Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 467

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч А.С-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт А-гийн С-т холбогдох 18100288700000 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ВВ ресторонд зохион байгуулагч ажилтай, ам бүл 3, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Б  овогт А-гийн С-, /                        /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.С-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Гэрэлт хотхон”-ны 47Е байрны 00 тоотод эхнэр Н.Б-г түлхэх, өшиглөх, алгадах зэргээр зодож хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.С-аас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

        Хохирогч Н.Б-гийн: “...Би сэртэл манай нөхөр хажууд хэл амаар доромжлоод хэвтэж байсан. Тэгэхээр би босоод хувцсаа өмсөөд хүүхдийн хувцсаа янзлаад байж байхад С- намайг гараараа түлхэхэд нь би хамраараа хүүхдийн ванн мөргөж унахад босч ирж намайг дээрээс өшиглөөд байсан. Тэр үед ах Г , эгч Ц  нар өрөөнд орж ирж С-ыг салгаад газар дараад хэвтүүлчихсэн байхад нь намайг эгч дагуулаад хажуу өрөө рүү орсон. Би цааш ариун цэврийн өрөө ороод ээж рүүгээ залгаад авахгүй болохоор нь бага ах С  руу залгаж хэлсэн. Энэ хооронд С-ыг салгаад ах Г  дагуулаад гарсан. Удалгүй ах ганцаараа гэртээ орж ирсэн. 18 цаг өнгөрч байхад С- над руу залгаад намайг доромжлоод байсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад манай аав Нэргүй, ээж Ариунжаргал нар ирж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Гэрч А.А-ын: “...манай охин Б   юмаа боочихсон ил харагдах байдал нь хамар хавдчихсан, улайчихсан, хөх туяа гүйчихсэн баруун тал руугаа муруй юм шиг харагдсан. Мөн баруун гарны булчин, шилбэ нь нилээн том хөхөрчихсөн байсан. Өөр зүйлийг бол би сайн мэдэхгүй байна. Би охиноосоо асуухад “...сууж байхад түлхэж унагаагаад дээрээс нь хөлөөрөө өшиглөөд байж байхад ах орж ирээд тэврээд дараад хэвтүүлэхэд, эгч нь хажуу өрөө рүү нь дагуулж оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ж.Н-н: “...баруун гар нь нэлэнхийдээ хөхөрчихсөн, хамар нь хавдчихсан хөх туяа гүйчихсэн бие нь бүхэлдээ хөндүүр байна гэж манай охин ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Гэрч Н.С гийн: “...утсаа автал Б   уйлчихсан ахаа намайг ирээд аваач С- зодоод байна гэхээр нь би “...ах нь одоо очлоо гэж хэлээд утсаа салгаад...” босч ээж аав хоёр дээр очоод ээжийг дуудаад Болороо уйлаад С- зодоод байна гэж хэлсэн чинь ээж утсаа аваад залгасан. Хамар нь хавдчихсан улайчихсан байсан. Би өөр зүйл ажиглаагүй...” гэх  мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Гэрч Ш.Б-ийн: “...С- нь Б  г нэг удаа баруун хацар дээр нь алгадсан. Зүүн гарын далан дээр нь 5 хурууны ормоор улайчихсан мөр байсан. Салгах явцад С- нь гараараа зуурчихсан байсан болохоор гар нь хөхөрсөн байх. Хамар нь болохоор ванн мөргөж унасан. Намайг ороход хөхнийх нь хажууд улайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/;

            Гэрч Э.Г ын “...Нэг мэдэхэд манай эхнэр БолорЦ  намайг дуудахаар нь сэрэхэд хоорондоо хэрэлдэж байхаар нь С-ыг барьж аваад доош нь унагаагаад дарсан. Б   хэл амаар доромжлоод дайрахад Б   хүүхдийнхээ ванныг мөргөхөөр нь Б  г цааш нь ор, С-ыг яв хувцсаа өмс гэж хэлээд дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/;

 

      Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №000 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд                          Шүүгдэгч А.С-нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Б  гийн биед учирсан гэмтлийг үүсгэсэн. Би баруун гараараа зүүн нүд, хамар луу нь алгадсан. Намайг түлхэж Б  г унахад хөлөндөө гэмтэл авсан байх гэж бодож байна. Харин гаранд үүссэн гэмтлийг бол би ноцолдож байхдаа гарнаас татаж чангааж байхдаа үүсгэсэн гэж би бодож байна. Би яг тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/;

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59,61 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/

-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 62 дугаар хуудас/

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж А.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

   Шүүгдэгч А.С-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Гэрэлт хотхон”-ны 47Е байрны 00 тоотод эхнэр Н.Б-г түлхэх, өшиглөх, алгадах зэргээр зодож хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,хохирогч Н.Б-гийн мэдүүлэг/хх-ийн 8-11/, гэрч А.А-ын мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч Ж.Н-н мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Н.С гийн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Ш.-ийн мэдүүлэг /х-ийн 20 дугаар хуудас/, гэрч Э.Г ын мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №000 дугаартай

  1. Н.Б-гийн биед хамрын нуруу, зүүн нүдний гадна булан, баруун бугалга, зүүн шуу, баруун гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

       Энэ хэргийн шүүгдэгч А.С-нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 00 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

   Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч А.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч А.С-аас хохирогч Н.Б- нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-ийн 74 дүгээр хуудас/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.С-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Б  овогт А-гийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.С-т мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.С-нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ