| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2023/05731/И |
| Дугаар | 210/МА2026/00656 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00656
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00392 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 484,539,311 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,
2014 оны 12 сарын 03-ны өдрийн ЗГ-52/б тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн хүүд төлсөн 15,115,498.38 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Иргэн *******, ******* нар 2014 оны 12 сарын 03-ны өдөр ******* ХХК-тай 526 тоот Зээлийн гэрээ байгуулж, 40,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү******* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн хугацааны эцэст зээлийн хүүг cap бүр төлөх үүрэг хүлээсэн.
1.2. *******, ******* нар зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 16,378.87 ам.доллар, үндсэн хүүгээс 13,843.43 ам.доллар, нийт 30,222.30 ам.долларын төлөлт хийсэн.
1.3. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 сарын 03-ны өдөр дуусгавар болсон тул зээл, хүүгийн төлөлтийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдээлж, мэдэгдэл хүргүүлж байсан. Хариуцагч нь 30,222.30 ам.доллар төлснөөс өөр төлөлт хийгээгүй, зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй.
1.4. Түүнчлэн зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд хамтран зээлдэгч уг төлбөрийг төлнө гэж заасан тул *******д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.5. 2023 оны 10 сарын 18-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тооцож, хариуцагч *******аас үндсэн зээлийн үлдэгдэл 23,621.13 ам.доллар, хүүд 116,762.79 ам.доллар, нийт 140,383.92 ам.долларыг 2023 оны 10 сарын 18-ны өдрийн Монгол банкны төгрөгт хөрвөх ханш 3,451.53 төгрөгөөр тооцож 484,539,311.04 төгрөг гаргуулж, барьцааны гэрээнд заасан орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* өөрийн хувийн дансаар, бэлнээр зээл олгосон. Гэрээ байгуулахдаа ******* ХХК-ийн зээлийн гэрээний загвар дээр байгуулсан. Зээлийн гэрээнд заасан 3 сарын хүү 4,142.47 ам.долларыг бэлнээр төлж, үндсэн зээлийн төлбөр 40,000 ам.долларыг харилцан үүрэг дуусгавар болгохоор 2021 оны 11 сарын 18-ны өдөр *******ийн ******* тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн.
2.2. 2021 оны 04 сард зээлдэгч ******* нас барж, тухайн зээлийг хэрхэн төлөх талаар *******тай гүйцэтгэх захирал ******* холбогдож, 2014 оны 12 сарын 03-ны өдрийн буюу Зээлийн гэрээ байгуулсан үеийн валютын ханшаар тооцож, 70,000,000 төгрөгийг дансанд хийгээд гэрээг дуусгавар болох тухай ярьж, үүний дагуу төлбөрийг *******ийн дансанд шилжүүлж, гэрээний үүрэг дуусгавар болсон.
2.3. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой ******* ХХК-ийн зээл олгосон тухай зээлийн гэрээний төсөлд гарын үсэг зуруулсан боловч зээлийг ******* олгож байгаа гэсэн агуулгаар 3 сарын хугацаатай зээл олгосон. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг өөрийн дансаар буцаан авах тухай хэлж, 40,000 ам.доллар буюу 70,000,000 төгрөгт тооцож төлбөрийг төлсөн. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагааны талаар Санхүүгийн зохицуулах хороонд зээлдэгчийн мэдээллийг явуулж, зээлийн мэдээллийн санд бүртгэдэг.
2.4. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл олголт, зээлийн эргэн төлөлт, зээлийн нөхцөл зэргийг мэдээлэх үүрэгтэй ч ******* ХХК хариуцагчийн мэдээллийг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд өгөөгүй. Тус ******* ХХК зээлдэгч төлбөрөө төлөхгүй, гэрээний үүрэг зөрчигдөж, зээлийн нөхцөл байдал хүндэрсэн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл нэг зээлдэгч нас барсан, нөгөө зээлдэгч нь зээлээ төлнө гэсэн боловч төлөхгүй, цаг хугацаа өнгөрч байхад түргэн шуурхай шүүхэд хандсан бол ийм их хэмжээний хүүгийн төлбөр, ханшны зөрүү гарахгүй байх байсан ба энэ нь зээлдэгчид хохиролтой байдлыг үүсгэсэн.
2.5. ******* ХХК-ийн захирал *******, *******ын төрсөн эцэг н.*******ээс 235,000,000 төгрөгт тооцож орон сууц авах, түүнээс 210,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож, зээлийн үнийн дүнгээс хасаж, орон сууцны зөрүү төлбөрийг *******, н.*******д төлнө гэсэн нөхцөлтэйгөөр гэрээг хийсэн гэж ярьдаг ба уг гэрээ *******, н.******* нарт байхгүй, нэхэмжлэгч талд нэг хувь байгаа гэдэг боловч байхгүй гээд гаргаж өгөөгүй. Хариуцагч зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. 2013 оны 12 сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. ******* өөрөө зээл олгож байгаа гэж тайлбарлаж, ******* ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж байсан.
3.2. Энэ хэлцлийн ард Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн шинжтэй байдал байна. *******, *******, ******* нарын хооронд байгуулсан хэлцэл нь бодит хэлцэл юм.
3.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Иргэд хооронд байгуулсан хэлцэлд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагын адил нэмэгдүүлсэн хүү болон хүүг нэхэмжлэх эрхгүй. Эдгээр үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар 3 сарын хүүд төлсөн 15,115,498.38 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
4.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх үндэслэлийн хувьд талууд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хууль, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хууль зөрчөөгүй.
4.2. ******* ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 2013 оны 12 сарын 04-ний өдрийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан ба хавтас хэрэгт тус ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авагдсан, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас хууль тогтоомж зөрчиж зээл гаргасан гэх үндэслэлгүй.
4.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн шинж байна гэж тайлбарлаж байгаа боловч ямар хэлцлийг халхавчилж өөр ямар хэлцэл байгуулсан гэдэг нь тодорхойгүй, тийм гэрээ хэлцэл хэрэгт байхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн гэж байгаа боловч хоёр тал зээлийн гэрээг бичгээр байгуулсан, эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа, хэлбэрийн хувьд хууль зөрчөөгүй.
4.4. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.1.3-т зээлийг мөнгөн хөрөнгөөр буюу бэлэн мөнгөөр олгоно гэж заасан ба бэлэн мөнгөөр олгосон баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Иймд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэж үзэхгүй.
4.5. Зээлийн хүүд төлсөн 4,227 ам.доллар буюу 15,115,498.38 төгрөгийг гаргуулах тухайд 2014 оны 12 сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.10 дахь хэсэгт хамтран зээлдэгч зээлийн хүү төлөх тухай заалт байгаа. Зээлийн гэрээний 3.2.10 дахь хэсэгт хэрвээ үндсэн зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадваргүй болбол хамтран зээлдэгч уг төлбөрийг төлнө гэж заасан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:
5.1. Уг зээлийн гэрээний харилцаанд аав *******ыг оролцсон гэдгийг сүүлд мэдсэн. *******, аав н.*******ийн хамт ээжийн эзгүйд манайд ирж, 3 сарын хугацаатай зээл авах гэж байгаа, байраа барьцаанд тавиач гэж гуйж, зээл авхуулж, ******* зээлийг хэрэглэсэн.
5.2. Зээлээс 10.000 ам.долларыг чи ав, чиргүүл авахдаа хэрэглэ гэж хэлээд өгсөн гэдэг ба уг мөнгөнөөс буцаагаад баригдаж буй барилгад нь тоосго, бараа материал өгч тооцуулсан. Тухайн зээлийг авснаас хойш ээж *******, аав ******* нар зээлээ хурдан төл гэх шаардлагыг *******д тавьж байсан байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас 283,034,157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 201,505,154 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 283,034,157 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 03-ны өдрийн ЗГ-52/6 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн хүүд төлсөн 15,115,498.38 төгрөгийг буцаан гаргуулах тухай *******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,650,847 төгрөг, хариуцагч *******аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,596 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,573,121 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Хариуцагч ******* нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гүйцэтгэх захирал албан тушаалтай ******* нь иргэн хүний хувиар 2014 оны 12 сарын 03-ны өдөр миний хүргэн ах *******од 40,000 ам.доллар-ыг 3 сарын хугацаатай зээлсэн.
7.2. Тухайн зээлийн 3 сарын хүүд төлөх ёстой 4,142.47 ам.долларыг зээлийн гэрээнд заасан хугацаанд бэлнээр төлсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөр 40,000 ам.доллар-тай тэнцэх 70,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 18-ны өдөр *******ийн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлж дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.
7.3. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээл олгодог зээлийн гэрээний төсөл дээр гарын үсэг зуруулж авсан тул ******* ХХК-тай 2014 оны 12 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн ******* ХХК-ийн зээлийн гэрээг Зээлийн мэдээллийн сан-д бүртгүүлж байгаагүй, ББСБ-ын чанаргүй зээлийн ангилалд оруулаагүй бөгөөд ******* ХХК-аас нэг ч удаа ББСБ-ын зээл олгосон журмын асуудлаар шаардлага гаргаж байгаагүй.
7.4. 2015 онд нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нар зээлийн гэрээний үүргийг 220,000,000 төгрөгийн хэмжээгээр хязгаарлахаар тохиролцож тооцоо нийлсэн гэрээ байгуулсан бөгөөд 70,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 18-ны өдөр *******ийн Хаан банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн тул үлдэгдэл 150,000,000 төгрөгийн хэмжээнд төлөх үүрэг үлдэх хууль зүйн үндэслэлтэй.
7.5. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00392 дугаар шийдвэрт *******аас 283,034,157 төгрөгийг гаргуулсугай гэснийг 150,000,000 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
Миний хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн хэлцэл бүхий гэрээ байгаа гэдгийг огт хүлээн зөвшөөрөөгүй болохоо шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа дурдсан. Хариуцагч тал бидэнтэй ирж уулзсан боловч огт тийм гэрээ хэлцэл байгуулаагүй гэжээ.
9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 484,539,311 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, 2014 оны 12 сарын 03-ны өдрийн ЗГ-52/б тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн хүүд төлсөн 15,115,498 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. ******* ХХК нь *******тай 2014 оны 12 сарын 03-ны өдөр ЗГ-52/б дугаартай Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 40,000 ам.долларыг, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 42 хувийн хүүтэй, зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг 365 хоногоор тооцон зээл олгох, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон;
3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2014 оны 12 сарын 03-ны өдрийн БҮ-10/б дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, гэрээгээр *******ын өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан;
3.3. Барьцаа хөрөнгийн өмчлөгч ******* нь 2021 оны 05 сарын 22-ны өдөр барсан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.
5. Анхан шатны шүүх хариуцагч *******аас 283,034,157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 201,505,154 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5.1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч ******* нь 2021 оны 05 сарын 22-ны өдөр нас барсан байх ба нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч *******аас 2014 оны 12 сарын 03-ны өдөр ЗГ-52/б дугаартай Зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй.
5.2. Зээлдүүлэгч ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 40,000 ам.долларыг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 70,000,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.
5.3. Хариуцагч ******* нь ... зээлийн гэрээний үүргийг 220,000,000 төгрөгөөр тооцож, улмаар 70,000,000 төгрөг төлж, одоо 150,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.
5.4. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчмаар гэрээний үүргийг шударгаар биелүүлэх үүрэгтэй тул зээлийн гэрээний үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг багасгаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй боловч нэхэмжлэгч уг эрх зүйн дүгнэлт, шийдлийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс хөндөхгүй. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
6. Хариуцагч *******ын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 03-ны өдрийн ЗГ-52/б дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн хүүд төлсөн 15,115,498.38 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл, анхан шатны Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн ******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 283,034,157 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Хэрэгт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* болох талаар баримтгүй, мөн уг үл хөдлөх эд хөрөнгийг өв залгамжлалын журмаар өмчлөх эрх шилжсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүхийн шийдвэрт *******ыг өмчлөгч гэж дурдаж шийдвэрлэсэн буруу болжээ.
Хэдийгээр талууд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь уг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй боловч дээрх үйл баримт нь хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнд хамаарах тул өөрчлөлт оруулах нь талуудын зарчмыг хөндөхгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон дахин барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 192/ШШ2026/00392 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын эрхийн бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, ******* тоот хаягт байршилтай, 48 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823,121 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
С.ЭНХБАЯР