| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0448/Э |
| Дугаар | 458 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 458
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч О.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-гийн С-д холбогдох 19100000000000 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 00000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт О-гийн С- / /,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.С- нь 2019 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 00000 тоотод байхдаа найз охин Ш.Б-гийн 0000000 дугаараар Мобиком компаний Candy үйлчилгээг ашиглан 500.000 кенди зээлээр авч тухайн үед өөрөө ашиглаж байсан үеэл дүү Г.О-ын эзэмшлийн 000000 дугаарын утас руу шилжүүлэн, улмаар данснаас нь бэлнээр 500.000 төгрөг гарган авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч О.С-ас: “...Би хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Шүүхээс намайг тэнсэж өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ш.Б-гийн: “...Би О.С-тай танилцаж үерхээд 2 жил болж байна. Бид хоёр дотно харилцаатай. 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой найз залуу С-ын гэрт очиж хоносон. С- надад утсаа өгч байгаач гэхээр нь өгсөн. Тэгээд би унтчихсан. Тэгтэл бүтэн 1 сарын дараа байх надад “Мобиком” компаниас залгаад та зээлээ төлөөрэй гэж хэлсэн. Би гайхаад юун зээл билээ гэж асуутал та 2019 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 03 цагт одоо барьж байгаа “0000000000000” гэсэн дугаараар манайхаас кенди үйлчилгээг ашиглан 500.000 төгрөгийн зээл авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дансны хуулгаа үзтэл 500.000 төгрөгийн зээл авсан байсан ба найз залуу С- өөрийнхөө “99698115” дугаарын утас руугаа шилжүүлээд авсан байсан. Манай найз залуу надад хэлэлгүйгээр тэгж зээл авсан байсан. Зээл хэзээ авсан, ямар дугаар руу шилжүүлсэн зэрэг нь миний “Хаан” банкны 5954210000 дугаарын дансны хуулганаас харагдаж байгаа юм. Ингээд С-ас яаж байгаа юм бэ гэж асуухад “...би хүн зодоод цагдаа дээр асуудалтай байгаа. Зодуулсан хүн мөнгө нэхээд байхаар нь мөнгөний хэрэгцээ гараад авчихлаа. Төлж өгнө...” гэж хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй явж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч Г.О-ын: “...2019 оны 01 сард би шинэ дугаар аваад хуучин дугаараа ах С-д өгсөн. 2019 оны 02 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Хичээл дээрээ байж байтал С- ах “...данс руу чинь мөнгө хийчихсэн байгаа картаа аваад гараад ир мөнгөө аваадахья...” гэхээр нь би гарч картаа өгсөн. Удалгүй буцааж өгсөн бөгөөд миний данс руу шилжүүлсэн мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд авчихлаа гэж хэлсэн. Би хэдэн төгрөг шилжүүлсэн мэдэхгүй, Мэдээлэл нь 00000000 дугаарын утсан дээр ирдэг. Тэгээд бараг 1 сарын дараа С- ахын найз охин над руу залгаад “...ах чинь миний дугаараар мобикомоос кенди аваад чиний дугаар руу шилжүүлээд мөнгө авчихсан байна...” гэж хэлсэн. Би уг дугаараа ахад өгөхөөс 6 сарын өмнө “Мобиком” дээр очиж кенди үйлчилгээ ашиглах гэрээ байгуулснаас хойш 6 сарын дараа билүү идэвхижнэ гэж хэлж байсан. Би өөрөө кенди үйлчилгээг нэг ч удаа ашиглаж үзээгүй. Гэрээ байгуулахдаа 0000000000000 дугаарын утсанд дансаа холбоод өгчихдөг, кендиг мөнгө болгьё гэвэл данс руу нь мөнгө ордог үйлчилгээ байсан. Би тухайн үед дээрх дугаарыг өөрөө бариагүй байсан болохоор хэзээ хэдэн төгрөг орсоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
-Хохирогч Ш.Б-гийн кенди дансны хуулга /хх-ийн 22 дугаар хуудас/,
-О.С- хохирол төлсөн баримт /хх-ийн 23 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч О.С-ын: “...Би Б-тэй 2017 оноос хойш үерхэж байгаа бөгөөд бид хоёр хааяа нэгнийхээ гэрээр орж гараад хонож, өнжөөд явдаг юм. Ер нь бол дотно харилцаатай, бид хоёрын дунд хүүхэд байхгүй, гэрлэлтээ батлуулаагүй, үерхээд явж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 26-ны орой манай найз охин Б- ажил тараад гэрт ирсэн. Унтах гэж байхдаа утсаа өгч байгаач гэж хэлж аваад тоглоом тоглосон. Түүний 00000000 дугаар дээр 500 000 төгрөгийн кенди үйлчилгээ авах эрхтэй боллоо гэсэн мессеж ирсэн байсан болохоор би тэрийг уншаад найз охиныхоо дугаараас 000 гэсэн Мобикомын дугаар руу зээл 500.000 гэж бичээд захидал илгээсэн. Буцаад дор нь таны дугаарт 500.000 төгрөгийн кенди зээл орж ирлээ гэсэн мессеж ирсэн. Кенди гэж мобиком компаний төгрөг рүү шилжүүлж болдог, энгийн яриагаар яривал цахим мөнгө байгаа юм. Ингээд дээрх кендиг тухайн үед өөрийнхөө ашиглаж байсан 0000000 дугаарыг бичээд 0000 гэсэн дугаар руу шилжсэн бөгөөд түүнийг бэлэн мөнгө болгож авахын тулд утасныхаа мессеж рүү ороод банк 500.000 гэж бичээд 000 дугаар руу мессеж явуулсан. Ингээд мөнгөө бэлнээр гаргаж авч болдог. 000000000 дугаар бол манай үеэл дүү Отгонжаргалын нэр дээр байдаг. Манай дүү Мобикомоос кенди үйлчилгээ нэвтрүүлэх үеэр биеэр очиж гэрээ байгуулсан ба гэрээ байгуулахдаа 00000000000 дугаар дээр өөрийн банкны дансаа холбуулчихсан байсан. Ингээд дүүгийн данс руу мөнгө орсон. Би маргааш нь дүү рүүгээ яриад “...данс руу чинь 500.000 төгрөг орчихсон байгаа тэрийг ах руугаа шилжүүлээд өг...” гэж хэлээд өөрийн 000000 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Дээрх мөнгөөр идэж уугаад л дуусгасан. Найз охиноосоо кенди авах талаар ямар нэгэн зөвшөөрөл аваагүй, нууцаар хэлэлгүй авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна”...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 21 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч О.С- нь 2019 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 0000 тоотод байхдаа найз охин Ш.Б-гийн 00000000000 дугаараар “Мобиком” компаний “Candy” үйлчилгээг ашиглан 500.000 кенди зээлээр авч тухайн үед өөрөө ашиглаж байсан үеэл дүү Г.О-ын эзэмшлийн 0000000 дугаарын утас руу шилжүүлэн, улмаар данснаас нь бэлнээр 500.000 төгрөг гарган авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Ш.Б-гийн: мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/, гэрч Г.О-ын мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогч Ш.Б-гийн кенди дансны хуулга /хх-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч О.С- хохирол төлсөн баримт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч О.С- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.С- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүгдэгч О.С- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Ш.Б- нь хохирол, мөнгөө бүрэн төлж барагдуулсан гомдолгүй тухай бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 23 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч О.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.С- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт О-гийн С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.С-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, О.С- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл О.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ