Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00668

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10749 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд байрлах ******* орон сууцны хотхоны 1 дүгээр байр,т ******* тоот бүхий 74.24 м.кв 3 өрөө орон сууц болон хохирол, алданги 102,506,400 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр ,, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд байрлах ******* орон сууцны хотхоны 1 дүгээр байр,, ******* тоот хаягт байрлах 74.24 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, мөн 1 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 16 м.кв талбай дулаан зогсоолын хамт худалдан авахаар нийт төлбөр 107,648,000 төгрөгөөс 47,648,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 60,000,000 төгрөгт тооцуулан улсын дугаартай Ланд ровер маркийн автомашиныг шилжүүлэн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. Талууд 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, акт үйлдэн нийт 118,412,800 төгрөг төлснийг баталгаажуулсан. ******* ХХК-аас орон сууц хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй гэж мэдэгдэн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан. Татгалзсан шалтгаанаа төлбөрт тооцон шилжүүлсэн улсын дугаартай /Land rover Ranger over-Evoque/ авто машиныг Нийслэлийн прокурорын газраас шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан учраас орон сууцыг шилжүүлэн өгөх боломжгүй гэж тайлбарласан.

Миний хувьд төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн автомашиныг иргэн н.Бадамгарааас худалдан авч ******* ХХК-ийн захирал ын эзэмшилд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Тухайн авто машин өмчлөх болон эзэмших эрх ямар нэгэн зөрчилгүй шударга өмчлөгч нь би байсан тул талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт шилжүүлэн өгсөн. Прокурорын байгууллагаас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэр нь тус гэрээний үүргийг биелүүлэхтэй хамааралгүй, миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй байхад хариуцагч ******* ХХК-ийн зүгээс орон сууц болон дулаан зогсоолыг шилжүүлэн өгөх үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзсан. Иймээс Хан-Уул дүүргийн, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд байрлах ******* орон сууцны хотхоны 1 дүгээр байр, 4 давхрын ******* тоот хаягт байрлах, 72.24 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч ******* ХХК-аас гаргуулна.

1.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч орон сууц хөлслөх зайлшгүй шаардлага гарсан тул 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны орон сууц хөлслөх гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс гарсан зардал 43,300,000 төгрөг, мөн талуудын хооронд 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т заасны дагуу гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр тохирсон тул алдангид 59,206,400 төгрөг, нийт 102,506,400 төгрөг гаргуулна.

1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******г татан оролцуулж, Хан-Уул дүүргийн, Буянт ухаа хороолол, 252 дугаар байр, ******* тоот хаягт байрлалтай, 74.24 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хариуцагч *******гоос шаардаж, гэрээнээс үндэслэлгүй татгалзсаны улмаас бусдын орон сууцыг хөлслөх шаардлага үүссэн тул хариуцагч ******* ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлбэл зохих 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны орон сууц хөлслөх гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс гарсан зардал 43,300,000 төгрөг, мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 5.10-т зааснаар гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги 59,206,400 төгрөг, нийт 102,506,400 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч худалдан авагч тал гэрээний зүйлийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний төлбөрийн 60,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн улсын дугаартай Ланд ровер маркийн автомашины захиран зарцуулах эрхийг Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 264 дугаартай зөвшөөрлөөр түдгэлзүүлсэн тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, энэ талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн.

Төлбөрт тооцон шилжүүлсэн автомашин нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1, 252.2-т зааснаар эрхийн зөрчилтэй хөрөнгө бөгөөд 60,000,000 төгрөгөөр тооцсон нь гэрээний үнийн дүнгийн дийлэнх хэсэг учраас Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан. *******той худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээний дагуу тэрээр өмчлөх эрхийг өөрийн эзэмшилд авсан нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-т заасан давуу эрхтэй этгээд байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг хариуцагчаас гаргуулах шаардлагыг, мөн гэрээнд зааснаар алданги тооцсон болон хохирол шаардсан шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие ******* ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,328,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулсан. Улмаар гэрээний үүргээ хоёр тал биелүүлж маргаан бүхий орон сууцанд амьдарч байна.

Иймд тус орон сууцны шударга өмчлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, Буянт ухаа хороолол /17121/, наадамчдын зам гудамж, 252 дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 74.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгөхийг хариуцагч *******д даалгаж, хариуцагч Юникл таувер ХХК-аас 29,603,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,903,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,420,514 /750 014+670 500/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 1,055,980 /750 014+305 966/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Юникл таувер ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэрт ... дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн нь тогтоогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн шийдвэр нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй. Шийтгэх тогтоол нь нотлох баримтаар шийдвэрийн үндэслэх хэсэгт гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт үйлдлээр өмчлөх эрхийг хууран мэхлэх замаар олж авсан этгээдээс хууль бусаар хариуцагчийн эзэмшилд ирсэн улсын дугаартай Ланд ровер маркийн авто машин буюу 60,000,000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй гэх үйл явдлыг илрэхийлэхээс биш хохирогчид төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байдал гэрээний үнэ төлөгдсөн гэж нэхэмжлэгч талыг зөвтгөн шийдвэрлэх түүний үүрэг биелэгдсэн байна гэж үзэх хууль зүйн утга илэрхийлэхгүй. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх нөхцөл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөл зохих төлбөрөөс улсын дугаартай Ланд-ровер маркийн авто машинийг 60,000,000 төгрөгөөр тооцогдсон. Гэрээний хэрэгжилтийн явцад тухайн тээврийн хэрэгсэл гэмт хэргийн улмаас шилжиж ирсэн хөрөнгө байх тул нэхэмжлэгч талд энэ тухай мэдэгдэж, гэрээнээс татгалзах хүсэл зоригоо илэрхийлж мэдэгдэл хүргүүлсэн үйлдэл нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодит үйлдэл юм.

Хариуцагчаас шүүхэд гаргасан өөрийн тайлбар татгалзлаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байр суурьтай хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцсон бөгөөд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч ханган шийдвэрлэсэн. Улмаар шүүгчийн захирамжийн биелэлт эцэстээ хангагдаж шийдвэрлэгдээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн байх ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхой болсон зүйл байхгүй. Гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нэхэмжлэгч талаас хариуцагчид гэрээний үнэд тооцож үнэлсэн явдал нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтын шаардлага бүрэн хангаж чадахааргүй байхад нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн явдал нь процесс ажиллагааны ноцтой алдаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн, дээр дурдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж үзэх эсэх нь маргаантай байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Эрүүгийн 2024/ШШ2024/1109 дугаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх эцсийн шийдвэрлэлтийг тодруулахгүй шийдвэрлэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх нөхцөлийг алдагдуулсан процесс ажиллагаа гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шийтгэх тогтоолд дурдсан агуулгаар гэрээний үнийн дүнгийн дийлэнх хэсэгт хамаарах хөдлөх хөрөнгө нь гэмт хэрэг үйлдэгдэж олсон хөрөнгө гэх нөхцөл эргэлзээгүй байдлаар тогтоогдсон гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч тал тухайн авто машиныг хэрхэн яаж өмчилсөн талаарх нөхцөл байддыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч тал мэдэж байсан, мэдэх боломжтой байсан эсэхийг тодруулах нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх нөхцөлийг хангах явдал байсан. Шүүхийн шийдвэрт нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан, эсхүл өмнө гаргасан захирамжаа холбогдох хууль зүйн үндэслэлээр хүчингүй болгох, өөрчлөх зэрэг хууль зүйн үр дагавар бүхий эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулахгүй орхигдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

5.2. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй гэж бодит нөхцөл байдлаас илтэд зөрүүтэй байдлаар дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа шийтгэх тогтоол өмчлөх эрхийг хэзээ хэрхэн хуурч мэхлэж авсан талаар тодорхой дурдсан бөгөөд тухай цаг хугацаанд нэхэмжлэгч болон хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хэлцэлээс өмнөх хугацаанд үйл явдал болж өнгөрсөн байх явдал нь илэрхий нөхцөл хуулийн этгээдээс гаргасан гэрээнээс татгалзах тухай хүсэлтэд тодорхой дурдагдсан нөхцөлийг илтэд буруу ташаа тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн шүүхийн шийдвэрт ...*******, ******* ХХК нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдаж, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...гуравдагчаар, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хамтран хариуцагчаар, эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн, хамтран хариуцагч С. Сарангоог маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж үзэх тул... гэж тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Гэтэл хамтран хариуцагч *******, ******* ХХК нар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан цаг хугацаа буюу 2024 оны 09 дүтээр сарын 12-ны өдөр хариуцагч ******* ХХК нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэгчээс ирсэн хариу мэдэгдэл дээр тулгуурлан өмчлөх эрхээ хамтран хариуцагчид шилжүүлэх замаар худалдан борлуулсан. Тухайн цаг хугацаанд хамтран хариуцагч нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн хувьд шударга өмчлөгч болох байтал шүүх гэрээ байгуулагдсанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх утгаар мэдэж байсан гэж үзэж шударга өмчлөгч биш гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хамтран хариуцагч *******г маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэж үзэх тул өмчлөгчийн эрх хамгаалагдахгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан. Тодруулбал, маргааны тохиолдолд хариуцагч Юникл таувер ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *******, хамтран хариуцагч *******д худалдсан тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийн тухайд эзэмшлээс гадна улсын бүртгэл өмчлөх эрхийг үүсгэхэд чухал ач холбогдолтой учраас Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д бүртгэлийг үнэн зөвд тооцох эрхийг зохицуулснаар өмчлөгчийн эрхийг хамгаалж, баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан маргааны үйл баримттай холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийг хэрэглэхгүй орхигдуулсан. Хариуцагч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авах давуу эрхтэй. Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь хамтран хариуцагч Юникл таувер ХХК-ийн нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдах үед тэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмнө *******тэй гэрээ байгуулсан эсэхийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул уг орон сууцын шударга эзэмшигч юм.

6.2. Шүүхийн шийдвэрт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын талаар дурдсан байх ба хариуцагч Юникл таувер ХХК нь нэхэмжлэгч *******тэй байгуулсан захиалгын гэрээнээс татгалзах болсон шалтгаан нь эрхийн зөрчилтэй хөрөнгө буюу улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэмт хэргийн халдлагын зүйл болсон эсэхийг шалгаж тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Учир нь шийтгэх тогтоол нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш болох нь Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ц-1/1420 дугаартай албан бичгээр тогтоох бөгөөд анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг хэрэглэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, шүүх маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь ноцтой зөрчилд хамаарч байна.

Дээрх Нийслэлийн прокурорын газрын албан бичигт ...эрүүгийн дугаартай хэрэг шүүхийн шатанд байгаа тул тус прокурорын газраас таны албан бичигт дурдсан баримтуудын хуулбар хүргүүлэх боломжгүй байна гэжээ. Үүнээс үзвэл гэрээнээс татгалзсан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоохын тулд тухайн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эрхийн зөрчилтэй байсныг тодруулахгүйгээр гэрээнээс татгалзах асуудалд дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн дугаартай хэргийн талаар нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Ц-1/1420 дугаартай албан бичигт уг эрүүгийн хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдэгдсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн эсэх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл тодруулах боломжтой байсан.

Мөн маргааны зүйл болох орон сууцны улсын бүртгэлийн лавлагааг тодруулахгүйгээр уг маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Тодруулбал, хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны албан ёсны өмчлөгч тул уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд энэ захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд маргаан бүхий орон сууцыг банкны барьцаанд байдаг. Энэ талаарх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөхөөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч хариуцагч *******г байлцуулахгүйгээр түүний эзгүйд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ талаарх баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах нь нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ нотлох нэхэмжлэгчийн үүрэг юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Мөн хариуцагч нар 81-40 УАН улсын дугаартай автомашин нь гэмт хэргийн замаар олдсон хөрөнгө тул уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. Гэтэл тухайн автомашиныг худалдах, худалдан авах гэрээнд төлбөрт тооцон шилжүүлэх үед талууд уг эд хөрөнгийн эрх зүйн байдал, үүсэл гарлын талаар мэдээгүй, мөн тухайн үед эрхийн зөрчилгүй байсан. Түүнчлэн хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл уг автомашин ын нэр дээр бүртгэлтэй, түүний эзэмшилд бодитоор байсан. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн захирал автомашиныг эзэмшиж байгаа нөхцөлд уг хэлцлийг гэмт хэргийн замаар олсон хөрөнгөтэй холбоотой гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцохгүй тул хуулийг буруу тайлбарласан гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй.

7.2. Нэхэмжлэлийг анх 2023 оны 07 дугаар сард нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* гэх этгээдтэй давхар гэрээ байгуулсан нөхцөл байдал үүссэн бөгөөд уг этгээдийн эрх, ашиг зөрчигдөх боломжтой гэж үзэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг гуравдагч этгээдээр хэрэгт оролцуулсан. Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргахдаа шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай хүсэлтийг хамтад нь гаргасан. Тухайн үед маргаан бүхий орон сууц хэний ч эзэмшилд шилжээгүй, *******той гэрээ байгуулагдаагүй, улсын комисс хүлээн аваагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Гэвч ******* нь гуравдагч этгээдээр хэрэгт оролцсоныхоо дараа уг орон сууц маргаантай болохыг мэдсээр байж өмчлөлдөө шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч уг асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж, хариуцагчаас улсын комиссын акт болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг шаардсан боловч тухайн үед эдгээр баримт бүрдээгүй, гаргах боломжгүй гэх тайлбар өгч байсан. Иймээс нэхэмжлэгч тал уг хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авахыг хүссэн. Анхан шатны шүүх уг хүсэлтийг шийдвэрлэж амжаагүй байх хугацаанд ******* маргаантайг мэдсээр байж уг орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан шударга өмчлөгчийн асуудлын тухайд эд хөрөнгийг маргаантай болохыг мэдээгүй үедээ олж авсан тохиолдолд шударга өмчлөгчид тооцогдоно. Иймээс анхан шатны шүүх *******г шударга өмчлөгчид тооцохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч тал улсын бүртгэлд бүртгэгдсэн тул шударга өмчлөгч гэж тайлбарлаж байгаа нь зөвхөн бүртгэлийн үйл баримтыг нотлох ач холбогдолтой болохоос шударга өмчлөгч мөн эсэхийг шүүх тогтоох ёстой.

7.3. Хариуцагч нарын гомдолд Нийслэлийн прокурорын газраас нотлох баримт гаргуулах захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэл дурдагдсан. Гэвч Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн албан бичигт уг хэрэг нь хоёр шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул холбогдох материал манайд байхгүй, баримт гаргах боломжгүй гэх тайлбар өгсөн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын газраас гаргуулах боломжгүй болохыг талууд мэдэж байсан. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох гэж байгаа тохиолдолд уг асуудлаар өөрсдөө дахин хүсэлт гаргаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх ёстой тул шүүх өөрийн санаачилгаар уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Учир нь шүүх нь хөндлөнгийн байр суурийг баримтлан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

Мөн хариуцагч ******* уг үл хөдлөх эд хөрөнгийг Худалдаа хөгжлийн банк ХК-ийн барьцаанд тавьсан талаар гомдолд дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдээгүй. Нэхэмжлэгч *******гийн өмчлөлд бүртгэгдсэнийг мэдээд Улсын бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагаа гаргуулсан бөгөөд уг лавлагаанд барьцааны талаар ямар нэгэн тэмдэглэгээ байгаагүй. Нэхэмжлэгч дахин хүсэлт гаргаж уг хөрөнгийг аливаа этгээд захиран зарцуулахгүй байх арга хэмжээ авахыг хүссэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээг авхуулсан. Үүний дараа ******* гомдол гаргаж тухайн хөрөнгийг банкны барьцаанд тавих гэж байгаа тул уг захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан боловч гомдлыг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Хэрэв ******* нь тухайн хөрөнгийг маргаантай гэдгийг мэдсээр байж барьцаанд тавьсан бол уг асуудлын талаар шүүхэд өөрөө мэдэгдэж, улмаар дараа анхан шатны шүүх гуравдагч этгээдийн оролцооны асуудлыг хэлэлцэх боломжтой юм.

7.4. Хариуцагч ******* нь шүүх хуралдаан зарлагдах бүрд ирдэггүй, оролцох эрхээ хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх *******д өмгөөлөгч авах боломжийг удаа дараа олгож эрхийг нь хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Шударга өмчлөгчөөр тооцогдохын тулд ******* тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа гэрээнд заасан үнийг бодитоор төлсөн байх ёстой. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үнийг төлсөн эсэх эргэлзээтэй хэвээр байсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Энэ тохиолдолд *******г шударга өмчлөгч гэж үзэх үндэслэл бүрдэхгүй.

Иймд хариуцагч нарын гаргасан гомдлууд үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд байрлах ******* орон сууцны хотхоны 1 дүгээр байр,, ******* тоот хаягт байрлах, 74.24 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 59,206,400 төгрөг, хохиролд 43,300,000 төгрөг, нийт 102,506,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар *******г татан оролцуулж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, Буянт ухаа хороолол /17121/, наадамчдын зам гудамж, 252 дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 74.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгөхийг хариуцагч *******д даалгаж, алданги 59,206,400 төгрөг, хохиролд 43,300,000 төгрөг, нийт 102,506,400 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

4.1.******* нь ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн, Буянт ухаа хороолол /17121/, наадамчдын зам гудамж, 252 дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 74.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн тус байрны 1 тоот хаягт байрлалтай, 16 м.кв талбайтай дулаан зогсоолын хамт барьж, 2021 оны 3 дугаар улиралд захиалагчид өгөх, захиалагч ******* нь орон сууцны төлбөрт төлөх нийт 107,648,000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдөр 47,648,000 төгрөгийг төлж, Range rover маркийн автомашиныг 60,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон. /хх-ийн 7-11/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

4.2. Хэргийн 43-44 дүгээр талд тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан бөгөөд уг баримтаар ******* нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээний дагуу орон сууцны төлбөрт 118,412,800 төгрөг төлснийг баталгаажуулан талуудын гарын үсэг зурсан байна. Мөн хариуцагч ******* ХХК-аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 118,412,800 төгрөгийн НӨАТ-ын баримтыг нэхэмжлэгчид олгосон талаар талууд маргахгүй байна.

 

4.3. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 761 дугаартай зөвшөөрлөөр нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт тооцон хариуцагч ******* ХХК-д шилжүүлсэн 8140 УАМ улсын дугаартай Range rover маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. /хх-ийн 37-38/

 

4.4. ХХН-өөс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 23-09-05-1 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд уг албан бичигт ...60,000,000 төгрөгийн үнэд тооцож авсан автомашиныг бусдад худалдах замаар захиран зарцуулах гэхэд тээврийн хэрэгслийн бүртгэл шилжилт хөдөлгөн хариуцсан төрийн байгууллагаас бидний эзэмшил буюу өмчлөлд буй тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх замаар хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан прокурорын тогтоол ирсэн. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс харъяа дүүргийн прокурорын газарт хандахад тантай 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр худалдан авч буй орон сууцны үнээс 60,000,000 төгрөгийн үнэд тооцон арилжсан нь зөрчигдсөн асуудлаар цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргасан. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдоод буй нөхцөл байдлыг танилцуулахад бидний гэрээнд дурьдагдаж буй Range rover 2014/2019 маркын автомашин нь анхны хууль ёсны өмчлөгчөөсөө хойш хэд хэдэн эзэмшигч дамжсан ба эдгээр нь залилах гэмт хэрэг үйлдсэн байж болшгүй хангалттай үндэслэл тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ******* тантай байгуулсан гэрээ нь гэрээний талууд хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргүүдээ биелүүлж дуусгавар болохоос өмнө таны гэрээний үнэд төлсөн буюу арилжсан хөдлөх хөрөнгө нь гэмт хэргийн халдлагын зүйл болсон мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдон тогтоогдсон байна. Энэ агуулгаараа таны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй, цаашлаад бидэнд Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээнээс татгалзаж буйг үүгээр мэдэгдэж байна... гэжээ. /хх-ийн 31-32/

 

4.5. Уг мэдэгдлийн хариуд нэхэмжлэгч нь ...мэдэгдлийг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагч байгууллагын төлөөлөх эрхгүй этгээд мэдэгдэл гаргасан, мэдэгдэлд дурдсан асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэх агуулгатай мэдэгдлийг хариуцагчид 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлжээ. /хх-ийн 33/

 

4.6. Үүний дараа дээрх орон сууцыг хариуцагч ******* ХХК нь *******д худалдан борлуулахаар 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд бүтээн байгуулах ******* орон сууцны хотхоны 1 дүгээр блок, 251 дүгээр байр,т ******* тоот хаягт байрлалтай, 74.24 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч ******* нийт 163,328,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /1-р хх222-227/

 

4.7. Мөн хариуцагч ******* ХХК нь той 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дулаан зогсоол захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн, Буянт ухаа спорт цогцолборын баруун талд бүтээн байгуулах ******* орон сууцны хотхоны 1 дүгээр байрны В1 давхар, 1 тоот хаягт байрлалтай, 15 м.кв талбай дулаан зогсоолыг хүлээлгэн өгөх, захиалагч нь 16,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. /2-р хх-ийн 31-34/

 

4.8. Хариуцагч ******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 024/654 тоот албан бичгээр ******* нь орон сууц захиалсан нийт дүн 163,328,000 төгрөгийг бүрэн төлж, төлбөрийг үлдэгдэлгүй болсон, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 0241/673 тоот албан бичгээр дулаан зогсоолын нийт дүн 16,500,000 төгрөгийг бүрэн төлж, төлбөрийг үлдэгдэлгүй болсон тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх хүсэлтийг Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан. /1-р хх-ийн 221, 2-р хх-ийн 30/

 

4.9. Дээрх хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн, Буянт ухаа хороолол /17121/, наадамчдын зам гудамж, 252 дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 74.24 м.кв талбай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, Хан-Уул дүүргийн, Буянт ухаа хороолол /17121/, наадамчдын зам гудамж, 252 дугаар байр, 01 тоот хаягт байрлалтай, 15 м.кв талбай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус тус бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. /1-р хх-ийн 235, 2-р хх-ийн 40/

 

4.10. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор ...Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 761 дугаартай зөвшөөрлөөр улсын дугаартай Range rover маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг 65,195,144 төгрөгөөр үнэлж, уг хохирлыг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч Г.Батбаярт олгуулахаар шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 117-182/

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээгээр хариуцагч ******* ХХК -д нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөрт төлөх 107,648,000 төгрөгөөс гэрээ байгуулсан өдөр 47,648,000 төгрөгийг төлж, Range rover маркийн автомашиныг 60,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлсэн, харин хариуцагч ******* ХХК нь гэрээгээр тохирсон орон сууцыг нэхэмжлэгч *******т хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

5.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч ******* ХХК-аас үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

 

5.3. Хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч *******ийн гэрээний төлбөрт шилжүүлсэн автомашин нь эрүүгийн хэрэгт залилан мэхлэх гэмт хэргийн зүйл байсны улмаас эрх бүхий этгээдийн шийдвэр буюу Прокурорын тогтоолоор захиран зарцуулах эрхийг хязгаарласан нь эрхийн доголдолтой эд хөрөнгөд хамаарах тул гэрээний үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл бий болсон гэх үндэслэл заан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцласан гэж тайлбарласан.

 

5.4. Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 761 дугаартай зөвшөөрлөөр улсын дугаартай Range rover маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

5.5. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараас үзвэл улсын дугаартай Range rover маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг эрүүгийн хэрэгт хязгаарласан байсныг шүүхийн шийтгэх тогтоолоор хүчингүй болгосноос гадна маргаж буй автомашиныг нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-ийн захирал ын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэр шилжүүлэн өгч, түүний эзэмшил ашиглалтад өнөөг хүртэл байгаа зэрэг нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 252 дугаар зүйлд заасан цааш нь захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй эрхийн доголдолтой хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

6.Хариуцагч ******* ХХК-ийн эрхийн доголдолтой эд хөрөнгө байсан тул нэхэмжлэгч ******* гэрээний үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй нөхцөл бий болсон гэх татгалзал үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүрэг зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.1. Гэтэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******тэй байгуулсан гэрээний зүйл болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******д худалдан борлуулахаар орон сууц захиалан бариулах гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж, улмаар ******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон.

 

6.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компанийг дуудахад ирэхгүй улмаар шүүхээс албадан ирүүлэх хугацаанд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр *******той худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр *******г гуравдагч этгээд болон хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхад маргаж буй орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

 

6.3. Иймд хариуцагч *******г Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Учир нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* гуравдагч этгээд болон хамтран хариуцагчаар оролцохдоо хариуцагч ******* ХХК болон нэхэмжлэгч ******* нарын хооронд маргаан үүсч өмнөх худалдах худалдан авах гэрээний үүрэгт маргаж буй орон сууцыг шаардсан болохыг мэдэж байсан тул *******г орон сууц өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэж түүний өмчлөх эрх хамгаалагдахгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

6.4. Түүнчлэн шүүх хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасны дагуу хэд хэдэн этгээдэд маргааны зүйл болох орон сууцыг зэрэг худалдсан, хариуцагч ******* түрүүлж орон сууцыг эзэмшилдээ авсан нөхцөл байдал тогтоогдох боловч түүнд өмчлөх эрх хуулийн дагуу үүсээгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч ******* орон сууцыг эзэмшилдээ авах боломжгүй байсан байх тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан хамгаалалт хамаарахгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хамтран хариуцагч ******* нь эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээдийг өмчлөгч биш болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул маргаан бүхий орон сууцыг шударгаар олж авсан, мөн өмчлөгч эрх баталгаажсан тул эзэмшилдаа авах давуу эрхтэй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

6.5. Иймд маргаан бүхий эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, Буянт ухаа хороолол /17121/, наадамчдын зам гудамж, 252 дугаар байрны ******* тоот хаягт байрлалтай, 74.24 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******т шилжүүлэн өгөхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

7. Нэхэмжлэгч нь алдангид 59,206,400 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

7.1. Талуудын байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээний 5.10-т гэрээний 2.1-д заасан хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн, гэрээг бичгээр байгуулж хугацаа тогтоосон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.10-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас алданги шаардах эрхтэй.

 

7.2. Монголын Үндэсний Худалаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хариуцагч ******* ХХК-д олгосон. /2-р хх42-45/

 

7.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч алдангийн хэмжээг тодорхой тайлбарлаагүй, мөн гэрээ байгуулах цаг хугацаанд буюу 2021 онд ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, барилгын материал, тээврийн зардал зэргийн үнэ нэмэгдсэн нийтэд илэрхий үйл баримтыг үндэслэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж, хариуцагч Юникл таувер ХХК-аас 29,603,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,603,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс 2021 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацааны орон сууц хөлслөх гэрээний төлбөрт 43,300,000 төгрөг төлсөн гэж шаардлагаа тодорхойлсон.

 

8.1. Нэхэмжлэгч ******* нь иргэн Д.Махгалтай 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг 12 сарын хугацаатай байгуулж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Алтайн гудамж, 428 дугаар байр, 12 давхрын 1 тоот хаягт байрлах, 52.01 талбайтай 2 өрөө орон сууцыг нэг сарын 1,300,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон.

 

8.2. Анхан шатны шүүх иргэн Д.Махгал болон ******* нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байхад сууц хөлслөх гэрээний төлбөрийг иргэн Д.Сүхтогоогийн эзэмшлийн данснаас бусад этгээдийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээний төлбөр төлсөн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэн, хариуцагч Юникл таувер ХХК-аас хохиролд 43,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.

 

9. Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...маргаан бүхий орон сууцны албан ёсны өмчлөгч тул уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй. Энэ захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд маргаан бүхий орон сууцыг банкны барьцаанд байдаг. Энэ талаарх баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөхөөр шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн боловч байлцуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ талаарх баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах нь нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

9.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

10.1. Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ныы өдрийн дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй эрүүгийн дугаартай хэргээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12а-1/4483 тоот албан бичгээр ...эрүүгийн дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган шүүхэд шилжүүлэх саналтай 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн байх тул холбогдох материалыг хуулбарлан өгөх боломжгүй гэж, Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/2753 тоот албан бичгээр ...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай магадлалаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул албан бичигт дурдсан баримтуудыг хуулбарлан хүргүүлэх боломжгүй гэх хариу ирүүлсэн байна. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулаагүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10749 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 1,055,980 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ