| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/04339/И |
| Дугаар | 210/МА2026/00713 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00713
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээний үүрэгт 6,085,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түрээсийн төлбөрт 4,500,000 төгрөг, алданги 1,930,500 төгрөг, сэлбэгийн үнэ 655,000 төгрөг, нийт 7,085,500 төгрөгөөс барьцаанд өгсөн 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 6,085,500 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч сэлбэгийн үнийг төлөхийг зөвшөөрч, харин түрээсийн төлбөр болон алдангийг эс зөвшөөрч маргасан.
3. Талууд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* нь барилгын гадна фасадны дүүжин 2 ширхэг кран /люлика/-ыг 1 сарын хугацаатай, өдрийн 100,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, барьцаанд 1,000,000 төгрөг бариулахаар тохиролцсон байна. /хх-ийн 10-11/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, түрээсийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.
4. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр барилгын гадна фасадны дүүжин 2 ширхэг кран /люлика/-ыг хариуцагчид хүлээлгэн өгч, хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр түрээс болон барьцаа төлбөрт нийт 3,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
4.1. Талууд гэрээгээр барилгын гадна фасадны дүүжин 2 ширхэг кран /люлика/-ыг 1 сарын хугацаатай түрээсэлсэн боловч хариуцагч 45 хоногоор хугацаа хэтрүүлж 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 2 кран /люлика/-ыг түрээсээр эзэмших хугацаанд 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс 655,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэгийг авсан талаар маргахгүй байна.
4.2. Хариуцагч нь түрээсийн зүйл эвдрэлтэй байсан, үүний улмаас ажил удааширч санхүүгийн алдагдалд орсон тул түрээсийн төлбөр, алданги төлөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2,2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд түрээсийн гэрээний болон хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Дээрх татгалзалтай адил агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
4.3. Анхан шатны шүүх түрээсийн төлбөрийг 2,250,000 төгрөгөөр, мөн сэлбэгийн үнийг 535,000 төгрөгөөр тус тус тогтоож энэ хэмжээгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй боловч энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээв.
5. Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх нийт 143 хоногийн алдангид 1,930,500 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
5.1. Талуудын байгуулсан гэрээний 6.1-д түрээслэгч нь энэхүү гэрээний 2-т заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
5.2. Анхан шатны шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэхдээ алдангийн хэмжээг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.3 Шүүх түрээсийн төлбөрийг 2,250,000 төгрөгийн хэмжээнд хангасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 1,930,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасантай нийцэхгүй байна. Иймд хуульд нийцүүлэн хариуцагчаас алдангид 1,125,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
6. Мөн анхан шатны шүүх алданги гаргуулж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт алдангийн талаарх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг нэмж өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч *******аас түрээсийн төлбөр 2,250,000 төгрөг, алданги 1,125,000 төгрөг, сэлбэгийн үнэ 535,000 төгрөг, нийт 3,910,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,175,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 197/ШШ2026/02549 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 3,910,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,175,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...102,344... гэснийг 77,510 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 90,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ