Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 888

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг 160б тоотод оршин суух /НО56061071/ регистрийн дугаартай “Боржигин” овогт Гэндэнчойнхорын Батжаргалын нэхэмжлэлтэй  хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг тус тус хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга У.Болортуяа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Батжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би анх 1974 оны 07 сарын 20-нд Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторын жолоочийн ачигчаар  ажиллаж эхэлсэн. Нэгдэлд ажиллаж байгаад 1975 оны 05 сарын 10-нд цэргийн албанд татагдаж 1978 оны 06 сарын 16-нд халагдсан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдлийн Тариа бригадад тракторын жолоочоор 1978 оны 07 сарын 15-наас 1981 оны 06 сарын 25-ныг хүртэл, 1981 оны 06 сарын 25-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл тракторын сэлбэгийн нярваар, 1992 онд нэгдэлд хувьчлагдаж Нэгдэл ББХХ-ны нярав-боловсон хүчний асуудал эрхлэсэн даргын туслахаар 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл ажилласан. Энэ тухай хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилттэй боловч Гэндэнчойнхорын Батжаргал гэж нээсэн хөдөлмөрийн дэвтэрт нэр засвартай, мөн намайг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалын зарим архиваас олдохгүй байгаа юм. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тухайн үед нэгдлийн боловсон хүчин анх 1974 онд надад хөдөлмөрийн дэвтэр нээж олгохдоо өөр хүний нэр бичсэн байсан дэвтрийг засварлаж надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгсөн. Гэтэл үүнийг Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс намайг хөдөлмөрийн дэвтэр чинь засвартай байна, шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн. Ийм учраас би 1975 оны 05 сарын 19-ний өдөр Гэндэнчойнхорын Батжаргалд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрчээр мэдүүлэг өгсөн Х.Нэргүй бол миний анхны багш юм, би энэ хүний удирдлага дор тракторын жолоочийн ажлыг сурсан.

Иймд 1975 оны 05 сарын 19-ний өдөр Гэндэнчойнхорын Батжаргалд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторын жолоочийн грузчикээр 1974 оны 07 сарын 20-ноос 1975 оны 05 сарын 10-ныг хүртэл, тус нэгдлийн Тариа бригадад тракторын жолоочоор 1978 оны 07 сарын 15-наас 1981 оны 06 сарын 25-ныг хүртэл, 1981 оны 06 сарын 25-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл тракторын сэлбэгийн нярваар, Нэгдэл ББХХ-ны нярав-боловсон хүчний асуудал эрхлэсэн даргын туслахаар 1992 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг миний цуглуулсан нотлох баримт болон хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү. Миний бие Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багт оршин суудаг ба хэргийг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Архивын тасгийн лавлагаа, Нийгмийн даатгалын хэлстийн тодорхойлолт, Энхтуул нэгдлийн даргын тушаалууд, гэрчүүдийн мэдүүлгүүд болон тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, бусад бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Боржигин овогт Гэндэнчойнхорын Батжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг буюу эрх олгосон бичиг баримтын эзэмшигчээр, мөн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг тус тус  хүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлээс 1975 оны 05 сарын 19-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гэндэнчойнхорын Батжаргал мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторын жолоочийн ачигчаар 1974 оны 07 сарын 20-ноос 1975 оны 05 сарын 10-ныг хүртэл, тус нэгдлийн Тариа бригадад тракторын жолоочоор 1978 оны 07 сарын 15-наас 1981 оны 06 сарын 25-ныг хүртэл, 1981 оны 06 сарын 25-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл тракторын сэлбэгийн нярваар, Нэгдэл ББХХ-ны нярав-боловсон хүчний асуудал эрхлэсэн даргын туслахаар 1992 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцсэн хүсэлт гаргагчийн өөрийнх нь тайлбар, хэрэгт бичгээр ирүүлсэн доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.   Үүнд:  

1.Г.Батжаргалд Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлээс 1975 оны 05 сарын 19-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн /3-13 дахь/ талд “1974 оны 7 сарын 20-наас Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторын грүшкаар ажиллуулав, 1975 оны 05 сарын 10-нд ... үүрэгт ажлаас нь цэргийн албанд татагдсан учир чөлөөлөв, 1978 оны 06 сарын 16-нд Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хааж хугацаа дуусгаж халадсан, 1978 оны 07 сарын 15-наас Энхтуул нэгдлийн тракторын жолоочоор ажиллуулав, 1981 оны 06 сарын 25-наас нэгдлийн запас сэлбэгийн нярваар авч ажиллуулав, 1992 оны 01 сарын 01-нээс Лүн сумын Нэгдэл ББХХ-нд нярав-боловсон хүчний асуудал хариуцсан даргын туслахаар ажиллуулав, 1995 оны 01 сарын 01-нд ... нийгмийн даатгалын дэвтэр олгов” гэсэн бичилт,

2.Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1978 оны 07 сарын 20-ны өдрийн 57 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “... Гэндэнчойнхор овогтой Батжаргал нарыг 1978 оны 07 сарын 15-наас эхлэн Тариа бригадад тракторчнаар, ... томилсугай”,

-1981 оны 06 сарын 25-ны өдрийн 35 тоот “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын 2 дугаарт “Г.Батжаргалыг 6 сарын 25-наас запас сэлбэгийн нярваар томилсугай”,

-1991 оны 12 сарын 20-ны өдрийн 67 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, хавсралтанд “Г.Батжаргал нярав” гэсэн бичилт,

3.Төв аймгийн архивын тасгийн 2011 оны 03 сарын 16-ны өдрийн 84 тоот албан бичигт “Тус аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн даргын 1974, 1975 оны тушаалд холбогдох баримт гараагүй тул Г.Батжаргалд лавлагаа олгох боломжгүй”, 86 тоот албан бичигт “... нэгдлийн тракторчин Г.Батжаргал нь 1980-1981 онуудад 241-320 төгрөгийг цалин авч байсан” тухай тодорхойлолт,

-Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2009 оны 06 сарын 30-ны өдрийн 132 тоот албан бичигт “Төв аймгийн Лүн сумын Нэгдэл ББХХ нь 1992-194 онд ажиллаж байсан ба нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь үнэн болно”гэх тодорхойлолт, 

4.Гэрч Х.Нэргүйн “Намайг Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байхад миний грузчикээр 1974 оноос эхлэн цэрэгт явах хүртлээ ажиллаж байсан. Цэргээс халагдаж ирээд 1978 оноос тракторын жолоочоор нэгдлийн Тариа бригадад ажилласан. Он цагийг сайн санахгүй байна, дараа тракторын жолоочоос  чөлөөлөгдөөд сэлбэгийн нярваар нэгдэл тарах хүртэл ажилласан. Нэгдэл хувьчлагдаж Нэгдэл ББХХ-ны нярав-боловсон хүчний асуудал хариуцсан даргын туслахаар 1995 оныг хүртэл ажиллаж байсан. Би 1968 оноос 1974 оныг дуустал Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлийн тракторын жолоочоор, 1975 оноос 1990 оныг хүртэл намын даргын жолоочоор, 1990-1994 оныг дуустал Төв аймгийн Лүн сумын Цагдаагийн хэсэгт жолоочоор тус тус ажиллаж байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Халтарын “Г.Батжаргал Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд 1974 оноос тракторын грузчикээр анх ажилд орж байсан. Тус нэгдэлдээ тракторын жолооч, сэлбэгийн нярав, бензин колонкийн түгээгч, тракторын жолооч, даргын туслах гээд янз бүрийн л ажил хийж байсан. Манай нөхөр Х.Нэргүй нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байсан ба түүний грузчикээр нь Г.Батжаргал анх ажилд орж байсан юм. Би Төв аймгийн Лүн сумны Энхтуул нэгдэлд малын эмчээр 1969 оноос 1992 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. 1992 оноос Сүүний үйлдвэрт лаборантаар ажиллаж байсан. Г.Батжаргалын аав нь Гэндэнчойнхор нь малын эмчээр надтай хамт ажиллаж байсан хүн байсан” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар 1975 оны 05 сарын 19-нд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гэндэнчойнхорын Батжаргал мөн болохыг, Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд тракторын жолоочийн грузчикээр 1974 оны 07 сарын 20-ноос 1975 оны 05 сарын 10-ныг хүртэл, тус нэгдлийн Тариа бригадад тракторын жолоочоор 1978 оны 07 сарын 15-наас 1981 оны 06 сарын 25-ныг хүртэл, 1981 оны 06 сарын 25-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл тракторын сэлбэгийн нярваар, Нэгдэл ББХХ-ны нярав-боловсон хүчний асуудал эрхлэсэн даргын туслахаар 1992 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан НО56061071 регистрийн дугаартай Боржигин овогт Гэндэнчойнхорын Батжаргал нь Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдлээс 1975 оны 05 сарын 19-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож,

Г.Батжаргал  нь  Төв аймгийн Лүн сумын “Энхтуул “нэгдэлд 1974 оны 07 сарын 20-ноос 1975 оны 05 сарын 10-ныг хүртэл тракторын жолоочийн ачигчаар, 1978 оны 07 сарын 15-наас 1981 оны 06 сарын 25-ныг хүртэл мөн нэгдэлд тракторын жолоочоор, 1981 оны 06 сарын 25-наас 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл тракторын сэлбэгийн нярваар, 1992 оны 01 сарын 01-нээс 1995 оны 01 сарын 01-нийг хүртэл  Нэгдэл ББХХ /Бүрэн бус хариуцлагатай хоршоо/-нд нярав-боловсон хүчний асуудал эрхэлсэн даргын туслахаар тус тус ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Г.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ