| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/00181/И |
| Дугаар | 210/МА2026/00800 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00800
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
*******гийн нэхэмжлэлтэй,
*******, ******* холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний эцэг ******* 1977 онд*******дүүрэг,дүгээр хороо, ийн 7 гудамж, 110 тоот хаягт орших газрыг хууль ёсоор ашиглаж эхэлсэн бөгөөд 2002 онд газрынхаа баруун талын хэсгийг хариуцагч *******ид ашиглуулахаар, мөн газрынхаа зүүн хойд талын өнцөг хэсэгт барьсан 3х6.7 м.кв хэмжээтэй ажлын байрыг түр хугацаагаар ашиглуулж, шаардсан үед чөлөөлөхөөр амаар тохиролцсон байсан. Миний бие 2021 онд уг газрыг эцгээсээ шилжүүлэн авч эзэмших эрхээ баталгаажуулсан боловч хариуцагч ******* нь 2019 оноос эхлэн ажлын байрыг чөлөөлөөгүй, мөн 2023 онд холбогдох байгууллагаас газрыг чөлөөлөх тухай албан шаардлага түүнд хүргүүлсэн ч биелүүлээгүй тул түнийг ажлын байрнаас чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин хамтран хариуцагч ******* тухайн байрнаас нүүж гарсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
2.1. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
Би, 1995 онд*******дүүрэг,дүгээр хороо, ийн 7 гудамж, 110 тоот хаягт байрлах вагончикийг ар талын гэрийн буйр бүхий газрын хамт н.Жанлаваас худалдан авч, цайны газар болон барилгын дэлгүүрийн зориулалтаар ашиглаж ирсэн. 2000 онд *******тай харилцан тохиролцсоны дагуу өөрийн газар дээр байшин бариулж, зүүн хойд өнцөгт 7х3 м.кв хэмжээтэй дэлгүүрийн барилгыг авч ашигласан ба барилгуудыг өөр өөрсдийн эзэмшлийн хэмжээгээр түрээслэн ашиг олдог байсан. Нэхэмжлэгчийн 2019 оноос ажлын байрыг чөлөөлөх шаардлага тавьсан, шаардсан үед чөлөөлөхөөр амаар тохиролцсон гэх тайлбарууд бодит байдалд нийцэхгүй. Миний бие 2003 онд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн тул намайг ажлын байрнаас чөлөөлөх үндэслэлгүй гэжээ.
2.2. Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:
Би, 2019 оноос 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл*******дүүрэг,дүгээр хороо, э 7-110 тоотод оршин суух *******ийн 3х6.7 м.кв хэмжээтэй газрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлж нийт 55,000,000 төгрөгийг *******, нарын дансанд шилжүүлсэн. Иймд, газрыг чөлөөлөхийг зөвшөөрч байна гэжээ
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******д холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ид холбогдох үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...*******ийн ...миний бие*******дүүрэг,дүгээр хороо, ийн 7-110а тоотод оршин суудаг билээ. Гэтэл манай дэлгүүрийн барилгын зориулалтаар баригдсан хоёр давхар барилгын гэрчилгээг бичихдээ ийн 7 гудамж, 110а тоот гэхийг ийнгудамж, 110 тоот гэснийг газрын кадастрын хаягаар бичиж хаягийн засварын өөрчлөлт хийж өгнө үү... гэх өргөдлийн дагуу 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй Ү- дугаартай гэрчилгээний хаягийг өөрчилж, түүнд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээтэй,*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110а тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмч тул эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгожээ.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан зураг дээр *******ийн өмчилж авсан газар нь ийн 7 дугаар гудамж, 110a тоот, 30 м.кв талбайтай дэлгүүрийн албан ёсны байршиж байгаа Ү- дугаартай хөрөнгө 2 давхар барилга нь ийн 7 гудамж, 110 a тоот гэдэг нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр байхад яаж үнэлээд байгаа нь үнэхээр хачирхалтай.
******* нь ийн 7-110а тоот хаягт 2 давхар байшингийн доод давхартаа дэлгүүр, дээд давхартаа амьдардаг гэж байгаа. Зургаас харахад доод давхрын 30 м.кв талбайтай дэлгүүрээ 83 м.кв болгосон, гэрчилгээ аваагүй гэж хэлсэн үг нь хуралдааны тэмдэглэлд авагдсан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн энэ газар, энэ дэлгүүрийн талаар нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй, өөрийнхөө эзэмшил газар дээр байгаа ажлын түр байрыг ашиглуулж байсан байрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан.
Гэтэл нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байсан ажлын байр нь эзэмшил газрын кадастрын зурагт орсон газар бөгөөд хэргийн газрын үзлэгээр 3 метр өргөнтэй, 7.2 метр урттай Заан гэсэн хаягтай ажлын түр байр.
Хариуцагчийн өмчлөлийн дэлгүүрийн хаяг нь ийн 7-110 а тоот хаягт 30 м.кв, одоо 83 м.кв буюу зургаас харахад хэн ч 30 м.кв гэхээргүй том талбайтай байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн түр ажлын байртай андуурч дүгнэлт хийх боломжгүй.
Нэхэмжлэгчийн шаардаж буй ажлын түр байр бол ******* нь өөрийн хөрөнгөөрөө өөрөө барьсан байр. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудас хариуцагч тайлбартаа ...энэ байшин бол миний байшин, ******* барьж өгсөн ч гэсэн би мөнгийг нь төлсөн... гэх. Тухайн үед *******ын газрын баруун үзүүр дээрх хоосон газрыг намайг ав гэсэн. Тэгээд миний бие хэрүүлийн гарз биз дээ гэж бодоод аваагүй юм. Сүүлд энэ хүмүүс өөрийн болгож авсан байдаг. Тэрээр надаас 400,000 төгрөг авсан. Тийм учир би өөрийнхөө барьсан байшин, газрын зөвшөөрлийг нь надад олгож өгнө гэсэн тайлбар нь нотлогдохгүй байна.
Даргалагчаас: Хариуцагчаас хэрэгт авагдсан баримтад таны нэр дээр бүртгэлтэй 2003 онд олгогдсон 30 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ байна гэхэд,
Хариуцагч: Тийм гэж хариулжээ.
Даргалагчаас: Энэ үл хөдлөх хөрөнгө танай газар дээр байгаа юу гэхэд
Хариуцагч: Үгүй булангийн үзүүр дээр байгаа гэв
Даргалагчаас: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн байдалд өөрчлөлт орсон зүйл байна уу гэхэд
Хариуцагч: Байхгүй гэв
Даргалагчаас: Тэр үед барилгын доорх газар нь хэний эзэмшлийнх байсан бэ гэхэд
Хариуцагч: *******ынх гэж хариулсан нь 10 хуудсанд авагдсан.
Хариуцагчийн өмгөөлөгч дүгнэлтдээ нэхэмжлэлийн шаардлага бол газар чөлөөлөхтэй холбоотой асуудал болохоос энэ асуудлаар огт маргаагүй. Өөрөөр хэлбэл, *******гийн эзэмшил газар гэдэгтэй огт маргаагүй.
Өмч нь бид бүхнийх, 110а дээр тийм объект байхгүй гэдгийг үзлэгээр харсан. Энэ газар дээр 2003 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан гэж тайлбарлаж байгаа.
Тэгвэл ******* нь 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ийнгудамж, 110 тоот хаягт 8,000,000 төгрөгийн үнэ бүхий 30 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын дугаар гэрчилгээ авч өмчилж байгаад хаягжуулалт өөрчлөгдөхөд ийн 110 тоотыг 110 a, 110-1 болгон өөрчилсөн ба 2017 онд тэрээр үл хөдлөх хөрөнгө болон 30 м.кв талбайтай дэлгүүрийн зориулалттай барилгаа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмчилж байгаа.
Үүнийг юу гэж ойлгох уу, худал хэлээд өөрийн нь гарын үсэгтэй бичиг болоод тоо худал хэлэхгүй нь туйлын үнэн.
******* нь *******гийн эзэмшлийн түр барилгыг үнэ төлбөргүйгээр олон жил ашиглаж багагүй ашиг олж байгаа нь иргэн *******ы тайлбараар нотлогдож байгаа боловч ******* нь анхнаасаа уг түр барилгыг үнэ төлбөргүй ашиглуулсан бөгөөд шаардлага тавьсан үед чөлөөлж өг гэсэн аман хэлцлээр ашиглуулсан. Энэ хугацаанд хүндэтгэн үзэх хувийн болоод ковидын халдварын нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх хэргийг шийдэхдээ ИХ-ийн 339, 340, 341 дүгээр зүйлүүдийг хэрэглэх ёстой байсан. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
5. Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгч *******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.4-д тусгагдсан 2003 онд хариуцагч ******* өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна гэх үндэслэлийг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талд ******* маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөгч байх ёстой гэж дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* ийм учраас энэ эд хөрөнгийн өмчлөгч мөн гэдгийг ямар нэгэн байдлаар нотолдоггүй бөгөөд энэ талаар маргадаггүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талд *******ийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл *******ийн эзэмшил ийм учраас хууль бус юм гэж нэхэмжлэгч тал нотолж чаддаггүй.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо миний өөрийн өмчлөлийн 2 давхар барилгыг ******* барьж байгаад надад өгсөн гэж бичсэн байдаг. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч тал миний өмчлөлийн эд хөрөнгийг яагаад ажлын түр байр гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан миний үндсэн хөрөнгө юм. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь миний эд хөрөнгө. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөөс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний эцэг ******* 2002 онд өөрийн эзэмшлийн газрынхаа зүүн хойд талын өнцөг хэсэгт барьсан 3х6.7 м.кв хэмжээтэй ажлын байрыг *******ид түр хугацаагаар ашиглуулж, шаардсан үед чөлөөлөхөөр тохиролцсон байсан. Би, 2021 онд уг газрыг эцгээсээ шилжүүлэн авч эзэмших эрхээ баталгаажуулсан боловч хариуцагч ******* нь 2019 оноос эхлэн ажлын байрыг чөлөөлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, хамтран хариуцагч ******* тухайн байрнаас нүүж гарсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна... гэсэн бол,
хариуцагч ******* нь ...2000 онд *******тай харилцан тохиролцсоны дагуу өөрийн газар дээр байшин бариулж, зүүн хойд өнцөгт 7х3 м.кв хэмжээтэй дэлгүүрийн барилгыг авч ашигласан, би 2003 онд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн тул намайг ажлын байрнаас чөлөөлөх үндэслэлгүй... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч *******д холбогдох хэсгээс татгалзсан.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй хуулийн заалт баримталсан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. ******* нь 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр *******ид 84 м.кв талбайтай газрыг бэлэглэхээр тохирсон, /х.х-ийн 21/
3.2. ******* нь*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдсэн, /1.х.х-ийн 45/
3.3. Улмаар түүний хүсэлтийг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110А тоот болгон өөрчилж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шинээр олгосон, /1.х.х-ийн 83/
3.4. Мөн 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр *******ид*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110А тоот хаягт баярлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 111 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /1.х.х-ийн 84/
3.5. Харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ийн өмчлөлийн газрын зүүн талд буюу*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110-1 тоот хаягт 201 м.кв талбайтай газрын эзэмшигчээр 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, тухайн газар дээрх 136 м.кв талбайтай агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус тус бүртгэгдсэн байна. /1.х.х-ийн 5-6/
4. Зохигч талуудын өмчлөх болон эзэмших эрхтэй газрын талаар маргаагүй бөгөөд*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110А тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь хэний өмч эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь зохигчийн маргаж буй хөрөнгийг тус 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс өөр тусдаа үл хөдлөх хөрөнгө, харин хариуцагч нь өөрийн өмчлөлийн газар дээр барьсан дээрх 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өргөтгөөд 83 м.кв талбайтай болгосон гэсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй.
5. Хариуцагч *******ийн тайлбар болоод шүүхээс үзлэг хийсэн баримтаар хариуцагчийн өмчлөлийн 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110А тоот хаягт байрладаг гэж бүртгэсэн байх боловч бодит байдал дээр уг үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110-1 тоот хаягт 201 м.кв талбайтай газар дээр баригдсан болох нь тогтоогдсон. /1.х.х-ийн 166, 167, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр тал/
Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******г 201 м.кв талбайтай газрын эзэмшигч болохоос урьд өмнө тус 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байсан гэх үйл баримтыг няцаагаагүй, гагцхүү хэний өмчлөлийн хөрөнгө болох талаар маргасан гэж үзэхээр байна.
6. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Тодруулбал, өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын хувьд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд түүний энэхүү эрхэд саад учруулж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх тохиолдолд буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийг тухайн хөрөнгийн өмчлөгч мөн эсэх, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсэхийг тус тус тогтоох шаардлагатай.
7. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь тус үл хөдлөх хөрөнгийг 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Мон-Үнэлгээ ХХК-аар үнэлүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түүнд Сүхбаатар дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. /1.х.х-ийн 54-71/
Үүний дараа тэрээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг*******дүүрэг,дүгээр хороо, э, 7 дугаар гудамж, 110А тоот болгон өөрчилж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шинээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.
Харин нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохоо, түүнчлэн ...миний эцэг ******* нь 2002 онд өөрийн эзэмшлийн газрынхаа зүүн хойд талын өнцөг хэсэгт барьсан 3х6.7 м.кв хэмжээтэй ажлын байрыг *******ид түр хугацаагаар ашиглуулж, шаардсан үед чөлөөлөхөөр амаар тохиролцсон... гэх тайлбараа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй.
8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж заасан.
Хариуцагч ******* нь 2003 оны 01 дүгээр сарын 15-ны дугаартай өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, одоо хүртэл эзэмшиж, ашиглаж байх тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Тиймээс нэхэмжлэгч ******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь, хариуцагч *******ийн эзэмшил хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг өөрчлөхгүй.
Түүнчлэн тус үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эцэг ******* нь *******ид түр хугацаагаар ашиглуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийнх байх тул талуудын хооронд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
9. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, улсын бүртгэл нь тухайн хөрөнгийг чухам хэн өмчилдөг болохыг гуравдагч этгээдэд тодорхой болгох зорилготой болохоос өмчлөгчийг уг хөрөнгийг хууль, аль эсхүл гэрээний үндсэн дээр шударгаар олж авсан гэдгийг илэрхийлэхгүй.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан 30 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг миний эзэмшлийн газарт хууль бусаар баригдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гагцхүү хариуцагчийг миний өмч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.
Иймд, хариуцагчийг анхнаасаа бусдын эзэмшлийн газар дээр хууль бусаар барилга барьсан эсэх болон хаягийн бүртгэлтэй холбоотой маргааныг энэхүү маргаанд хамааруулан шийдвэрлээгүйг үүгээр нэмж дурдана.
10. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрээс хууль зүйн дүгнэлт болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байгааг зөвтгөнө.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2026/01034 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг 2 гэж, 2 дахь заалтыг 1 гэж тус тус дугаарлалтыг өөрчилж,
1 дэх заалтад ...93 дугаар зүйлийн 93.1 гэснийг 106 дугаар зүйлийн 106.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Б.МАНДАЛБАЯР