| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0298/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/321 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Хохирогч Г.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралд аанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бхолбогдох эрүүгийн 1938006420370 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тээврийн товчооны ард талын хатуу хучилтай зам дээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Huyndai Grandeur маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн ард сууж явсан Г.Ббиед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тээврийн товчооны ард талын хатуу хучилтай зам дээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Huyndai Grandeur маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-р зүйлийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн ард сууж явсан Г.Ббиед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006420370 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Мөрөн сумын хот хоорондын товчооны хашаан дотроос гараад хатуу хучилттай төв зам руу нийлэх гэтэл ертөнцийн зүгээр баруун талд буюу зүүн гар талд машин баруунаас зүүн зүгт чиглэлтэй зогссон, үзэгдэх орчин харагдахгүй байсан юм. Тэгэхээр нь би тэр машины хажуугаар машиныхаа хамрыг гаргаад мотоцикль ирж явах үед зогссон. Тэгтэл нөгөө мотоцикльтой хүн миний урдаас хүрч ирээд мөргөөд хөндөлдөөд унасан...Тэгтэл тэр мотоциклийн жолооч ахыг би цагдаа дууд гэхэд намайг хоорондоо тохирьё гэж Г.Б болон мотоциклийн жолооч нар надад хэлсэн. Би Г.Бгээс чи зүгээр үү гэхэд зүгээр гэж байсан. Би Г.Бг машинаар эмнэлэгт хүргэж өгсөн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/,
Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/,
Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
Хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би энэ хэргийн улмаас бэртэж гэмтээд нийт 5.417.000 төгрөгний зардлыг өөрөөсөө гаргаж эмчилгээ хийлгэж, замын зардалд зарцуулсан. Надад учирсан энэхүү зардлыг би нэхэмжилж байна. Бас би өвчтэй байх хугацаандаа сард дундажаар 500.000-700.000 төгрөгний ажил хийж чадах байсан тул өвчтэй байсан өдрүүдийн цалинг нэхэмжилж байна. Би нэг жил ажил хийж чадахгүй тул тэр хугацааны цалинг нэхэмжилж байна. Би урьд өмнө нь зам тээврийн осолд орж гэмтэж, бэртэж байгаагүй. Миний нуруу өвддөггүй байсан. Би нуруундаа гэмтэл авч байгаагүй. Төв замаар шулуун явж байтал туслах замаас гэнэт нөгөө эмэгтэй машинтайгаа орж ирээд мөргөсөн учир мотоциклийн жолооч Дашдоржийн хувьд буруутай үйлдэл байхгүй...Эмчилгээний зардалд 5.419.226 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.600.000 төгрөг нийт 15.019.226 төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр би Г.Бг араараа суулган хот хоорондын тээврийн товчооны арын хатуу хучилтай хар зам дээр явж байтал гэнэт товчооны хашаан дотроос мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашин гарч ирээд би мотоциклио тооромзлоод би тухайн машиныг мөргөхгүйн тулд мотоциклио хажуу тийш нь дараад нөгөө машин ирээд мөргөсөн. Тэгээд тэр үед миний араар сууж явсан эрэгтэй хүн нуруу гэж орилоод байхаар нь Г.Бд яаралтай тусламж үзүүлэх гэж эмнэлэг рүү авч явсан. Миний мотоцикльд эвдэрсэн эд анги байхгүй машин мотоциклийн арын дугуйруу зүүн буюу зөв талын урд дугуйгаараа мөргөсөн учир эд анги эвдрээгүй. Миний биед гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед Мөрөн сумын хот хоорондын тээврийн товчоон дээр юм өгөх гэж очоод бэр эгч С.Бгийн хамтаар машинд нь суугаад явж байтал товчооны хашаанаас гараад туслах замаас төв зам руу нийлэх хөдөлгөөн үйлдэх үед улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдсөн. Тэгээд тэр үед юу болсоныг би анзаараагүй юм. Тэр үед хажуугаар явж байсан хүмүүс та нар тохиролц битгий зам бөглөөд бай гэж хэлсэн. Тэгээд бид нар мотоциклийн араар сууж явсан хүнийг машинд оруулж ирж суулгаад одоо наад хүнээ эмнэлэгт хүргэж өг гэж хэлсэн. Тэгээд мотоциклийн жолооч мотоциклио өөрөө босгоод бид нар эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх байгаа юм. Намайг байхгүй үед миний эхнэр С.Б унадаг юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл миний эхнэр бас миний машиныг унаж ашиглах эрхтэй гэж би бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн шинжээчийн 449 дугаартай:
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч С.Батын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд:
1. “2019 оны 08 дугаар сарын 28-ны 20 цаг орчим Huyndai Grandeur маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч С.Б нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн. Huyndai Grandeur маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-р зүйлийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Харин Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явсан П.Дашдорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7 А-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж мотоцикль жолоодсон үйлдэл нь гэмт хэрэг гаргахад шууд нөлөөлөөгүй боловч зөрчлийн шинжтэй үйлдэл юм.
2. Huyndai Grandeur маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч С.Бгийн гаргасан үйлдэл нь зам тээврийн осол мөн. Уг осол нь гэрчүүдийн мэдүүлэг болон камерийн бичлэгээс тогтоогдож байна.
3. Тухайн замын нөхцөл байдал зохион байгуулалт нь Huyndai Grandeur маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч С.Б улсын номер дугааргүй Мустанг 5 маркийн мотоциклийг жолоодож явсан П.Д. нарт осол гаргахад нөлөөлөөгүй гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Бсээрний 12-р нугалмын шахагдсан гэмтэл нь хуучин гэмтэл байгаагүй. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нурууны КТГ-ийн шинжилгээний зураг дээр гэмтэл нь бороолт үүсээгүй, өмнө гэмтэл авсан бол тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт болон бороололтын үүссэн харагддаг. Харин зурган дээр тийм өөрчлөлт байгаагүй ба шинэ гэмтэл харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-53, 55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938006420370 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын тээврийн товчооны ард талын хатуу хучилтай зам дээр 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Huyndai Grandeur маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10-р зүйлийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн ард сууж явсан Г.Ббиед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-9-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/,
Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15-р хуудас/,
Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
Хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч П.Д-йн /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Б.А-ын /хх-ийн 28-29-р хуудас/, гэрч Б.Н-ийн /хх-ийн 30-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн дэслэгч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн шинжээчийн 449 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч С.Батын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч С.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Бэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 5.419.226 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.600.000 төгрөг нийт 15.019.226 төгрөгний хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.
Хохирогч Г.Б нь эмчилгээний болон бусад зардалд: Тунамал эмийн сангийн 4.000 төгрөгний Е баримт, Монос эмийн сангийн 3.438 төгрөгний Е баримт, Тэрмэстийн өгөөжийн 3.700 төгрөгний Е баримт, Хос зүтгэл ХХК-ний 7.000 төгрөгний Е баримт, Nemod-ийн 115.000 төгрөгний Е баримт, Агар шим эмийн сангийн 80.000 төгрөгний Е баримт, Нарлаг дэлгүүрийн 3.350 төгрөгний Е баримт, Арвидах хүнсний дэлгүүрийн 3.800 төгрөгний Е баримт, Монос эмийн сангийн 29.800 төгрөгний Е баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хувь хүн төлөх дүн нь 76.194 төгрөгний Е баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хувь хүн төлөх дүн нь 643.074 төгрөгний Е баримт, Хүннү-Эйрийн 1.099.000 төгрөгний Е баримт, Хүннү-Эйрийн 223.400 төгрөгний Е баримт, Мөнхийн тун ХХК-ний 21.400 төгрөгний Е баримт, Монголын нотариатчдын танхимын 6.500, 2.200 төгрөгний мөнгөний тасалбар, нийт 2.321.856 төгрөгний хохирол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч С.Бгийн эмчилгээний зардалд нөхөн төлсөн 1.510.000 төгрөгийг хасч үлдэх 811.856 төгрөгийг шүүгдэгч С.Бгээс гаргуулж хохирогч Г.Бд олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд байгаа хохирогч Г.Бэх Б.Ц-н 500.000 төгрөгний Хаан банкны зарлагын баримт нь эх хувиар хэрэгт авагдаагүй, уг мөнгийг ямар зүйлд хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд байгаа шүүхийн шинжилгээний хураамж 8000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт нь эх хувиар хэрэгт авагдаагүй, мөн хавтаст хэргийн 65 дугаар хуудсанд байгаа Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай 24.000 төгрөгний Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт нь уг хэргийн хохиролд хамаарахгүй, Голомт банкны 100.000 төгрөгний Е баримт нь ямар зүйлд зарцуулагдсан нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Хохирогч Г.Б нь Хөвсгөл сэтгэмж ХХК-д ажилтнаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан уг хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар болон Хөвсгөл сэтгэмж ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлтод сард 800.000 төгрөгний цалинтай ажилдаг гэх боловч Г.Б2019 оны нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дээр сарын цалинг 320.000 төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон байгаа нь хоорондоо зөрүүтэй байна. Мөн ажил олгогч аж ахуй нэгж нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд ниймгийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй ба Хөвсгөл сэтгэмж ХХК нь Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт байхгүй зэргийг харгалзан хохирогч Г.Бнэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин буюу ирээдүйд олох байсан орлого нийт 9.600.000 төгрөгийг гаргах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хохирогч Г.Б нь эмчилгээний зардал 3.097.370 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.600.000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул эмчилгээний зардал 3.097.370 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.600.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Бгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч нотлох баримтаар тогтоогдсон 811.856 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1938006420370 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсгаргаж үлдээх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч С.Бгээс 811.856 /найман зуун арван нэгэн мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бд олгосугай.
5. Эрүүгийн 1938006420370 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсгаргаж үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
6. Эрүүгийн 1938006420370 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.Б нь эмчилгээний зардал 3.097.370 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 9.600.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Бгээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР