Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Э. Х-д холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

     Э. Х

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ...тоотод 14 нас 11 сар 26 хоногтой З.Г-г 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж улмаар хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй  ...” гэв.

     

            Насанд хүрээгүй хохирогч З.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х-тай үерхэж байсан манай найз залуу байсан... 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр... Х руу залгаж ирж хоол ид гэж хэлсэн... Тэгээд орж ирэхэд нь би гэрийн баруун талын орон дээрээ сууж байсан чинь хажууд ирээд Х хоёулаа бэлгийн харьцаанд орох уу гэж асуусан. Би тэр үед юм дуугараагүй. Х эхний удаа бэлгийн харьцаанд орохоор жирэмсэн болдоггүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхний удаа бол би зөвшөөрч байна дараагийн удаа бол ийм асуудал байхгүй шүү гэж хэлээд бид 2 бэлгийн харьцаанд орсон. Тэр өдрөө манай гэрт Х нь хоноод өглөө нь явсан... Тэгээд 06 дугаар сарын 05-ны өдөр манай ээж Т тестээр үзэхэд 2 зураас гарсан. Тэгээд ээж надаас асуухаар нь би таныг хөдөө явсаны дараа Х манайд ирж хоноод намайг хүчиндсэн гэж худлаа хэлсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд 5 долоо хоногтой байсан. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт үр хөндүүлсэн... Хүч хэрэглээгүй бид хоёр үерхдэг байсан болохоор өөрсдийн сонирхлоор бэлгийн харьцаанд орсон... Би Х-д өөрийнхөө насыг 14 настай гэж хэлж байсан... Тухайн үед ээжээсээ айгаад надад хүч хэрэглэж хүчиндсэн гэж мэдүүлсэн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 56- 57 дугаар хуудас/

 

     Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би охиноо дагуулж очиж уулзахад би найз охинтойгоо уулзах гэж очоод юм ярьж байгаад нойрондоо дийлдээд унтчихсан байна лээ гэж хэлсэн. Хэдэн настай вэ? гэхэд 19 настай гэсэн, охиноосоо чи хэдэн настай гэхэд 15 настай гэж хэлсэн, манай охин насанд хүрээгүй хүүхэд, чи эзгүй хойгуур гэрт ирж хоноод явсан байна, дахин ийм асуудал болбол хуулийн байгууллагад мэдэгдэнэ гэхэд би дахиж Г-тай уулзахгүй гэж хэлээд явсан...Би 2019 оны 05 дугаар сарын 03-нд хөдөө яваад 05-ны орой ирсэн. Манай охин гэртээ ганцаараа үлдсэн байсан юм. Би хөдөөнөөс ирээд ор хөнжилөө засах гээд дэвсгэр даавуу цус болоод халтартсан байхаар нь охиноосоо асуухад би хүнтэй унтаагүй гээд уйлаад байхаар нь тайвширахаар нь больё гээд өөр юм асуугаагүй сар ажигласан. Сарын тэмдэг нь ирсэн үү гэхээр ирсэн гээд байсан. Охины сарын тэмдэг ирж байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь тестээр шалгаж үзэхэд жирэмсэн болсон байсан... манай охин надаас айхдаа хүчиндүүлсэн гэж хэлээд миний мэдүүлэгтээ ярьсан бүхнийг надад худлаа хэлсэн байсан, би тэгээд охиныхоо хэлснээр мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12, 51-52 дугаар хуудас/,

 

    Шинжээчийн .... дугаартай: “...ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит 0331358, ТН01, 021311, 018351, Реп1а Е, 055818, 0135317, 073820, 0165539, С5Р1РО, Реп1а 0, у\Л/А, 0851179, ТРОХ, РОА локусын аллелиар Э.Х нь З.Г-ын гэх ургийн биологийн эцэг байх боломжтой байна. Э.Х нь З.Г-ын гэх ургийн биологийн эцэг байх магадлал 99.99% байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

    Яллагдагч Э.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найз охин Г-тай бэлгийн харьцаанд орсоноо хүлээн зөвшөөрч байна... Би Г-тай үерхэх хугацаандаа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр билүү 03-ны өдөр билүү ...найз охин болох Г-тай өөрийн гар утсаар залгаж ярихад Г надад ээж өнөөдөр 2 дүүг аваад хөдөө гэр рүүгээ явна гэж хэлж байсан. Тэгээд орой ирж хоол идээрэй гэж хэлсэн.... 21-22 цагийн хооронд Холбооны байранд байх гэрт нь өөрийн мотоцикльтой очоод хажуу талын хашаанд нь мотоциклио тавиад шууд гэрт нь орсон... гэрт нь орж ирэхэд Г хөх өнгийн шорт подволктой гэрийн баруун орон дээр хэвтэж байсан. Би тэгээд хажууд нь очоод хэвтэж байгаад Г-ын уруул дээр нь үнссэн чинь зөрөөд намайг үнссэн. Тэгээд би Г-аас хоёулаа унтах уу гэж асуусан чинь Г анхны удаа зөвшөөрч, 2 дахь удаа гэж ийм асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд би үргэлжпүүлэн үнсэж хувцасыг нь тайлан өөрийн бэлэг эрхтэнээ гаргаж Г-ын бэлэг эрхтэн рүү хийж 10-20 минут хөдөлж байгаад дур тавьсан. Тэр үед Г эсэргүүцэл үзүүлээгүй, тэгээд дуусаад бид 2 тэврэлдэж хэвтэж байгаад унтацгаасан.... Би бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглэсэн зүйл байхгүй...Г-г 14 настай гэдгийг мэддэг байсан, мөн анх танилцаж байхдаа 14 настай гэж хэлж байсан, 9 дүгээр ангид сурдаг байсаныг мэддэг байсан...Г-г 15 нас хүрэх гэж байгааг мэдсэн, бэлгийн харьцаанд орсны дараа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Г-н төрсөн өдөр нь болж би мөнгөн гинж худалдан авч төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн...2019 оны 03 дугаар сард Г-ын ээж Т нь надтай уулзаж чи манай охинтой дахин уулзаж ярьж болохгүй шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42 дугаар хуудас/

 

    Насанд хүрээгүй хохирогч З.Г-ын нас тоолсон: “...З.Г нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15 настай байхдаа Э.Х-тай бэлгийн харьцаанд орсон байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/

 

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ...тоотод 14 нас 11 сар 26 хоногтой З.Г-ыг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж улмаар хохирогчийг жирэмсэн болгосон болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 24 дүгээрт авагдсан нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл нь 2019 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар хохирогчийн насыг тоолсон нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойшхи огноогоор буюу хохирогчийн төрсөн өдрөөр тоолсон нь хэрэгт ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй ба харин хавтаст хэргийн 22 дугаарт авагдсан хохирогч З.Г-ын төрсний гэрчилгээг нотлох баримтаар тооцож гэмт хэрэг үйлдэгдсэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр хохирогчийн насыг тоолоход 14 нас 11 сар 26 хоногтой байсан нь түүнийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг нотолж байна.

 

Шүүгдэгч Э.Х нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг лавтай мэдэж байсан болох нь насанд хүрээгүй хохирогч З.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х-д өөрийнхөө насыг 14 настай гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би охиноо дагуулж очиж уулзахад би найз охинтойгоо уулзах гэж очоод юм ярьж байгаад нойрондоо дийлдээд унтчихсан байна лээ гэж хэлсэн. Хэдэн настай вэ? гэхэд 19 настай гэсэн, охиноосоо чи хэдэн настай гэхэд 15 настай гэж хэлсэн, манай охин насанд хүрээгүй хүүхэд, чи эзгүй хойгуур гэрт ирж хоноод явсан байна, дахин ийм асуудал болбол хуулийн байгууллагад мэдэгдэнэ гэхэд би дахиж Г-тай уулзахгүй гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “  ...Г-г 14 настай гэдгийг мэддэг байсан, мөн анх танилцаж байхдаа 14 настай гэж хэлж байсан, 9 дүгээр ангид сурдаг байсаныг мэддэг байсан...Г-г 15 нас хүрэх гэж байгааг мэдсэн, бэлгийн харьцаанд орсны дараа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Г-н төрсөн өдөр нь болж би мөнгөн гинж худалдан авч төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн...2019 оны 03 дугаар сард Г-н ээж Т нь надтай уулзаж чи манай охинтой дахин уулзаж ярьж болохгүй шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр хохирогчийг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж гэмт хэргийг шууд санаатайгаар үйлдсэн гэж үзлээ. Гэмт хэргийг үйлдэх үед шүүгдэгч Н.Х нь 19 настай байсан нь түүний иргэний үнэмлэхээр тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн субъект болж байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн халдашгүй байдал, бие махбодийн хэвийн хөгжил алдагдаж жирэмсэн болсон хор уршиг учирсан байна.

 

           Иймд шүүгдэгч А овогт Э. Х-г арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч З.Г-ын хууль ёсны төлөөлөгч Х.Т шүүхэд ирүүлсэн “...Э.Х /аав, ээж/-аас эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг хүлээн авлаа. Х нь одоо 19 настай учраас түүний байдлыг харгалзан үзээд аль болох хөнгөнөөр шийдвэрлэж өгөхийг охин З.Г болон миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй…” гэсэн хүсэлт зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

           Шүүгдэгч Э.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн болно.

           

           Хавтаст хэрэгт авагдсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Э.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Э.Х цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А овогт Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

           3.Шүүгдэгч Э.Х тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

          4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглээгүй болохыг дурьдсугай.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Х-д хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА