| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2023/01112/И |
| Дугаар | 223/МА2026/00015 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 223/МА2026/00015
2026 4 02 223/МА2026/00015
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 317/ШШ2026/00248 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ........... “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... Э,
Хариуцагч: .................. С нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 128,767,226 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж, Ц.Наранцэцэг, хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Иргэн Б.С болон Д.Э нар манай “Б” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 35,000,000 төгрөгийг Б.Сод шилжүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот Барьцааны гэрээ байгуулж, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 200 дугаар байр, 3 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалсан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот Батлан даалтын гэрээг Д.Этай байгуулж, уг гэрээний 2.1-д зааснаар “зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадаагүй тохиолдолд түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийт 395 хоног хугацаа хэтрээд байна. Иймд ЗГ116213010300017 тоот зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн төлбөрт 34,972,611 төгрөг, хүү 16,098,433 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу алданги 52,768,859 төгрөг, нийт 103,839,903 төгрөгийг хариуцагч Б.С, Д.Э нараас гаргуулж, уг мөнгийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэж өгнө үү. ...Тус шүүхэд “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С, Д.Э нарт холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.2-т “Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээлийн үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон. Д.Э, Б.С нар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх өдрийн байдлаар 937 хоног хугацаа хэтрүүлсэн байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хуримтлагдсан хүү 41,025,758 төгрөг, алданги 147,544,631 төгрөг, нийт 223,543,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хуримтлагдсан хүү 24,927,326 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хүү 41,025,758 төгрөг, алданги 52,768,857 төгрөг, 128,767,226 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно” гэжээ.
2.Хариуцагч Д.Эын хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан бөгөөд түүнийгээ дэмжиж оролцоно. Д.Эын хувьд “Б” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Мөн тус байгууллагатай “Батлан даалтын гэрээ” байгуулсан. Энэ дээр маргахгүй. Тухайн үед зээлдэгч нар ямар учир шалтгаантай зээл авснаа хариу тайлбартаа маш тодорхой биччихсэн. Д.С нь барилгын бизнес эрхэлдэг бөгөөд хүүгийнх нь бизнес зогссон тул эх Д.Э нь хүүгийнхээ хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, зээл авсан. Зээлсэн мөнгөө Д.С өөрийн бизнестээ зарцуулсан ба Д.Э тухайн зээлээс нэг төгрөг ч аваагүй. Гэхдээ энэ бол тусдаа асуудал, зээлийн гэрээний үүрэг үүссэнээс хойш Д.С нь “Б” ХХК-д тодорхой хэмжээний мөнгө төлсөн. Анх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,372,675 төгрөг, нийт 39,372,602 төгрөгийг Д.Э, Д.С нар төлөх үүрэг хүлээсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Харин 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулан гэрээний хугацааг сунгасан. Мөн 2022 оны 4 дүгээр сард байгуулсан зээлийн гэрээний нэмэлт асуудлуудыг хариуцагч Д.Э хариуцахгүй. Тухайн зээлийн харилцаанд Д.Э ямар нэгэн байдлаар оролцоогүй, гарын үсэг зураагүй. Зээлийн харилцаа ингэж сунгагдсан гэж мэдээгүй. Үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас л мэдсэн. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлагаа хүүгийн төлбөр гаргуулахаар ихэсгэсэн. Тэгэхээр зээлийн хүү хэзээнээс бодогдож эхлэх вэ гэдэг асуудал гарна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хүүгээ тооцохдоо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл буюу 395 хоногоор тооцож, үүндээ хүү бодсон байна. Хүү гэдэг нь тухайн гэрээнд заасан хугацаанд л төлөгдөх ёстой. Өөрөөр хэлбэл, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны хоорондох хугацааны хүүг Д.С хариуцах ёстой. Энийг юугаар тодорхойлж байгаа вэ гэхээр эхний нэмэлт гэрээгээр /2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан/ 3 сарын хугацаатай буюу 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл сунгасан. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээнийхээ нэмэлт өөрчлөлт 3-д “...зээлдүүлэгч, зээлдэгч нар харилцан тохиролцож 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс зээлийн гэрээг 6 сараар сунгав...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 сараар зээлийн гэрээг сунгасан асуудал яригдаж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх хүү нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй ба гэрээнд заагаагүй хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 24,927,326 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Сая нэхэмжлэгч талаас хийсэн тооцооллыг сайн ойлгосонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөх, үндэслэлээ тайлбарлах ёстой. Гэтэл өнөөдөр хүүгийн төлбөр хэд, алданги нь хэд, хэрхэн, яаж тооцсон эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тийм учраас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариу тайлбар гаргах боломж хязгаарлагдмал байна. Дөнгөж сая л шүүгч асууж байж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж, өмнөх тайлбарт хэлсэн 39,372,602 төгрөгийг Д.Сын хамт төлөхөд татгалзахгүй. Алданги 52,770,596.70 төгрөг яригдаад байх шиг байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд зааснаар алдангийг тодорхой тайлбарласан. Анзыг торгууль болон алданги гэж тооцно. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлж болохгүй, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэх зохицуулалттай. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд хүүгээс алданги тооцоогүй, зээлээ төлөөгүй хэтэрсэн хугацаанаас алданги тооцсон гэж тайлбарлаж байх шиг байна. Миний тооцоолсноор 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд л зээлийн хүү тооцогдоно. Үүнээс цааш 0,5 хувиараа алдангиа тооцоод явах ёстой. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоолол дээр ярьж байна. Үүнийхээ төлсөн дүн гэдэг дээр Д.Сыг 19,795,000 төгрөг төлсөн гэж хүснэгтэд бичсэн. Гэтэл сая тооцоолохдоо 1,173,974 төгрөг, мөн 15,126,163 төгрөг, нийт 16,300,110 төгрөгийн төлбөр төлсөн гэж байгаа юм. Тэгэхээр 3 сая төгрөгийн зөрүү гарч байна. Үүнийгээ тодруулах шаардлагатай ба нэхэмжлэлийн шаардлагаас хасагдаж тооцогдох ёстой. Тэгэхээр нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, хоёрдугаарт, хуульд зааснаар хүү, алдангиа зөв тооцоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа 103,839,903 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэж тодорхойлсон. Үүнтэйгээ уялдуулаад 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 677,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар тухайн нэхэмжлэлийн шаардлагад хэдэн төгрөг төлөх вэ гэдэг нь маш ойлгомжтой. Энэ утгаараа улсын тэмдэгтийн хураамжид 677,149 төгрөг, барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагадаа 70,200 төгрөг төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй. Тэгэхээр энэ бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг би мэдэхгүй, хэрэв хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзвэл үндсэн зээл буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Д.Э 39,372,602 төгрөгийг Д.Сын хамт хариуцахад татгалзахгүй. Үлдэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль болон гэрээнд заасан шаардлага хангаагүй тул энэ хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Алданги бол үндсэн төлбөр буюу 34,972,611 төгрөгөөс, хуульд зааснаар 50 хувиас хэтэрч болохгүй гэдэг зохицуулалтаараа 34,972,611 төгрөгт 17,486,305 төгрөгийн алданги бодох ёстой. Манайх алдангид 18,926,726 төгрөг төлсөн бөгөөд илүү 1,440,421 төгрөг байгаа тул энэ мөнгийг үндсэн зээлээс нь хасаж тооцуулах саналтай байна” гэжээ.
3.Хариуцагчийн Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “С.Базардоржийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Хүү, алдангиа хэрхэн тооцсон талаар ойлгохгүй байна. Зээлдэгч нарын хувьд их, бага хэмжээгээр хүү төлөөд л явж байсан. Хүүгээс хүү тооцоод байгаа юм уу? Алданги нь яагаад 52 сая төгрөг болоод байгааг ойлгохгүй байна. Алдангид 18 сая төгрөг төлсөн гээд биччихсэн байна. Бидний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн хэлж байгаачлан 39,372,602 төгрөгийг төлөхөд маргаад байх зүйлгүй. Гэхдээ зээлийн гэрээнд нэг учир байна. “Б” ХХК нь барьцаалан зээлдүүлэх эрхтэй байгууллага юм байна лээ. Тэгсэн хэр нь зээлийн гэрээгээ байгуулахдаа иргэд хоорондын зээл буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар гэрээ байгуулсан нь өөрөө буруу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, банк болон банк бус барьцаалдан зээлдүүлэх газар тул Иргэний хуулийн 451 дугаар зүйлд зааснаар гэрээгээ байгуулах ёстой, тухайн гэрээ нь анхнаасаа зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрх ашгийг нь хохироосон гэрээ болсон. Дээр нь нэмээд хэлэхэд Д.Э, Д.С нар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлээгүй байхад яагаад 2023 оны 11 дүгээр сар хүртэл хугацаа аваад, зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлээд байсан нь ойлгомжгүй. Нийт 34,972,611 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Хүүгийн тухайд 542 хоногоор тооцож, уг хоногийг нэг өдрийн хүү буюу 45,991 төгрөгөөр үржүүлэхэд, 24,927,122 төгрөг болно. Үүнээс Д.С нарын төлсөн 19,795,000 төгрөгийг хасахаар хүүгийн төлбөр 5,926,327 төгрөг болдог. Үүнийг нь хүлээн зөвшөөрнө. Алдангийн тухайд 34,972,611 төгрөгөөсөө тооцох байх, хүүгээс алданги тооцохгүй. Тэгэхээр 17,486,305 төгрөгийн алданги, нийт 58,385,243 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үүнээс төлөгдсөн төлбөр хасагдах ёстой” гэжээ.
4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э, Д.С нараас зээлийн гэрээний үүрэгт 23,019,074 /хорин гурван сая арван есөн мянга далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,748,151 /нэг зуун таван сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Д.Э, Д.С нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,029,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.С нараас улсын тэмдэгтийн хураамж 273,045 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож,
Шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхийг дурдаж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
“...1.Гэрээнд заасан хүү авах эрхтэй ба үүнээс хойшхи хүүг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн 9 дахь хуудас 13-т "...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот зээлийн прээний 2.1.6-д заасан хугацааг 6 сараар сунгав" гэж дурдсан ба Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д "Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгын анхаарна" гэж зааснаар тайлбарлавал анхны зээлийн гэрээний хугацаа 6 cap байхаар талууд тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсоны дагуу гэрээнд заасан 6 сарын хугацааны хүү авах эрхтэй ба үүнээс хойшхи хүүг нэхэмжлэх эрхгүй бөгөөд талуудын байгуулсан нэмэлт гэрээний эргэн төлөлтийн хуваариас үзэхэд нийт 6 сарын хүүд 8,515,068 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Мөн зээлийн гэрээний 2.1.5-д "Алданги: зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг зээлдэгчид төлнө" гэж заажээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно" гэж тус тус заасан. Зээлийн гэрээ байгуулахад талуудын хүсэл зориг нэгдсэн учир гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.2.2-т "Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй" гэж тохиролцсон. Иймд зээлдэгч нарыг зээлийн гэрээнд заасан тохиролцооны дагуу 6 сарын хугацаа дууссан ч үүргээ биелүүлээгүй, мөн зээлдэгч нь зээл, хүү алдангийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.
2.Шүүх зээлийн тооцоолол болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буруу дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт 10 дахь хуудас "Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д "хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданга гэнэ", 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж тус тус заасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар гүйцэтгээгүй үүргийг үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,610 төгрөгөөс тооцож, үүний 50 хувиас хэтрэхгүй гэвэл 17,486,305 төгрөгийн алданги гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэгт нийт 37,954,910 төгрөг төлсөн талаар маргаагүй тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хүү 8,515,068 төгрөг, апданги 17,486,305.5 төгрөг, нийт 60,973,984.5 төгрөг үүссэнээс гэрээний үүрэгт төлөгдсөн 37,954,910 төгрөгийг хасвал 23,019,074 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй байна " гэсэн нь үндэслэлгүй юм.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үндсэн зээлийн үлдэгдэл, хүү юм.
Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 01 зөвлөмжийн 4 дугаар хуудсанд Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, хүү хоёрын нийлбэр гэжээ. Алданги нь үндсэн зээл, хүү хоёрын нийлбэр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой байтал шүүх зөвхөн үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Зүй нь үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,610 төгрөг, хүү 41,025,758 төгрөг, нийт 75,998,368 төгрөг нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн юм.
Хэрэв шүүхээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50 хувиас хэтэрч болохгүй гэвэл 75,998,368 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Харин шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэж үзэн, түүний 50 хувь 17,486,305 төгрөгийн алдангийг гэрээ болон хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,610 төгрөг, хүү 41,025,758 төгрөг алданги нь 52,768,857 төгрөг нийт нэхэмжилсэн үнийн дүн 128,767,226 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.
7.Хариуцагч Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардоржийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хуулийг зөв тайлбарлан шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна... Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээнд хугацаа заасан боловч зээл бүрэн төлөгдөх хүртэл хүү, алданги тооцох эрхтэй гэж тайлбарлаж байна. Гэвч Иргэний хуульд зааснаар талууд гэрээгээр хугацааг тодорхой заасан тохиолдолд тухайн хугацаанд хамаарах хүүг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээнд заасан хугацааны хүрээнд хүүг тооцож, 8,515,068 төгрөгийн хүү нэхэмжлэх нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч 54,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үндсэн зээлийн үлдэгдэл болох 34,000,000 төгрөг дээр нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүүг нэмж, түүнээс алдангийг тооцсон. Гэвч Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь зөвхөн үндсэн зээлийн төлбөрт хамаарна. Иймд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн зөвлөмжийг иш татаж байгаа боловч уг зөвлөмж нь заавал дагаж мөрдөх эрх зүйн акт биш бөгөөд хууль хэрэглээний албан ёсны тайлбарын хэмжээнд үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.
1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон ч хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.
2.Нэхэмжлэгч “Б” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа: “Иргэн Б.С болон Д.Э нар “Б” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. “Б” ХХК-аас зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 35,000,000 төгрөгийг Б.Сод шилжүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ116213010300017 тоот барьцааны гэрээ байгуулж, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, 200 дугаар байр, 3 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэн барьцаалсан. ...Гэвч зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 937 хоног хугацаа хэтрээд байна. ... Үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хуримтлагдсан хүү 41,025,758 төгрөг, алданги 147,544,631 төгрөг, нийт 223,543,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хуримтлагдсан хүү 24,927,326 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,611 төгрөг, хүү 41,025,758 төгрөг, алданги 52,768,857 төгрөг, 128,767,226 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилнэ. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно” гэх агуулгаар тайлбарласан.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, Л.Энхтунгалаг нар: “...Д.Эын хувьд “Б” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Мөн тус байгууллагатай “Батлан даалтын гэрээ” байгуулсан. Энэ дээр маргахгүй. ...Анх 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,372,675 төгрөг, нийт 39,372,602 төгрөгийг Д.Э, Д.С нар төлөх үүрэг хүлээсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрнө. Харин 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ, мөн 2022 оны 4 дүгээр сард байгуулсан зээлийн гэрээний нэмэлт асуудлуудыг тухайн зээлийн харилцаанд Д.Э ямар нэгэн байдлаар оролцоогүй, гарын үсэг зураагүй учир хариуцахгүй. ...Мөн зээлийн хүү тухайн гэрээнд заасан хугацаанд л төлөгдөх ёстой. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хугацааны хүүг Д.С хариуцах ёстой... Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар буюу хуульд нийцээгүй ба гэрээнд заагаагүй хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. ...Алданги бол үндсэн төлбөр буюу 34,972,611 төгрөгөөс бодогдох ёстой...” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, мэтгэлцсэн.
Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн, 35,000,000 төгрөгийг шилжүүлж авсан эсэх үйл баримтын талаар маргаагүй байна.
3.Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч Б.С, Д.Э нар “Б” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 35,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай гэрээ байгуулан авсан, барьцаанд Д.Эын өмчлөлийн, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Номт, Соёмбо хотхон, Бодоогийн гудамж, 200 дугаар байр, 3 тоотод байрлах, 55,41 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-1427004182 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон.
4.Иймд зохигчдын хооронд харилцан үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн нь эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлсон гэж үзэх үндэслэл болж байна.
Тодруулбал, 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн “Б” оноосон нэрийг “Б барьцаалан зээлдүүлэх газар” /хх-ийн 174/ болж, мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үйл ажиллагааг хасаж, мөнгөн зээлийн үйл ажиллагааг шинээр бүртгүүлснээс үзэхэд нэхэмжлэгч “Б” ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгай зөвшөөрлийг авсан байх тул үүнээс өмнөх харилцаанд уг тусгай зөвшөөрөл хамаарахгүй үндэслэлээр хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
5.Харин талууд гэрээний хугацааг сунгасан эсэх, сунгагдсан хугацааны талаар харилцан зөрүүтэй буюу нэхэмжлэгч тал гэрээг 3 сараар, 6 сараар, нийт 9 сараар сунгасан гэж, харин хариуцагч Д.Э нь гэрээг сунгах талаар мэдэгдээгүй, тус нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус гэх агуулгаар тайлбарлан маргасан ба анхан шатны шүүх гэрээний хугацааг 6 сараар тооцжээ.
Хариуцагч Б.С нь “Б” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ1162130103000017-01 тоот “Нэмэлт зээлийн гэрээ” байгуулж, гэрээний 3 дугаар зүйлд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 3 сараар сунгаж, мөн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ1162130103000017-01 тоот “Нэмэлт зээлийн гэрээ”-г байгуулж, тус гэрээний 3 дугаар зүйлд дурдсанаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасан хугацааг 6 сараар сунгав гэж тус тус тохиролцсон байх ба гэрээнд зээлдэгч Б.С гарын үсэг зурсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 3 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 3 сараар нэг удаа, 6 сараар нэг удаа сунгасан гэрээнд хариуцагч Б.С гарын үсэг зурсан, талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг нийт 12 сараар тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
6.2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 дугаар “Батлан даалтын гэрээ”-г “Б” ХХК болон Д.Э нар байгуулж, уг гэрээний 1 дүгээр зүйлд зааснаар батлан даагч Д.Э нь зээлдүүлэгч “Б” ХХК болон зээлдэгч Б.С нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1162130103000017 дугаартай зээлийн гэрээний нөхцөлийн дагуу 35,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдөх, гэрээний бүх үүрэг хугацаандаа төлөгдөх, гэрээний бүх үүрэг хугацаандаа бүрэн биелэгдэхийг зээлдүүлэгчийн өмнө баталж, биелэгдэхгүй бол батлан даагч нь өөрөө бүрэн хариуцахаар тохиролцсон байх ба зээлийн гэрээнд зээлдэгч, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан хариуцагчаар Б.С, Д.Э нарыг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэгчийн эрхэд хамаарна.
7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу гэрээний хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Давж заалдах шатны шүүх шинжлэн судлагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 35,000,000 төгрөгийн гэрээг бичгээр байгуулахдаа буцаан төлөх хугацааг тогтоосон байх ба хүү, алдангийн талаар тохиролцжээ. Хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд хариуцагч нар үндсэн зээл 35,000,000 төгрөгөөс 27,389 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 34,972,610 төгрөг байна.
Дээрх гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн хүүд нийт 16,932,635 төгрөгийг төлөхөөр байх ба гэрээний хугацаанд хариуцагч нь нийт 14,127,158 төгрөгийг төлж барагдуулсан, төлбөл зохих хүүгийн төлбөрөөс 2,805,477 төгрөгийг төлөөгүй байна.
8.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.5-д “Зээлийн төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг зээлдэгч төлнө” гэж гэрээгээр талууд алданги 0,5 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасанд нийцсэн.
Иймд нэхэмжлэгч “Б” ХХК нь зээлийн гэрээний дагуу алданги тооцож шаардах эрхтэй ба зээлдэгч нь үндсэн зээлийг хүүгийн хамт зээлдүүлдэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээл, төлбөл зохих хүүгийн нийлбэрээр тооцоход 37,778,087 төгрөг болно. Үүнийг гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаагаар хоног тутамд 0,5 хувиар тооцоход 50 хувиас илүү гарах учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хязгаарлавал 18,889,044 төгрөгийн алданги төлөх үүрэг үүсжээ.
9.Дээрх байдлаар тооцооллыг хийхэд нийт 56,667,131 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгчид төлөхөөр байх ба гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 21,173,947 төгрөгийг төлбөл зохих дүнгээс хасахад 35,493,184 төгрөг болно.
10.Харин гэрээний хугацаанд зээлдэгч нар нь нийт алдангид 2,624,678 төгрөгийг зээлдүүлэгчид хүлээн зөвшөөрч төлсөн нь талуудын зарчимд үндэслэсэн байна.
11.Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн хуралдаанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12.Түүнчлэн анхан шатны шүүх тухайн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх хэсэгт хууль хэрэглээний буюу “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6...”-д гэсний өмнө “232.4”-д гэж нэмэлт оруулж, “...хариуцагч Д.Э, Д.С нараас зээлийн гэрээний үүрэгт 35,493,184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,274,043 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтад "... хариуцагч Д.Э, Д.С нараас улсын тэмдэгтийн хураамж 335,416 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулан, 1-5 гэсэн дугаарлалтыг 1-4 болгон, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадорж “...Шүүх зээлийн тооцоолол болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг буруу дүгнэсэн...Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 01 зөвлөмжийн 4 дугаар хуудсанд Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, хүү хоёрын нийлбэр гэж заасан. Алданги нь үндсэн зээл, хүү хоёрын нийлбэр буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой байтал шүүх зөвхөн үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм...Талууд Зээлийн гэрээний 2.2.2-т заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран хугацаандаа төлөөгүй зээл, хүү, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тохиролцсон. Үндсэн зээлийн үлдэгдэл 34,972,610 төгрөг, хүү 41,025,758 төгрөг, алданги нь 52,768,857 төгрөг, нийт нэхэмжилсэн үнийн дүн 128,767,226 төгрөг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн гаргасан давж заалдах гомдлоос хүү, алдангийн тооцооллыг буруу хийсэн гэх агуулга бүхий хэсгийг магадлалд дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,000 /зургаан зуун наян долоон мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 317/ШШ2026/00248 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э, Д.С нараас зээлийн гэрээний үүрэгт 23,019,074 /хорин гурван сая арван есөн мянга далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 105,748,151 /нэг зуун таван сая долоон зуун дөчин найман мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.Э, Д.С нараас зээлийн гэрээний үүрэгт 35,493,184 /гучин таван сая дөрвөн зуун ерэн гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,274,043 /ерэн гурван сая хоёр зуун далан дөрвөн мянга дөчин гурав/ төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтад “...хариуцагч Д.Э, Д.С нараас улсын тэмдэгтийн хураамж 273,045 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай” гэснийг “...хариуцагч Д.Э, Д.С нараас улсын тэмдэгтийн хураамж 335,416 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, 2 дахь заалтыг хасаж, 1-5 гэсэн дугаарлалтыг 1-4 болгон, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Санжаадоржийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,000 /зургаан зуун наян долоон мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД
Д.МӨНХБҮРЭН