Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 833

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч Д.Б

хохирогч Ж.Ж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээрсс зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн ......... дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2; эхнэрийн хамт дүүргийн дүгээр хороо, тоотод оршин суух,

ял шийтгэл: 2000 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн шүүхийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлсэн,

........ дугаарын регистртэй, Б овогт Д-н Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Б 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 1 дүгээр гудамжинд хохирогч Ж.Ж-г зодож эрүүл мэндэд нь зүүн 2, 3, 4-р хавирганы зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй. Хохиролд гэж нийт 800.000 төгрөг өгсөн. Одоо нэмж 1.9 сая төгрөгийг хохирогчид 3 сарын хугацаанд хувааж өгөх болно. Энэ талаар хохирогч бид хоёр тохиролцсон. Хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

Хохирогч Ж.Ж шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ:

Яаж хохирсон талаараа нэмж яриад байх зүйлгүй ээ. Шүүгдэгч Б-д гомдолгүй. Харин хохирлын мөнгөө гаргуулж авмаар байна. Бид хоёр ярилцаад миний ажилгүй байсан хугацааны мөнгө, эмчилгээний зардал энэ тэр гээд 1.9 сая төгрөг өгөхөөр болсон. Өмнө нь би Б-аас 700.000 төгрөг, нэмж 100.000 төгрөг нийт 800.000 төгрөг авсан нь үнэн гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ж-н Ж “... би гэртээ амарч байтал над руу манай найз О надруу яриад хот руу орж байна, надад очих айл байхгүй, танайд очъё гэхээр нь тэг тэг гэж хэлээд маргааш нь ажлын өдөр байсан тул дарга руу яриад ажлаасаа чөлөө аваад найзыгаа тосч авахаар гэрээс гарсан. Эхнэртээ хүн ирж байгааг хэлсэн. О-ыг аваад явж байхад Б намайг хүлээж байгаа гэхээр нь яахав яахав манайд оч гэсэн. Бид хоёр удаан уулзаагүй болохоор дэлгүүрээс 0.75 литрийн архи авч уусан. Тэгээд би тасарсан. Гэртээ нэг сэрэхэд О-ын найз Б манайд ирчихсэн дахин 0.75 литрийн архи задлаад уучихсан байсан. Тэгээд дахин архи авна гээд От, Б бид гурав гарч яваад би явахгүй гээд гэр рүүгээ алхсан. Гудамжны үзүүрт Б намайг цохиж зодсоныг манай эхнэр харсан байсан. Намайг гэртээ орсны дараа Б намайг өшиглөөд манай эхнэрийг хэл амаар доромжлоод байхаар нь би хутгална гээд хоолны шүүгээ рүү явахад манай эхнэр намайг түлхээд хутгыг нуусан байсан. Б-с эмчилгээний зардалд 700.000 төгрөг бэлнээр авсан” /хх-н 9, 39/ гэж,

гэрч С-н Н “... О, Б, Ж нар архинд яваад нилээд удсан. Гэтэл манай гудамжинд нохой шуугилдаад байхаар нь гараад хартал гудамжны үзүүрт хүмүүс байсан. Би нөхөртөө санаа зовоод гудамж руу гараад очтол Б манай нөхрийн дээр гарчихсан цохиж байсан. Би очоод нөхрөө босгох гэхэд нөхөр босож чадахгүй байсан болохоор айлын хүний эхнэрийг гуйж нөхрөө чирээд гэртээ оруулсан. Гэрт оруулаад харахад бүх бие нь цус болсон байсан. Тухайн үед Б-ын гутал цус болсон харагдаж байсан” /хх-н 12/ гэж,

яллагдагч Д.Б “... 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байхад манай найз О яриад манай гэрт ирнэ гэхээр нь тэг тэг гээд таксинд явж байгаад тосно гэж хэлсэн. Тэгтэл миний гар утасны цэнэг дуусаад унтарчихсан юм. О Ж-ийн гэрт ирчихсэн байна гээд дуудсан тул дүүргийн дугаар хороо, -ийн тоотод Ж-н гэрт очоод бид гурав архи уусан. Дахин архинд бид гурав гараад явсан. Бид гурав архинд алхаад явсан. Ж удаан алхаад байхаар нь түүнийг үлдээгээд О бид хоёр дэлгүүрээс нэг шил архи аваад буцаад Ж-ийн гэр рүү явж байхад Ж-той таараад архи уугаад сууж байхад Ж өөрөө эхлээд агсам тавиад байсан. Тэгж байгаад намайг 2 удаа цохиод агсараад байсан. Би юм дуугараагүй. Тэгтэл гэнэт Ж архиа хагалаад хагархай шилээр миний зүүн гуя хэсэгт цохисон. Би уурлаад Ж руу очоод нэг удаа өшиглөсөн. Бид гурав тэгээд Ж-йн гэр рүү орсон. Ж агсараад байхаар нь би айлгах гээд бичлэг хийнэ шүү гээд гар утсаа бариад зогсоход Ж агсам тавихаа больсон. Тэгээд тэндээс О-ыг аваад явсан” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ж.Ж-ийн гэмтэлтэй холбоотойгоор ... Ж.Ж-ийн биед зүүн 2, 3, 4-р хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 9025 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 17/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ж.Ж “... Баасанбатад зодуулж хавиргандаа гэмтэл авсан. Баасанбатаас эмчилгээний зардалд 700.000 төгрөг бэлнээр авсан.” гэсэн хүсэлт гаргажээ. /хх-н 39/

Харин шүүх хуралдааны явцад хохирогч “... шүүгдэгчээс нийт 800.000 төгрөг авсан, одоо нэмж 1.9 сая төгрөг авах болно” гэж, шүүгдэгч дээрх байдлыг хүлээн зөвшөөрч байх ба тэдгээр нь энэ тухайгаа бичгээр баримт үйлдэж бэхжүүлсэн тул шүүгдэгч Д.Б-аас 1.9 сая төгрөг гаргуулж хохирогч Ж.Ж-д олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ын Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Д.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Ж гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгт зааснаар Д.Б-аас 1.900.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ж-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ