Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 403

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Д- ийн Г- т холбогдох 191000842000  дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хараагүйчүүдийн үйлдвэрт слесарь ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 0000 тоотод оршин суух, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Т  овогт Д- ийн Г- , /               /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 0 дугаар байрны урд талын автомашины зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар иргэн Л.П-г цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Г-аас: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би ард явж байсан жолоочтой маргалдсан. Би очоод хэдүүлээ маргалдахгүй зохицоод явъя гэж хэлсэн чинь жолоочийн эхнэр нь бууж ирээд намайг цохисон. Намайг цохисны дараа би гараараа эхнэрийг нь түлхсэн. Тэгсэн нөхөр нь намайг газар дарж унагаасан. Тэр эмэгтэй бид хоёрыг нөхөр болон бусад хүмүүс салгасны дараа эхнэр нь ахиад намайг цохисон. Тэгэхээр нь би машиндаа буцаад суусан чинь эхнэр нь миний машины зүүн талруу өшиглөсөн. Тэгээд нөхөр нь цагдаа дуудаад цагдаа нар ирсэн...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Л.П-ийн: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагийн үед би нөхөр 3 хүүхдүүдийн хамтаар өөрийнхөө гэр болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 0 дугаар байрны урд талын автомашины зам дээр явж байхад нарийн зам дээр машинууд зөрж болохгүй зам байсан. Манай нөхөр урд 10-аад машиныг өнгөрөөсөн. Тэр үед машин хэсэг байхгүй болсон үед манай нөхөр машиныхаа гэрлээ анивчуулаад хөдөлсөн. 0000 УБС улсын дугаартай автомашин тулаад ирсэн тэгэхээр нь манай нөхөр чи ухарчих ард зөндөө машин байна. Би 10-аад машинд зам тавьж өгсөн гээд хэлсэн чинь тэр машины жолооч “чи ухар, чи ухар” гээд хэлээд байсан. Тэгээд хэсэг тэр зам дээр зогсоод байсан чинь нөгөө машины жолооч бууж ирээд ухар гэхээр нь би нөхөртөө битгий ухар ард машин гээд хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад чи холд л доо гэрлээ анивчуулаад явж байхад чиний буруу ш дээ гээд би тэр хүний мөрлүү нь түлхсэн чинь тэр залуу миний нүүрний баруун нүдрүү гараараа 1 удаа цохиход би газар унасан. Тэгтэл манай нөхөр машинаас бууж ирээд намайг татаж босгож ирээд тэр залууд хандаж чи хүн гэмтээчихлээ гээд тэр залууг түлхээд газар унагаасан. Тэгээд тэнд хэрүүл болж байсан. Манай охин машинд байсан болохоор уйлаад та болиоч гээд хэлсэн. Тэгээд манай нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг цохисон гэх хүн  архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид нарын явж байсан зам 2 чиглэлийн урсгалтай байсан. Миний баруун талын нүдрүү гараараа нэг удаа цохисон. Намайг цохиж байхыг манай нөхөр харсан тэгээд хажуугаар өнгөрч явсан хүмүүс болон манай 12 настай хүүхэд харсан. Намайг цохисоны дараа би зөрүүлээд нүүрлүү нь 2 удаа алгадсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Миний нуруу гэмтсэн байх гэж бодож байна. Би хиймэл нуруутай. Миний шүдийг гэмтээсэн гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Х-ийн: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны 09:00 цагийн үед би аавын машинтай ээж, би, дүү нарын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 0 дугаар байрны урд талын автомашин зам дээр явж байхад манай аав өөдөөс ирж байсан машинуудыг өнгөрөөгөөд байсан. Тэгээд машин хэсэг сийрэхээр нь аав явсан чинь өөдөөс нь нэг машин гараад ирсэн. Тэгээд аав чи ухарчих гээд хэлсэн чинь үл таних хүн машинаас бууж ирээд манай машины цонхыг тогшоод аавыг гараад ир гээд байсан. Тэгэхэд ээж машинаас буугаад тэр хүнтэй уулзаж хойшоо ухарчих л даа гээд хэлсэн чинь тэр хүн ээжийн нүүр рүү нь хуруугаар түлхсэн. Тэгээд ээж газар унахад аав машинаас буусан шиг санагдаж байна. Тэгээд би юу болсон талаар санахгүй байна. машины хойд талын суудал дээр 2 дүү уйлаад байсан болохоор дүү нараа саатуулаад байж байсан. Машины цонх тогшоод аавыг машинаас буугаад ир гэж хэлсэн. Хуруугаараа нүүр рүү нь түлхээд ээж газар унасан. Ээж тэр хүнд гар хүрээгүй. Үл таних хүн манай аавд гар хүрсэн эсэхийг би хараагүй. Би хараагүй 2 дүүгээ саатуулаад байж байсан болохоор тэр зүйлүүдийг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Н-ын: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өглөө 09:00 цагийн үед эхнэр Л.П- болон хүүхдүүдийн хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 0 дугаар байрны урд талын авто машины зам дээр өөрийн эзэмшлийн 0000  УБП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машинтайгаа явж байхад 2 эгнээ зам байсан тэгэхэд миний өөдөөс 10 гаран машин ирсэн  тэр машинуудад зам тавьж өгөөд өнгөрөөгөөд хэсэг машингүй болохоор нь би гэрлээ анивчуулаад урагшилсан чинь миний өөдөөс саарал өнгийн жижиг тэрэг тулаад ирсэн. Би машинаасаа буугаад тэр жолооч дээр очоод та баруун гар талын эгнээ рүү шахаад зогсчих би хажуугаар чинь зөрөөд явъя гэж хэлтэл тэр машины араас нэг машин ороод ирсэн. Би ард нь байсан машины жолооч дээр очоод та ухарчих манайх явах гэсэн юм гээд хэлсэн чинь жолооч нь хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө машинд ороод суусан чинь 2,3 машины жолооч манай машин дээр ирээд цонх тогшоод буугаад ир гээд хэлсэн чинь манай эхнэр арын суудал дээр сууж байгаад хаалга онгойлгоод буусан би тэр үед эхнэрийг буусаныг нь анзаараагүй тэгтэл анх манай машины өөдөөс тулж ирсэн жолооч манай эхнэрийг цохиод унагаасан байсан.Тэгэхэд эхнэр нь  босоод байж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад эхнэрээ хамгаалаад манай эхнэрийг түлхэж унагаасан байх гэж бодоод ахын машин тулж ирсэн залуу дээр очоод чи бие муутай хүний цохичихлоо гээд хэлсэн чинь тэр залуу миний өөдөөс гараараа далайсан би өөрийгөө хамгаалах гэж зүүн гараараа савж цохисон чинь тэр залуу дальдчихаар нь би тэр залууг зугтаах гэж байна гэж бодоод хувцаснаас нь барьж аваад доошоо дугтарсан тэгэхэд өвдөгөөрөө газар хүрсэн байж магадгүй тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Анх машин тулж ирсэн жолооч манай эхнэрийг цохисон. Зам тавьж өгсөнгүй гэх маргаанаас болж манай эхнэрийг цохисон гэж бодож байна. Надад хэн ч гар хүрээгүй. Би эхнэрийгээ болон өөрийгөө хамгаалж тэр залуугийн нүүр хавьцаа нь цохисон байх гэж бодож байна. Би тэр залуугийн хувцаснаас нь зуураад доош нь дарж 2-3 удаа дугтарч дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

      Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн №0000 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд                               Шүүгдэгч Д.Г- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны 09:00 цагийн үед би өөрийн эзэмшлийн Сани-14 маркийн 0000 УБС улсын дугаартай авто машинтай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 0 дугаар байрны урд талын авто машины зам дээр явж байхад урдаас машин ардаас машин ирсэн би машинтайгаа голд нь байж байсан. Тэгтэл миний урд талын машины жолооч миний машины хойд талын машины жолоочтой маргалдаад байсан. Би машинаас буугаад хоорондоо маргалдаж байсан жолооч нар дээр очоод хэдүүлээ муудалцахгүй зохицоод явцгаая гээд гээд хэлсэн чинь миний машины урд талын машины жолоочийн эхнэр нь машинаасаа бууж ирээд над дээр ирээд миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохихоор нь би өөрийнхөө зүүн гараар тэр эмэгтэйгийн нүүрэн тус газарт нь 1 удаа түлхсэн чинь тэр эмэгтэй хойшоогоо хагас суугаад нүүрээ дарсан. Тэхэд тэр эмэгтэй нөхөр нь гэх залуу машинаасаа бууж ирээд миний нүүрэн тус газарт гараа атгаж байгаад 1 удаа цохиод миний өмсөж явсан хувцаснаас татаад газар унагахаар нь би тэр хүний 2 хөлнөөс нь барьж аваад байж байтал хажууд байсан машины жолооч нар ирээд салгасан. Нөхөр нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд хүлээгээд байж байтал миний нүүрлүү нь түлхсэн эмэгтэй над дээр ирээд миний нүүрлүү 2 удаа алгадахаар нь би машиндаа орж суугаад цагдаа хүлээсэн.Миний зүүн гар мэдрэлгүй учраас би гараараа нүүрлүү нь нэг удаа хүчтэй түлхсэн. Тэр эмэгтэй газар унаагүй. Явган суугаад нүүрээ дараад байсан. Тэр эмэгтэйн хувцас яагаад шороо болсоныг би мэдэхгүй байна. Хохирогч эмэгтэй миний машины зүүн талын урд талын хаалга руу хөлөөрөө 2 удаа өшиглөж байсан. Би хохирогчийн нэхэмжилж байгаа хохиролыг боломж олдвол төлж барагдуулна гэж бодож байгаа Анх хэрүүл маргаан үүсгэсэн хүн тухайн машиныг жолоодож явсан жолоочийн эхнэр буюу одоо хохирогч маргаан үүсгэсэн. Би өөрийн хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарсан миний буруу цаашид дахиж ийм асуудал гаргахгүй гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-48 дугаар хуудас/  

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74 дүгээр хуудас/

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 75 дугаар хуудас/

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/

-Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 Шүүгдэгч Д.Г- нь нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 09:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саарлын 0 дугаар байрны урд талын автомашины зам дээр зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан улмаар иргэн Л.П-г цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.П-ийн мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас/, гэрч Н.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн №0000 дугаартай

      1.Л.П-ийн биед зовхинд цус хуралт, 1 шүдний эмтрэл, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

       Энэ хэргийн шүүгдэгч Д.Г- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

   Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Д.Г- нь хохирол төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлж барагдуулсан, хохирогч Л.П- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Г- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Т  овогт Д- ийн Г- ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ