| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/07856/И |
| Дугаар | 210/МА2026/00546 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00546
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00099 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хамтын гэрээний дагуу олгосон тэтгэмжийн зөрүү 12,561,488 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь Монгол-Оросын ХНН УБТЗ-д тасралтгүй 38 жил 11 сар үүнээс УБТЗ-ын Замын 6-р ангид жолоочоор 31 жил 7 сар ажиллаад 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс өдөр насны тэтгэвэрт гарсан. УБТЗ *******ы хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Тэргүүний төмөр замчин, Төмөр замчны алдраар, ЗТЯ-ны Онц тээвэрчин, Тээврийн цагдаагийн байгууллагаас Осолгүй манай жолооч тэмдгээр шагнаж, УБТЗ-ын Замын 6-р ангийн хөдөлмөрийн аврагаар 3 удаа шалгарч байсан. ******* өөрийн ухамсарт амьдралаа тус нийгэмлэг, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, зам засвар хийх ажилд зориулан тасралтгүй 38 жил ажиллаж 60 нас хүрч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэврээ тогтоолгон гавьяаны амралтандаа суухаар болж УБТЗ-ын Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтанд олгодог тэтгэмжийг хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний 6.4.1-д зааснаар хуульд заасан нөхцөлийг дээрдүүлсэн хөдөлмөрийн хэм хэмжээг ҮЭ-тэй хамтран тогтоож уг заалтын дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгодог. Энэхүү тэтгэмжийг УБТЗ-ын Замын 6-р ангийн захиргаа олгохдоо УБТЗ-ын Зам засварын машинт станцын Үе угсрах баазад жолоочоор ажилласан 7 жил 4 сарыг төмөр замд ажилласан жилд оруулан тооцоогүйгээс *******д олгогдох 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээр тооцон олгосон тушаалыг УБТЗ-ын Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаалыг гаргасан. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцээгүй, ажилтны хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн үзээгүй байх тул хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага УБТЗ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2025 оны 06 сарын 25-ны өдөр гомдлоо гаргаж, комисс 2025 оны 07 сарын 03-ны өдөр хуралдаж, 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 2025/28 дугаар тэмдэглэлийг гаргаж, 2025 оны 08 сарын 08-ны өдөр гардуулсныг хүлээн авч энэхүү гомдлыг гаргаж байна.
УБТЗ-ын Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 167 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн. ******* УБТЗ-ын Зам засварын машинт станцын үе угсрах баазын жолоочоор ажиллаж байгаад Замын 6-р ангид шилжин ажиллах болсон. ******* Улаанбаатар төмөр замд тасралтгүй 38 жил 11 ажилласан бөгөөд түүний ажилласан хугацаа 1 сараар ч тасраагүй байдаг. Ажил олгогч УБТЗ-ын Зам засварын машинт станцын даргын 1998 оны 218 дугаар тушаалаар *******ыг байгууллагын эд хөрөнгөнөөс хулгайлсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан тушаал байгаа тул өмнө ажилласан 7 жилийг оруулж тооцохгүй гэж тайлбарладаг. ******* нь хулгай хийх гэмт үйлдлийг үйлдэж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг гагцхүү шүүхээр тогтоодог байтал *******д 38 жил тасралтгүй ажилласан ажил олгогч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр *******ы хөдөлмөр бүтээмжийг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний 6.4.1-т зааснаар дутуу олгогдсон 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн зөрүү 12,561,488 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 1986 оны 07 сарын 24-ний өдрийн 307/А тушаалаар УБТЗ-ын Зам засварын машинт станцын Салхитын үе угсрах баазад жолоочоор ажилд ороод 1993 оны 10 сарын 25-ны өдрийн 218 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг үндэслэн захиргааны санаачилгаар ...байгууллагын эд хөрөнгөөс хулгайлсан үндэслэлээр ажлаас нь халсан. Улмаар 1993 оны 11 сарын 13-ны өдрийн Б/206 дугаар тушаалаар УБТЗ-ын Замын 6 дугаар ангийн засварын газарт жолоочоор ажилд орсон бөгөөд Замын 6-р ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь заалтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тухайн тушаалыг гаргахад ажилтны ажилд орсон гарсан тушаалыг бүрэн судлаагүй, алдаа гарсан тул Замын 6-р ангийн даргын 2025 оны 06 сарын 25-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар уг тушаалыг хүчингүй болгосон. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа тогтвортой ажилласны нэмэгдэл 3 сая төгрөг, нийгэмлэгт 31 жил 6 сар 18 хоног ажилласан гэж тооцон хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээний 6.4.1-д зааснаар 14 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 43,965,209.29 төгрөгийг тус тус олгосон.
Замын даргын 2023 оны 07 сарын 03-ны өдрийн А/633 дугаар тушаалаар батлагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам-ын 4.1.3-т Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол ...тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцохоор, мөн Замын даргын 2023 оны 06 сарын 15-ны өдрийн А/579 дугаар тушаалаар батлагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам-ын 3.1.3-т Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон... бол нийгэмлэгт ажилласан хугацаанд тооцохгүй нөхцөлд хамаарах тул дээрх журмуудын заалтын дагуу Зам засварын машинт станцад ажилласан 7 жил 4 сарыг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт заасны дагуу Хамтын гэрээний заалтын дагуу тэтгэмжийг олгосон бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй. Тухайн үед УБТЗ-ын Зам засварын машинт станцын даргын 1993 оны 10 сарын 25-ны өдрийн 218 дугаар тушаалд ажилтан өөрөө гомдол гаргаагүй тушаал нэгэнт хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 12,561,488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******ээс 215,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь УБТЗ-ын Зам засварын машинт станцын үе угсрах баазад жолоочоор ажиллаж байгаад Замын 6-р ангид шилжин ажилласан тул нийт ажилласан жил 38 жилд 2024- 2025 оны Хамтын гэрээний 6.4-т заасан тэтгэмжийг олгохдоо буруу тооцон олгож зөрүү 4 сарын тэтгэмж дутуу олгосон.
Нэхэмжлэгч *******ы 1986 оны 08 сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд УБТЗ-ын Салхитын үе угсрах баазад жолоочоор 7 жил 3 cap ажилласан хугацааг үгүйсгэх үндэслэл болохгүй тул гэж дүгнэхдээ хэргийг бүхэлд нь хянасангүй. УБТЗ ХНН ажилтнууддаа дээрх журмыг үндэслэн тасралтгүй ажилласны урамшууллыг үндсэн цалин дээр нэмж тооцон олгодог тул ажилтнуудын эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл бүхий журам биш юм. Тиймдээ ч ажил олгогч тал *******д тасралтгүй ажилласны нэмэгдлийг 31 жил 6 cap 18 хоногоор тооцон 3,000,000 төгрөгөөр олгосон байдаг бөгөөд уг нөхцөлийг ажилтан өөрөө хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүйг шүүх анзаарсангүй. Хэрэв 38 жил тасралтгүй ажилласан гэж тооцвол 3,500,000 төгрөг олгох ёстой байсан.
УБТЗ-ын Зам засварын машинт станцын даргын 1993 оны 10 сарын 25-ны өдрийн 218 дугаар Захиргааны санаачилгаар ажлаас халах тухай тушаалд ажилтан өөрөө тухайн үед шүүхэд гомдол шаардлага гаргаагүй тушаал нэгэнт хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан.
Замын даргын 2023 оны А/633 дугаар тушаалаар батлагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам-ын 4.1.3-т зааснаар Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол ... тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцохоор мөн Замын даргын 2023 оны А/579 дугаар тушаалаар батлагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам-ын 3.1.3-т Нийгэмлэгийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн, мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон... бол нийгэмлэгт ажилласан хугацаанд тооцохгүй мөн журмын 3.2-т Энэхүү журмын 3.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан ажилтан Нийгэмлэгт дахин ажилд орсон тохиолдолд ажилласан жилийг шинээр эхлэн тоолно гэх нөхцөлд хамаарах тул дээрх журмуудын заалтын дагуу Зам засварын машинт станцад ажилласан 7 жил 4 сарыг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д холбогдуулан гомдол гаргасан. Төмөр замын тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйл болон Хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын гэрээний 6.4-т тус тус заасны дагуу дотоодод мөрдөгддөг журамд ажилтны эрхийг дордуулан заасан нөхцөлүүд байхгүй. Өөрөөр хэлбэл, Төмөр замын тээврийн тухай хуульд ажилласан жилээс нь хамаарч ажилтанд тэтгэмж олгох талаар мөн хамтын гэрээнд төмөр замд ажилласан жилд хамааруулж тэтгэмж олгох талаар тус тус зохицуулсан. Хариуцагчийн тал 38 жил 11 сарын хугацаанд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ажилласантай маргахгүй хэр нь түүний 7 жил 3 сарын ажилласан жилийг хасаж тооцно гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг хэрхэн эрэмбэлэн хэрэглэх, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжтой зөрчилдсөн, дотоод хэм хэмжээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай мөн хуулийн 12 дугаар зүйлийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч тал 31 жил, 6 сарын хугацааг хүлээн зөвшөөрч байгаа атлаа нь давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Уг асуудлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед мэтгэлцээгүй буюу энэ талаар хэлэлцэгдээгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй үйл баримт гэж үзэн шүүхээс дүгнэлт хийгээгүй нь үндэслэлтэй. Хариуцагч тал Замын даргын тушаалаар батлагдсан дотоод журмуудыг үндэслэн маргаж байгаа нь үндэслэлгүй. Тус журмууд нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжуудад нийцсэн байх шаардлагатай. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан дутуу олгосон 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 12,561,488 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлдээ ...байгууллагад тасралтгүй 38 жил 11 сар ажилласан тул хамтын гэрээнд заасны дагуу 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ажил олгогчийн 1993 оны 10 сарын 25-ны өдрийн 218 дугаар тушаалаар ******* байгууллагын эд хөрөнгө хулгайлсан үндэслэлээр ажлаас халагдаж байсан тул ажилласан хугацаа тасалдсан, тиймээс үүнээс өмнөх хугацааг тасралтгүй ажилласан хугацаанд оруулахгүй, 14 сараар тооцож тэтгэмж олгосон нь зөв гэж маргасан.
4. Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх журмыг нэхэмжлэгч биелүүлсэн байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
5. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь Улаанбаатар төмөр замын зам засварын машин станцын даргын 1986 оны 07 сарын 24-ний өдрийн 307/А дугаартай тушаалаар Салхитын үе угсрах баазад жолоочоор томилогдон ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул Улаанбаатар төмөр замын зургаа дугаар ангийн даргын 2025 оны 05 сарын 28-ны өдрийн Б/133 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 06 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх-29-32/
Дээрх хугацаанд буюу Улаанбаатар төмөр замын Зам засварын машинт станцын даргын 1993 оны 10 сарын 25-ны өдрийн 218 дугаартай тушаалаар *******ыг байгууллагын эд хөрөнгөөс хулгайлсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан боловч Улаанбаатар төмөр замын Замын зургаа дугаар ангийн даргын 1993 оны 11 сарын 13-ны өдрийн Б/206 дугаартай тушаалаар зам засварын машинт станцаас шилжиж ирсэн үндэслэлээр засварын газарт автомашины жолоочоор эгүүлэн томилсон байна. /хх-27-28/
6. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон ба нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 1986 оны 08 сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 сарын 25-ны өдөр, 1993 оны 11 сарын 13-наас 2025 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл нийт 38 жил 11 сар ажилласан талаар талууд маргаагүй.
7. Талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2025 оны 06 сарын 01-ний өдөр дуусгавар болж Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан тэтгэмж авах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тухайн байгууллагад ажилласан жилээс нь хамааран тэтгэмжийн хэмжээг өөрөөр тогтоосон бөгөөд мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно гэж, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам болон МТЗ-ЧД-ын ҮЭ-ийн холбооны 2024-2025 оны хамтын гэрээний 6.4-т УБТЗ-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажилтны хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол УБТЗ-д ажилласан дор дурдсан хугацааг харгалзан 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно ...6.4.1-т ...35 ба түүнээс дээш жилд арван найман сар гэжээ.
9. Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээний дээрх зохицуулалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, ажилтны хүсэлтээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол тухайн байгууллагад ажилласан жилээс нь хамааран тэтгэмжийг олгохоор, 35 ба түүнээс дээш жил ажилласан тохиолдолд 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгохоор заасан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан хугацаа тасалдсан гэж үзэж 1993 оны 11 сарын 13-ны өдрөөс шинээр тоолон 14 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь буруу байна.
Тиймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах эрх үүссэн гэж дүгнэж, тэтгэмжийн зөрүү болох 12,561,488 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
10. Харин анхан шатны шүүх хариуцагч байгууллагад мөрдөгдөж буй Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам-ын зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж дүгнэснийг залруулна.
11. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудын үйлчлэх эрэмбийг тогтоож өгсөн бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэжээ.
Тиймээс энэ тохиолдолд ажилласан жилээс нь хамааран тэтгэмжийг олгохоор заасан хамтын гэрээний заалтыг баримтлах нь ажилтны эрх ашигт илүү нийцэх бөгөөд энэ нь хариуцагч байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тасралтгүй ажилласан хугацаатай холбоотой харилцааг зохицуулсан Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд-д тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам-ын 4.1.3-т Нийгэмлэгчийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн ...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон бол ...тасралтгүй ажилласан хугацааг тасарсанд тооцохоор, мөн Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын ажилтан өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж олгох ажилласан хугацааг тооцох журам-ын 3.1.3-т Нийгэмлэгчийн болон бусдын өмч, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан, хувьдаа завшсан, хулгай хийсэн ...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон ...бол нийгэмлэгт ажилласан хугацаанд тооцохгүй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.
12. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,934 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН