Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 889

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

Төв аймгийн Заамар сумын Төмстэй багт оршин суух /НН66041762/ регистрийн дугаартай “Эрдэнэхамба” овогт Рэнхандын Отгонбаярын нэхэмжлэлтэй  Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон Улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг тус тус хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хөдөлмөрийн дэвтэрт нэрийг Отгон гэж дутуу бичиж нээсэн байна. Миний бүх бичиг баримт эцэг Рэнхандын Отгонбаяр гэж байдаг тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү.   

Би ТМС төгсөөд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ундарган бригадад 1984 оны 11 сарын 10-наас 1993 оны 03 сарын 01-нийг хүртэл хоньчин байсан. Гэтэл нэгдлээс чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэрт миний нэр буруу бичигдсэнээс болж тэтгэврээ тогтоолгох боломжгүй байна. Иймд Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс 1985 оны 09 сарын 27-нд Рэнхандын Отгон гэж нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Рэнхандын Отгонбаяр болохыг тогтоож, тус нэгдлийн Ундарган бригадад хоньчноор 1984 оны 11 сарын 10-наас 1993 оны 03 сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болохыг миний цуглуулсан нотлох баримт болон хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон төрсний бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, Заамар сумын Заамар нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд, Заамар ХК-ийн захирлын тушаал, баярын бичиг, гэрчүүдийн мэдүүлгүүд болон тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, бусад бичгийн нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Эрдэнэхамба” овогт Рэнхандын Отгонбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр, мөн улсад ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг тус тус хүссэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчаас ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн талаас нь харьцуулан үзэж түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс 1985 оны 09 сарын 27-ны өдөр Рэнхандын Отгон гэж бичиж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Рэнхандын Отгонбаяр мөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар болон бусад баримтаар нотлогдож байх тул түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ундарган бригадад хоньчноор 1984 оны 11 сарын 10-наас 1993 оны 03 сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанаар шинэчлэн хэлэлцсэн хүсэлт гаргагчийн өөрийнх нь тайлбар, хэрэгт бичгээр ирүүлсэн доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.   Үүнд:  

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаанд “...1966 оны 04 сарын 17-ны өдөр төрсөн Рэнхандын Отгонбаярыг 1966 оны 07 сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 23 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн баримт,

Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс 1985 оны 09 сарын 27-ны өдөр Рэнхандын Отгонд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн /2-15 дахь/ талд “1984 оны 11 сарын 10-наас Ундарган бригадад хоньчноор авч ажиллуулав, 1984-1990 онуудад цалин хөлс авч байсан” тухай бичилт,

Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 12 сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын 1 дүгээрт “.. хоньчноор Р.Отгоныг 11 сарын 10-наас эхлэн ... томилсугай”,

-1984 оны 07 сарын 25-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаалын 3 дугаарт “ХАА-н ТМС төгсөж ирсэн Р.Отгон ... хадлан тэжээлийн бригадад тэжээл бэлтгэгчээр томилсугай”,

-Төв аймгийн Заамар ХК-ий ерөнхий захирлын 1993 оны 12 сарын 04-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, хавсралтанд “Рэнхандын Отгон ажлын 24 хоног амраасугай”,

Р.Отгонбаяр 1985 онд мал маллаж байгаад шагнуулж Баярын бичиг,

           Гэрч Ц.Баттулгын “Р.Отгонбаяр Төв аймгийн Заамар нэгдлийн Ундарган бригадад малчнаар 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд малчнаар ажиллаж эхэлсэн хүн юм. Энэ бригаддаа 1993 оны 3 сарыг хүртэл тасралтгүй ажилласан. Одоо ч Төв аймгийн Заамар сумын Төмстэй багт малаа маллаж амьдарч байгаа хүн. Би Төв аймгийн Заамар нэгдлийн Ундарган бригадын аж ахуйн ажлыг хийдэг байсан. Ажилчин малчдын цалин хөлсийг тараадаг байсан. 1981 оноос нэгдэл 1992 онд тарах хүртэл янз бүрийн ажил хийж байсан” гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Алтанцэцэгийн “Р.Отгонбаяр 1982 онд сургуулиа төгсөөд ТМС-д тэжээлийн бэлтгэгч мэргэжлээр сурч төгсөөд 1984 оноос Төв аймгийн Заамар нэгдлийн Ундарган бригадад малчнаар 1993 оны 3 сарыг хүртэл тасралтгүй ажилласан. Одоо Төв аймгийн Заамар сумын Төмстэй багт хувиараа мал маллаж амьдарч байгаа хүн. Би Төв аймгийн Заамар нэгдлийн Ундарган бригадад малчнаар 1981 оноос 1993 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Р.Отгонбаярыг бичиг баримтанд нь нэр дутуу бичсэн байгаа юм. Төв аймгийн Заамар нэгдлийн Ундарган бригадад Р.Отгонбаяраас өөр Р.Отгон гэдэг нэртэй хүн ажиллаж байгаагүй. Бид хамт нэг байгууллагад ажиллаж байсан учраас түүнийг багаас нь мэдэх юм” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар 1985 оны 09 сарын 27-нд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Рэнхандын Отгонбаяр мөн болохыг, 1984 оны 11 сарын 10-наас 1993 оны 03 сарын 01-нийг хүртэл Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ундарган бригадад хоньчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан НН66041762 регистрийн дугаартай Эрдэнэхамба овогт Рэнхандын Отгонбаяр нь Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлээс 1985 оны 09 сарын 27-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож,

Р.Отгонбаяр нь 1984 оны 11 сарын 10-наас 1993 оны 03 сарын 01-нийг хүртэл Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Ундарган бригадад хоньчноор ажиллаж байсан болохыг тус тус сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Р.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв айгмийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.ОЮУНЦЭЦЭГ