Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 474

 

Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Пүрэвтогтох,   

Яллагдагч Н.Сүхбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяатын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 306 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Н.Сүхбаатар, Т.Цолмонбаяр нарт холбогдох эрүүгийн 201526030540 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Дарханыхан овогт Төмөрийн Цолмонбаяр, 1981 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34-29 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:МХ81060712/;

 

2. Тайжууд овогт Норзонгийн Сүхбаатар, 1970 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч нарын хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 15-114 тоотод оршин суудаг,

Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Өршөөл үзүүлэх” тухай хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр суллагдсан, /РД:ЧЗ70091215/.

 

Т.Цолмонбаяр нь Н.Сүхбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко контсракшн” ХХК-ийн барилга дээрээс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 4 боодол буюу 60 метр обой, 2015 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 5 хайрцаг буюу 8,98 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж, бусдад нийт 765.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Н.Сүхбаатар нь 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн байхдаа, Т.Цолмонбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко консракшн” ХХК-ийн барилга дээрээс 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 боодол буюу 15 метр обой, 1 хайрцаг буюу 0,944 метр кв плита, 1 боодол буюу 15 метр обой, 18 литр буюу 1 сав эмульс зэрэг эд зүйл хулгайлж, бусдад нийт 765.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Дээрх үйлдэлдээ яллагдагчаар татагдсан байхдаа буюу 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.Цолмонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Н.Сүхбаатрын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг заавал биелүүлэхээр заасан атал прокурор мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийж шүүхэд шилжүүлжээ.

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаар магадлалын 1 дэх заалтад дурьдсан прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2, 218.3 дахь хэсэгт заасан “...яллах дүгнэлт нь яллагдагчийн үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, ... мөн түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирохыг ... бичнэ” гэсэн шаардлагад нийцээгүй байна. Учир нь, яллагдагч Н.Сүхбаатар нь Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор урьд нь булаах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд дахин хулгай хийсэн үндэслэлээр зүйлчлэл хүндэрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна. Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 96 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч Н.Сүхбаатарыг 2004 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн байхдаа Т.Цолмонбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглан, давтан үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, прокурорын хяналтын шатнаас оргон зайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн гэмт хэрэгт нь зөвхөн нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Эрүүгийн эрх зүйн суурь зарчим болох шударга ёсны зарчим алдагдаж байна.

2. Магадлалын 2 дахь заалтад Н.Сүхбаатар нь хулгайлсан эд зүйлийг авах, шунахай сэдэлт, шууд санаа зорилготой байсан эсэх, хулгайлагдсан эд зүйлийг хэн авч, хэнээс хураагдсан, хэний санаа зорилгод нийцүүлж үйлдсэн нөхцөл байдлыг шалгаж, гэмт хэргийн хамтран оролцогч мөн эсэх, эсхүл гэмт хэргийг үл мэдээлсэн буюу нуун далдалсан гэмт хэргийн аль болохыг шалгаж тогтоох гэсэн заалтыг биелүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна.

3. Гэмт хэрэгт ашиглагдсан 72-59 УБИ улсын дугаартай “Соната 6” загварын автомашины эзэмшигч Б.Бүрэнгээс “одоо 100.000 төгрөг авах дутуу, торгуулийн арга хэмжээний төлбөр 200.000-300.000 төгрөг болсон. Тэрийгээ төлчих юм бол Т.Цолмонбаярын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлж болно” /2 дугаар хавтас, 32, 59 дүгээр хуудас/, “хавтаст хэрэгтэй танилцлаа. Одоо 300.000 төгрөг дутуу. Дуусгаад нэр дээр нь шилжүүлэхэд асуудалгүй” гэж мэдүүлсээр атал прокуророос төлбөр төлөгдөн дуусч, Т.Цолмонбаярын нэр дээр тухайн тээврийн хэрэгсэл шилжээгүй байхад шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй байдалд хүргэх тул хуулийн шаардлагад нийцүүлэн шүүхэд ирүүлэх шаардлагатай байна.

              Иймд Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарт холбогдох эрүүгийн 201526030540 дугаартай хэрэгт дурдсан нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхээр хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй байна” гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаартай магадлалаар Н.Сүхбаатар нь булаах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ялтай байх хугацаандаа дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдохоор байна гэж заасан тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх” гэсэн заалтын дагуу биелүүлсэн.

2. Н.Сүхбаатарыг хулгайн гэмт хэрэгт оролцсон эсэх, ямар үүрэг оролцоотой байсан талаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бичгийн нотлох баримтууд болох СиДи-г эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Г.Нансалмаа, Д.Баяржаргал, гэрч Б.Ганцацрал, Д.Цогттөгөлдөр нарын болон яллагдагч Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарын мэдүүлэг зэргээр Т.Цолмонбаяр нь хулгайлсан эд зүйлийг авсан, эд зүйлүүдийг түүнээс хурааж авсан нь тогтоогддог боловч Н.Сүхбаатар нь шунахайн зорилгоор, өөртөө ашиг олох гэж Т.Цолмонбаяртай урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн харуулын ээлжинд удаа дараа болон шөнийн цагаар Т.Цолмонбаярыг нууцаар дотогш нэвтрүүлж, хяналтын камерийг зориуд унтраан, хулгайлсан эд зүйлийг хамт зөөж машинд ачиж явуулсан, дараа нь Т.Цолмонбаяраас мөнгө авдаг байсан нь хангалттай тогтоогдсон.

3. Т.Цолмонбаяр нь худалдан авсан автомашинынхаа үнийг төлж дуусаагүй, уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Т.Цолмонбаярын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг битүүмжилж шүүхэд шилжүүлсэн, уг автомашиныг Т.Цолмонбаяр нэр дээрээ шилжүүлсний эцэст хэргийг шийдвэрлэнэ гэсэн заалт нь ойлгомжгүй байна.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 306 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Яллагдагч Н.Сүхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгайлан гаргах тайлбаргүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заажээ.

 

Мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгсөн шинжээч, хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах талаар талууд хүсэлт гаргаж, нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулан хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Т.Цолмонбаяр нь худалдан авсан автомашинынхаа үнийг төлж дуусахад 100.000 төгрөг дутуу байгаа талаарх нотлох баримт хэрэгт авагдсан, автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй боловч төлбөрийг хийж дуусгаж байгаа, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Т.Цолмонбаярын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашиныг битүүмжилсэн байгаа зэрэгт хууль зүйн дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн зохицуулалтад нийцүүлэн хэргийг шийдвэрлэх боломжтой.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Цолмонбаяр, Н.Сүхбаатар нарын гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй байх тул энэ талаархи прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр хэргийг буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.