| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/08423/И |
| Дугаар | 210/МА2026/00625 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00625
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,197,207,726.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн данснаас 2022-2023 онд бараа материалын захиалга хийх зорилгоор *******ын ******* банкин дахь******* тоот дансанд нийт 11 удаагийн гүйлгээгээр 2,386,302,726.07 төгрөгийг шилжүүлсэн боловч бараа материалын захиалга хийгдээгүй байна. Түүнчлэн ******* нь компаниас шилжүүлэн авсан мөнгийг ******* руу буцааж шилжүүлээгүй. *******-ийн ажилтны алдаатай үйлдлийн улмаас *******ын данс руу дээрх төлбөр хийгдсэн болохыг компанийн зүгээс хожим олж мэдсэн. Дээрх төлбөрөөс ******* нь барааны захиалгын буцаалт хийж компанийн ажилтан *******ийн ******* банк дахь ******* тоот дансанд 2022 оны 02 сарын 09-ний өдөр 129,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 11-ний өдөр 590,069,000 төгрөг, 2022 оны 04 сарын 13-ны өдөр 385,026,000 төгрөг, 2023 оны 01 сарын 25-ны өдөр 85,000,000 төгрөг нийт 1,084,095,000 төгрөгийг шилжүүлсэн тул хасаж тооцон үлдэх 1,197,207,726.07 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь ямар нэг бараа материал захиалах зорилгоор *******ын данс руу төлбөр мөнгө шилжүүлээгүй бөгөөд дээрх мөнгөн хөрөнгүүд нь *******-ийн хувьцаа эзэмшигч *******ийн охин, тус компанийн гүйцэтгэх захирал *******ийн эхнэр, тус компанид гадаад харилцааны менежер ажилтай *******ийн зааварчилгаагаар шилжүүлсэн. Энэ нь *******ын дүү ******* болон түүний хамаарал бүхий иргэдээс *******ийн компанидаа авсан хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын ашиг, түүнчлэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтүүд байсан. ******* нь анх 2019 онд *******ын дүү *******д өөрийгөө *******-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал хэмээн танилцуулж, тухайн компанид хөрөнгө оруулсан тохиолдолд тогтмол өндөр хүү, ашиг өгнө хэмээн багагүй хэмжээний мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан байдаг. Ийнхүү ******* нь 2019-2023 онуудад ******* болон түүний хамаарал бүхий иргэдээс зээл, хөрөнгө оруулалт гэж нэлээдгүй хэмжээний мөнгөн хөрөнгийг авч түүнээс тодорхой хэмжээний ашиг, зээл, зээлийн хүүг буцаан төлөхдөө *******ын дансанд шилжүүлсэн байна.
Ингэхдээ ******* нь *******-ийн данснаас мөнгөн шилжүүлэг хийх бүртээ өөрийн дансаар ихэнх хэсгийг буцаан авч, зөрүүг авсан зээл, зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ашигтаа тооцон, холбогдох иргэдэд шилжүүлэхээр зааварчилгаа өгдөг байсан болох нь ******* болон ******* нарын 2019 оны 05 сарын 19-ний өдрөөс 2024 оны 07 сар хүртэл *******, ******* гэх фейсбүүкийн мессенжерийн чатаас тодорхой харагддаг. ******* болон түүний хамаарал бүхий *******, эх *******, нөхөр ******* нар нь энэхүү үйл баримтыг мэддэг байсан атлаа одоо шүүхэд худал тайлбар гаргаж, бусдаас авсан хөрөнгө оруулалтын ашиг, зээлийн хүүд төлсөн төлбөрөө буцаан шаардаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй байгаа болно.
******* ба түүний хамаарал бүхий иргэдээс *******ийн өөрийн компанидаа авсан хөрөнгө оруулалт, зээлийн харилцаа нь нийтдээ 5 жил үргэлжилсэн бөгөөд хариуцагчийн зүгээс уг харилцаатай холбоотой тооцооллыг санхүү, эдийн засгийн тусгай мэдлэг бүхий этгээдээр хийж гүйцэтгүүлсэн. ******* ХХК нь дүгнэлт гаргахдаа *******ын данс руу шилжүүлэгдсэн мөнгөн хөрөнгүүд нь *******ийн зааварчилгаагаар хэрхэн шилжүүлэгдсэн болохыг *******, ******* нарын харилцаж байсан фэйсбүүк дэх мессенжерийн чат, мөн мөнгөн шилжүүлэг хийгдсэн үеийн харилцах банк дахь холбогдох хуулгуудыг нэг бүрчлэн тулгалт хийх горимоор гүйцэтгэсэн байна.
Иймд ******* нь аливаа байдлаар *******-аас шилжүүлсэн 1,197,207,726.07 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 644,354,326.07 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 552,853,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,301,939 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 3,379,721.63 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэг маргааныг шийдвэрлэсэн.
...Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөвхөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүхийн хэрэглэсэн Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалт нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийсэн этгээд нь түүнд шаардлага гаргах, түүнээс гэм хорын хохирлыг гаргуулах харилцааг зохицуулсан заалт бөгөөд нэхэмжлэгч нь ******* нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдүүдтэй дур мэдэн хэлцэл хийсний үр дагаврын зарим хэсгийг *******ийн хүлээн зөвшөөрсөн хэсгээр дэмжиж, үлдсэн хэсгийг нь хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн зохицуулалтаар хөрөнгөө бусдад шилжүүлсэн этгээд нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх зорилгоор тухайн хөрөнгийг шилжүүлсэн байх, цаашлаад талуудын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар буюу хүчин төгөлдөр бус болсон, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэх урьтаж нөхцөлүүд тавигдсан байх ёстой бөгөөд уг иргэний хэргийн хүрээнд эдгээр нөхцөл байдлууд огт тогтоогдоогүйгээс гадна *******ийн зөвшөөрөөгүй гэх түүний бусдад өгөх өглөгт төлсөн мөнгийг *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг буруу буюу дутуу үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн.
Анхан шатны шүүх ...гэрч *******ын мэдүүлгийг огт үнэлээгүй, гэрч *******ийн мэдүүлгийг буруу үнэлсэнд гомдолтой байна.
Учир нь хариуцагч ******* нь бусад этгээдүүдийн хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаанд даалгавар гүйцэтгэгчээр оролцож байсан гэх хариу тайлбар, гэрч *******ын мэдүүлэг, *******ийн гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан үйл баримт зэргийг огт анхаарч үзээгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэх, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэх үндэслэл болсон гэж үзэж байна.
Гэрч ******* *******тай хөрөнгө оруулалтын зээлийн харилцаатай байсан, түүний хүсэлтээр өөрийн танил найз нөхдөөс зээл авч өгч байсан, ******* нь тэдгээр иргэдээс өөртөө хүлээн авсан зээл, зээлийн хүү, ашиг зэргийг *******ын дансанд шилжүүлж байсан гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн, гэрч ******* нь гадаад харилцааны менежер *******ийн заавраар *******ын данс руу мөнгө шилжүүлж байсан гэж мэдүүлсээр байхад шүүх хэрэг маргааны бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй болно.
...Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн нь хүссэн хэмжээгээрээ буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү иргэний хэрэг маргааны хувьд иргэн ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсанчлан компанийнх нь ажилтан алдаатай гүйлгээ хийсэн тохиолдолд тухайн этгээдийн компанид нь учруулсан гэх хохирлыг нэхэмжилж, хохирлоо буруутай этгээдээр барагдуулах нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна.
Анхан шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас 2025 оны 05 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах гүйлгээнүүдийн талаар иргэн ******* болон ******* нарын хоорондоо харилцсан фейсбүүк мессенжер чат буюу зурваст үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хэвлэмэл байдлаар шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн авсан байсан.
Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 192/Ш32025/21327 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамж /1хх-ийн 211-218/-аар хоорондоо харилцсан зурвасуудад үзлэг хийлгэх хүсэлтийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн журам зөрчсөн буюу мэдээлэл эзэмшигчийн зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хүлээн авсан нотлох баримтуудыг хасаж хариуцагч талд буцаан өгөхөөр захирамжилсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
Учир нь шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэх зэрэг үндэслэлээр нотлох баримтаас хасах зохицуулалтыг хэрэглэх тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, тогтоол, эсхүл захирамж гаргахаар зохицуулсан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүний үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан бодит байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг няцаахад *******, ******* нарын хооронд нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй гүйлгээнүүдийн талаар харилцсан зурвасууд нь чухал ач холбогдолтой байсан боловч шүүх хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэлээр нотлох баримтаас хасаж, үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж захирамжилсан бөгөөд ийнхүү захирамжлахдаа гомдол гаргах эрхгүй захирамжилсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Ингээд хариуцагчийн зүгээс дахин 2025 оны 08 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагад хамаарч буй гүйлгээнүүдийн талаар *******, ******* нарын хоорондоо харилцсан зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг Хүний хувийн мэдээлэлд зааснаар мэдээлэл эзэмшигч буй *******аас шүүхэд гаргасан тодорхойлолт буюу уг баримтад үзлэг хийлгэх зөвшөөрлийг нотариатаар батлуулж хүргүүлсэн. Гэтэл шүүх уг хүсэлтийг 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/33315 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийг ...Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн журам зөрчсөн үндэслэлээр нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн... буцаан шүүхэд гаргаж өгснийг хүлээн авах үндэслэлгүй... мэдээллийн эздээс зөвшөөрөл аваагүй түүнчлэн хэзээний, ямар үйл баримтыг нотлох, аль хэсэгт нь хийх нь тодорхойгүй байх тул гэх үндэслэлээр хангахаас дахин татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг дахин гаргасанд гомдолтой байна.
Түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 192/Ш32025/21327 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангаж, шүүхээс *******, ******* нарыг дуудан ирүүлж, хурлын бус цагаар гэрчийн мэдүүлэг авч, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. Гэтэл энэхүү шүүхийн захирамжаар гэрчээр мэдүүлэг өгөх үүрэгтэй ******* нь эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй, өөрийн гэр бүлийн харилцан хамаарал бүхий *******-тай холбоотой асуудлаар гэрчээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх агуулгатай хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хангаж шийдвэрлэснээр шүүх илт нэг талд үйлчилсэн гэж үзэхээр байна.
Хариуцагчийн өмгөөлөгчөөс *******ийн гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзаж буй нь үндэслэлгүй буюу эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй, уг хэрэг маргааны хувьд *******-д холбогдох хэрэг маргаан биш тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан хязгаарлалтад хамаарахгүй тул *******аас гэрчийн мэдүүлэг авах буюу шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс албадан ирүүлэх хүсэлтийг гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/37403 дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх тухай захирамжаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын иргэн гэр бүлийн гишүүд, эцэх эх, үр хүүхдүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр заасан тул түүнийг албадан ирүүлэх хүсэлтийг хангахаас татгалзан хэрэгсэхгүй болгож, гэрч ******* гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсаныг дурдан шийдвэрлэв гэх дүгнэлт хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.
Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 12 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/52928 дугаартай хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх тухай захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанаас өмнө гарган өгсөн 60 хуудас баримтаа шүүх хуралдааны шатанд буцаан авахыг хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага нотолсон баримтаа өөрөө гарган өгөх эсэхээ шийдвэрлэх эрхтэй, гарган өгөхөөс татгалзсан баримтыг хариуцагч тал албадан гаргуулах эрхгүй гэж үзсэн учир хариуцагч талын хүсэлтийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв гэж нэхэмжлэгч талаас 2026 оны 12 сарын 10-ны өдөр тэмдэглэл үйлдэн нотлох баримтаар гаргаж өгсөн *******-ийн дотоод аудитын тайлан, банкны гүйлгээний хуулга зэрэг хавтаст хэрэгт үдэгдэж, хавсаргасан байсан нийт 60 хуудас баримтыг шүүх хуралдааны явцад салгаж, нэхэмжлэгч талд буцаан өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон буюу шүүгч илэрхий нэг талд үйлчилж байгааг харуулсан үйлдэл болсон.
Хариуцагч талаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025 оны 03 сарын 06-ны өдрийн ******* дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор ...иргэн *******ээс гаргасан 2022 оны 04 сарын 22-ны өдрөөс 2023 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл ******* хөрөнгө оруулалт хийж байгаа хэмээн ойлгуулан их хэмжээний мөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн над руу шилжүүлсэн бүх мөнгөө санхүүгийн тайландаа бусдаас авах авлагаар бүртгэсэн гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2025 оны 03 сарын 04-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор ...Иргэн *******аас гаргасан нэр бүхий хүн хуулийн этгээдүүдтэй 2019 оны 04 сараас 2022 оныг хүртэл хугацаанд 3,200,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч залилуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, гэрч *******ын шүүхэд гэрчээр өгсөн: ...******* бол миний нагац эгч... ******* ах болон би *******, ******* цагдаад гомдол гаргачихсан хэрэг бүртгэл нээгдээд шалгагдаад явж байгаа... энэ олон жил хүү ашиг шүү гэж өөрөө гуйж авчихаад тэгээд хүү гэж өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа шударга бус... Манай эгч, ахыг ашиглаад *******-ийн ээж нь захирал нь охин *******, ******* ******* руу мөнгөө шилжүүлж авахгүй манай эгчийг ашиглаж авсан юм. Одоо яагаад мөнгөө нэхээд байгаа юм. Би үнэн зөвийг нотлуулах гээд цагдаад гомдол өгчихсөн байгаа гэх мэдүүлгүүдээр иргэн *******, ******* нарын ******* болон *******-д холбогдуулан гаргасан залилан мэхэлсэн, мөн ******* нь *******, ******* нарын дансанд их хэмжээний мөнгийг шилжүүлж тодорхой хэсгийг нь эрх бүхий албан тушаалтныхаа дансаараа буцаан авч байсан үйлдэл нь татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэх гомдлыг эрүүгийн журмаар шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болох нь тогтоогддог.
*******, *******-д холбогдох эрүүгийн *******, ******* дугаартай хэргүүдийг харьяаллын дагуу Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2025 оны 08 сарын 25-ны өдрийн 5/1389 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар нотлогдох ба уг иргэний хэргийн хариуцагч *******ыг тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоож, *******, *******-ийн бусдад учруулсан хохирлын хэмжээг тогтоох зорилгоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг эдийн засгийн шинжээчээр томилж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээрх хэргүүд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгагдсанаар *******, ******* нь нэр бүхий иргэдээс мөнгөн хөрөнгийг залилан мэхлэх арга замаар авч байсан эсэх, түүнчлэн ******* нь *******ын ах *******, эгч ******* нарын данс руу их хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлж, улмаар тухайн мөнгөний дийлэнх хэсгийг нь өөрийн эрх бүхий албан тушаалтан буюу *******ийн дансаар буцаан авч байсан үйлдэл нь татвараас зайлсхийх, цаашлаад мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх нь тодорхой болох юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч *******-аас *******ын данс руу ямар учраас 1,8 тэрбум орчим төгрөгийг шилжүүлсэн, тухайн мөнгөн хөрөнгийн 1,5 тэрбум орчим нь ямар учраас *******ийн дансанд буцаан шилжсэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад *******-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 1,197,207,726 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй тул хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгагдаж буй эрүүгийн *******, ******* дугаартай хэргүүдийг эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд *******-ийн нэхэмжлэлтэй, иргэн *******д холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж байсан.
Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 192/Ш32025/37408 дугаартай хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар ...иргэн *******, ******* нараас *******, нэр бүхий хүн, хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогддог боловч хариуцагч ******* гомдол гаргасан эсэх, мөн түүнийг холбогдуулан шалгаж байгаа гэх үндэслэл тогтоогдоогүй гэж, хэргийг түдгэлзүүлээгүй нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд болсон гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тайланг үнэлээгүй гэх агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Тухайн тайлангийн арын хуудаст мэдээлэл өгөх зорилгоор *******д гаргаж өгсөн болно, бусад зорилгоор ашиглахыг хатуу хориглоно гэж заасан. Тус нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзсэн нь үндэслэлтэй. Гэрч *******ын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэж хариуцагч маргасан. *******-ийн мөнгөн хөрөнгийг ******* болон түүний хамаарал бүхий этгээдүүд ******* гэх хүнээр дамжуулж авсан гэх мэдүүлэг нь үндэслэлгүй. Компанийн эд хөрөнгийг хэн нэгэн этгээд хуваарилж ашиг олох ойлголт байхгүй. Тухайн байгууллагатай хамааралтай асуудал Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Хариуцагч талын гаргасан тайлбар, гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 1,197,207,726.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Тус компанийн данснаас 2022-2023 онд бараа материалын захиалга хийх зорилгоор *******ын ******* банкин дахь******* тоот дансанд 2,386,302,726 төгрөгийг шилжүүлсэн боловч бараа материалын захиалга хийгдээгүй, ...компанийн ажилтны буруу үйлдлийн улмаас хариуцагчийн данс руу дээрх төлбөр хийгдсэн болохыг хожим олж мэдсэн ...компанийн ажилтан *******ийн дансанд 1,084,095,000 төгрөгийг шилжүүлсэн тул хасаж тооцсон гэж тайлбарласан.
2.1. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ******* нь ямар нэг бараа материал захиалах зорилгоор мөнгө шилжүүлээгүй, дээрх мөнгийг *******-ийн хувьцаа эзэмшигч *******ийн охин, тус компанийн гүйцэтгэх захирал *******ийн эхнэр, тус компанид гадаад харилцааны менежер ажилтай *******ийн зааварчилгаагаар шилжүүлсэн ...энэ нь *******ын дүү ******* болон түүний хамаарал бүхий иргэдээс *******ийн компанидаа авсан хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын ашиг, түүнчлэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтүүд байсан ...******* нь мөнгөн хөрөнгийг авч түүнээс тодорхой хэмжээний ашиг, зээл, зээлийн хүүг буцаан төлөхдөө *******ын дансанд шилжүүлж, буцаан авахдаа энэ мөнгөний ихэнх хэсгийг өөрийн дансаар авч, зөрүүг авсан зээл, зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ашигтаа тооцон, холбогдох иргэдэд шилжүүлэх зааварчилгаа өгдөг байсны дагуу нэр бүхий хүмүүс рүү мөнгийг шилжүүлж байсан гэх агуулгаар тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талуудын хэн аль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас өөрийн татгалзал, тайлбарт дурдсан үйл баримтыг тодруулах, нотлох зорилгоор *******, ******* нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэн, шүүхээс гэрч ******* дуудах ажиллагааг хийсэн боловч гэрч ******* нь 2025 оны 08 сарын 25-ны өдөр миний хувьд гадаад улсад эмчийн хяналтад хүндрэлтэй төрж эмчилгээ хийлгэж байгаад 2025 оны 08 сард ирсэн ба өөрийн болон нярайн эрүүл мэндийн байдлын улмаас мэдүүлэг өгөх боломжгүй байгаа болно, мөн хувьцаа эзэмшигчээр ээж *******, захирлаар нөхөр ******* ажилладаг *******-тай холбоотой асуудлаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна гэх агуулга бүхий гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах тухай албан бичгийг шүүхэд ирүүлснийг үндэслэн анхан шатны шүүх гэрч *******аас мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. /2хх-7-14, 43, 92-95/
Гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн этгээдээс мэдүүлэг авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрсөн гэж үзнэ.
4.2. Мөн хариуцагч талаас *******-ийн гадаад харилцааны менежер гэх ******* болон ******* нарын хооронд харилцсан мессенжер чатад үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/21327 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж, *******, ******* нарын хоорондоо харилцсан гэх мессеж, фейсбүүк, вайбер чатын хэвлэмэл баримт 6 хавтас баримтыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт тус тус заасныг зөрчжээ. /1хх-192-199, 211-218/
4.3. Түүнчлэн, хариуцагч талаас ...*******-аас *******ын данс руу 2022 оны 07 сарын 28-ны өдөр 220,000,000 төгрөг, 2023 оны 01 сарын 25-ны өдөр 366,810,669.60 төгрөгийг шилжүүлсэн, ******* руу шилжүүлсэн энэ мөнгийг тухайн өдөр нь *******ийн данс руу хийсэн гэдэг ...яг үүнтэй адил ******* гэх иргэний данс руу шилжүүлсэн үйл баримт байгаа... зэрэг үндэслэл зааж гэрчээр *******ийг асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/52928 дугаартай захирамжаар гэрч асуулгах хүсэлтийг урьд гаргах боломжтой байсан, шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. /2хх-121-147/
5. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 60 хуудас нотлох баримт гаргаж өгснийг шүүхээс тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор хариуцагч талаас гаргасан хүсэлт, мөн хариуцагчийн өмгөөлөгчийн өөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
6. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул материаллаг хууль хэрэглээний асуудлаар гаргасан гомдолд дүгнэлт хийхгүй.
Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хариуцагчаас төлсөн 3,379,722 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН