Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00730

 

******* ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01724 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Батлан даалтын гэрээний үүрэгт 32,538,611 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ******* ХХК нь ******* ХК-тай 2019 оны 03 сарын 15-ны өдөр №ҮҮДЗГ1201/190315 тоот Зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 1.08 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн.

1.2. Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн батлан даагч иргэн *******, ******* нар нь 2019 оны 03 сарын 22-ны өдөр №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээг байгуулж зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээхээр тохиролцсон.

1.3. Зээлдэгч ******* ХХК нь 2019 оны 11 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй. 2022 оны 08 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2022/01681 дугаар шийдвэрээр зээлдэгч ******* ХХК-аас 65,524,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

1.4. Батлан даагч ******* нь 2023 оны 01 сарын 27-ны өдөр 32,985,764.54 төгрөгийг №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн.

1.5. Иймд ******* ХХК-ийн авсан зээлийн үлдэгдэл төлбөр болох 32,538,611.46 төгрөгийг №ЗБДГ1201/190322 тоот зээлийн батлан даалтын гэрээний 4.2.1, Иргэний хуулийн 460 дугаар зүйл 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Анх ******* ХХК-ийг 2018 онд байгуулж, хувьцаа эзэмшигчээр ******* нь бүртгүүлсэн байдаг. ******* нь Шарк танк нэвтрүүлэгт орж, улмаар уг зээлийг авсан байдаг бөгөөд зээлийн гэрээг 2019 оны 03 сарын 15-ны өдөр байгуулж, зээл авсан байдаг.

2.2. Нэхэмжлэгчтэй *******, ******* нар нь дээрх зээлийн гэрээний дагуу 2019 оны 03 сарын 22-ны өдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан.

2.3. Нэхэмжлэгч нь ******* ХХК-аас зээлийн төлбөрийг шаардаж, хүчин төгөлдөр шийдвэр гарч, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байдаг бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлд хамаарах тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.4. Мөн ******* ХХК-ийн захирал ******* нь Монгол Улсын хилээр гарч явсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байсан ба одоо энэ хүн нь буцаад ирсэн гэсэн лавлагаа ирсэн байхад уг ажиллагааг сэргээхгүй байгаа нь тодорхойгүй байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс батлан даалтын гэрээний үүрэгт 32,538,611.46 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,643 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 320 643 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зээлдэгч ******* ХХК-ийн 15 хувийн хувьцааг иргэн ******* нь эзэмшдэг ба тус компанид Шарк танк төслийн хүрээнд хөрөнгө оруулалт оруулахаар тохиролцон бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд харилцаа үүссэн байдаг. Үүний дагуу ******* ХХК-тай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулсан.

4.2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 03-ний өдрийн №181/ШШ2022/01681 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 65,524,376 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 10 сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн. Энэхүү процесс ажиллагааны талаар шүүгч хэргийг хянан үзээгүй.

4.3. Нэгэнтээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байхад түүнийг давхардуулан нэг асуудлаар шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг зөрчсөн.

4.4. Анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т ... 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 14/1 тогтоолоор Гүйцэтгэх захирал ******* нь Монгол Улсын хилээр гарсан гэх шалтгаанаар гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлсэн ... гэх боловч бодит байдал дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэвийн процесс үргэлжилж байгааг тогтоогоогүй, шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт дутуу ирүүлсэн байгааг харгалзан үзээгүй.

4.5. Мөн хэрэгт авагдсан баримтаар Барьцааны гэрээ байгуулсан байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах ажиллагааг тэргүүн ээлжид хийгээгүй байгааг тогтоогоогүй.

4.6. Түүнчлэн батлан даагчаар үүрэг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах нөхцөл бүрдээгүй, зээлийн гэрээний төлбөр гаргуулахад саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй, зээлийн гэрээний төлбөр барагдуулах ажиллагааг нэн тэргүүнд барьцаа хөрөнгөөр хангуулах нөхцөлийг хэрэгжүүлээгүй талаар нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэж байгаа.

5.2. 2022 оны шүүхийн шийдвэрт ******* гэх хүний талаар тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, баталгаа гаргасан гэх агуулга дурдагдсанаас ******* гэх хүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлээгүй тул давхардуулсан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.

5.3. ******* ХХК-тай гэрээ байгуулах үед ******* болон ******* нар нь баталгаа гаргасан тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлд заасны дагуу баталгаа гаргагчаас шаардах эрхтэй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн батлан даалтын гэрээний үүрэгт 32,538,611.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* ХК нь ******* ХХК-тай 2019 оны 03 сарын 15-ны өдөр ҮҮДЗГ1201/190315 дугаар Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 50,000,000 төгрөгийг бэлэн бусаар, сарын 1,08 хувь, жилийн 13 хувийн хүүтэй, үндсэн хүүг, хугацаандаа төлөгдөөгүй зээлийн төлбөрийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон;

 

3.2. Мөн ******* ХК нь хариуцагч *******тэй 2019 оны 03 сарын 22-ны өдөр ЗБДГ1201/190322 дугаар Зээлийн батлан даалтын гэрээ байгуулж, гэрээгээр ******* ХК, ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан ҮҮДЗГ1201/190315 дугаар Зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийг 50,000,000 төгрөгийн зээл, үүн дээр зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүгийн төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлөхийг үүрэг гүйцэтгүүлэгчид баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч хариуцахаар харилцан тохиролцсон;/хх-10/

 

3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01681 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 65,524,376 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгож шийдвэрлэсэн;/хх-57-41/

 

3.4. Дээрх шийдвэрийг үндэслэн 2022 оны 10 сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх боловч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ******* Монгол улсын хилээр гарсан гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 01 сарын 16-ны өдөр түдгэлзүүлсэн;/хх-88, 110/

3.5. Дээрх зээлийн гэрээний нэг батлан даагч ******* нь зээлийн батлан даалтын №ЗБДГ1201/190322 тоот гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, 32,985,764.54 төгрөгийг төлсөн үйл баримтад маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгчээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс ЗБДГ1201/190322 дугаар Зээлийн батлан даалтын гэрээний үүрэгт 32,538,611.46 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.1. Талуудын хооронд байгуулагдсан ЗБДГ1201/190322 дугаар Зээлийн батлан даалтын гэрээний 4.2.3-т ... зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн эсвэл хугацаанд зохих ёсоор төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн банканд төлөх ёстой үндсэн өр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлбөр барагдуулах гэж, 5.1-д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эсвэл Банк зээлийн гэрээнд заасан дагуу Зээлийн дангаар цуцалсан өдрөөс эхлэн Батлан даагчаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах гэж тус тус заасан тохиролцоо нь талуудын хооронд нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон гэж үзнэ.

 

5.2. ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр төлөгдөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас батлан даалтын гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ******* нь Монгол Улсын хилээр орж ирсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул үндсэн зээлдэгч нь үүргийг хариуцан төлнө гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй.

 

Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлд түүний өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01681 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 65,524,376 төгрөгийг гаргуулж ******* ХК-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь гадаад улсад зорчсоны улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн, мөн нэхэмжлэгч байгууллагаас зээлийн гэрээний үүргийг төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авсан боловч үндсэн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрч үр дүн гараагүй тул батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргийг нөхөх хариуцлагын хүрээнд шаардаж байгаа нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 181/ШШ2022/01681 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад зээлийн гэрээний барьцааны зүйл болох оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн №40-0019441 дугаартай ******* ааруулан чихэр нэрийн барааны тэмдгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Барьцаа гэрээ болон батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийн хангах арга болохын хувьд аль аргаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах нь нэхэмжлэгчийн субьектив эрх тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байсан талаар гомдол үндэслэлгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/01724 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР