчийн дүгнэлт гарсан банкинд таны хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх асуудлаар маргахгүй учраас энэ баримт чухал биш гээд *******ыг сэжигтнээр, *******г гэрчээр татсан. ******* нь Улсын Ерөнхий Прокурорт програм хангамжид нэвтрэх эрхгүй учраас гүйлгээ хийх боломжгүй гэх агуулгатай гомдол гаргадаг, өөрийгөө хамаагүй гэснээс миний хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх хэргийг үгүйсгээгүй. Эрүүгийн хэргийг шалгах явцад миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх үйлдэл нотлогдсон.

Шүүхэд гомдол гаргахдаа банкны миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх агуулгатай гомдол гаргахаар уулзсан өмгөөлөгч ...ажилтны хайхрамжгүй байдлаас хүүг буруу бичсэнээс зөрүү үүссэн гэж гомдол гаргая, шүүхийн шийдвэр баримт болон үлдэнэ. Тэгэхлээр банк хадгаламж эзэмшигчийнхээ данснаас мөнгө авсан гэх шийдвэр гаргахгүйн тулд асуудал үүсгэнэ. Эрүүгийн хэргийн явцад нотлогдсон асуудал тул эвлэрэх боломжтой. Гол нь хохирлоо барагдуулах асуудал учраас хэн хэндээ амар хэлбэрийг сонгоё гэснээр эхний нэхэмжлэл бичсэн. Давах болон хяналтын шатны шүүхэд нэхэмжлэлийн агуулгыг өөрчлөх боломжгүй болсон. Дараа нь гүйлгээний нотлох баримт гаргуулах шаардлага удаа дараа хүргүүлсэн боловч банк шүүгчтэй хуйвалдаад нотлох баримтыг гаргаж өгөөгүй, дараа нь миний амь насанд заналхийлж байгаад хэргийг татуулсан. ******* ХК-д хандаж хохирлоо барагдуулах гэсэн боловч хэрэг хаагдсан тул хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Утсаар тайлбарлахад хэрэг нээлттэй бол бид хохирлыг барагдуулахаас татгалзахгүй байсан гэх агуулгатай зүйл ярьсан.

Өмнөхийн адил банкны буруу биш харин банкны ажилтны хайхрамжгүй алдаанаас шалтгаалан мэдээлэл буруу бичигдсэнээс гэх агуулгатай гомдол гаргасан. Гэтэл банкны зүгээс эрүүгийн хэргийг шалгах явцад гаргаж өгөөд хуурамч гэдэг нь тогтоогдсон баримтуудаа дурдан эсэргүүцэж эхэлсэн. Эрүүгийн хэргийн материалыг үзвэл Нийслэлийн прокурорын архиваас хэргийн материалыг биетээр нь авч устгаад энэ ул мөрөө баллахын тулд Прокурорын архивын мэдээллийн санд хууль зөрчин нэвтэрч бүртгэлийн нэг бүрчлэн устгасан бүлэг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Иргэний хэрэг шалгагдаж байхад ******* нь хэд хэдэн удаа хэргийн материалтай танилцан хуулж авч байсан баримт байх боловч шүүхэд өгсөн баримт устгагдсан хэргийн 2012 оны 1 дүгээр сард буцаасан байхад 5 дугаар сард Улсын ерөнхий прокурорын газраас татан авч байсан баримт байсан. Эрүүгийн хэргийн материалыг сонгуультай өрсөн хулгайлуулсан байж болзошгүй нотлох баримт олдсон гэсэн.

1.3. 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд миний мөнгийг шаардсан хугацаанд олгоогүйгээс 21,697,802.06 төгрөгийн хүү олох боломжоо алдсан. Шүүхийн нэгдсэн архиваас баримт хувилуулахад төлсөн 20,000 төгрөг гаргуулна. Иймд хариуцагчаас нийт 27,061,122 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус банкинд ******* нь 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ******* тоот хадгаламжийн дансыг 2 жилийн хугацаагаар нээлгэж уг хугацаа дууссаны дараа 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тоот хадгаламжийн дансны хугацааг 6 сараар сунгуулахаар хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт гаргасан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан. Банкнаас хадгаламжийн хугацаа дуусаж байгаа талаар харилцагчид мэдэгдэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй боловч 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусаж байгаа талаар *******т мэдэгдсэн. Тэрээр тус хадгаламжийн хугацааг 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусаж буйг мэдсэн боловч хадгаламжаа сунгуулах хүсэлтийг банкинд гаргаагүй тул хууль болон гэрээнд заасны дагуу ******* тоот хадгаламжийн дансыг хугацаагүй хадгаламж рүү шилжүүлсэн. Хугацаатай хадгаламж 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж *******тай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 15.44 хувийн хүүгээр тооцож 4,256,776.64 төгрөг, хугацаагүй хадгаламж рүү шилжүүлсэн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагүй хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 6 хувийн хүүгээр тооцож 2,274,160.83 төгрөг, нийт 6,530,937.47 төгрөгийн хүүг хадгаламжийн дансанд хууль болон гэрээнд заасны дагуу олгосон.

2.2. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8 дахь хэсэгт Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан. *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлтэй танилцахад тэрээр тус банканд хадгалуулсан мөнгөө шаардаагүй, харин хүүгийн зөрүүг шаардсан байна. Зөрүү хүү шаардах эрх бий болгох харилцаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байна. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч ******* гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийг буцаах тухай тогтоол гарснаас хойш 3 жил өнгөрсөн. Банкны ажилчидтай холбоотой эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч түүнийг үндэслэлгүй гэж үзээд сэргээсэн боловч 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин хэргийг хэрэгсэхгүй болгосон. Банкны хувьд анхнаасаа 6 сарын хугацаатай хадгаламжаар тохирч гэрээ байгуулан гэрээний дагуу харилцагчид сар бүр хадгаламжийн дэвтэрт бичилт хийлгэж хүү олгож явсан нөхцөл байдал тогтоогдсон, банкны зүгээс хууль бусаар хадгаламжийн данснаас мөнгө авсан үйл баримтгүй. Нэхэмжлэгч анх мөнгөн хадгаламжийн гэрээ гэж шаардсан боловч хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал яригдахад гэм хороор шаардсан. Гэм хор нь ямар нэг бодитоор нотлогдсон бичмэл нотлох баримтаар гэрчлэгдсэн зүйл байхгүй, харилцагчид ямар нэг хохирол учруулаагүй.

2.3. Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу тухайн харилцагчтай харилцаа тогтоож, хадгаламжийн харилцаа дууссан. Тухайн харилцагчийн хадгаламжийн дэвтрийн бичилтээс харахад тухайн хадгаламжаа 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан авсан. Мөн тухайн хэрэг 2011-2012 оны хооронд 3 шатны шүүхээр хэлэлцээд явахад эхний 2 шатанд хэдийгээр хүчингүй болсон ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон. Дээд шатны шүүхийн дүгнэлтээр дурдагдаад байгаа хуулбар байсан, хуульд заасан шаардлага журмын шаардлагыг ноцтой зөрчөөд хуульд заасан шаардлага хангаагүй баримт гэж үнэлсэн боловч бусад хэрэгт авагдсан баримтууд шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хадгаламжийн дэвтрийн бичилт, шинжээчийн дүгнэлт, Сангийн яам болон Монгол банкнаас тодруулга авсан бичиг зэргээр нотлогдсон.

Иймд баримтуудын хүрээнд банк хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч ******* ХК-иас хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06 төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн өмнөх шийдвэрийг хариуцагч татгалзлаа нотлоход ач холбогдолтой ямар баримтуудыг хуульд заасан аргаар шаардлага хангуулан авах нь тодорхой бус байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг заавал биелүүлэх хууль ёсны хүчинтэй акт бөгөөд уг зааврыг үл биелүүлэх эрх анхан шатны шүүхэд олгогдоогүй. Гэтэл магадлалд заасан зөрчлийг арилгалгүй өмнөх хэргийн 3 хавтас материалыг бүхэлд нь шинэ хэрэгт нэгтгэн хэрэглэж, шүүх хуралдаан явуулсан нь хууль зөрчсөн. Тодруулбал, хариуцагчаас хадгаламжийн дэвтрийн хуулбар, хадгаламжийн хугацаа өөрчлөх маягт, мөнгөн хадгаламжийн гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол гэх тодорхой 4 төрлийн баримтыг өмнөх хэргийн материалаас гаргуулах хүсэлт гаргахад хангаагүй.

Шүүгчид магадлалд заасан зөрчлийг арилгасан эсэхийг тодруулсан байдлаар халхавчлан уг магадлалыг хэлэлцсэн. Эхлээд хариуцагчийн төлөөлөгчийг илт хөтлөн түүгээр хүсэлт гаргуулах гэсэн боловч энэ нь бүтээгүй учраас шүүгчид магадлалыг хянасан хэлбэр, агуулгатай үйлдэхүй, гаргасан шийдвэрээр нь хууль зөрчсөн. Шүүгч эхлээд өмнөх хэргийн материал хамт явах зөв үү... магадлалд дурдсан зөрчлийг арилгах ёстой ...ямар материал гаргуулах хүсэлтээ өгсөн үү гэж *******гаас асуухад хүсэлтээ өгсөн... хангаагүй гэж хариулсан. Шүүгч хэргийн материалыг шүүгч аас авч үзээд 2-3 материал авна гэсэн хүсэлт мөн үү гэж асуухад ******* тийм гэж хариулсан. Шүүгч нь өмнөх хэргийн материалыг бүхэлд нь татуулна гэсэн чинь зөрчил гэж ойлгосон уу гэж асуухад ******* тийм гэсэн. Шүүгч нар ярилцаж байх зуур шүүгч Л.Золзаяа нь *******д хандан өмнөх хэргийн материалаас авч ашиглах өөр материал бий юу гэж асуугаад байна гэх агуулгатай зүйл хэлж гийн асуултыг тайлбарлахад ******* нь байхгүй гэсэн. Хурлын тэмдэглэлд бичсэн шиг бүх материалыг судлуулаад явъя гэх зүйл хэлээгүй. Иймд ******* хэргийн материалыг бүхэлд нь ашиглах хүсэл гаргаагүй, гаргасан байсан ч түүнийг шүүх хүлээн авах хуулийн үндэслэл байхгүй.

Шүүгч хэргийн материалыг хараад хариуцагч хэргийн материалыг бүхэлд нь татуулах хүсэлт гаргасан юм байна гэж уншаад тэгэхээр өмнөх хэргийн гурван хавтастай материалыг бүгдийг ашиглана гээд материалуудыг авч урдаа тавьсан. Шүүгч ын уншсан зүйл хариуцагчаас 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн 2 дахь догол мөрний сүүлийн хэсэгт бичигдсэн зүйл байсан. Шүүхэд зохигчид эрх тэгш учраас шүүгчид *******гаас асуусан асуултыг надаас асуухад нь хариуцагч хүсэлтээ гаргасан, хэрэгт шинээр авагдсан нотлох баримтыг ашиглах бүрэн боломжтой гэж хэлэхээр хариуцагчийн хүсэлт, депозит дансны хуулгыг бариад анхааралтай сонсож, ажиглаж байсан. Хүчин төгөлдөр магадлалд заасан зөрчлийг арилгаагүй нь хуулийн агуулгаараа шүүгч захирамжаа өөрөө хүчингүй болгосон, хариуцагчийн хүсэлтэд заагаагүй нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан, магадлалыг хянаж хүчингүй болгосон хэлбэртэй Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэнд халдсан үйлдэл болсон.

4.2. Хэрэгт авагдсан ******* ХК-ийн дүрмийн 11.1, 11.6.18-д зааснаар компанийг төлөөлж иргэний хэрэгт оролцох эрх гүйцэтгэх захиралд эсхүл хуульд нийцсэн итгэмжлэл авсан этгээдэд хадгалагдаж байна. 11.7-д гүйцэтгэх захирал ээлжийн амралт эдлэх... албан томилолтоор ажиллах, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил үүргээ биечлэн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд өөрийн эрх үүргийг хэсэгчлэн буюу бүхэлд нь гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч эсхүл гүйцэтгэх захирлын орлогчид итгэмжлэлээр шилжүүлнэ гэж тодорхой заасан. Энэ хэрэгт гүйцэтгэх захирал нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өөрөө томилоогүй. Дүрмийн 11.7-д заасан нөхцөл үүсээгүй байхад 11.6.18-д заасан эрхээ бусдад шилжүүлсэн, улмаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь дүрэм зөрчсөн тул ******* нарт олгосон итгэмжлэл хуульд нийцсэн гэж үзэхгүй. Энэ нөхцөл байдал тоггоогдсоны дараа ******* нь Компанийн дүрэм нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилоход ач холбогдолгүй гээд дүрмийг хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангаагүй. Гэтэл 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд *******, ******* нарыг оролцуулсан нь шүүх тогтоолоороо хүчинтэй гэж үзсэн дүрмийг үл харгалзан дүрмээр төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан хэвээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Шүүх нэгэнт нотлох баримтыг ач холбогдолтой гэж үзсэн тухай тогтоол гаргасан атлаа түүний агуулгад эсрэг процессын үйлдэл хийсэн нь нотлох баримтыг дотоод зөрчилтэй үнэлсэн, төлөөллийн эрх зүйн асуудлыг хуульд заасан журмаар шийдээгүй тул хариуцагчийн нэрийн өмнөөс хийгдсэн тайлбар, мэдүүлэг, процессын үйлдлүүдийг хууль ёсны гэж тооцох боломжгүй.

4.3. Шүүгч нотлох баримтыг үнэлэхдээ маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас биш харин хариуцагчийн байр суурийг дэмжсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зорилготой хандсан тул хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судалж үнэлээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгөөгүй, зарим баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлыг үнэлээгүй, байгаа баримтыг үгүйсгэсэн, орхисон, шийдвэрт худал тайлбарласан, дахин нотлох шаардлагагүй баримтыг эсрэгээр нь тайлбарласан. Энэ байдлаа далдалж улмаар нэхэмжлэлийг үндэслэлгүй болгож харуулахын тулд шүүхийн шийдвэрийн тайлбар хэсгийг эмх цэгцгүй, логик дараалалгүй, шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг бүрэн хангаагүй байдлаар найруулж бичсэн. Мөн шүүхийн шийдвэрт ...2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт дэх 6 гэсэн бичвэр нь нэхэмжлэгчийн бичгийн хэв загвартай тохирсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн 4367 дугаартай дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна гэсэн нь хүчингүй баримтыг үндэслэл болгосон. Шинжээчийн дүгнэлтэнд мэргэшсэн шинжээч цагдаагийн дэд хурандаа Т.Очирбат гарын үсэг зурж, шинжээчийн хувийн тэмдэг дарсан байдаг боловч тус байгууллагын тэмдгээр баталгаажуулаагүй нь тогтоогдсон тул уг дүгнэлт хүчингүйд тооцогдсон. Улсын Дээд шүүх өмнө энэ баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг тогтоосон байх тул шүүх үүнийг шийдвэр гаргах үндэслэл болгосон нь хууль зөрчсөн.

Шийдвэрт зохигчид шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж нотлогдсон үйл баримтыг гуйвуулан тусгасан. Шинжээчийн дүгнэлт өмнө хийлгэсэн дүгнэлтээс зөрүүтэй байсан тул би үүнийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх гомдол гаргасан. Гомдлын дагуу цагдаагийн хэлтсээс өмнө хийлгэсэн шинжилгээний талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн лавлагаа авч баримтыг баталгаажуулсан. Дараа нь Шүүхийн шинжилгээний хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжилгээ хийлгэх асуудал яригдах үед шинжээчийн дүгнэлт хүчингүй болох нь тогтоогдсон учраас дахин шинжилгээ хийх шаардлагагүй болсон. Шүүхийн шийдвэрт ******* 6 гэх тоог өөрөө гараараа бичиж хадгаламжийн хугацаагаа сунгуулсан нь тогтоогдсон гэсэн нь алдаатай байна. Шинжээчийн дүгнэлт хүчингүй болох нь тогтоогдсоноор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/590 тоот албан бичигт дурдсан 6 гэх тоог ******* бичээгүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт эцсийн бөгөөд хүчинтэй дүгнэлт болсон. Хариуцагч тал үүнийг зөвшөөрч маргаагүй, үүгээр ******* хадгаламжаа 6 сараар сунгуулсан гэх *******ны мэдүүлэг худал болох нь нэг мөр тогтоогдсон.

4.4. Анхан шатны шүүхийн өмнөх шийдвэрийг хүчингүй болгож буцааснаас хойш депозит дансны хуулга гэх нотлох баримт шинээр авагдсан. Энэ баримт банкны үндсэн системийн лог бүртгэл, маргааны гол үйл баримтыг тогтоох өндөр ач холбогдолтой нотлох баримт байхад шүүх энэ баримтын хамаарал, ач холбогдол, нотлох чадварын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй дурдах төдий орхисон нь нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжпэгчийн тайлбарыг бүрхэгдүүлж, төөрөгдүүлсэн тайлбарын ач холбогдол, үндэслэлтэй байдал, логик дэс дарааллыг алдагдуулсан хууль зөрчсөн үйлдэл болсон. Депозит дансны хуулга нь зөвхөн банкны мэдээллийн системээс гаргаж авах боломжтой, хадгаламжийн дансанд хийгдсэн гүйлгээний дэлгэрэнгүй хуулга юм. Монголбанкнаас батлан мөрдүүлдэг эрх зүйн акт болох Банкны мэдээллийн технологийн шалгуур үзүүлэлтийн журмын 1.4.9, 1.4.10 ба 1.4.10-д гүйлгээний лог бүртгэл үндсэн бүртгэлийн системийн санхүүгийн гүйлгээ хийсэн, хийхийг завдсан дэлгэрэнгүй түүхийг, Үйлдлийн лог бүртгэл үндсэн бүртгэлийн системд нэвтэрсэн, өөрчлөлт хийсэн, хийхийг завдсан болон өөрчлөлт хийсэн үйлдлийн түүхийг мөн лог бүртгэл гүйлгээний болон үйлдлийн лог бүртгэлийг хэлнэ гэж тус тус тодорхойлсон. Мөн журмын 8.1-д Банк нь гүйлгээний лог бүртгэлийн сүүлийн 10, үйлдлийн лог бүртгэлийн сүүлийн 3 жилийн түүхийг лог бүртгэлд хадгална гэсэн нь лог бүртгэлд түүхчилэн хадгалсан мэдээлэл аливаа шалгалт хийх, маргааныг шийдвэрлэх үед үндсэн нотлох баримт болдог нотологооны ач холбогдол шинж чанарыг илэрхийлсэн.

Депозит дансны хуулга нь миний дансанд 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн санхүүгийн гүйлгээ, үндсэн бүртгэлийн системд нэвтэрсэн хүний нэвтрэх эрхийн бүртгэлийн мэдээлэл, огноо, өөрчлөлт хийсэн үйлдлийн түүхийг агуулж байна. 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар өмнөх шүүх хуралдаануудад хэлэлцэж байгаагүй энэ нотлох баримтыг хэлэлцэснээрээ онцлогтой. Хариуцагч энэ баримтыг нууж худал тайлбарласан, хуурамчаар үйлдсэн, баримтын нотолгооны ач холбогдол бүхий мэдээлэлтэй хэсгийг хасаж хэвлэсэн, баримт шаардсаны төлөө миний амь насанд заналхийлсэн зэргээр хууль зөрчиж байсан нь хариуцагч өөрөөр энэ баримтын ач холбогдлыг мэдэж байсныг илэрхийлнэ. Би өмнөх шүүх хурлууд дээр хариуцагч энэ байдлыг мэдэж байсан ч баримтгүй байсан учраас хариуцагчийн хууль зөрчсөн үйлдлүүдийг ашиглан хэргийг шууд бусаар нотлох тактик барьж ирсэн. Харин энэ удаад нэгэнт нотлогдсон зүйлийг дахин нотлохгүй гэх хуулийн заалтыг баримтлан хүчин төгөлдөр баримт, шүүхийн шийдвэрүүд, бусад үйл баримттай шалтгаант холбоотой байдлыг ашиглан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчилсөн үндэслэл, хохирол үүссэн шалтгаан, хэмжээг тооцон харуулж шууд нотлох боломжтой болсон. Депозит дансны хуулга нь хэргийн бусад үйл баримттай дараахь байдлаар шалтгаант холбоотой байна.

Үүнд: ******* хугацаа сунгахдаа алдаа гаргасныг нотолсон. ******* хадгаламжийн хугацаа сунгасан 4 удаагийн бичилтийн дараалал, нэвтрэх эрх бүхий хүний бүртгэл нь хариуцагчаас хуурамчаар үйлдэж Эрүүгийн цагдаад гаргаж өгсөн баримт дээрхээс ялгаатай нь байгааг нотолсон. ******* хугацаа сунгахдаа 4 удаа, 7538 дугаартай журналд 1051 кодтой гүйлгээг төвийн данстай харьцан хийсэн 1096, 1095 кодтой гүйлгээнүүдийг DP-******* данстай, 1031 кодтой гүйлгээг хийсэн нь тогтоогдсон. 400-105 теллер *******гийн алдааг дутуу залруулсныг нотолсон *******гийн алдааг 7 хоногийн дараа буюу 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 400-105 дугаартай теллер залруулж хүүгийн шатлал авахуулаагүй байсныг авахуулж, хүүгийн шатлалтай болгосон. Ингэхдээ ганцхан удаа 9948 дугаартай журналд 110041 кодтой гүйлгээг хийсэн. Харин миний данс DP-******* данстай харьцсан гүйлгээг залруулаагүй орхисон учраас *******гийн алдаа бүрэн засагдаагүй тул миний дансанд *******гийн алдаатай бичсэнээр хүү тооцогдон орсон. Иймд 400-105 дугаартай теллерийн зассан нөхцөлөөр бодогдсон хүү өөр дансанд орсон гэж үзэх үндэслэл бий болсон. Би тайлбартаа ******* алдаа гаргасан, хүүг нийлмэл хүү бодох аргачлалаар бодох байсныг залруулсан боловч дутуу залруулснаас мөнгө дутсан гэж маргасан. Үүнийг нотолсон депозит дансны хуулга дээрх баримт нотолдог боловч хариуцагч тайлбарлаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрт ...хүүгийн хэмжээг бодох тооцох тухайлсан аргаар буюу нийлмэл хүүг тооцох арга зэрэг тухайлсан журамд заасан аргаар хүүг тооцох ёстой гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно... гэсэн нь шинжлэх ухааны эсрэг, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг үгүйсгэсэн, хэрэгт авагдсан баримтыг үгүйсгэж дутуу үнэлсэн ойлгомжгүй хуульд нийцээгүй дүгнэлт болсон.

Тодруулбал, хүүг 1 жилийн хугацаатай нийлмэл хүүгийн аргаар тооцохоор байсныг нотлох нь 8077 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнд 6 сараар сарын 1,203 хувийн хүүтэй гэсэн байдаг. Хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 15,44 хувийн хүүгээр 4,256,776.64 төгрөг олгосон гэж хэлсэн. Депозит дансны хуулга гэх баримт 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 400-105 дугаартай теллер хүүгийн шатлал авахуулаагүй байсныг авахуулж, хүүгийн шатлалтай гэх тайлбар оруулсан байсан. Би үүнийг нийлмэл хүү бодох аргачлал гэж маргасан, энэ нь харилцагчийн хүлээн зөвшөөрсөн тоонуудыг ашиглан бодсон математик тооцооллоор нотлогдсон. Үүнд: харилцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн сарын 1,203 хувь, жилийн 15,44 хувийн хүүгийн шатлал гэх өгөгдлүүдийн шалтгаант холбоог ашиглан тооцоход миний хадгаламж анхнаасаа 1 жилийн хугацаатай нийлмэл хүүгээр хүүг тооцоолох нөхцөлтэй байсан гэдэг нь сарын хүү 1,203 хувийг нийлмэл хүү бодох аргаар бодоход жилийн хүү 15,44 хувь болох нь нотлогдсон. Энэ нь Мөнгөн хадгаламж, зээлийн хүү, үнэт цаасны орлого, хямдруулалтын хувь хэмжээг бодох аргачлалд заасан нэршил, математикийн шинжлэх ухааны томьёо ашиглан бодсон хариу бөгөөд үүнийг хариуцагч зөвшөөрсөн. Хэрэв банк гэрээн дээр бичсэнээр 6 сараар сард сарын 1,203 хувийн хүү тооцон олгосон бол надад 4,410,360 төгрөг олгох ёстой атал 4,256,776.64 төгрөг олгосон. Энэ нь хүүг гэрээнд бичсэн 1,203 хувиар биш харин 1,16 хувиар бодсон үед л гарах тооцоо юм. Энэ тооцоо нь ******* нь хадгаламж сунгах хүсэлтийг гэрээн дээр зөв биччихээд системд оруулахдаа алдаа гаргасныг хөдөлбөргүй нотолно. Түүний алдааг залруулсан гэх 400-105 дугаартай теллер хүүг шатлалтай бөглөсөн боловч миний данстай харьцсан журналын бичилтэнд залруулга хийлгүй орхиж надад олгох ёстой мөнгийг өөр дансанд авсан байх гэж үзэж байна.

Маргаан үүссэний дараа ******* 6 тоог нөхөж бичээд харилцагчаа гүтгэсэн. Энэ нь 2010 онд би цагдаа, шүүхэд гаргасан гомдолдоо ...салбарын захирлын өрөөнд хадгаламжийн хугацаа сунгах маягт, гэрээг үзэхэд 6 гэсэн тоо бичигдээгүй байсан. Дараа нь нэмж бичсэн гэсэн нь үнэн болохыг нотолж байна. Хүүгийн шатлалтай гэдэг нь нийлмэл хүү бодох аргачлал мөн гэхэд шүүгч үүнийг нотлогдоогүй гэж үзсэн нь алдаатай. Хариуцагч сарын 1,203 хувь, жилийн 15,44 хувь тооцсон гэж хэлсэн гэх атлаа нийлмэл хүү бодох аргачлал биш гэсэн нь математикийн шинжлэх ухааныг үгүйсгэсэн үйлдэл мөн. Шүүгч хүү бодох ердийн эсвэл нийлмэл хүү бодох хоёр аргачлал байдаг гэдгийг нотлоогүй нь хэрэгт авагдсан материалыг үгүйсгэсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор батлагдсан Мөнгөн хадгаламж, зээлийн хүү, үнэт цаасны орлого, хямдруулалтын хувь хэмжээг бодох аргачлал хэрэгт авагдсан. Энэ аргачлалын хоёрдугаар зүйлд ердийн болон нийлмэл хүү бодох аргачлалыг ашиглана гээд хэрхэн ашиглахыг жишээн дээр дэлгэрэнгүй тайлбарласан. Шүүгч шатлал гэдэг үг нь нэгээс дээш удаа гэдгийг илэрхийлдэг тул шатлал гэдэг нь хүүгээс хүү бодохын тулд өмнө нь олгосон хүүгээс дараагийн тооцоондоо ашиглаж хүү бодох суурь үнийн дүнгээ нэмэгдүүлдэн нийлмэл хүү гэдэг утгыг илэрхийлж байгаа монгол үгийг ойлгохгүй байна гэсэн нь ойлгомжгүй байна. Шийдвэрт хүү бодох аргачлалыг хуульчлаагүй гэх агуулга илэрхийлсэн нь шүүхийн шийдвэр боловсруулах журам-ын 2.1.2-д шүүх нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ... олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хэрэглэж болно гэсэн заалтыг үгүйсгэсэн агуулгатай зүйл болсон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөнө гэсэн байдаг бөгөөд энэ стандартад хүүг хэрхэн тооцох талаар тодорхой заасан, стандартын холбогдох хэсэг хэрэгт авагдсан тул стандарт шинжлэх ухаанаар нотлогдсон, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим юм. Гэтэл шүүх дугаартай эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн, шийдвэрийг боловсруулахдаа дахин нотлох шаардлагагүй баримтуудыг эсрэгээр нь тайлбарлаж хэрэглэсэн нь хууль зөрчиж байна.

Тодруулбал, шүүх маргааныг шийдвэрлэхдээ хохирлын хэмжээ, түүний тооцоолол зэрэг маргааны үндсэн асуудлыг хэлэлцэхийн оронд, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж нэгэнт тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгон хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг үнэлэх процессын журмыг ноцтой зөрчсөн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан үндэслэл, хэргийн зүйлчлэл, уг хэргийг хэрэгсэхгүй болгосон Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудад бодит агуулгад нийцээгүй, илт гуйвуулсан, ташаа тайлбар хийж, тэдгээр баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг маргааныг шийдвэрлэхэд ашигласан. 6 гэх тоог ******* бичээгүй болох нь тогтоогдсон гэх нөхцөл байдлыг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн гол үндэслэл мэтээр ойлгуулах зорилгоор шийдвэрт нэмэлт тайлбар оруулсан боловч уг нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй, шинээр авагдсан нотлох баримтын нотолгооны ач холбогдолд үнэлгээ өгөөгүй, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэртэй ямар шалтгаант холбоотой болохыг тодорхой зааж дурдаагүй байхад түүнийг шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх нэг талыг барьж, нотлох баримтыг дур мэдэн тайлбарласан процессын ноцтой зөрчилд хамаарна.

Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж байгаа бол Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолын үндэслэл нь дараахь байдлаар тогтоогдсоныг үнэн зөвөөр тайлбарлах ёстой байсан. 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* хугацаа сунгасан, 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 400-105 дугаартай теллер өөрчлөлт оруулсан өдөр ******* нь банкны системд нэвтрэх боломжгүй байсан тул хэрэгт холбогдолгүй нь үндэслэлтэй байсан учраас ******* нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан боловч алдаа гаргаснаа мэдээд эрх бүхий хүнд нь мэдэгдэж залруулсан, харин түүний алдааг залруулахдаа буруу ажилбар хийсэн байх гэж мэдүүлж байсан нь шинээр авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул *******, ******* нар хэрэгт холбогдолгүй нь тогтоогдсон ч *******ын данснаас мөнгө дутсан, хүүг дутуу олгосон гэх гомдол няцаагдаагүй тул *******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгоогүйг дутуу үнэлсэн. Дээрх зөрчлүүд нь хэрэг шийдвэрлэх үр дүнд шууд нөлөөлсөн, нөхөж засах боломжгүй процессын ноцтой зөрчил тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэл бүхийд тооцох боломжгүй.

Шүүх хариуцагчийн хууль зөрчсөн, шүүхэд худал тайлбар өгч байгаа үйл баримтуудыг үнэлэгүй түүнд илт давуу байдал бий болгосон нь нэхэмжлэгч миний биед Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчсөн. Тодруулбал, нотлох баримтыг 16 жил гаргаж өгөлгүй нуусан үйл баримтыг үнэлээгүй, 2011-2025 оны хооронд нэхэмжлэгчийн олон удаа шаардаж байсан нотлох баримт депозит дансны 2006 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулгыг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүх хариуцагч талаас гаргуулсан. Энэхүү баримт нь *******ны мэдээллийн системээс гардаг бөгөөд зөвхөн банкны үндсэн бүртгэлийн системээр баталгаажсан, өөрчлөлт оруулах боломжгүй нотлох баримт юм. Миний данснаас мөнгө дутсан тухай мэдсэн даруйдаа *******ны Занабазар салбарын захирал н.Ганбаттай уулзсан. Тэр *******г өрөөндөө дуудаад чи 6 сараар сунгасан..., 7 хоногийн дараа энэ хүн (400-105 дугаартай теллер) өөрчилж үүнийг тайлбарла гээд өөрийн компьютер дээрх мэдээллийг зааж харуулсан. Тэр үед би энэ баримтыг анх харсан. ******* нь хугацааг сунгахдаа алдаа гаргасан засах боломжгүй учраас ахлахад хэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа залруулга хийж зургаан сараар нийлмэл хүү тооцоод нийт дүнгээрээ 1 жил болгохоор болсон гэж хэлж байсан. Гэтэл 6 сараар бодогдсон би мэдэхгүй гэж тайлбарлаж байсан. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нь 2008/10/30 ны өдөр хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргаагүй, түүний дараа хэн ч энэ системд нэвтэрч засаж, өөрчлөөгүй гэх худал тайлбарласан, намайг зөрүү мөнгөө өөр банкны хүүгээр тооцуулж авах гэсэн гэж гүтгэсэн, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, ач холбогдолтой хэсгийг хасаж хэвлэсэн, хүчингүй шүүхийн шинжилгээний дүгнэлт ашиглахыг завдсан зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнийн 01:12:40-д банкны хадгаламжийн мэдээллийн системд нэвтрэх эрхгүй этгээд хулгайгаар нэвтэрч миний дансны мэдээллийг авсан баримт олдсон. Хариуцагч өөрийнхээ гаргасан баримтыг нотлох баримт болгон ашиглахаас татгалзсан, тайлбарлаагүй үйлдлийг үнэлээгүй, *******ны өөрийнх нь мэдээллийн системээс гаргуулсан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийн бусад үйл баримттай шалтгаант холбоог тогтоож байгаа депозит дансны хуулгыг хэрэгт авагдсан. Хэрэв ******* гэм буруугүй байсан бол энэ баримтыг өөрийн татгалзлын шалтгааныг нотлох баримт болгон ашиглах бүрэн боломжтой байв. Гэтэл хариуцагч уг баримтыг татгалзаж, тайлбарлаагүй нь маш ноцтой үйл баримт юм. Уг баримт нь хэргийн бусад үйл баримттай шалтгаант холбоог тогтоож байсан учраас хариуцагч үүнийг нотлох баримт болгон ашигласан тохиолдолд шүүхийн шийдвэрт дурдагдах бүх зүйл тогтоогдоогүй гэж бичигдэх нөхцөл байдал үүсгэх тул тэр ашиглахаас татгалзсан, мөн мэтгэлцээний үед гарсан асуултанд хариулаагүй гэж дүгнэхээс өөр аргагүй. Хариуцагч өөрөө өөрийнхээ гаргасан баримтыг нотлох баримт болгон ашиглахгүй, тайлбарлаж чадахгүй байсан, уг баримт дээрх бичлэгүүдээс тодруулсан асуултанд хариулж чадахгүй, лог файлын бичлэгийн талаарх асуултыг хадгаламжийн дэвтрийн бичлэгтэй хольж төөрөгдүүлсэн хариулт өгч байгаа зэрэг үйлдлийг иргэдийн төлөөлөгч ажигласан ба саналдаа тодорхой тэмдэглэсэн. Хариуцагч эрүүгийн хэрэгт өгсөн тайлбараа нотлохын тулд депозит дансны хуулгыг хуурамчаар үйлдэж байсан үйл байдлыг шүүх үнэлээгүй. 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хадгаламжийн хугацааг сунгахад гарсан алдааг 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр залруулсан баримтыг нуухын тулд мөн өдрийн гүйлгээг хасаж хэвлэсэн баримтыг шүүхэд гаргаж байсныг шүүх үнэлээгүй.

2022 онд иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч татгалзсан тайлбар гэх нэг хуудас материал ирүүлсэн. Хуульд зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргасан тайлбар нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна гэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, хариуцагч нотлох баримт гаргаагүй тул хуульд зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Дараа нь шүүгч А.Мөнхзул хариуцагч хүсэлт гаргаагүй байхад өмнөх хэргийн материалыг бүхэлд нь татан авч хэрэглээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн болохыг давж заалдах шатны шүүх тогтоосон. Хариуцагч өмнөх хэргийн материалаас түүний татгалзлыг нотлоход шаардлагатай гэж үзсэн 5 хуудас материал татуулж хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүх хуралд магадлалд заасан зөрчлийг үндэслэлгүй гэсэн агуулгатай шийдвэр гаргаж өмнөх хэргийн материалыг бүтнээр нь ашигласан нь хууль зөрчсөн. Иймээс магадлалд заасан зөрчлийг арилгаагүй нөхцөлд шүүх хуралдаан явуулах эрх анхан шатны шүүхэд байхгүй байхад хуралдаан хийсэн, хариуцагчийн хууль ёсны итгэмжпэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй зөрчил гарсан тул тохиолдолд шүүхийн шийдвэрийг хууль ёсны хүчинтэй гэж үзэх боломжгүй.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2,16 дугаар зүйлийн 16.14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 болон бусад хуулиар баталгаатай эдлүүлэхээр олгосон эрхээ эдлэх боломжийг хүчээр хязгаарласан тул уг шйидвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэг үйлдэл, тайлбараар зөвшөөрсөн зүйл байхгүй болохыг онцлох хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй хууль бусаар баримт тогтоогдсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч 2022 онд анхан шатны шүүхэд хандахдаа хадгаламжийн гэрээний үндсэн дээр хүүг дутуу олгосон тул хүүгээ нэхэмжлэхээр маргасан. Харин хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг авч үзэхэд нэхэмжлэлийн шаардлага хөөн хэлэлцэх хугацаатай холбоогүйгээр өөрчлөгдсөн. Учир нь гэм хорын маргаанд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэм хорыг шаардсан асуудлын тухайд анхан шатны шүүх Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.4, 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу үнэн зөв дүгнэсэн. Уг хүрээнд хохирол учирсан эсэх, хариуцагчийн үйлдэл хохиролд хэрхэн нөлөөлсөн зэрэг шинжийг нарийвчлан шалгаж дүгнэн шаардлага хангаагүй тул шүүхийн дүгнэлт зөв болсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, хадгаламжийн үйлчилгээ үзүүлсэн. Тухайн хадгаламжийг *******ын хувьд 2008 онд 6 сарын хугацаагаар сунгасан. Уг хугацаанд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 80/77 дугаартай 1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан хадгаламжийн гэрээний дагуу сарын 1,203 хувийн хүүгээр тохиролцож мөнгийг хадгалсан. Тухайн 6 сарын хугацаа дууссаны дараа гэрээнд заасан хувийн хүүгээр буюу 59,000,000 төгрөг сарын 1,203 хувийн хүү, жилийн 14,4 хувийн хүүгийн тооцоотойгоор олгосон нь хадгаламжийн дансны хуулга, хадгаламжийн дэвтэр хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламжийн хүүг дутуу олгосон гэрээний дагуу бусад тохиролцоо, нэмэлт арга хэмжээ байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж буй нийлмэл хүүгийн асуудалд талуудын хооронд гэрээгээр тохиролцсон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг тайлбарласан боловч нотлох баримтаар баталгаажсан зүйл биш. Тухайн эрүүгийн хэрэг 2011 оны 01 сарын 05-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй. Эрүүгийн хэргийн холбогдогчоор банк татагдаагүй бөгөөд тухайн үеийн ажилтнуудыг гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагагүй гэж тогтоогдсон. Эрүүгийн хэрэгт холбогдсон шинжээчийн дүгнэлт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан баримт, шинжилгээ юм.

Хэрэг прокурорын тогтоолоор хаагдаж дууссан тул энэхүү дүгнэлттэй холбоотой гомдол гаргах шаардлагагүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр шинжлэгдсэн зүйл 6 сарын хугацаагаар хадгаламж сунгуулах явцад нэхэмжлэгчийн бичсэн 6 гэх тоо үнэн эсэхийг тодорхойлох асуудал байсан. Уг дүгнэлтээр нэхэмжлэгчийн бичилттэй таарсан гэж тогтоогдсон. Эрүүгийн хэрэг шалгагдаж хаагдсан тул хариуцагчийн хууль бус үйлдэлтэй холбоотой шинэ нотолгоо тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хэлж буй зүйлээс бусад үндэслэлтэй нотолгоо үүсээгүй. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Банкны тухай хууль зөрчсөн эсэх, гүйцэтгэх захирлын үүрэг биелүүлсэн эсэх зэрэг асуудлуудад нэмэлт тайлбар өгөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тухайн дансны хуулга нь шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн бөгөөд захирамжид зааснаар тодорхой хугацааны дагуу олгогддог. Олон хуулга гарч ирсэн мэт ялгаа нь тухайн хугацааны ялгаанаас үүдэлтэй. Өмнөх хэргийн материалыг хууль бусаар татсан, цуглуулсан баримт гэх буруу ойлголт өгч байна. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжаар татуулсан баримт бөгөөд энэ нь хууль ёсны үйлдэл юм. Тухайн өдрийн хүсэлтийн дагуу хариуцагчийн зүгээс маргаан дагуулж буй хадгаламжийн гэрээ, хадгаламжийн данснаас мөнгө татсан эсэхийг шалгах үндэслэлээр банк материал татсан.

Хадгаламжийн гэрээ болон сунгуулах хүсэлт архивын үйл ажиллагааны журмын дагуу устсан байсан учраас өмнөх хэргийн материалыг ашиглан хэргийн материалыг бүрдүүлсэн. Энэхүү татсан баримт нь хууль бус, зөвшөөрөлгүй, эсвэл хууль бусаар цуглуулсан баримт биш юм. 2011 онд явагдсан хэрэгтэй холбоотой баримтыг дурдсан боловч тухайн хэрэг уг хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас өөр үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч уг маргаантай холбоотой асуудлаар 17 жил маргасан гэж тайлбарласан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлуулсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан тул нэхэмжлэлийн шаардлага нь буцаагдсан. Дараа нь 10 гаруй жилийн дараа буюу 2022 оноос эхлэн нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаа дараа хойшлуулсан. Энэхүү хойшлуулалтын үндсэн шалтгаан түүний хүсэлт болон шаардлагатай баримт бичгүүдтэй холбоотой байсныг нотолж байна. Хариуцагчийн үзэж буйгаар энэхүү хэрэг нь банктай маргаан үүсгэсэн явцад өрнөж байгаа бөгөөд үнэн хэрэгтээ нэхэмжлэгчийн сонирхол нь байгаа боловч тухайн мөнгийг авах бодит сонирхол байгаа эсэх тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх баримт тогтоогдоогүй байхад үүнийг хариуцагч тал няцааж тайлбарлаагүй нь логик дутагдалтай гэж үзэж байна.

Иймд процессын хувьд болон материаллаг хууль тогтоомжийн хэрэглээний хүрээнд анхан шатын шүүх зөв дүгнэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан 20,957,827 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6,103,295 төгрөгөөр ихэсгэн, нийт 27,061,122 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2064 дугаар магадлалаар ...Чингэлтэй дүүргийн шүүх /хуучнаар/-ийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн *******ын нэхэмжлэлтэй, *******анд холбогдох, хадгаламжийн хүүгийн зөрүү 5,343,320 төгрөг, өмгөөлөгчийн зардал 160,000 төгрөг, нийт 5,503,320 төгрөг гаргуулах тухай үндсэн, нэр төр сэргээлгэж, гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргээс энэ хэрэгт хариуцагч талаас ямар баримтыг хуульд нийцүүлэн авах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна. Иймд шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлэх боломжгүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн. /2-р хх-ийн 19-29/

 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...Чингэлтэй дүүргийн шүүх /хуучнаар/-ийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн иргэний хэргээс 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, ******* тоот мөнгөн хадгаламжийн дэвтрийн хуулбар, хадгаламжийн хугацаа өөрчлөх маягт, мөнгөн хадгаламжийн гэрээ зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2026/00989 дугаар захирамжаар ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар авагдсан хэргийн материал нь бусад этгээдэд хадгалагдаж байгаа баримтад хамаарахгүй гэж дүгнээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. /3-р хх-ийн 10-12/

 

3.2. Учир нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор шүүхийн тусгай архиваас Чингэлтэй дүүргийн шүүхийн /хуучнаар/ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолд холбогдох хавтаст хэргийг бүхэлд ирүүлэхийг даалгаснаар уг хэргийг ирүүлсэн байна. Хариуцагчийн зүгээс архиваас ирүүлсэн хавтаст хэргээс нотлох баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах хүсэлт гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар авагдсан хэргийн материал нь бусад этгээдэд хадгалагдаж байгаа баримтад хамаарахгүй гэж дүгнэсэн нь буруу. Архиваас ирүүлсэн 3 хавтас хэрэг нь шүүхийн тусгай архивт бүртгэл үүсгэж хадгалагдаж байгаа буцаан хүргүүлэх баримт байх тул уг хэргийг хэрэгт нотлох баримтаар авагдсан гэж үзэхгүй.

 

3.3. Дээрх харицагчийн хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, хадгаламжийн хугацаа өөрчлөх маягт, мөнгөн хадгаламжийн гэрээ зэрэг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...банкны ажилтан ******* хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргасны уршгаар 5,343,320 төгрөг төгрөгийн хадгаламжийн хүү дутуу авч чадалгүй хохирсон... гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлээ ...миний ******* тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгө авснаас хадгаламжийн мөнгөө бүрэн авч чадахгүй байгаа тул тухайн үед дутуу олгогдсон 5,343,320 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарласан. Гэвч нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд хэргийн 2 дугаар хавтасны 205 дугаар талд авагдсан депозит дансны хуулга нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох талаар тайлбарлаж байх боловч ийм агуулгаар нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргахыг хуулиар шаардана.

 

4.1. Мөн хариуцагч байгууллагаас ******* тоот, 2006.01.01-2025.09.11 гэсэн огноотой депозит дансны хуулгыг гаргасан бөгөөд уг дансны хуулганд Шатлал аваагүйг авахуулав. Хүүний шатлалтай гэсэн бичилт хийсэн хэсэгт талууд маргаж нэхэмжлэгч нь нийлмэл хүүтэй байсан, мөн нэг жилийн хугацаатай гэж залруулан бичилт хийсэн гэж, хариуцагч нь хүүний шатлалыг өөрчилж залруулга хийсэн гэж үндэслэлээ зөрүүтэй тайлбарласан. Иймд талууд өөрсдийн гаргасан тайлбарыг баримтаар хэрхэн нотолж байгаа, хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд хэрхэн тайлбарлах талаар анхан шатны шүүх талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, ямар хууль тогтоомж, дүрэм журам, заавар, тухайн банкны хүү шимтгэлийн нөхцөлөөр хариуцагч өмнө ямар байсан хүүг 1.203 хувь болгосон, үүгээр шатлал хэрхэн ахисан, улмаар нэхэмжлэгчийн хадгаламжид хэдэн төгрөгийн хүү бодогдох байсан талаар тооцоолол хийгдэх нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

4.2. Түүнчлэн, хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн ******* тоот дансанд 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 4,256,776 төгрөгийн хүү бодогдож олгогдсон бичилт хийгдсэн талаар талууд маргаагүй боловч энэ нь хадгаламжийн гэрээний нөхцөлөөр хэрхэн бодогдож гарсныг тодруулах, мөн шаардлагатай тохиолдолд тусгай мэдлэг шаардагдах эсэх асуудлыг тодруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Энэ нөхцөлд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

6. Иймээс давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2026/00500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,155 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ