Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 464

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

            улсын яллагч Ц.Отгонсүрэн,

            шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Д-ын О-т холбогдох 1910008550000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Х гол суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 17 дугаар гудамжны 000 тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 7 буудалд нийтийн байранд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х  овогт Д-ын О- /               /,

 

Шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О- нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо Жаргалантын 21 дүгээр гудамжны 000 тоотоос иргэн Д.Ч-ийн “Huawei P-20” загварын гар утсыг нууцаар хууль бусаар хулгайлан 784.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.О-ээс: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

Хохирогч Д.Ч-: “...Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өглөө гэртээ амарч байхад миний гар утас дугараад байхаар нь манай нөхөр Б- утсаа ав гэж намайг сэрээхэд 08 цаг 30 минут болж байсан. ...Тэгэхээр нь авалгүй унтраагаад шалан дээр хажуудаа тавиад унтаад өгсөн. Түүнээс хойш 09 цаг 50 минутын үед манай дүү О- гэрт орж ирээд намайг сэрээж ээж цай уу гэж байна гээд дуудсан. Тэгээд би гар утсаа үзэхэд алга болсон байсан. ...Би тухайн гар утсаа манай ажил дээр лизинг үйлчилгээ ирэхэд 980.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо сард 112.000 төгрөг төлдөг. 12 сарын хугацаатай гэрээ хийж авсан юм. Миний гар утас “Huawei P-20” загварын гар утас байсан. ...Би шинээр нь авч байсан. Одоо би тухайн гар утсаа 980.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

Гэрч Б.П-ын: “...Манай охин Д.О- нь 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн. Охин маань 2 хүүхэдтэй айлын бага охин бөгөөд дээрээ 6 эгчтэй, 4 ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Бага насандаа Дорнод аймгийн Х  гол сумын цэцэрлэгээр хүмүүжиж, Дорнод аймагт нэгдүгээр ангид орсон. Дунд нь хэдэн удаа завсардсан. 2009 онд Шинэ хөгжил сургуульд 9 дүгээр анги төгссөн. 2010 онд Дорнод аймагт Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж фермэрийн хөдөө аж ахуй мэргэжлээр суралцаж 2012 онд төгссөн. 2013 онд 03 дугаар сард том охин нь төрсөн, 2014 онд хүү нь төрсөн. Сая буюу 2019 онд бага хүү нь төрсөн. Одоо охин маань 3 хүүхэдтэй нөхрийн хамт амьдардаг. Нөхөр нь хувиараа барилгын материалын дэлгүүрт туслахаар ажилладаг. Охин маань “Говь” ХК-д оёдолчиноор ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөгөө авсан байгаа. Манай охин Д.О- нь бага байхаасаа эхэлж өөрийгөө авч явсан, нөхрийнхөө боловсрол мэдлэгт их анхаарсан, ухаалаг охин байгаа. Манай охин урд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч О.Г-ын: “...Д.О- гэдэг эмэгтэй манай барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Huawei P-20” загварын  гар утсыг 200.000 төгрөгөөр барьцаалсан байна. 1 сарын дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  32.500 төгрөгөөр сунгаж, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 224.300 төгрөг төлж, гар утсаа буцаан авсан байна. Д.О- нь өөрийн бичиг баримтаар үйлчлүүлсэн байна. Д.О-ээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

-2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0000000 дугаартай “Юнител” ХХКомпаний албан тоот /хх-ийн 20 дугаар хуудас/,

-2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Дамно ХХК-ний 000000 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын сүүлээр өөрийн ээж П-ын гэрт ирсэн. Би ээжийн гэрт 2 хүүхэдтэйгээ 5 хоносон. Би Хан-Уул дүүргийн эмнэлэгт үзүүлсэн байна. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай  ээж намайг Ч-эгчийн гэрт очиход хашаанд нь байсан айл нүүх гээд хашааны хаалга нь онгорхой, байшингийн хаалга нь хаалттай боловч цоожгүй байсан. Тэгэхээр нь би эгчийг унтаж байгаа юм чинь сэрээгээд яахав дээ гэж бодоод гарах гэж байхдаа эгчийн унтаж байсан орны толгой хэсэг гудас доор байсан гар утсыг нь аваад гарсан. Утсыг нь авч гараад гудамжинд унтраасан. Тэгээд би эгчийн гар утсыг ээжийн гэрт аваачиж өөрийн эд зүйл дотроо нуусан. Тэгтэл Ч-эгчийн гэрт хоносон. Урангоо гэдэг манай хамаатны дүү “...Ч-эгчийн гар утас нь алга болсон, цагдаа дуудсан...” гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн ашигладаг 80000000 дугаараа хийж Ч-эгчийн гар  утсыг шалгаж үзээд 19 дүгээр хороололд байдаг Номин нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр тавьсан. Би барьцаалан зээлдүүлэх газраас авсан 200.000 төгрөгөөр тавьсан. Би барьцаалан зээлдүүлэх газраас авсан 200.000 төгрөгөөр жирэмсний эход харуулж, ахуйн хэрэглээнд үрж дуусгасан. Намайг төрөөд 4 хонож байхад цагдаагаас хүн ирээд надаас мэдүүлэг авсан. Би тухайн үед эгчийн гар утсыг авсан гэдгээ хэлсэн. Манай эгч Ч-намайг ээжийн гэрт байхад цагдаатай хамт ирээд би болсон асуудлыг бүгдийг нь үнэнээр хэлсэн. Би 2019 оны 05 дугаар сарын  23-ны өдөр Номин барьцаалан зээлдүүлэх газраас эгчийн гар утсыг 242.100 төгрөгөөр буцааж авч өгсөн. Би жирэмсний эход харуулах гэхэд мөнгө байгаагүй, манай нөхөр ажил хийж байсан боловч хүнд өртэй учраас эход харуулах мөнгө олдохгүй байсан. Хяналтын эмч ургийн гажигийн эход заавал харуулаарай гэхээр нь гажигтай хүүхэд байж магадгүй гэж бодоод айгаад мөнгөний хэрэг гараад л эгчийнхээ гар утсыг авсан юм. Би өөрийнхөө хийсэн үйлдлийг буруу зүйл гэдгийг мэдэж байсан. Би нөхөртөө хэлээгүй. Манай төрсөн эгч Чулуунцэцэгээс өөр хүн мэдээгүй. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. Миний үйлдсэн хэрэгт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө  үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

-“Говь” хувьцаат компаний тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/,

-Боловсролын талаар баримтууд /хх-ийн 57-60 дугаар хуудас/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

                                                                                                                        

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.О- нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 07 дугаар хороо Жаргалантын 21 дүгээр гудамжны 000 тоотоос иргэн Д.Ч-ийн “Huawei P-20” загварын гар утсыг нууцаар хууль бусаар хулгайлан 784.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч Д.Ч- мэдүүлэг/хх-ийн 21-25 дугаар хуудас/, гэрч О.Г-ын  мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00000000 дугаартай “Юнител” ХХКомпаний албан тоот /хх-ийн 20 дугаар хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Дамно ХХК-ний 00000000 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36-37 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 784.000 төгрөг гэж үнэлж тогтоосон нь мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Д.О- нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Д.Ч-т “Huawei P-20” загварын гар утсыг буцаан өгч, хор уршгийг арилгасан бөгөөд хохирогч Д.Ч- нь гомдол, саналгүй байх тул  Д.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 Шүүх, шүүгдэгч Д.О- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буцааж өгсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчид хорих ял оногдуулж, оногдуулсан ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.       

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, энэ хэрэгт  ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.О- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Х  овогт Д-ын О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.О-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Д.О-т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулсугай.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О- нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулж болохыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Д.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ