Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 443

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч Э.Б-,

шүүгдэгч Г.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Г- ын Т-д холбогдох 1910008440000  дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансар хотхон гудамж 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б  овогт Г- ын Т- /                   /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1 в” байрны 00 тоотод оршин суух хохирогч Э.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос мэдүүлсэн мэдүүлэг:

 Шүүгдэгч Г.Т-гаас: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байр түрээслэдэг байж байгаад тухайн байрыг хүлээлгэж өгөхдөө түлхүүрнээс болж маргалдсан. Тэгээд Э.Б-ын эхнэр нь манай ээжтэй хэрэлдэхэд би ээжийгээ өмөөрсөн. Гэтэл нөхөр нь хажуунаас орж ирээд намайг цохичихоод, үсдсэн. Харин эхнэр нь миний араас үсдээд, хүзүү маажаад байсан. Бид нарыг манай ээж, эхнэр 2 салгасан...” гэв.

 Хохирогч Э.Б-ас: “...Тухайн өдөр би эхнэртэйгээ байраа хүлээж авах гэж байсан. Тус байрыг манай ээж гадаад явсан тул түрээслэж байсан юм. Байр хүлээлцэж байхад Т-гийн ээж нь гэх хүн төлбөр тооцооны талаар яриад, байраа хүлээлгэж өгөөгүй мөртлөө барьцааны мөнгөө одоо өг, одоо гарлаа гэдэг зүйл яриад байсан. Тэгээд барьцааны мөнгөө шилжүүлсний дараа түлхүүрээ авахдаа манай эхнэр үүдний өлгүүр хугарчихсан байна энийг төл гэсэн. Гэтэл Т-гийн ээж нь та нар чинь залуу хүүхдүүд байж ямар нарийн тооцоо хийж байна гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр та нар өөрсдөө юмаа нарийн тооцож байхад бид нар яагаад болдоггүй юм гэж хэлсэн. Т- чи манай ээжтэй  яаж харьцаад байгаа гичий вэ, даварчихсан муу пизданууд гээд дайрсан. Тэгээд би эхнэрээ өмөөрсөн. Т- намайг бариад авсан би урдаас нь түлхсэн.  Т- намайг хана руу шахаж байгаад мөргөсөн энэ үед бүгд хараад байж байсан. Гомдол санал гэвэл би үүдэн шүдэндээ хиймэл шүд хийлгэсэн. Юм идэх гэхээр хазаж болохгүй байгаа...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Э.Б-ын “...Би өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 1 в байрны 00 тоотод байх нэг өрөө орон сууцыг Б  овогтой Ц  түүний нөхөр Т- нарт 2018 оны 1  дугаар сарын 18-наас түрээслэсэн юм. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ц , Т- нар байрны түрээсийн хугацаа дуусч гарахаар болж би эхнэр Г-ийн байрыг хүлээн авсан. Анх түрээслэхдээ хоёр түлхүүр Ц д хүлээлгэж өгч байсан ба манай эхнэр Г  түлхүүрийн нэгийг хүлээж аваад Ц гоос үлдсэн нэг түлхүүрийг авах гэхэд Ц  нь “...хаячихсан...” гэхээр нь манай эхнэр Г  “...тэгвэл хувилуулах мөнгийг нь өг...” гэхэд Ц гийн ээж гэх эмэгтэй “...тэр мөнгийг нь дансаар шилжүүл гээд...” уцаартай хэлсэн. Тэгэхэд нь манай эхнэр түлхүүр дутуу юм чинь юм хумаа тооцож авалгүй яадаг юм бэ гэсэн. Тэгсэн Т- нь “...чи манай ээжтэй муухай харьцлаа, гичий минь чамд ингэж дарамтлуулахгүй шүү...” гээд манай эхнэр Г  руу давшилсан. Тэгэхэд нь би эхнэрээ хамгаалж Т-тай муудалцсан. Т- над руу дайраад намайг барьж авсан. Бид хоёр хоорондоо барьцалдсан, тэгээд намайг заамдаж аваад уруул тус газар мөргөж, доод уруулын дотор талыг язалсан. Г , Ц  түүний ээж гэх эмэгтэй нар салгасан. би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн алба хаагч нар ирэхээс өмнө бас Т- над руу нулимсан. Миний доод уруулын дотор тал язарсан, үүдэн гурван шүд хөдөлсөн байна. Миний үүдэн гурван шүдний голын шүд нь хиймэл хоёр талын шүдэнд бэхэлж тогтоосон шүд байгаа юм. Мөн надтай ноцолдохдоо миний хүзүүн тус газрыг улайлгаж гэмтээсэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 17-19 дүгээр хуудас/

Гэрч Г.Г гийн: “...Манай нөхөр Э.Б- бид хоёрын нэр дээр бүртгэлтэй байдаг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол 1 -В байрны  00 тоот нэг өрөө байрыг 2018 оны 1  дугаар сард Г.Т- гэх залуу эхнэр хүүхдийн хамт түрээсэлж байгаад 2019 оны 03 дугаар сарын 20-ны  өдөр 20 цагийн орчимд байраа хүлээж авахаар нөхөр Э.Б-тай хамт дээрх байранд ирэх үед Т- нь эхнэр хүүхэд аав, ээж найз нарынхаа хамт гэрийнхээ тавилга зэргийг зөөж байсан. Ингээд би байрны түлхүүр хүлээж авах гэхэд гадна дотор талын 2 ширхэг түлхүүр гээсэн байхгүй байгаа гэхээр нь түлхүүр олшруулах мөнгө 5000 төгрөг өг гэхэд Т-гийн ээж гэх эмэгтэй нь яасан их нарийн тооцоо хийж байна мөнгийг нь өг гэх мэтээр уурлаж харьцаад байхаар нь би өөрийн зүйлээ тооцож авах нь зөв гэдгийг хэлээд зогсож байх үед Т- намайг гичий минь манай ээжтэй аятайхан байгаач гэхээр нь манай нөхөр Б-а намайг өмөөрч чи эмэгтэй хүнийг юу гэж хэлээд байна гэж хэлээд зогсож байх үед Т- Б-ыг заамдаж аваад нүүрэнд нь нэг  удаа толгойгоороо мөргөж хариуд нь манай нөхөр Б-а уг залууг заамдаж аваад түлхэж байгаа харагдсан юм. Тэгээд би Б-ын араас татаад Т-г ээж нь араас нь татаад салгах үед Т-гийн эхнэр Ц  хүүхдээ аваад гараад явсан. Т- Б-ын нүүрэнд нулимах үед би Т-г үсдэж аваад хүзүүнээс нь татаад араас нь нэг удаа өшиглөсөн болно. Ингээд би цагдаад дуудлага өгөөд байж байх үед Т-г ээж нь гэх эмэгтэй аваад гарсан болно. Би Г.Т-тай байрны түлхүүр алга болгосон учир мөнгийг өг гэж хэлсэн үүнээс болж маргаан үүссэн болно. Манай нөхөр Э.Б- Г.Т-г цохиж зодсон асуудал байхгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар зүйл/

Гэрч Б.-Б- ны: “...2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай хүүхэд Г.Т- түрээсэлж байсан байрнаас гарах болоод би хамт уг байранд очиход гэрийн эд зүйлийг нь хүлээлгэн өгөх санаатай байрны эзэн гэх хүмүүсийг хүлээж байгаад орой болсон байхад цагийг нь сайн санахгүй байна байрны эзэн гэх залуу эхнэртэйгээ орж ирсэн. Ингээд манай хүүхэд өөрийн гэсэн зүйлээ гаргаад барьцааны мөнгөө нөгөө хүнээс авах гэхэд байрны гадна хаалганы нэг түлхүүрийг өг гэхэд манай хүүхэд гээсэн одоо байхгүй байгаа гэхэд байрны эзэн хүний эхнэр гэх эмэгтэй 2500 төгрөг гэхээр нь би бэлэн мөнгө байхгүй учир дансанд нь 5000 төгрөг хийгээд өг гэж хэлсэн. Б-а гэх залуутай хамт орж ирсэн эмэгтэй чи муу гуйлгачин эмэгтэй юу яриад байна гэхэд манай хүүхэд Т- намайг өмөөрч миний ээжийг яагаад доромжилоод байгаа талаар хэлсэн.Тэгсэн нөгөө Б-а гэдэг залуу гүйж ирээд Т-гийн толгойнд нь цохиж үснээс нь  зулгааж бариад доош нь дарсан. Б-ын эхнэр гэх хүүхэн хажуугаар нь нуруу толгой орчимд нь хэд хэдэн удаа гараараа цохиж доогуур нь хөлөөрөө хөлөнд нь өшиглөж байгаа харагдсан учир би дундуур нь ороод салгах үед миний уруул орчимд нөгөө эмэгтэй гараараа нэг удаа цохиж байсан юм. Ингээд би хүүхдээ салгаж аваад гадаа гараад өөрийнхөө машинд суугаад явж байх үед цагдаагийн машин ирж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Б.Ц гийн: “...Тэгээд би бүх зүйлээ хүлээж авч байгаад Г  нэг түлхүүр байхгүй байна хувилах мөнгийг нь өг гэхээр нь манай хадам ээж Б-мөнгийг нь өг жаахан хүүхэдтэй байж хэрүүл хийгээд яахав гэхэд Г  та энэ байрыг түрээсэлж байгаагүй учир илүү гэх мэтийн зүйл ярьсан чинь Т- чи манай ээжтэй яаж харьцаад байна гэж хэлсэн чинь Б-а цаана зогсож байгаад гүйж ирээд Т-гийн баруун хацарт нь нэг удаа гараа цохиж үсдэж доош нь дараад байх үед Г  хажуугаас нь Т-гийн нуруунд, хүзүүнд гараараа цохиж байгаа харагдсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0000 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Г.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 1 -в байрны  0 тоот нэг өрөө байрыг эхнэр хүүхдийн хамт түрээсэлж байгаад уг байрнаас гарах болоод 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20-21 цагийн орчимд байрыг нь хүлэлгэн өгөх гэж эзэн болох Б-а түүний эхнэр Г  нарыг утсаар дуудаад бид нар дотор байсан гэрийн тавилга бусад зүйлийг гаргаж машинд ачаад байж байхад Б-а, Г  хоёр ирээд тооцоогоо хийх болсон чинь байрны мөнгө төгрөг гарсан байна, илүү түлхүүр байхгүй байна гэх мэтийн зүйл яриад байсан миний анх орохдоо өгсөн барьцааны мөнгийг дутуу өгөх гэсэн санааг гаргаад байсан. Энэ үед манай ээж Б-нялх хүүхэдтэй байж хэрүүл ам хийгээд яахав өгөх ёстой мөнгийг нь өгөөд явъя гэж хэлээд барьцаа мөнгөө аваад тооцоо дуусаад гарах гэхэд түлхүүр өг гэхээр нь би нэг түлхүүр өгөөд нөгөө түлхүүрийг гээсэн одоо байхгүй гэхэд Г  нь би нарийн тооцоо хийж хаалга голыг солиулах талаар ярьсан. Манай ээж Б-тооцоо дууссан байхад ямар юм яриад байгаа тэнэг авгай гэх мэтээр доромжлоод байхаар нь нөгөө хүүхнийг чи битгий миний ээжийг хэл амаар доромжлоод байгаарай гэж хэлээд би хэд хэдэн доромжилсон үг хэлсэн яг юу гэж хэлсэн талаар одоо санахгүй байна. Тэгээд Б-а нь өөрийн эхнэр Г г өмөөрч миний зүүн хацарт гараараа нэг удаа цохиж, үсдэж аваад толгойн дээрээс хэд хэдэн удаа цохиж байсан. Энэ үед эхнэр Г  нь араас үсдэж аваад хүзүүнд маажиж араас нуруу өгзөг орчимд өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 58 дугаар хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Г.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “1 в” байрны 1  тоотод оршин суух хохирогч Э.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, хохирогч Э.Б-ын мэдүүлэг /хх-ийн 9-10, 17-19 дүгээр хуудас/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0000 дугаартай:

            1.Г.Т-гийн биед хүзүү, баруун сарвуу, бүсэлхийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь 2019.03.20-нд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №0000 дугаартай:

  1. Э.Б--н биед хүзүү, чихэнд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй .
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Жич:Үүдэн дээд зүүн 1 дүгээр шүд хиймэл, 11, 22 шүднүүдтэй гүүрэлсэн шүдэлбэр хийгдсэн үл ялиг хөдөлгөөнтэй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Т- нь хохирогч Э.Б-ын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

     Иймд шүүгдэгч Г.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

     Шүүгдэгч Г.Т- нь Э.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь биед хүзүү, чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хохирогч Э.Б- нь хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Т- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Б  овогт Г- ын Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ