Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 404

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Н.Нарангэрэл,

шүүгдэгч Д.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Д-ийн Г-д холбогдох 19100083200000 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цахилгааны инженер мэргэжилтэй, “Ажнай цэгц” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди гудамж, 36 дугаар байр, 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 000 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлд зааснаар  1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Х  овогт Д-ийн Г-, /                        /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Виллаж” хотхоны 1 дүгээр байрны 12 тоот гэртээ хамтран амьдрагч Ц.О-тэй маргалдсаны улмаас түүн рүү гар утас шидэж баруун доод зовхи, хамар, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Г-ас: “...2019 оны 03 сарын 27-ны өдөр 01 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө хоол хийх гээд хоол ид гээд байхаар нь би унтаж байхад яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд идэж уусан юмаа цэвэрлэхгүй яасан юм бэ гэсэн. Гэтэл намайг чи угаахгүй юу гэсэн. Би чиний бүх юмыг хийх юм уу, заавал ингэх хэрэг байдаг юм уу гэсэн. Би энэ утсаар чинь яах юм бэ, чи энийгээ өөрөө ав гээд гар утсаа шидтэл Одонцэцэгийн онох шиг болсон...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогч Ц.О-ийн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн орчимд жаахан унтаж байгаад босч ирээд өөрийн нөхөр Г-тай аяга, таваг угаасангүй гэх шалтгааны улмаас маргалдаж байгаад гар утсыг нь ширээн дээр хөнгөн шидсэн чинь Г- уурлаж гар утсыг нүүрэн тус газарт шидсэн. Энэ үед би шалан дээр суугаад уйлж байх үед манай нөхөр уучлалт гуйхгүй дээгүүр алхаж гараад байсан учир цагдаагийн байгууллагад утсаар дуудлага өгсөн болно...Д.Г-гар утас шидэх үед миний нүүрний дух, хамрын дунд хэсэгт ташуу маягтай оносон учир тэр хэсэгт нь хөхөрсөн байсан юм. Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуудлага өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирэхдээ Аюулын зэргийн үнэлгээний маягт бөглөх үедээ 4,10,19 гэсэн асуултын хэсгийг тийм гэж тэмдэглэсэн байсан бөгөөд уйлж байх үед уучлалт гуйхгүй байсан учир бүх болохгүй гэсэн заалтыг тийм гэж бөглөж байсан. Түүнээс Д.Г-нь хуваарь болон дундын эд хөрөнгө эзэмших ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, намайг гутаан доромжилсон, үйлдэл гаргаж байгаагүй. Харин би уур хүрэх үедээ сална гэж хэлж байсан тохиолдол байгаа гэхдээ энэ байдлаас болж сүрдүүлэг заналхийлэлд өртөж байгаагүй болно. Би Д.Г-тай 3 жил гаран гэрт хамт амьдарч хугацаанд намайг зодох бусад хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тухайн үеийн таарамжгүй харьцааны улмаас болж гар утас миний нүүрэнд шидэж хөнгөн хохирол учруулсан. Одоо би Д.Г-тай сайн дураараа эвлэрсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр прокурорт гаргаж өгөх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Д-ийн: “...Би Г-тай 2005 оноос хойш хамтран ажиллаж байна. Г- надад цахилгааны ажил олж өгдөг. Би тэр ажлыг нь гүйцэтгэж ажил хөдөлмөр эрхэлсээр 13 жил хамтран ажиллаж байна. Хамтран ажиллах хугацаанд найдвартай цалин төгрөг, цаг хугацаанд нь өгдөг. Хүнтэй харилцахдаа соёлтой зөв боловсон харилцдаг. Зан чанар гэвэл даруухан, хэлсэн ярьсандаа байдаг. Архи дарс уудаггүй, баяр ёслолоор хааяа нэг уудаг сайн залуу. Би Г-тай 13 жил хамт ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ хугацаанд хамтран амьдрагчаа зодож байсан зүйл болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Г-ийн: “...Би Г-тай 2015 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд гадуур цахилгааны ажил хийж хамтран ажиллаж байна. Цалин мөнгийг цаг хугацаанд гаргаж өгдөг байсан. Одоо бид 2 найз, нөхөд бас хамт нэг газар ажиллаж байна. Зан чанарын хувьд гэвэл ажлын талбар дээр жоохон үглээ, ажилсаг хөдөлмөрч. Манай байгууллагын ерөнхий инженер ажилтай. Ажлыг цаг хугацаанд нь дуусгах шаардлага тавьдаг. Ажлын бус цагаар найз нөхдийн харилцаатай сайн залуу. Манай байгууллагын хамт олон гэр бүлийн хүмүүсийн хамт гадуур гарч тоглож, наадаж явдаг. Г- өмнө нь хамтран амьдрагчаа зодож цохисон зүйл болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 19 дүгээр хуудас/

 Гэрч  Ц.М-ын: “...Би Д.Г-, Ц.О- нараас тусдаа амьдарч байгаа гэсэн ч хааяа гэр оронд нь очиж хонох явдал зөндөө байсан. Энэ үед Д.Г-нь манай эгч Ц.О-т их хайр халамжтай, энгийн гэр бүлийн харилцаатай байдаг байсан юм. Д.Г-, Ц.О- нарын хооронд гэр бүлийн ялихгүй жаахан маргаан бол байсан байх гэхдээ урьд өмнө зодож байна эд хөрөнгө  захиран зарцуулах эрхэд нь халдаж, догшин хэрцгий харьцаж байна гэж дуулаагүй энэ талаар надад мэдэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

      Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №0000 дугаартай дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд                                   Шүүгдэгч Д.Г-нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан виллаж хотхоны 0000 тоотод гэртээ өглөө 10 цагийн орчимд босоод цай хийгээд эхнэр Ц.О-ийг хоолоо ид гэж хэлээд дуудсан чинь яах гэж сэрээгээд байна гэж хэлээд жаахан уурлаж байсан юм. Тэгээд би өрөөндөө ороод хэвтэх гэж байсан чинь Ц.О- чи аяга, таваг угаасангүй гэхээр нь чи өөрөө угааж болдогггүй юм уу гэж хэлээд маргаан үүсгээд байхаар нь ширээн дээр байсан. Өөрийнхөө гар утсыг аваад шидсэн чинь гар утас Ц.О-ийн нүүрэн тус газарт оносон. Ц.О-ийн нүүрэн тус газарт оносон чинь орилж уйлж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч гомдол гаргаад, шүүх эмнэлэгт үзүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан байсан юм. Би Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэдгийг ойлгож мэдсэн учир өөрөө хүсэлтээ прокурорт бичгээр гаргаж өгөх болно. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа учир хөнгөн ял оноож өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/  

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/,

-Гэрлэлтийн бүртгэлгүй тухай  лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,

-Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

-“Ажнай цэгц” ХХК-н ажлын байрны  тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

 Шүүгдэгч Д.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан Виллаж” хотхоны 1 дүгээр байрны 00 тоот гэртээ хамтран амьдрагч Ц.О-тэй маргалдсаны улмаас түүн рүү гар утас шидэж баруун доод зовхи, хамар, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.О-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №0000 дугаартай

      1.Ц.О-ийн биед баруун доод зовхи, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үйлдлээр үүсгэгдэх ба  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

           Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

          Шүүгдэгч Б.Г-, хохирогч Ц.О- нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ батлуулаагүй ч, 2015 оноос хойш 4 жил хамт амьдарч байсан, хамтран амьдрагч болох нь хохирогч Ц.О-ийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон, хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

          Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтээс шүүгдэгч Б.Г- гэр бүлийн хүчирийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авч, түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

          Энэ хэргийн шүүгдэгч Б.Г- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн хохирогч Ц.О- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.

    Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Г- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Г-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Х  овогт Д-ийн Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Г-д мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Г-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ