| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0800/Э |
| Дугаар | 825 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 825
2019 10 30 2019/ШЦТ/825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Чимгээ,
шүүгдэгч Х.У /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Монгол овгийн Х.У т холбогдох эрүүгийн 1911021480942 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол овгийн Х.У , 1979 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уулын 1 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 115 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд түр оршин суух,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Х.У нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 20 дугаар байрны 62 тоотод иргэн Г.Ганбаттай утас авч нуулаа гэх шалтгаанаар маргалдан, нүүр, зүүн гарын шуу хэсэгт хогийн сав, плита зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…“...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Г.Ганбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энхжаргал, Ууганаа бид гурав манайд хонины гэдэс дотор чанаж идээд архи ууж байхад миний утас Мобикомын сүлжээнд үнэгүй ярьдаг болохоор тэр хоёр миний утсаар яриад байсан. Би архи дуусахаар нь унтаад өгсөн. Тэгээд сэрээд утсаа хайж, тэр хоёроос асуухад мэдэхгүй гэхээр нь та хоёр ярьж байсан биздээ гээд маргасан. Ууганаа гэх залуу нь манай гэрийн үүдэнд байсан хогийн саваар миний нүүрэн тус газар нэг удаа цохисон, зүүн дал руу архины жижиг шилээр нэг удаа цохисон, 00 өрөөнд байсан суултуурын дээд талын усны татуургын плитан тагаар миний зүүн гар руу цохисон. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ууганбаяр надаас уучлалт гуйсан, бид хоёр эвлэрсэн...”гэх мэдүүлэг /хх 6-8/,
Гэрч С.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би гарчхаад 20-30 минутын дараа орж иртэл Ганбат ах миний утас алга болчихлоо гээд Ууганбаяртай маргалдсан. Унтахынхаа өмнө Ганбат ах утсаа гудсан доогуураа хийж байхыг би харсан болохоор ийш нь хийгээ биз дээ гээд утсыг гаргаад иртэл Ууганаа уурлаад хулгайд хардлаа гэж нимгэн дөрвөлжин плита барьж ирээд Ганбат ахын нүүр тус газар цохисон. Тэр үед Ганбат ахын зүүн хөмсөг, зүүн шуу орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 11-12/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №9770 дугаар дүгнэлтэд: “...Г.Ганбатын биед зүүн хөмсөг, зүүн шуунд шарх, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх 14/,
Шүүгдэгч Х.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Шөнө дундын үед намайг унтаж байхад Ганбат ах сэрчихсэн миний халаасыг ухаад энэ миний утас байна, чи миний утсыг хулгайлчихсан байна гэхээр нь би түүнд хоёулаа утасныхаа гэрийг сольсон биз дээ гэтэл Ганбат ах чи хулгайч гээд уурлаад байх шиг байсан. Би тухайн үед их согтуу байсан. ...плитаг аваад Ганбат ахын нүүрэн тус газарт цохисон тэгтэл уг плита хагарсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25/, шүүгдэгч Х.У т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 29-31/, хохирогч Г.Ганбатын гомдол саналгүй гэх хүсэлт /хх 40/, шүүгдэгч Х.У ын хувийн байдлыг тодорхойлох баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Х.У нь 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ганбаттай маргалдан түүний эрүүл мэндэд нь “зүүн хөмсөг, зүүн шуунд шарх, зүүн бугалга, шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Г.Ганбатын “...хогийн саваар миний нүүрэн тус газар нэг удаа цохисон, зүүн дал руу архины жижиг шилээр нэг удаа цохисон, 00 өрөөнд байсан суултуурын дээд талын усны татуургын плитан тагаар миний зүүн гар руу цохисон...” гэх мэдүүлэг /хх 6-8/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №9770 дугаар дүгнэлт /хх 14/, гэрч С.Энхжаргалын “...Ууганаа уурлаад хулгайд хардлаа гэж нимгэн дөрвөлжин плита барьж ирээд Ганбат ахын нүүр тус газар цохисон. Тэр үед Ганбат ахын зүүн хөмсөг, зүүн шуу орчмоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 11-12/, шүүгдэгч Х.У ын “...плитаг аваад Ганбат ахын нүүрэн тус газарт цохисон тэгтэл уг плита хагарсан...” гэх мэдүүлэг /хх 21-22/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.У ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Х.У т ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч Г.Ганбат нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлын талаар маргаангүй...” гэх тул шүүгдэгч Х.У ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овгийн Х.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохын тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН