Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00550

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/00622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 19,517,216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23-336 дугаартай зээлийн гэрээгээр *******-д 6,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. ******* зээлийн гэрээний дагуу 2023 оны 07 сарын 24-ний өдөр өөрийн *******ны ******* тоот данснаас зээлдэгчийн *******ны ******* тоот данс руу 6,000 ам.долларыг шилжүүлэн өгсөн ба ингэхдээ тухайн өдрийн ханшаар 20,682,000 төгрөг болж байсан. Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 6,000 ам.доллар, сарын 4 хувийн хүүг 3 сарын хугацаанд тооцвол 720 ам.доллар болох ба үндсэн төлбөрийн хамт хамт нийт 6,720 ам.доллар төлөх үүрэгтэй юм. Үүнийг нэхэмжлэл гаргаж буй 2025 оны 05 сарын 12-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 3,572.37 төгрөгөөр тооцоход 24,006,326 төгрөг болж байна. Зээлдэгч нь дээрх төлбөрөөс 3,400,000 төгрөгийг төлсөн ба одоо үлдэгдэл нь 20,606,326 төгрөг байх тул зээлийн гэрээний үүрэгт 20,606,326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь дээрх шаардлагын зарим хэсэг болох 19,517,216 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг үндэслэлгүй талаарх тайлбарыг гаргажээ.

Иймд хариуцагч *******-ийн хүлээн зөвшөөрч байгаа 19,517,216 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх хэсэг болох 1,089,110 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

*******тай 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23-336 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 6,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтад зээлийн хүү болоод үндсэн зээлийн төлбөрийг баталгаажуулсан ба гэрээний 1.3-т зээлдэгч нь зээлдүүлэгчийн *******ны /*******/ тоот дансанд үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хавсралт 1 хуваарийн дагуу шилжүүлнэ. /*******ны хаалтын ам.долларын авах ханшаар тооцно/ гэж заасан.

Гэрээний 1.3-т заасны дагуу *******ны хаалтын ам.долларын бэлэн бус авах ханш нь 2025 оны 05 сарын 12-ны өдөр 3,563 төгрөг байна. Зээлийн гэрээний нийт төлбөр болох 6,432 ам.долларыг 2025 оны 05 сарын 12-ны өдрийн *******ны хаалтын ам.долларын бэлэн бус зарах ханш нь 3,563 төгрөгөөр тооцвол гэрээний төлбөрт нийт 22,917,216 төгрөг байна. Үүнээс ******* нь 3,400,000 төгрөгийг *******ын *******ны ******* тоот данс руу шилжүүлсэн бөгөөд гэрээний төлбөрт 19,517,216 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хүү болоод үндсэн төлбөрт 6,720 ам.долларыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ам.долларын ханшийг Монгол банкны ханшаар тооцож 20,606,326 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 19,517,216 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 255,536 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг давхар зөрчсөн. Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч *******-ийн хүсэлтээр өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч ******* оролцож байсан бөгөөд 2025 оны 12 сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 сарын 17-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Солонгос улсад зорчиж, өөрийн хүү *******д нүдний эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул товлосон хугацаанд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байсан.

Гэвч өмгөөлөгчийн сонгосон буюу эрхэлж буй ажил, мэргэшлийн онцлог тус үйл явдалтай давхцаж хувийн шалтгааныг харгалзан үзэлгүй, биечлэн оролцох нөхцөл боломжийг хангаж өгөөгүйн улмаас үйлчлүүлэгчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрх давхар зөрчигдсөн. Энэхүү шалтгааныг харгалзан хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх үүднээс үйлчлүүлэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж өгнө үү.

...******* нь нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулахдаа ам.доллароор тодорхойлсон боловч төгрөгөөр шилжүүлж байсан. Холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй хуулиар хориглосон тохиолдолд гадаад валютаар үнийг тогтоож, түүнийгээ сурталчилж, нэр бүхий иргэдэд худалдсан, шилжүүлсэн зөрчил гаргасан бол түүндээ хуулийн хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аливаа хөрөнгийн үнэ, зээлийн төлбөр тооцооны асуудлыг гадаад валют буюу ам.доллароор илэрхийлэх, түүгээрээ төлбөр мөнгийг шилжүүлж болохгүй.

Үүнээс үзвэл талуудын зээлийн гэх тодотголтой байгуулсан гэрээний ам.доллароор илэрхийлж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна. Тиймээс 2023 оны 07 сарын 24-ний өдөр ******* дахь *******ын эзэмшлийн ******* тоот данснаас шилжүүлсэн 6,000 доллар хэмээн илэрхийлсэн буюу 20,682,000 төгрөгийг 2025 оны 05 сарын 12-ны өдрийн ханшаар тооцож нэхэмжилсэн нь тус тус үндэслэлгүй.

Хүүгийн хэмжээ хэт өндөр тогтоосон.

******* нэхэмжлэлд дурдахдаа ...6,000 ам.доллар, сарын 4 хувийн хүүг 3 сарын хугацаанд тооцвол 720 ам.доллар болох ба үндсэн төлбөрийн хамт нийт 6,720 ам.доллар төлөх үүрэгтэй юм. Үүнийг нэхэмжлэл гаргаж буй 2025 оны 05 сарын 12-ны өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 3,572.37 төгрөгөөр тооцоход 24,006,326 төгрөг болж байна. Зээлдэгч нь дээрх төлбөрөөс 3,400,000 төгрөгийг төлсөн ба одоо үүнээс үлдэгдэл нь 20,606,326 төгрөг байна. гэж тодорхойлсон. Гэвч үүнийг тухайн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн шилжүүлсэн төгрөг бодох ёстой. Мөн зах зээлийн ханшаас өндөр хүү тогтоогдсон.

*******ны нээлттэй мэдээллээр төгрөгийн хүү 3 сарын 9,20% буюу сарын 0.77%-р тогтоосон. 2023 оны 07 сарын 24-ний өдөр 20,682,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23-336 дугаартай гэрээний нэгдүгээр хавсралтад бодогдсон аргачлалын дагуу төгрөгөөр тооцон үзвэл татварын дараах төлөлтөөр төгрөгийн сарын хүү 0.77 хувь, үндсэн төлбөр 20,606,326 төгрөг, хүү 473,945 төгрөг, суутгасан татвар 47,395 төгрөг, татварын дараах төлөлт 21,032,877 төгрөг, иймд 21,032,877 төгрөг төлөхөөр байна. Үндсэн төлөлтөөс 3,400,000 төгрөг, хүү 747,252 төгрөг, үлдэх дүн 16,885,625 төгрөг байна. 2024 оны 03 сарын 19, мөн оны 04 сарын 03-ны өдрүүдэд нийт 3,400,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хасаж тооцсон. Гэтэл ******* нь зээлийн хүүгийн төлбөрөөс 2023 оны 08 сарын 30-ны өдөр 374,220 төгрөг мөн оны 09 сарын 29-ний өдөр 373,032 төгрөгийг ...№23-336... гэх утгаар буцаан шилжүүлсэн. Энэ тухай шүүхийн шийдвэрийн 4 дэх хуудас, үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт дурдаж тодорхойлсон боловч ******* дахь *******ын эзэмшлийн ******* тоот данс руу 2023 оны 08 сарын 30-ны өдөр 374,220 төгрөг, мөн тоот данс руу 2023 оны 09 сарын 29-ний өдрийн 373,032 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга буюу нотлох баримтыг зохих ёсоор үнэлэлгүй нийт 747,252 төгрөгийг хасаж шийдвэрлээгүй байна. Өөрөөр хэлбэл 4,147,252 төгрөг төлөгдсөн буюу 21,032,877-3,400,000-747,252 төгрөг=16,885,625 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Гэвч ам.доллароор илэрхийлж хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20,606,326 төгрөгөөс 3,400,000 төгрөг болон 747,252 төгрөгийн төлөлтүүдийг тус бүр хасаж 16,459,074 төгрөг төлөхөөр байна. Түүнчлэн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн 23-336 дугаартай гэрээнээс cap гаруй хугацааны дараа 2023 оны 09 сарын 08-ны өдөр 13,892,000 төгрөгийг *******-s $4,000 zeel гэх утгаар шилжүүлсэн бөгөөд уг гүйлгээг *******-аас 10 сарын 24-ний өдөр 13,768,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. Тодруулбал, *******ын эхний гэрээтэй холбогдох мөнгөн хөрөнгийг *******-ийн хувьцаа эзэмшигч ******* хууль бус аргаар шилжүүлэн авч, залилан мэхэлсэн бөгөөд 10 сарын 24-ний өдөр буцаан шилжүүлсэн нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотойгоор 2 дахь гэрээг цуцалсан. Энэхүү мөнгөн гүйлгээг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт тодорхойлсон боловч шаардлагатай нотлох баримтын хэмжээнд үнэлэгдээгүй.

Нэхэмжлэгч *******ын шилжүүлсэн 20,606,326 төгрөг буюу төлбөл зохих 16,885,625 төгрөг нь XAUUSD (алт-ам.долларын хослол)-ийн арилжаанд оролцох зорилгоор шилжүүлсэн. Гэвч ******* нь *******ын тус хөрөнгөөс гадна *******-ийн бүх хөрөнгийг залилан мэхэлж Америкийн Нэгдсэн улс руу зугтаасан.

*******-ийн хувьцаа эзэмшигч *******ын үйлдэлд холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гарган, нэн даруй мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр хууль сахиулах байгууллагад хандсан болно. Учир нь уг этгээд нь санхүү, хөрөнгө оруулалтын салбарт мэргэжлийн өндөр мэдлэг, туршлагатай бөгөөд энэ мэдлэгээ ашиглан бусдын итгэлийг олж авах, санхүүгийн механизм, арилжааны загвар танилцуулах замаар хөрөнгө оруулагчийг төөрөгдүүлсэн хууль бус үйлдэл гаргасан. Үүний үр дүнд манай компани болон нэхэмжлэгч ******* буюу нийт 72 хөрөнгө оруулагч иргэдийн мөнгийг хууль бус аргаар өөрийн мэдэлд авч, нийт 6,800,000 ам.долларын их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Уг хохиролд нэхэмжлэгч *******ын оруулсан хөрөнгө оруулалт багтаж байгаа бөгөөд бидэнд учирсан 6,800,000 ам.долларын их хэмжээний хохиролд холбогдуулан цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно.

Иймд нэхэмжлэлтэй шууд холбогдох хөрөнгийг ******* залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас эрүүгийн журмаар шалгаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт ...65.1.8...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан.

Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийг биечлэн оролцох нөхцөл боломжоор хангаж өгөөгүйн улмаас үйлчлүүлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхол давхар зөрчигдсөн. Мөнгө, төлбөрийн харилцааг төгрөгөөр тооцоогүйн зэрэгцээ ам.доллароор тооцсон хүүг хамт хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэлтэй. Хүүгийн хэмжээ хэт өндрөөр тогтоогдсон атал нэг талд ашигтайгаар шийдвэрлэж зарим нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй орхигдуулсан.

*******ын арилжаанд зориулж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг ******* залилан мэхэлж гадаад улсад оргон зайлсан нөхцөлийг харгалзан эрүүгийн журмаар хянан шийдвэрлэж дуусах хүртэл хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.5-т тус тус заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцдог байсан бөгөөд ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгтэй танилцах, өмгөөлүүлэх боломжит хугацаа нөхцөлөөр хангалттай хангагдсан бөгөөд энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Сүүлд Солонгос улс руу явсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд дахин дээрх агуулга бүхий хүсэлт ирсэн боловч хэзээ Монгол улс руу буцаж ирэх, хэзээ шүүх хуралдааныг зарлан хуралдуулах боломжтой талаарх тодорхойгүй хүсэлт ирсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй.

Зохигчид гэрээг ам.доллароор хийсэн бөгөөд зээлдэгч нь ам.долларын данс байхгүй шалтгаанаар төгрөгийн дансандаа тухайн өдрийн ханшаар хөрвүүлэн хүлээн авсан байдаг. Иймд зээлдэгч төлбөрийг төлөхдөө ам.доллароор эсхүл тухайн үеийн ханшаар хөрвүүлэн төлөх үүрэгтэй юм. Нэхэмжлэл гаргасан өдрийн ханш болох 3,572 төгрөгөөр тооцоход 24.006.326 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан ба уг төлбөрөөс 3,400,000 төгрөгийг төлсөн тул 20,606,326 төгрөгийг шаардсан. Гэвч хариуцагч дээрх нэхэмжилсэн төлбөрөөс 19,517,216 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргаж шүүхэд ирүүлсэн тул уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн өмгөөлөгчийн гомдлын хоёр дахь хэсэгт дурдсан мөнгөн гүйлгээ төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэнэ, гэрээ хүчин төгөлдөр бус гэх агуулга бүхий маргааныг хариуцагч талаас анхан шатны шүүхэд гаргаж байгаагүй.

Хүүгийн хэмжээг хэт өндөр тогтоосон талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь энэ талаар хариуцагч огт маргаагүй бөгөөд харин ч хариуцагчийн тооцооллоос илүү өндөр төлбөр төлөх тооцооллыг гаргадаг. Мөн хариуцагчийн Монгол банкны бус харин *******ны ханшаар тооцсоны улмаас зөрүү гарсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч шаардлагаа хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнд нийцүүлэн бууруулсан. 3,400,000 төгрөгийн төлөлт хийгдсэн талаар талууд маргаангүй. Уг төлөлтөөс бусад төлөлт нь уг зээлийн маргаанд хамааралгүй бөгөөд урьд өмнө нь байсан зээлийн харилцаатай холбоотой гүйлгээ тул өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх гомдол үндэслэлгүй. Зээлдэгчээс авсан мөнгөө зээлдэгч нь хөрөнгө оруулах, арилжаанд оруулах өсгөх зэргээр хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн өөрийн эрхийн асуудал тул зээлийн мөнгөн хөрөнгийг анхнаасаа арилжаанд оролцох зорилгоор шилжүүлсэн гэх гомдол үндэслэлгүй бөгөөд ийм утга агуулга бүхий татгалзлыг хариуцагч гаргаагүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн дансны гүйлгээ, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлт болон шүүхэд гаргасан хариу тайлбараас харахад хариуцагч нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал дээр маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлдэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын хоорондын маргаан тэдгээрийн эрүү хэрэг үүссэн эсэх нь уг иргэний хэрэг маргаанд хамааралгүй.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт анх 20,606,326 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 19,517,216 төгрөг шаарджээ.

 

3. Хариуцагч татгалзал, тайлбартаа зээлийн гэрээний нийт төлбөр болох 6,432 ам.долларыг 2025 оны 05 сарын 12-ны өдрийн *******ны хаалтын ам.долларын бэлэн бус зарах ханш 3,563 төгрөгөөр тооцож, хариуцагчаас төлсөн төлбөрийг хасаж тооцвол гэрээний төлбөрт 19,517,216 төгрөгийн үлдэгдэлтэй, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хүү болоод үндсэн төлбөрт 6,720 ам.долларыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ам.долларын ханшийг Монгол банкны ханшаар тооцож 20,606,326 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2023 оны 07 сарын 24-ний өдөр 23-336 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 6,000 ам.долларыг 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болон зээлийн хүүг тохирсон хуваарийн дагуу буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* нь дээрх зээлийн гэрээний дагуу ******* дахь ******* тоот данснаас 2023 оны 07 сарын 24-ний өдөр 20,682,000 төгрөгийг ...*******-s $6,000 zeel... гэсэн гүйлгээний утгаар *******-ийн эзэмшлийн ******* дахь ******* тоот данс руу шилжүүлсэн байна.

 

5. Нэг талаас мөнгөн хөрөнгө шилжүүлэх, нөгөө талаас мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгийг шилжүүлсэн байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

6. Зохигч зээлийн гэрээгээр хүү тогтоож, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

7. Гэрээг ам.доллароор байгуулсан боловч зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг төгрөгөөр шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 20,682,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Тиймээс зээлийн гэрээг ам.доллароор байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

 

8. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчийн хариу тайлбарт дурдсаны дагуу 19,517,216 төгрөгөөр тооцож шаардсан тул уг хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ гэж дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

10. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 24-ний өдөр 20,682,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хэдийгээр гэрээг ам.доллароор байгуулсан боловч зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг төгрөгөөр шилжүүлсэн тул гэрээг төгрөгөөр байгуулсан гэж үзэж 20,682,000 төгрөгөөс зээлийн хүү тооцно.

Зээлийн гэрээний Хавсралт №1 гэх баримтаас үзэхэд талууд эхний 2 сар буюу 2023 оны 08, 09 дүгээр сарын хүү 2 хувь, харин 3 дахь сар буюу 2023 оны 10 дугаар сард 4 хувийн хүү тооцохоор тохиролцсон байх тул давж заалдах шатны шүүхээс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт дурдагдсан хүүгээр зээлийн хүүг тооцох нь зүйтэй гэж үзлээ. /хх-6-9/

Ийнхүү тооцоход хүүгийн төлбөр 1,654,560 /413,640*2+827,280/ төгрөг болох ба хариуцагч нийт 22,336,560 /20,682,000+1,654,560/ төгрөг төлөхөөс 2023 оны 08 сарын 30-ны өдөр 374,220 төгрөг, мөн оны 09 сарын 29-ний өдөр 373,032 төгрөг, 2024 оны 03 сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөг, мөн оны 04 сарын 03-ны өдөр 1,900,000 төгрөг нийт 4,147,252 төгрөгийг буцаан төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэ хэмжээгээр зээлийн төлбөрөөс хасаж тооцвол 18,189,308 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Иймд хариуцагч *******-аас 18,189,308 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

 

11. Нэхэмжлэгчээс 2023 оны 09 сарын 08-ны өдөр 13,892,000 төгрөгийг *******-s $4,000 zeel гэсэн гүйлгээний утгаар шилжүүлснийг *******-аас 2023 оны 10 сарын 24-ний өдөр 13,768,000 төгрөгийг 23-411 zeeliin undsen dun ergen tuluv гэсэн утгаар буцаан шилжүүлснээс үзэхэд дээрх гүйлгээ нь 23-336 дугаартай гэрээнд хамааралгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

12. Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2026 оны 01 сарын 06-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтэд дурдсан шалтгаанаа нотлох баримтыг бүрэн гүйцэд, мөн шаардлага хангахуйц хэлбэрээр ирүүлээгүй, өмнө нь нислэгийн тийз захиалсан байсан, цаашид гадаад улсад зорчих шаардлага үүсэж болзошгүй талаараа шүүхэд боломжит хугацааны өмнө мэдэгдэж, шаардлагатай бол шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтээ илэрхийлэх зэргээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 34 дүгээр зүйлийн 34.4.5, 34.4.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйтэй холбоотойгоор анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

13. Хариуцагч тал нь давж заалдах гомдолдоо зээлийн хүүгийн хэмжээг хэт өндөр тогтоосон гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үед энэ талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй асуудлаар дүгнэлт хийхгүй тул зээлийн хүүгийн хэмжээг хэт өндөр тогтоосон гэх агуулгаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

14. Хариуцагч талын гаргасан эрүүгийн журмаар өөр хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэл тус зээлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байсан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргаанд тухайн компанийн хувьцаа эзэмшигч *******ын компанийн хөрөнгийг завшсан гэх үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлд хамаарахгүй.

 

15. Иймд хариуцагч *******-аас зээлийн гэрээний үүрэгт 18,189,308 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,327,908 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/00622 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 18,189,308 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,327,908 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 255,536 гэснийг 248,896 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН