Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00657

 

*******ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 191/ШШ2026/10974 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 431,074,818 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 оны 10 сарын 20-ны өдөр ******* ХХК нь 21/186 тоот албан бичгээр манай байгууллагаас зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд зээл хүссэн өргөдлийн маягтыг бөглөж, өргөдөл гаргасныг үндэслэж, талууд харилцан тохиролцсоноор талууд 2021 оны 10 сарын 20-ны өдөр 21/04 тоот Зээлийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалттайгаар, 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн.

1.2. Ингэж зээл олгохдоо зээлдэгчийн 2021 оны 10 сарын 20-ны өдрийн зээл хүссэн өргөдөлд дурдсан ******* ХХК-ийн нягтлан бодогч ******* гэх хүний Хаан банкны ******* тоот данс руу 2021 оны 10 сарын 25-ны өдөр шимтгэлийн 1,000,000 төгрөгийг хасаж, нийт 249,000,000 төгрөгийг ******* ХХК-д зээл олгов гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлэн олгосон.

1.3. Зээл олгосонтой холбогдуулан 21/04 тоот Барьцааны гэрээ байгуулж, ******* тоот хаягт байрлалтай, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 136 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, зоорийн давхрын 7 тоот, 18 м.кв авто зогсоолын хамт үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан ба нэмж 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 21/04 тоот Зээлийн гэрээ-ний 1.3 дахь заалтаар харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 19/22 тоот Барьцааны гэрээ-гээр барьцаалсан ******* тоот хаягт байрлалтай, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 437.1 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, мөн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 19/22А тоот Барьцааны гэрээ-гээр барьцаалсан ******* тоот хаягт байрлалтай, Ү-******* улсын бүртгэлийн дугаартай, 82,77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, хэрэв зээлийн төлбөр төлөгдөхгүйд хүрвэл зээлийн гэрээний үүргийг тус эд хөрөнгүүдээр хангуулахаар тохиролцсон юм.

1.4. Зээлдэгч ******* ХХК нь 2022 оны 01 сарын 06-ны өдөр 123,336,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг огт төлөхгүй, зээлийн гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш даруй 1 жил гаруйн хугацаа өнгөрөөд байна.

1.5. Иймд зээлийн төлбөр 152,209,205 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 115,245,304 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,998,192 төгрөг, нийт 289,452,701 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж, *******ХХК-д олгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Мөн дээрх зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгүүдээр хангахыг шүүхийн шийдвэрт зааж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

1.6. Анх нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш шүүх хурал хойшлогдож байсан тул энэ удаа нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн ирсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 431,074,818 төгрөг бөгөөд уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******ХХК болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 06 сарын 12-ны өдөр 19/22 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй 150,000,000 төгрөгийг зээлсэн.

2.2. Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлж байсан боловч тухайн үеийн нийгэм цаг үеийн нөхцөл байдал Ковид-19 цар тахал, хил гааль зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан компанийн тогтвортой үйл ажиллагаанд хүндрэл учирч зээлийг графикийн дагуу төлөх боломжгүй болсон тухай болон зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан.

2.3. Тухайн үед *******ХХК-ийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч ******* нь ******* ХХК-ийн захирал *******ыг дуудан ирүүлж танай нөхцөл байдлыг харгалзаад бидний зүгээс барьцаа хөрөнгийг чинь зээлийн төлбөрт хурааж авах болон Монгол банкны найдваргүй зээлдэгчийн ангилалд бүртгүүлэхгүйгээр асуудлыг шийдэх арга байна гээд би зээлийг чинь хаагаад өгье, харин одоо байгаа хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг нэмээд шинээр зээлийн гэрээ байгуулаад цаашид зээлээ үргэлжлүүлээд явж болно гэсэн хариу өгсөн.

2.4. Ингээд *******ХХК-ийн зээлийн ажилтнууд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нийтэд нь нэмээд 250,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн санхүүгийн баримтыг үзүүлэхэд ******* нь Энэ дүн дээр шинээр зээлийн гэрээ байгуулах боломжтой, өөр нөхцөлөөр хүлээн зөвшөөрөхгүй гэсний дагуу 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 21/04 тоот Зээлийн гэрээ-нд гарын үсэг зуруулсан.

2.5. Гэвч бодит байдал дээр 250,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, тус мөнгө компанийн дансанд орж ирээгүй, түүнийг захиран зарцуулсан зүйл огт байхгүй, *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* болон түүний хамаарал бүхий ажилтнуудын дансаар зээл мөнгөний гүйлгээнүүд хийгдсэн тул уг гэрээ нь дүр үзүүлж хийгдсэн хэлцэл болно.

2.6. Хариуцагчаас 250,000,000 төгрөгийн зээл авах болон 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 21/04 тоот Зээлийн гэрээ-г авах хүсэл зориг байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Харин 2019 онд байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагчид 150,000,000 төгрөг бус 98,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлсэн, бусад шилжүүлсэн дүн нь зээл олгох эрх бүхий этгээдээс шилжүүлээгүй тул хууль бус, зээлийг нэхэмжлэгч талаас нэхэмжлэх эрхгүй.

2.7. Хариуцагч нь 2019 оны зээлийн гэрээгээр 98,000,000 төгрөгийг хүлээн авч, энэ гэрээний дагуу бэлнээр 75,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн мөн 123,336,000 төгрөгт тооцож орон сууцыг хариуцагчид шилжүүлэн нийт 198,000,000 төгрөгийн төлөлт хийсэн байх тул зээлийн үүрэг дуусгавар болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар *******ХХК-ийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан 431,074,818 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,377,165 төгрөг /1,745,614+298,592+169,638+110,668+243,020+563,410+246,223/-ийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоож чадаагүй, зээлийн хүү. нэмэгдүүлсэн хүүгийн талаар тооцооллыг буруу хийсэн, хэрэгт авагдсан баримтуудыг дутуу, буруу үнэлсэн, барьцааны талаар буруу дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой.

4.2. Анхан шатны шүүхээс 2019 оны 06 сарын 12-ны өдөр байгуулагдсан 19/22 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагчийн төлөх дүнг 102,300,000 төгрөг байсан гэж дүгнэсэн байгаагаас харахад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дутуу буруу ойлгож талуудын байгуулсан гэрээний дагуу төлсөн төлбөрийг яагаад буцаан шилжүүлсэн талаар харилцааг тогтоож чадаагүйг харуулж байна. 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 19/22 дугаартай зээлийн гэрээг талууд харилцан тохиролцон дуусгавар болгосон дүн нь 167,847,562 төгрөг байхад зөвхөн үндсэн зээлийн төлбөр болох 102,300,000 төгрөг гэж тооцож энэхүү зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн нь буруу болсон.

4.3. Хариуцагч 2021 оны 10 сарын 20-ны өдөр 21/04 дугаартай Зээлийн гэрээг байгуулан зээлийг шилжүүлэн авсан нь тогтоогдсон ба 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 19/22 дугаартай Зээлийн гэрээг *******ээс авсан зээлээр хааж, 21/04 дугаар Зээлийн гэрээгээр авсан зээлээр *******ээс авсан зээлээ төлөхийн тулд түүн рүү шилжүүлсэн байхад буюу авсан зээлээрээ өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулсан байхад бодитоор зээл олгоогүй, зээлийг хариуцагч захиран зарцуулаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэн шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй.

4.4. ******* болон хариуцагч нарын хооронд явагдаад байгаа зээлийн харилцааг нэхэмжлэгчтэй холбон дүгнэж байгаатай санал нийлэхгүй байгаа ба нийлмэл хүүтэй зээл олгогдсон гэж буруу дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой.

4.5. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь 2021 оны 10 сарын 20-ны өдөр илгээсэн 21/186 дугаар албан бичгээр 250,000,000 төгрөгийн зээл хүссэн бөгөөд уг албан бичгийн дагуу зээлийн гэрээ байгуулж, зээлийг олгосон. Зээлдэгч зээлийг авсны дараа уг мөнгийг хаана, ямар зорилгоор ашигласан, хэнд шилжүүлсэн нь банк бус санхүүгийн байгууллагын оролцох асуудал биш бөгөөд зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн мөнгө шилжсэн даруйд уг гэрээ хүчин төгөлдөр болдог.

4.6. 21/04 дугаартай зээл олгогдсоноос хойш талууд хоорондоо солилцсон олон тооны албан бичгүүд буюу нотлох баримтыг анхаараагүй нь талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Албан бичгүүдэд буюу нотлох баримтуудад иргэний эрх зүйн харилцааны талаарх зээлдэгчийн байр суурь болон шүүх хуралдаан дээрх мэдүүлэг хоорондоо зөрчилдөж байхад, нотлох баримтад тулгуурлаагүй хариуцагч талын тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь шударга бус юм.

4.7. Шүүх нь ирүүлсэн бүх нотлох баримтын үнэн зөв, бодит байдлыг шалган үнэлэх үүрэгтэй Энэ утгаараа, ирүүлсэн нотлох баримтуудын аль нэгэнд 19/22 дугаартай зээлийн дүнгээр үл хөдлөх хөрөнгө авахаар тохиролцсон тухай агуулга огт байхгүй атал, зөвхөн хариуцагч талын тайлбарт үндэслэн уг зээлийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулж, гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр юм.

4.8. Зээлдэгч нь 2022 оны 01 сарын 04-ний өдөр илгээсэн 22/02 дугаартай албан бичгээр 250,000,000 төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч, уг зээлийг төлөхийн тулд барьцаанд тавигдсан 314.53 м.кв талбайтай оффисыг 5 хэсэгт хуваан худалдан борлуулж, зээлийг барагдуулахаар төлөвлөж буйгаа, мөн үүний зэрэгцээ нэмэлт барьцаа гаргахаар санал болгосон тухай бүх мэдээллийг тус албан бичигт тодорхой тусгасан боловч шүүх уг баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4.9. Түүнчлэн, зээлдэгч нь уг албан бичгийн дагуу зээл олгогдсоноос хойш хоёр сарын дараа буюу 2021 оны 12 сарын 20-ны өдөр нэмэлт барьцаа хөрөнгө гаргасан. Хэрэв зээл аваагүй байсан бол барьцаа гаргах ямар ч үндэслэл байхгүй. Гэтэл шүүх үүнийг нотлох баримт гэж үнэлээгүй.

4.10. Банкны хувьд зээлийн зориулалтын данс нээж, уг дансаар дамжуулан зээлийг олгох журамтай байдаг боловч банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн зориулалтын данс нээх боломжгүй тул зээлийн гэрээ болон зээл хүссэн өргөдөлд заасан данс руу зээлийг шилжүүлэх үндсэн зарчимтай гэдгийг дурдах нь зүйтэй.

4.11. Талуудын хооронд хуульд заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэдэг нь харилцан бие биедээ удаа дараа өгч байсан албан тоотууд буюу нотлох баримтаар хангалттай тогтоогдоно.

4.12. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан ... шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ ... нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ..., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан ... шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй ... гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн.

4.13. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 сарын 29-ний өдрийн №1 дугаартай зөвлөмжид ... Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн харилцаа, талуудын эрх, үүргийн талаар бодит бус дүгнэлт хийсэн байх нь шийдвэр, магадлалын хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг үгүйсгэдэг болно ... гэж зөвлөсөн тайлбарыг шүүх огт анхааралгүйгээр хэргийг хийсвэрээр шийдвэрлэсэн нь нотлох баримтыг уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт мөн эсэх, цаг хугацаа, шалтгаант холбооны талаар огт дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн байдлаас харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлага буюу 431,074,818 төгрөгийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоож чадаагүй, зээлийн хүүгийн тооцооллыг буруу гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, барьцааны дүгнэлтийг буруу гаргасан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.

5.2. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулгыг авч үзвэл чухам ямар харилцааг анхан шатны шүүх хэрхэн дүгнэсэн нь буюу энэ баримтыг үндэслэж шүүх ийм шийдвэр гаргах ёстой байтал энэ баримтыг ингэж үнэлсэн учир буруу шийдвэр гарсан гэх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын үндэслэл ойлгомжгүй буюу тодорхойгүй байна.

5.3. Мөн нэхэмжлэгч тал анхан шатны шүүх барьцааны гэрээг нотлох баримтаар үнэлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх тухайн баримтыг нотлох баримтаар үнэлсэн боловч зээлийн үндсэн гэрээг дагалдан барьцааны гэрээ хүчингүй болсон талаар шийдвэртээ тодорхой тусгасан.

5.4. Нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээгээр авч үзвэл анхан шатны шүүх ямар асуудлыг яаж буруу дүгнэсэн буюу энэ асуудлыг ийнхүү шийдвэрлэх ёстой байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Жишээлбэл, нэхэмжлэгч тал анхан шатны шүүх зээлийн хүүгийн тооцоог буруу гаргасан гэж тайлбарладаг атлаа зээлийн хүүгийн тооцоолол ийм байх ёстой байхад шүүх ингэж шийдвэрлэсэн гэх талаар давж заалдах гомдлын үндэслэлдээ тусгаагүй байна.

5.5. Анхан шатны шүүх 2019 онд талуудын хооронд 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэнээс нэхэмжлэгч 98,000,000 төгрөгийг хариуцагчид олгосон байна гэж зөв тогтоосон. Мөн 2022 онд талуудын хооронд 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна. Гэхдээ тухайн зээлийн гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан гэрээ учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэдгийг талуудын хоорондоо мэтгэлцэж буй үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй үйл баримт, хариуцагчийн тайлбарлаж буй үйл баримт, харилцаа маргаан тус бүрд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

5.6. Анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар маш тодорхой нотлох баримт болон талуудын тайлбарласан мэтгэлцээний хүрээнд дүгнэлт хийсэн учир анхан шатны шүүхийг ямар нэгэн байдлаар нэг талын гаргасан нотлох баримтыг үнэлсэн эсвэл хэрэгт ач холбогдол бүхий эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. 250,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгосон байхад талуудын хооронд зээлийн гэрээ хийгдээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна.

5.7. Хариуцагч *******ийн дансаар мөнгө орсон эсэх талаар маргаагүй. Харин талуудын хооронд зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан эсэх, тухайн зээлийг ашиглах боломж олгосон эсэх, шүүхийн шийдвэрт дурдаж буй Банк мөнгөн хадгаламжийн эрх бүхий этгээдийн төлбөр тооцооны тухай хуульд заасан зээлийн үйл ажиллагааны журамд нийцсэн эсэх талаар маргасан. Анхан шатны шүүх үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

5.8. 2022 оны 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээ талуудын хооронд бодитоор байгуулагдаагүй. Иргэний хуулийн 286 дугаар зүйл болон тусгайлан зохицуулсан хуулиар зээл гэдэг нь зээлдэгчийн тодорхой үйл ажиллагаа эрхлэхэд зориулж тухайн мөнгийг өмчлөлд нь шилжүүлж, захиран зарцуулах боломжоор хангаж байгаа нөхцөлийг зээлийн гэрээ байгуулагдсан буюу зээл олгосон гэж үзэж байгаа.

5.9. Гэтэл нэхэмжлэгчийн шаардаж байгаа зээл нь өмнөх 98,000,000 төгрөгийн зээлийн хүү болон бусад ирээдүйд авах зээлийн хүүг нэмж нэгтгэн 250,000,000 төгрөгийн зээл болгож, тухайн үнийн дүнг бодитоор гаргасан мэт дүр үзүүлж, банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч ******* гэх хүний мөнгөнөөс гаргаж, ******* ХХК-ийн менежер *******ийн данс руу хийж, 5 секунтын дараа уг мөнгийг буцаан татаж авсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан бүх нотлох баримтаар нотлогддог.

5.10. Банк бус санхүүгийн байгууллагын хувьцаа эзэмшигч *******-ы шүүх хуралдааны үед өгсөн болон цагдаагийн байгууллагад мөнгө хүүлэх ажиллагаатай холбоотой ******* ХХК-ийн гаргасан гомдолд өгсөн 2 гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Мөн тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******, *******ХХК-ийн ерөнхий менежер ******* болон ******* нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг.

5.11. Тиймээс тухайн зээл бодитоор олгогдоогүй, 98,000,000 төгрөгийн зээлийн ирээдүйд авах хүү болон бусад төлбөр тооцоонуудыг нэмж байгаад хийсэн гэрээ гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоодог. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 431,074,818 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Гэвч бодит байдал дээр 250,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, тус мөнгө компанийн дансанд орж ирээгүй, түүнийг захиран зарцуулсан зүйл огт байхгүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. *******ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2019 оны 06 сарын 12-ны өдөр №19/22 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр 150,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлэхээр, зээл олголтын шимтгэл 0,5 хувь буюу 1,500,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар харилцан тохиролцсон,/1хх-245-246/

 

3.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 06 сарын 12-ны өдөр №19/22 тоот Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах 437,1 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,/1хх-242/

 

3.3. Мөн талуудын хооронд 2019 оны 09 сарын 13-ны өдөр №19/22/А тоот Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот, 82,77 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, /1хх-243/

 

3.4. Талууд 2020 оны 06 сарын 12-ны өдөр №19/22/А тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээгээр мөнгөн төлбөрийн нийт үлдэгдлийг 98,000,000 төгрөгөөр тооцож, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл 12 сараар сунгах, зээлийн төлбөрийг хавсралт 2-оор тохиролцсон өөрчлөлт оруулсан, /1хх-244/

 

3.5. Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах 51,39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн *******-ы нэр дээр 123,000,000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлсэн,

 

3.6. Талууд 2021 оны 10 сарын 20-ны өдөр №21/04 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 250,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээл олголтын шимтгэл 0,5 хувь буюу 1,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар харилцан тохиролцсон, /1хх-13-15/

 

3.7. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2021 оны 12 сарын 20-ны өдөр №21/04 тоот Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлалтай, 136 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, зоорийн 7 тоот 18 м.кв автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-16-18/

 

4. Хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан 2019 оны Зээлийн гэрээний үүрэг 102,300,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч *******-аас 2021 оны 10 сарын 25-ны өдөр *******ийн дансанд шилжүүлж, улмаар *******ээс нэхэмжлэгч байгууллагад 19/22 зээл хаав гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн байна.

 

Үүний дараа Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* тоот хаягт байрлах 51,39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч БНСУ-ын иргэн *******-ы нэр дээр 123,000,000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх 2019 оны 06 сарын 12-ны өдөр №19/22 тоот Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т нийцжээ.

 

5. 2021 оны 10 сарын 20-ны өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч байгууллага нь 250,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн үйл баримт маргааны зүйл болжээ.

 

5.1. Нэхэмжлэгч байгууллага зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 250,000,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 16 цаг 36 минутад *******ийн данс руу 249,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн өдрийн 16 цаг 38 минутад *******ийн данс руу 249,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна.

 

5.2. Гэрч ******* ... тухайн үед *******ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан, ... 250,000,000 төгрөг бол 2019 оны зээлийн гэрээг нь дуусгаад түүнийг буцаагаад *******-ны мөнгийг төлөх гээд ******* *******ийн данс руу шилжүүлж байгаа ... гэж, гэрч ******* ... Ахиж зээл гаргахаар санал тавьж зээл аваад, миний дансаар оруулангуутаа буцаагаад хамт банкин дээр 2 хүн зогсож байгаад буцаагаад авсан ... гэж, гэрч ******* ... Тухайн үеийн *******ХХК-ийн ажилтан *******ийн дансаар дамжуулж өгсөн. Энэ үед би Монголоор ярьж чадахгүй, банкны гүйлгээг ганцаараа хийж чадахгүй, мөн завгүй байсан. Үнийн дүнг сайн санахгүй байна ... гэж, гэрч ******* ... 2021 оны 10 сарын 20-ны өдөр ******* тан руу 249,000,000 төгрөг хийсэн байдаг. Энэ мөнгө таны мөнгө юм уу. *******ХХК-ийн мөнгө юм уу гэж асуухад ... Тэр эхний зээлийг хаахад оруулсан мөнгийг буцааж ******* гэдэг хүний данснаас над руу хийсэн мөнгө ... тус тус мэдүүлжээ.

 

5.3. Зээлийн гэрээ нь бодит үйлдлээр хийгддэг хэлцэл буюу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр байгуулагдсан гэж үзнэ. Гэтэл, дээрх нотлох баримтыг харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч байгууллага нь зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн боловч буцаагаад хамаарал бүхий этгээдийн дансаар шилжүүлэн авч байгаа нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгосон гэж үзэхгүй тул талуудын хооронд 2021 оны 10 сарын 20-ны өдөр №21/04 тоот Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

5.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т ... зээл гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг гэж, 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт Зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана. гэж зохицуулсан зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй, нөгөө талаас зээлдүүлэгч нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзвэл зээлийн гэрээг буцаан шаардах эрхийг олгосон байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрлийг үндэслэн зээлийн үйл ажиллагаа явуулах мэргэжлийн хуулийн этгээд атлаа зээлийн мөнгөн хөрөнгийг хэлбэрийн төдий олгож, буцаан шилжүүлэн авч байгаа зэрэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.5-д заасан талуудын тэгш оролцоог хангах, хууль тогтоомжид заасан шаардлага хангасан харилцагчид үйлчилгээ үзүүлэх зарчим, үзэл баримтлалд нийцэхгүй байна.

 

*******ХХК нь хуулийн этгээд болохын хувьд бие даасан өөрийн нэрээр үйл ажиллагаа явуулна. Гэтэл, хувьцаа эзэмшигчээр дамжуулан гүйлгээ хийдэг, мөн хувьцаа эзэмшигч нь бусад байгууллагад олгосон зээлийн өөрийн мөнгөн хөрөнгөөр хааж, өмчлөлдөө үл хөдлөх хөрөнгө шилжүүлж авч байгаа зэрэг нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан бие даасан байх зарчимд нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Тодруулж хэлэхэд талуудын хооронд байгуулсан 2021 оны 10 сарын 20-ны өдөр №21/04 тоот Зээлийн гэрээний 1.2-т зааснаар зээлдэгч нь хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах боломжийг олгоогүй байна.

 

5.5. Хэргийн баримтаар талуудын хооронд 2021 оны 10 сарын 20-ны өдөр №21/04 тоот Зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт үгүйсгэгдэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 431,074,818 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 191/ШШ2026/10974 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,313,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР