Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар   223/МА2026/00005

 

 

 

 

 

 

 

2026          02            12                                                       223/МА2026/00005

 

 

Д.Аы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,   

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01456 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.А

Хариуцагч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын Е-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,891,810 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидсүрэн,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж, Д.Бүрнээ /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А нь Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр 2004 онд суралцаж төгсөөд мөн оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж эхэлсэн. 2021 оноос сургуулийн захирал түүнд албан бус насан туршийн боловсролын төвийн багшаар ажиллахыг санал болгож, энэ албан тушаалд томилогдож, 2025 оны 04 сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байв. Анх 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багшийн ажилд томилогдож ажиллаж эхэлснээс хойш монголын ирээдүй болсон шавь нараа сурган хүмүүжүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэн шударгаар зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд нэг ч удаа сахилгын арга хэмжээ авхуулж байгаагүй. Захирал М.Х нь 2024-2025 оны хичээлийн жилийн 1 дүгээр улиралд ажлын цагийн бүртгэлийг үгүйсгэж, үндэслэлгүйгээр Д.Аы 6 хоногийн цалинг хасаж байсан бөгөөд энэ шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй өнөөдрийг хүрсэн хэдий ч түүнтэй маргаагүй. Түүнчлэн хамт олны хурал дээр багш, ажилчдын эрх ашгийг зөрчиж байгаа асуудлаар захиралд хандаж үзэл бодлоо илэрхийлснээс болж ялгаварлан гадуурхалд өртсөн гэж үздэг.

Захирлын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар Д.Аыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 /зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх/, 7.1.8 /байгууллагын соёл, дэг журам албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх,/  Хөдөлмөрийн гэрээний 5.1 /хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага хүлээлгэнэ /,

сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.1 /Ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана/,

13.3.1 /Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, хамт олны эв нэгдлийг хангаж ажиллана/,

13.3.9 /Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байна/,

13.5.1 /Шалтгаангүйгээр ажил, хурал, цуглаан бусад ажлаас хоцрох, таслахыг хориглоно/,

13.5.5 /сургуулийн орчинд согтууруулах ундаа, тамхи хэрэглэхийг хориглоно/,

13.5.6 /Салбарын болон байгууллага хамт олны нэр төр, ашиг сонирхлыг алдагдуулахад чиглэгдсэн мэдээ мэдээлэл санаатайгаар тараах, гутаах, хов жив хөөцөлдөх, хутган үймүүлэх, ажилтны эрх ашгийг хохироох, бусдыг гүтгэн доромжлох, өөрийн үзэл бодлыг тулган хүлээлгэхийг хатуу хориглоно/,

13.5.7 /Ажлын цагаар архи уусан, ажлын байранд согтуу байсан ажилтантай хөдөлмөрийн гэрээг шууд тасалсанд тооцох/,

13.5.8 /Сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэ журамд заасан үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хуулийн гэрээг цуцлах журмыг баримтална/-д заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан ба Д.А нь эдгээрийг хүлээн зөвшөөрдөггүй, ийм зөрчил гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг зөрчсөн.

Д.А нь гомдлоо хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, уг гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж талууд гарын үсэг зурсан ба хариуцагч М.Хажидсүрэн нь уг тэмдэглэлд гарын үсэг зурахгүй байсаар 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зурсан.

Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлийн хүлээн зөвшөөрөхгүй тул урьд эрхэлж байсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Захирлын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаал гарсныг даваа гарагт Д.А гардаж авсан. Гэхдээ үүнээс өмнө нь энэ талаар тушаал гарч байгаа шүү, танд хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу ийм арга хэмжээ авлаа гэдгээ урьдчилан мэдэгдээгүй бөгөөд ийм шийдвэр гарсныг мэдээд яагаад ийм байдалд хүрэв гээд эрх бүхий байгууллагад нь хандсан.      

Д.А нь өмнө нь биеийн тамирын багшаар ажиллаж байгаад өөрийн шавь нь Улсын багшийн их сургууль төгсөөд ирэхэд нь өөрийнхөө ажлыг өгөөд, өөрөө Албан бус насан туршийн боловсролын төвийн багшийн ажилд орсон. Энэ ажилд өмнө нь ажиллаж байсан захирал томилсон байгаа. Энэ хугацаанд холбогдох дүрэм, журмын дагуу ажлаа хийж ирсэн. Иймд Д.Аыг урьд эрхэлж байсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,891,810 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд буюу  ажлын 101 өдөр гэж тооцож, ажлын 1 өдрийн дундаж цалин хөлс нь 177,146.64 төгрөгөөр тооцоход 17,891,810 төгрөг гарч байгаа юм” гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч М.Хажидсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сургуулийн албан бус насан туршийн боловсролын багш Д. А нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлын цагаар архи ууж багш ажилчдын ёс зүйн тангараг өргөх хурал дээр согтуу ирж хамт олны дунд удирдах албан тушаалтныг зүй бус үгээр хараан зүхэж агсам тавьсан нь сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, мөн төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл тул сургуулийн захирлын 2025 оны 4 сарын 28-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Д.А нь сургуулийн захирлаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй бөгөөд дараах сахилгын зөрчлүүдийг гаргаж байсан тул сургуулийн хөдөлмөрийн дотоод журам болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрт хүрсэн билээ. Үүнд:

-1. Миний бие 2024 оны 8 сарын 12-ны өдөр сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд энэхүү цаг хугацаанаас хойш сургуулийн албан бус насан туршийн боловсролын багш нь удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг огтоос хийдэггүй байж ирсэн энэ асуудал дээр нь удаа дараа сануулж, анхааруулж байсан,

-2. Албан бус насан туршийн боловсролын багш Д.А болон нийгмийн ажилтан Б.А нар нь хүүхдийн сурах мэдэх, хүмүүжих, төлөвших эрхийг зөрчиж байгаа нь ажлаас халах аргагүй нөхцөл байдалд хүргэсэн.

-3. Албан бус насан туршийн боловсролын багш Д.А болон нийгмийн ажилтан Б.А нар нь ямар нэгэн шалтгаангүй ажлаа тасалдаг, ажлын цагаар ажлаа огт хийдэггүй. Тасалсан шалтгааныг асуухад хамт олны групп чатад удирдах албан тушаалтнаа элдэв муу үгээр хараан зүхэж, өш санаж, хамт олныг хүчээр цуглуулан хуралдаж, хов жив хөөцөлдөх болон бусдыг турхиран хамт олны эв нэгдлийг бусниулдаг ажлыг удаа дараа хийж байсныг манай хамт олон нотолно. Тушаал гарахын өмнө мэдэгдэж сануулж байгаагүй гэсэн байна, тэр үед сургуулийн 100 жилийн ой болох гээд завгүй байсан билээ. Д.А нь Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаад цахим хурал болоход сонсох ажиллагаа хийгдээгүй байна гэсэн. Миний зүгээс сонсох ажиллагаа гэдгийг сонсголын хуулийн дагуу эцэг, эх ч юм уу, хамт олныг цуглуулаад сонсох ажиллагаа хийнэ гэсэн ойлголттой байсан. Гэтэл тийм сонсгол хийгдээгүй. Нотлох баримт байна уу? гэхэд миний зүгээс яг нотлох зүйл байхгүй байсан. Би өөрөө хууль эрх зүйн мэдлэггүй улмаас алдаа гаргасан. Ер нь бол дээрх байдлын талаар албан бус насан туршийн боловсролын багш болон нийгмийн ажилтантай уулзаж ярилцаж олон удаа сануулсан. Д.Аыг өрөөндөө дуудаж уулзахад “Би захирлын шалгалт өгөөд захирал болох хүсэлтэй байсан юм, би ажлын 8 цагаар ажиллахгүй, дуртай үедээ ирж, явах болно” гэсэн хариуг өгдөг. Ажлын шаардлагын дагуу төлөвлөгөө гаргаж ажилладаггүй, төлөвлөгөө байхгүй учраас яаж ажлын тайлан гарах вэ. Хурал болоход хурлын зар хэлээгүй гээд ирдэггүй, манайх 30 гаруй ажилтантай, тиймээс бүгдэд нь хурлын товыг нэг бүрчлэн мэдэгдэнэ гэж байхгүй. Зөрчил гаргасан албан хаагчдаа хурал дээр яриад сануулдаг, гэтэл Д.А өөрөө хуралдаа ирдэггүй. Яагаад ажлаас халах тушаал гарсан бэ гэхээр 01 дүгээр сард сурагчид амралттай байсан, багш, ажилчид амарсан байсан. Гэхдээ аймгийн Боловсролын газраас бичиг ирж багш нарыг 14 хоног цахимаар ажиллах, бусад ажилтныг ажлын 8 цаг барьж ажилла гэсэн чиглэлийн дагуу ажилласан. Энэ хугацаанд Д.А 6 хоног ажлаа тасалсан. Мөн удаа дараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажлын байран дээрээ согтуу ирж байсан. Шаардлага тавихаар намайг элдэв зүйлийн үг хэллэгээр хэлж харааж зүхдэг, иймэрхүү байдал нь хамт олны уур амьсгалыг хүртэл эвдсэн. Д.А багшийг яаж ч чадахгүй байж бид нарыг дарамталлаа гээд сүүлдээ багш нар ажлаа хийхээ больж хэл ам хийдэг болсон. Үнэхээр халахаас өөр аргагүй байсан. Ингээд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод дүрэм, журмаа барьж халахаас өөр аргагүй болж, халах тушаалыг гаргасан. Дээрх хугацаанд удирдах албан хаагч миний бие хүлцэнгүй хандаж, аль болох эв нэгдлийг хангах талаас нь ажилласан. Харин энэ хүмүүс улам л өш санаж, үүрэгт ажлаа хийхгүй, өгсөн үүрэг даалгаврыг дарамт, шахалт, ялгаварлан гадуурхалт гэж үзэж ажлын байрандаа ажлын цагаар ирэхгүй, ирэхээрээ согтуу ирж бусдыг турхирсан үйлдлийг удаа дараа гаргахаас гадна архи ууж танхайрсан ноцтой зөрчил гаргасан учир сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж чөлөөлсөн. Энэ шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.  

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Д.Аыг урьд эрхэлж байсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор 11,581,942.7 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,309,867.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч  Д.Аы 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт /баталгаажуулалт/ хийхийг хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургууль /захирал М.Х/-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 270,461 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2,127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Д.А-г урьд эрхэлж байсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор 11,581,942.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,309,867.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэжээ.

Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн 8 дугаар талд "цалин хөлсийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нийт 101 ажлын хоног, нэг өдрийн цалин 114,672.7 төгрөг, нийт 11,581,942.7 төгрөг байна.

Дундаж цалин хөлсийг 2025 оны 3 дугаар сард 2,522,800 төгрөг, 2 дугаар сард 2,522,800 төгрөг, 1 дүгээр сард 1,834,763.64 төгрөгийн цалин тус тус авч нийт 6,880,363.64 төгрөг байна.

Дээрх саруудын ажлын өдөр нь нийт 60 хоногт хувааж ажилтны нэг өдрийн дундаж цалин хөлсийг 114,672.7 төгрөг, үүнийг 101 өдрөер үржүүлж 11,58,1942.7 төгрөгийг гаргуулав" гэж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг гаргаж өгсөн бөгөөд 2025 оны 4 дүгээр сард 6,114,638.12 төгрөгийн, 3 дугаар сард 2,522,000 төгрөгийн, 2 дугаар сард 2,522,000 төгрөгийн цалин тус тус авсан байх ба эдгээр 3 сарын дундаж цалин 6,114,638.12+2,522,800+2,522,800=11,160,238.13:3-3720,079.38 төгрөг.

Сарын дундаж цалин 3,720,079.38 төгрөгийг : 21 (журмын 1.6-д) =1,77,146.64 төгрөг, үүнийг ажилгүй байсан нийт 115 ажлын өдрөөс үржүүлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 20,371,863.6 гэж тооцож нэхэмжилсэн. Ийнхүү тооцохдоо ажлаас халагдсан 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн өдрийг хүртэл буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр ажлын 115 өдөр юм.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлййн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 20,371,863.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон хариу тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт "Нэхэмжлэгч нь ажлаас чөлеөлсөн тушаалыг эс зөвшөөрч хуульд заасны дагуу Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гарган шийдвэрлүүлсэн, талууд харилцан тохиролцоогүй шалтгаанаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа дуусгавар болсон болох нь Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэл, шийдвэрээр тогтоогдож байна" гэж, мөн 9 дэх хэсэгт "Улмаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан" гэж заасантай нийцэж байна" хэмээн дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж хариуцагч нарын зүгээс үзэж байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шууд шүүхэд хандах байсан хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэж байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т "Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан ходөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгуй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан", хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т "Хөдөллгөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: 154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр заалтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй байгууллага бөгөөд нэхэмжлэгч нь Дэлгэрхаан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд бус Төв аймгийн Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2-т зааснаар маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр байхад шүүх Зуун мод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлснийг хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-т "... сахилгын зөрчлийг тухай бүр нь тус тусад нь тогтоон баримтжуулсан байх үүрэгтэй" гэж, 12-т "...ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг талууД харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой" гэж, мөн 13-т "....нэхэмжлэгчийн гаргасан' гэх дээрх зөрчлүүдийг тус тусад тогтоон баримтжуулаагүй, дээрх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна" гэж, 14-т " ...ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг талууд харилцан тогтоогоогүй, уг зөрчлийн тохиолдлуудыг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тул нэхэмжлэгч Д.Аыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна" хэмээн тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Нэхэмжлэгч Д.Аыг Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.2, 7.1.8, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.3.1, 13.3.9, 13.5.1, 13.5.6, 13.5.7, 13.5.8 дахь заалтуудыг үндэслэн ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар архи уусан, багш ажилчдын ёс зүйн тангараг өргөх хурал дээр согтуу ирж удирдах албан тушаалтныг зүй бус үг, хэл амаар доромжилсон, ажлын цагаар мөрийтэй тоглож сургуулийн захирлын эсрэг хамт олныг өдөөн турхирч ёс зүйн зөрчил гаргасан, байгууллагын эд хөрөнгийг завшсан зэрэг зөрчлүүдийг гаргасан тул ийнхүү ажилтныг хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон.

Д.А нь дээрх дурдсан зөрчлүүдийг гаргасан тул заавал зөрчил тус бүр дээр сахилгын арга хэмжээ авах шаардлагагүй бөгөөд сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах зөрчлийг гаргасан нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Сургуулийн дотоод журмын холбогдох заалтыг баримталж түүний хөдөлмөр эрхлэлтийн ажил үүргийг дуусгавар болгосон нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад шүүхээс холбогдох нотлох баримт CD болон USB диск бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг баримталсан гэж үзэж байгаа ба хуулийн үндэслэлгүй болжээ. Тус сургуулийн насан туршийн багш Д.А болон нийгмийн ажилтан Д.А нарын багш нараас сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэж сургуулийн камерыг эвдэрхий камер ирүүлсэн гэсэн асуудал тавьсан тул 2025 оны 4 дүгээр сард сургуулийн үйл ажиллагаанд авсан камерыг шалгаж байхдаа байгууллагын эд хөрөнгө шавшигдуулсан, ажлын цагаар мөрийтэй тоглоом тоглож бусад багш нарыг уруу татсан, удирдлагыг хэрхэн халах тухай хэлэлцсэн зэрэг асуудлыг ийнхүү мэдэж Сургуулийн дотоод журмын дээр дурдсан заалтыг баримтлан ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул шүүхийн дүгнэсэн сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэлгүйд тооцох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Мөн ажилтан Д.А нь сургуулийн удирдлага М.Хг ажлын шаардлага эсэргүүцэн Төв аймгийн Засаг дарга болон Төв аймгийн Боловсролын хэлтэс зэрэгт гомдол гаргаж, улмаар гомдлын мөрөөр сургуулийн захирал М.Хгийн үйл ажиллагааг шалгаж, аймгийн Боловсролын хэлтсээс сахилгын арга хэмжээ ногдуулсныг Боловсролын яам 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа ба цаг хугацааны хувьд Д.Ад ногдуулсан ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй болно.

Түүнчлэн сургуулийн насан туршийн боловсролын багш Д.А ажлаа тасалсан, ажил үүргээ гүйцэтгэдэггүй болох нь аймгийн боловсролын хэлтэс болон аймгийн Засаг даргаас томилсон ажлын хэсгийн шалгалт, дүгнэлтээр тодорхой нотлогдож байхад шүүх нотлогдоогүй гэж үзсэн нь нэг талаараа багшийн ёс зүйгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа уусан, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх боловсролын багшийн төлөвлөгөө, тайлан байдаггүй, ажлын цагаар бусадтай мөрийтэй тоглоом тоглодог, байгууллагын эд хөрөнгө завшсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоногоор ажил тасалдаг зэрэг үйлдлүүдийг гаргасан ажилтныг өөгшүүлсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан CD болон USB-ээр насан туршийн багш Д.А "би архи уусан чаддаг юм бол намайг хал" гэж өөрийн дуу хоолойгоор тодорхой хэлсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрөө шүүх хуралд оролцсон тохиолдолд хэлэх тайлбаргүй байх байсан. Гэвч өөрийн өмнөөс нэхэмжлэгчийн төлөөлөгч оролцож, мэдэхгүй гэж хэлэхээс өөр хэлэх тайлбаргүй бөгөөд шүүгчээс "...нэхэмжлэгчийнх болох нь тогтоогдохгүй байна" гэж өрөөсгөл байдлаар дүгнэж, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна.

Иймээс сургуулийн насан туршийн багш Д.Аыг сургуулийн дотоод журмыг давтан болон шууд ажлаас халах зөрчлүүдийг гаргасан үзэж ажлаас чөлөөлсөн нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй болно. Энэ талаар шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно.

3. Шүүгчээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг баримтлан Д.Аыг ажлаас чөлөөлсөн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, ажилгүй байсан хугацааг 101 хоногоор тооцож, нийт 11,581,942 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, тооцооллын алдаатай болсон гэж үзэж байна.

Учир нь, Д.Аыг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно" гэж заасны дагуу түүнд ажиллаж байсан хугацааны болон 33.9 хоногийн ээлжийн амралтын цалин нийт 3,935,856.32 төгрөг олгосон байдаг. Монгол Улсын Ерөнхий Боловсролын сургууль 6 сарын 13-аас амардаг бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэвэл 4 сард 3 хоног, 5 сард 22 хоног, 6 сард 11 хоног байх ба (5, 6,7, 8 сарын 27-ныг хүртэлх амралтын цалин олгосон. Нийт 48 хоногийн ээлжийн амралтын цалин олгох ёстой байснаас 33.9 хоногийн ээлжийн амралтын цалин олгосон) амралтын хоногийн дутуу 14 хоног, 8 сард 3 хоног, 9 сард 19 хоног, нийт 72 хоног ажилгүй байсан хугацаа гэж үзнэ. Шүүхийн тооцсон нэг өдрийн цалин 114,672.7х 7=8,256,434 төгрөг болж байна.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”.

... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 2.1.Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно: 2.1.1.нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж, 2.1.2.нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж", 2.1.3.нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцно" гэж заасан. Мөн журмын 2.2-т "Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно" гэж заасан болно.

Түүнчлэн журмын 1.4.4-т "ээлжийн амралтын цалан" гэж ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгохдоо холбогдох хууль тогтоомжийн дагуу тооцон олгож байгаа цалин" гэж тодорхойлсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т заасны дагуу олгосон цалин хөлс тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан 2025 оны 4 сард олгосон 6,114,638.12 төгрөгний 50 хувь нь түүний ажиллаж байсан хугацааны 33.9 хоногийн ээлжийн амралтын цалин нийт 3,935,856.32 төгрөг тул дундаж цалин хөлсөнд хамаарахгүй юм.

Иймд нэхэмжлэгч Д.Аы 4 сарын цалин хөлс 6,114,638.12 төгрөгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл олгосон ээлжийн амралтын цалин хөлсийг нэгтгэж олгосон учир нэхэмжлэгчийн төлөелегчийн дундаж цалин хелсөнд хамааруулж байгаа нь үндэслэлгүй...” гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хажидсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Би Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2024 оны 8 дугаар сард томилогдож, үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Би Д.Аг ажлаас чөлөөлсөн. Цалин хөлсний тооцооны тухайд, боловсролын байгууллагын багш нар 48 хоногийн ээлжийн амралт эдлэх эрхтэй. Манай сургуулийн хувьд 6 дугаар сарын 16-ны өдрөөс 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 48 хоног амрах хуваарьтай. Энэ хугацааг тооцох ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс амралтын хугацааг тооцоонд оруулахгүйгээр, амралтын өдрүүдийг ажилгүй байсан хугацаанд багтаан тооцсон нь хоног илүү гарч байгаа гэж үзэж байна. Нэг өдрийн дундаж цалин хөлсний тухайд, шүүхээс 114,000 төгрөгөөр тооцсон. Харин нэхэмжлэгчийн зүгээс 170,000 гаруй төгрөгөөр тооцож, зөрүүтэй дүн гаргасан. Энэ нь буруу тооцоо гэж үзэж байна. Иймд цалин хөлсний тооцоог Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөв тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 9 дүгээр сарын 25-ны өдрөөр бус, 10 дугаар сарын 15-ны өдрөөр тооцож, 105-115 хоног гэж гаргасан байна. Ийнхүү хоног нэмж тооцож байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж буй хэрэг юм. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж байгаа бол хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан тайлбар гаргах боломж олгох ёстой. Гэтэл энэ хэрэгт ийм ажиллагаа хийгдээгүй болохыг тодруулж хэлмээр байна. Мөн амралтын хоногийг хасалгүйгээр тооцсон байна. Дээр нь 4 дүгээр сарын цалинг дундаж цалин хөлс бодоход оруулсан. Анхан шатны шүүх 4 дүгээр сарын цалинг тооцоогүй нь үндэслэлтэй. Учир нь тухайн сарын цалинд амралтын мөнгө урьдчилан орсон байсан. Багш нар амралтын мөнгөө урьдчилан авч амардаг тул уг дүнг дахин дунджид оруулбал дундаж цалин зохиомлоор нэмэгдэнэ. Иймд нэхэмжлэгчийн талын тооцоолол буруу, үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д “нэхэмжлэгчийн дуу авиа мөн болох нь тодорхой тогтоогдоогүй” гэж дурдсан байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд бүтэн өдрийн турш CD, флаш, гар утас зэрэг нотлох баримтад үзлэг хийсэн. Үүний үр дүнд ийм дүгнэлт гаргаж байгаа нь хариуцагч талын гаргасан нотлох баримт, оролцоог үнэлээгүйд тооцогдоно. Хэрэв шүүх дуу бичлэгт нэхэмжлэгч өөрөө мөн эсэхэд эргэлзэж байгаа бол хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хоёр удаа нэхэмжлэгчийг биечлэн оролцуулах хүсэлт гаргасан. Гэвч уг хүсэлтийг хангаагүй. Ийм нөхцөлд “эрэгтэй, эмэгтэй хүний хоолой эсэх нь тодорхойгүй” гэх байдлаар дүгнэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад болж байна. Тухайлбал, нэг бичлэгт нэхэмжлэгч өөрөө “би согтуу байна” гэж хэлсэн байдаг. Мөн ёс зүйн тангараг өргөх хуралдааны үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тухай баримт бий. Түүнчлэн Дэлгэрхаан сумын сургуулийн ажилчдын чат группт хийсэн үзлэгийн талаар шүүх үнэлэлт өгөөгүй. Уг чатад нэхэмжлэгч ажлаас халагдах болсноо мэдсэн байдалтайгаар бичсэн, мөн удирдлагад хандсан зохисгүй агуулгатай үг хэллэг хэрэглэсэн нь харагддаг. Эдгээр нөхцөл байдал нь зөрчил гаргасан эсэхийг тогтооход ач холбогдолтой байсан. Шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Гэвч ямар албан тушаалд, ямар байгууллагад эгүүлэн тогтоож байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч өөрөө “би энэ сургуулийн ажилтан биш, Төв аймгийн Насан туршийн боловсролын төвийн ажилтан” гэж тайлбарласан. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх хангалттай шалгаж тогтоогоогүй. Мөн тайлангийн асуудлаар: сургуулийн хэмжээнд 1 дүгээр сарын тайлан байхгүй. Харин Насан туршийн боловсролын төвд 1, 2 дугаар сарын тайлан өгсөн гэх баримт хэрэгт авагдсан. Гэвч уг тайлангууд нь Дэлгэрхаан сумын сургуультай холбоогүй, өөр газар, өөр хүүхдүүдийн зураг бүхий тайлан байсан. Энэ талаар анхан шатны шүүхэд танилцуулсан боловч үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэтэл “тайлангаа өгдөг байсан” гэж дүгнэж, нэхэмжлэгчийг зөрчил гаргаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь дахин хянаж, нотлох баримтыг бүрэн үнэлэх шаардлагатай гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүйн улмаас шүүх хуралдааны шатанд мэтгэлцэх зарчим зөрчигдөж, зохигчийн эрх хөндөгдсөн байгаа тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Д.А нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын ерөнхий боловсролын сургууль эс зөвшөөрч мэтгэлцэхдээ урьдчилан шийдвэрлэх журмын харьяалал зөрчсөн талаар болон нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр шүүх хуралдааны шатанд тайлбар гаргаж маргасан нь 2025 оны 10  дугаар сарын 15-ны өдрийн 317/ТМ2025/01001 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /2хх-ийн 66/

Гэтэл шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааныг удирдан явуулах, маргааны үйл баримт руу зохигчийг чиглүүлэх үүргээ хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар асууж, тодруулах ажиллагаа явуулж талуудыг мэтгэлцүүлээгүй байхаас гадна шүүхийн шийдвэрт зохигчийн маргасан, маргаагүй үйл баримтыг тогтоохдоо хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй тул маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 107 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

4. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан нотлох баримт нь энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байхыг шаардана.

Хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн акт, Аймгийн Засаг даргын 2025.5.12-ны өдрийн А/2156 дугаар захирамжаар Дэлгэрхаан сумын ЕБС-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт зэрэг нь маргааны үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдол бүхий байх боловч хуулийн шаардлага хангаагүй буюу хариуцагч уг баримтуудад өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарсан байхад шүүх нотлох баримтын шаардлага хангуулах талаар мэдэгдэлгүй шийдвэрлэж байгаа нь нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. 

5. Шүүх хуралдааны шатанд хариуцагч талаас шинжлэн судалсан баримт болох  сургуулийн камерын дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн зарчим зөрчигдсөн байна.

6. Иймд давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.5-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн гаргасан давж заалдах гомдлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдолд энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичиг болох шийдвэрийн агуулга буюу бүрдэл хэсгийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд хуульчлан заасан.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” журам, аргачлалд заасны дагуу шүүхийн шийдвэр бичигдэх ёстой байтал хэрэгт авагдсан зохих нотлох баримтын талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй орхигдуулсан байгааг дурдав.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,461 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01456 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,461 /хоёр зуун далан мянга дөрвөн зуун жаран нэг/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.