Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Г.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 

“Баянгол сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэбаатарын 2017.05.15-ны өдрийн Б/31 тоот ажлаас халах тушаалыг хүчингүй болгох, Г.Саранцэцэгийг Баянгол сумын газрын даамлын ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Саранцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин

Хариуцагч: Б.Эрдэнэбаатар

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Урангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч иргэн Г.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Саранцэцэг нь Баянгол сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 70 тоот захирамжаар газрын даамлаар томилогдон ажиллаж 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тасралтгүй 13 жил ажилласан. Энэ хугацаанд газрын тухай хуулинд заасны дагуу сумын тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээг байгуулж гэрчилгээ олгох, эзэмшилд, өмчлөлд олгосон газрыг газар дээр нь тэмдэглүүлж хэмжих, газрын төлбөр ногдуулж хураах зэрэг ажлуудыг жил бүр үр дүнгийн гэрээнд тусгаж хангалттай дүгнүүлж амжилттай хуулийн дагуу ажиллаж ирсэн. 2016 оны орон нутгийн сонгуулиар тус суманд ардчилсан нам олонхи болж сумын удирдлагууд бүгд солигдсон. Шинээр томилогдсон Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэбаатар 2017 оны 1 сард ажил дээрээ архи уусан гэх мэдээлэл ирсэн гэж ажил тарсны дараа 21 цаг 00 минутын үед гэрт 2 цагдаагийн хамт ирж төхөөрөмжөөр үлээлгэж байсан. Тухайн үед архи ууж хэрэглэсэн зүйл байхгүй, тогтоогдоогүй дээрхи үйлдлээр төрийн албан хаагч миний нэр хүндэд халдсан.

            Мөн 2017 оны 1, 3  сард ажлаас хоцорсон гэх шалтгаанаар сануулах болон цалингийн арга хэмжээ авч байсан. Миний бие 3 сард би ажил таслаагүй, хоцроогүй цагийн бүртгэл үзье гэхэд надад үзүүлээгүй цагийн бүртгэл нь олдоогүй энэ асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй. Надад удаа дараа зөрчил гаргасан мэтээр арга хэмжээ авч байсан бөгөөд удирдлагууд солигдсноос хойш 3 удаа өөр ажилд очих талаар санал тавьж байсан. Миний бие санал болгож байгаа ажлыг хийж чадахгүй мэргэжлийн ажлаа хийнэ гэсэн тайлбарыг өгч байсан.

            Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт түүнд тусгасан бүтээгдэхүүн ажлын талаар 1 удаа ч ярилцаагүй дүгнээгүй, 1 иргэнээс газрын талаар өргөдөл ирсэн түүнийг шалгаж газар дээр нь очиж үзэж шийдвэрлэх боломж олгоогүй.

            Иймд намайг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Хариуцагч Б.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсанаар Г.Саранцэцэг нь Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 тоот тушаалыг үндэслэлгүй хэмээн үзсэн тухай бичсэн байна. Уг тушаалыг үндэслэлтэй хэмээн үзэж байна.  Үүнд:

            1. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний Б/11 тоот тушаалаар Г.Саранцэцэгт сахилгын шийтгэл ноогдуулсан. Уг шийтгэлийг ноогдуулах болсон үндэслэл нь удаа дараа ажлаас хоцорч, ажлын цаг баримтлахгүй, 2016 оны 11,12, 2017 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэлийг үндэслэн гаргасан. Нийт 12 цаг 07 минут хоцорсон болон тассалсан болно.

            2. 2017 оны 03 дугаар сарын 09-ний Б/21 тоот тушаалаар Г.Саранцэцэгт цалингийн арга хэмжээ авч сахилгын шийтгэл ноогдуулсан. Уг шийтгэлд 2017 оны 01, 02, 03 дугаар сарын цагийн бүртгэл болон үр дүнгийн гэрээний  дагуу сарын ажлын 01, 02 дугаар сарын төлөвлөгөөг батлуулж дүгнүүлэхдээ хангалтгүй /46.6%/ үнэлгээ авсныг үндэслэн гаргасан. Мөн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ажилчдын хурал дээр Г.Саранцэцэгт сахилгын шийтгэл ноогдуулах болсон тухай танилцуулсан. Нийт 06 цаг 45 минут хоцорсон.

            3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны 26 тоот албан бичиг. Уг албан бичиг нь Г.Саранцэцэгт захиргааны арга хэмжээ авах тухай. 2017 оны 05 дугаар сарын 15-ны Б/31 тоот тушаалаар Г.Саранцэцэгийг ажлаас нь халсан.

            4.Ажлаас халах болсон үндэслэл нь

            а/ Монгол Улсын Тарийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх  заалт буюу хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн.

            б/ Аймгийн Засаг даргын 2016 оны 05 тоот албан даалгаварын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.8, 2 дугаар зүйлийн  2.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн.

            в/ Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2 “В” дэх заалт /сахилгын зөрчил нь 2 ба түүнээс дээш удаа давтагдсан энэ талаар ажил олгогч, нэгжийн удирдлагаас сануулж зөвлөсөн буюу дээрх арга хэмжээнүүдийг авсан, эсхүл энэ нь анх удаа гарсан боловч байгууллага хамт олны үйл ажиллагаанд онц ноцтойгоор сөрөг нөлөөлсөн/

            5.  Ажил үүргийн тал дээр гарсан зөрчлийн тухай.

            а/ Засаг даргын Тамгын газрын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 тоот тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулж байсан. /Ажлын цагаар ажлын байраа орхиж согтууруулах ундаа хэрэглэж ажлын хариуцлага алдсан/

            б/ Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/23 тоот тушаалаар сахилгын шийтгэл ноогдуулж байсан. /Шалтгаангүйгээр ажлаас хоцорсон/

            в/ Чойжилсүрэн овогтой Төмөрчөдөрийн газар эзэмших гэрчилгээг хятад иргэнд зарж борлуулсан. Газрын тухай хуулийн 28.1.1 дэх заалтыг зөрчсөн.

            г/ “Гурван Сээр” ХХК-д 50 газрыг, газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж шууд олгосон.

            д/ Төрийн албан хаагчид байж болзошгүй алдаа дутагдал, иргэдтэй удаа дараа ёс бус харилцаа гарган хүндрэл учруулдаг байсан гэжээ.

             

Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар газрын даамал Г.Саранцэцгийг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, ажлын цаг ашиглалтыг баримтлахгүй зэрэг зөрчил дутагдлыг удаа дараа гаргасан үндэслэлээр газрын даамлын үүрэгт ажлаас халжээ.

          Нэхэмжлэгч Г.Саранцэцэг нь Баянгол сумын ЗДТГ-н даргын үүрэг гүйцэтгэгч Б.Эрдэнэбаатарын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Баянгол сумын газрын даамлын ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            1/Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хөөн хэлэлцэх хугацааны дотор газрын даамал Г.Саранцэцэгт ажлаас хоцорсан ажлын цаг баримтлаагүй үндэслэлээр нийт 3 / гурав / удаа сахилгын шийтгэл ноогдуулжээ. Үүнд:

          Баянгол сумын ЗДТГ-н даргын  2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/23 дугаартай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/11 дугаартай тушаал, 2017 оны 03 дугаар сарын Б/21  дугаартай тушаалуудаар сахилгын шийтгэл ногдуулжээ.

          Баянгол сумын Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.б-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор ажил таслах, ээлжийн амралт, захиргааны чөлөөг хэтрүүлэх, ажлаас хожимдох, зэргээр нэг сард 8 цагаас дээш ажил тасалсан ... тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-дэх заалтаар хариуцлага тооцно” гэж заасан бөгөөд газрын даамал Г.Саранцэцэг нь 2016 оны 05-р сард 01 цаг 21 минут, 2016 оны 06-р сард 5 цаг 59 минут, 2016 оны 12 дугаар сард 02 цаг 22 минут, 2017 оны 01 дүгээр сард 02цаг 14 минут, 2017 оны 02 дугаар сард 02 цаг 02 минут, 2017 оны 03 дугаар сард 02 цаг 13 минут, 2017 оны 04 дүгээр сард 59 минут, 2017 оны 05 дугаар сард 01 цаг 33 минут тус тус ажлаас хоцорсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажлын цагийн бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд  Г.Саранцэцэгт нэг сард 08 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан үндэслэлээр сахилгын арга хэмжээ удаа дараа ногдуулсан нь үндэслэлгүй байна.         

          2/Нэхэмжлэгч Г.Саранцэцэгийг ажлаас халах болсон шалтгааны өөр нэг үндэслэл нь  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу үр дүнгийн гэрээний дагуу сарын ажлын 1, 2  дугаар сарын төлөвлөгөөг батлуулж дүгнүүлэхдээ хангалтгүй  / 46.6% / үнэлгээгээр үнэлэгдсэнийг үндэслэсэн гэжээ.

          Өөрөөр хэлбэл газрын даамал Г.Саранцэцгийн 2017 оны 1, 2, 3-р сард хийх ажлын төлөвлөгөөний 3- д  / хх-38-р хуудас / “Газар зохион байгуулах төлөвлөгөөг сурталчилсан самбар гаргах “ажлыг  46.6% -р дүгнэхдээ ямар шалгуураар үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгч тайлбартаа төлөвлөгөөнд тусгагдсан хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сард  уг самбарыг хийлгэхэд тус сумын ЗДТГ-с санхүүжилтийн асуудал шийдвэрлэж өгөөгүй тухай  шүүх хуралдаанд тайлбарладаг бөгөөд өөрийн зардлаар 2017 оны 03 дугаар сард хийж гүйцэтгэсэн талаарх санхүүгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

          Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.Саранцэцэг нь 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээ дүгнэсэн үнэлгээгээр 88 оноо буюу В-сайн, 2016 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээ дүгнэсэн үнэлгээгээр 90.6 буюу А-онц үнэлгээгээр үнэлэгдсэн байх бөгөөд  Баянгол сумын Засаг даргын тамгын газрын даргатай  байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэх цаг хугацаа / хагас , бүтэн жил / болоогүй, мөн үр дүнгийн гэрээ үнэлж дүгнэх журмын дагуу үнэлж дүгнээгүй төлөвлөгөөнд тусгагдсан ажил яагаад хийгдээгүй талаарх шалтгаан нөхцлийг судалж үзэхгүйгээр ажлыг нь хангалтгүй гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй хууль зөрчсөн үйлдэл байна. 

          3/ Мөн нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлд иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэжээ. Үүнд:

           а/ 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Хишигмаа Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мод тарих, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар 1 га – 5 га хэмжээтэй газар эзэмшихийг хүссэн өргөдөлийг , 

          б/ 2017 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр иргэн С.Марууш, Ц Сэвхээш нар Баянгол сумын Засаг даргад  2 /хоёр/ айлын өмчлөлийн газрыг газрын даамал Г.Саранцэцэгээр хэмжүүлж заалгаж авсан боловч өөр айл шон босгож өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж байх тул шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлийг,

          в/ иргэн Д.Ганбат, Х.Оюунчимэг, Д.Нямсүрэн нарын Баянгол сумын ИТХ болон Засаг даргад гаргасан өргөдлүүд нь цаг хугацааны хувьд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу газрын даамал Г.Саранцэцэгийг ажлаас халагдсанаас хойш гаргасан өргөдлүүдийг тус тус гаргасан байх бөгөөд агуулгын хувьд сумын газрын даамлын үйл ажиллагаанд гомдож гаргасан гэхээс илүүтэй сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж газар эзэмших, өмчлөхийг хүссэн өргөдлийг шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий сумын Засаг дарга ИТХ-д хандаж гаргасан өргөдөл бөгөөд газрын даамлын шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш тул түүнийг иргэдийн өргөдөл гомдлыг цаг хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

          Дээрх захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Г.Саранцэцгийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа / 2 ба түүнээс дээш / албан үүргээ хангалтгүй биелүүлсэн”  гэх  үндэслэлээр буюу 2 буюу түүнээс дээш удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 , 106.3.7 , 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д ззасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж , Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/31 дугаартай “Ажлаас халах тухай”  тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Саранцэцэгийг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн томилсугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 , Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Саранцэцэгийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 2.266.941 / хоёр сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун дөчин нэг / төгрөгийг Баянгол сумын Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу / төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэбаатараас гаргуулж нэхэмжлэгч Г.Саранцэцэгт олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч түүний өмгөөлөгч, гуравдагч этгээд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОДБААТАР