| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 317/2025/01076/и |
| Дугаар | 223/МА2026/00009 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 223/МА2026/00009
2026 3 05 223/МА2026/00009
Б.А-ннэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317/ШШ2026/00038 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: .................................... тоотод оршин суух, .......................... /РД:.................../,
Хариуцагч: ................................................................. холбогдох,
“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17,891,810 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, Б.Жигмэддорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл,
Хариуцагчийн төлөөлөгч М.Хажидсүрэн,
Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, Б.Жигмэддорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Захирал М.Хнь хууль бус шаардлага, ажлын байрны дарамт ажил хэрэгч санал, санаачилгыг мушгин гуйвуулж, өөрийн үзэл бодлыг тулган шаардаж үндэслэлгүйгээр цалин хасаж, хэл амаар дайрч, доромжилж эцэст нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсан.
Тухайлбал: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 /зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх/, 7.1.8 /байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх/, сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.3.1 /Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, хамт олны эв нэгдлийг хангаж ажиллана/, 13.3.9 /Сургуулийн захиргаанаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж байна/, 13.5.1 /Шалтгаангүйгээр ажил, хурал, цуглаан бусад ажлаас хоцрох, таслахыг хориглоно/, 13.5.5 /сургуулийн орчинд согтууруулах ундаа, тамхи хэрэглэхийг хориглоно/, 13.5.6 /Салбарын болон байгууллага хамт олны нэр төр, ашиг сонирхлыг алдагдуулахад чиглэгдсэн мэдээ мэдээлэл санаатайгаар тараах, гутаах, хов жив хөөцөлдөх, хутган үймүүлэх, ажилтны эрх ашгийг хохироох, бусдыг гүтгэн доромжлох, өөрийн үзэл бодпыг тулган хүлээлгэхийг хатуу хориглоно/, 13.5.7 /Ажлын цагаар архи уусан, ажлын байранд согтуу байсан ажилтантай хөдөлмөрийн гэрээг шууд тасалсанд тооцох/, 13.5.8 /Сургуулийн захиргаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн болон энэ журамд заасан үүргээ биелүүлээгүй бол хөдөлмөрийн хуулийн гэрээг цуцлах журмыг баримтална/-д заасныг зөрчсөн гэж үзэж ажлаас халсан ба Б.А нь эдгээрийг хүлээн зөвшөөрдөггүй, ийм зөрчил гаргаагүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэснийг зөрчсөн.
Б.А нь гомдлоо хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, уг гомдлыг 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэж талууд гарын үсэг зурсан ба хариуцагч М.Хнь уг тэмдэглэлд гарын үсэг зурахгүй байсаар 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зурсан.
Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тэмдэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул урьд эрхэлж байсан ................сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд урьд эрхэлж байсан ................сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү...” гэжээ.
2. Хариуцагч ................сумын Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөгч М.Хшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаар тушаалаар нийгмийн ажилтан Б.Аийг сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам болон түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Нийгмийн ажилтан нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаардаг бөгөөд ТҮ зэрэглэлээр цалинждаг болно.
Сургуулийн нийгмийн ажилтан Б.А нь удаа дараа захирлын үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан бөгөөд дараах сахилгын зөрчлүүдийг гаргаж байсан тул хөдөлмөрийн дотоод журам болон төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халах шийдвэрт хүрсэн билээ.
Үүнд: 1. Хүүхэд зодсон асуудлаар сургуулийн эцэг, эхээс гомдол ирсэн ба энэхүү хүүхэд зодсон зөрчил нь боловсролын ажилтны болоод багшийн ёс зүй, үйл ажиллагаанд нийцэхгүй, сургуулийн дотоод журам зөрчсөн сахилгын зөрчил тул “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг баримталж ажлаас халсан болно.
Энэхүү зөрчил нь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 07/130 тоот албан бичиг, мөн ................сумын Засаг даргын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01/30-ны өдрийн 01/49 тоот албан бичгээр тогтоогдож байгаа болно.
Миний бие 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд энэхүү цаг хугацаанаас хойш сургуулийн нийгмийн ажилтан нь удирдах албан тушаалын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хэл амаар доромжилж үйлдэл нь төрийн албан хаагч, багшийн ёс зүй, хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн сахилгын зөрчил болно.
Мөн нийгмийн ажилтан Б.А нь ажлын байранд архи согтууруулах ундаа ууж байсан, шалтгаангүйгээр ажил тасалдаг, ямар нэг байдлаар чөлөө авдаггүй хүндэтгэн үзэх ажил тасалсан эдгээр зөрчлүүд нь боловсролын ажилтны, мөн багшийн ёс зүйд нийцэхгүй сургуулийн дотоод журмыг зөрчсөн ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халсан бөгөөд заавал сонсгох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1,158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Аийг ................сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ................сумын Ерөнхий боловсролын сургуулиас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 17,170,230 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Б.Ат олгож,
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.А-н ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагч ................сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч ................сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 243,801 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ, Б.Жигмэддорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317/ШШ2026/00038 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 162 дугаар зүйлд заасны дагуу дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
-1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар;
Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээж авахгүйгээр шийдвэрлэсэн нь нэг талыг баримтласан гэж үзэж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хэргийн оролцогч өөрөө олох боломжгүй, төрийн байгууллагын нууц мэдээлэлтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Аийг 2025 оны 9 дүгээр сард ................ЗДТГ-т нийгмийн бодлогын мэргэжилтэнээр ажилд орсонтой холбоотойгоор холбогдох тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд энэхүү баримт нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг үнэн зөв бодитой гаргахад зайлшгүй ач холбогдолтой баримт юм. Өөрөөр хэлбэл, шүүх, шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь төрөөс /төрийн 2 байгууллагаас/ нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудал давхардал үүсэж байгаа тул шүүх энэхүү баримтыг гаргуулж шийдвэрлээгүй нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэсэн гэхэд эргэлзээтэй байна.
Шүүхээс энэ талаар дүгнэхдээ Үндэслэх хэсгийн 24-т "...нэхэмжлэгч өөр ажилд орсныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тухайн тайлбарыг үгүйсгээгүй", 25-т "...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох нь Б.А-нэрх тул өөр ажил эрхэлж буй нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй тул нэхэмжлэгч Б.Аийг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл суутгалыг төлж бичилт хийлгэхийг шаардах эрхтэй гэж үзлээ" хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь "цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх" шаардлагын тухайд үнэн зөв, бодитой дүгнэсэн гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа "шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл" гэж нэмэгдүүлээгүй, тодотгоогүй, нэхэмжлэлдээ тодорхойлоогүй байхад шүүгч өөрөө дур мэдэж "шүүхийн шийлвэр гарах өдөр хүртал" тооцсон нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна.
Энэ нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 27-д "Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлоогүй ч хуулийн дээрх заалтаар ажил олгогч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогч олгох учраас ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг шүүхээс тогтоож тооцох нь зүйтэй байна" хэмээн дүгнэсэн байдлаас тодорхой харагдаж байгаа болно.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчээс өөрийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлоогүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх хэмжээнд хэт хөндлөнгөөс оролцож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.
-2. Нэхэмжлэгч шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан талаар;
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч хуульд заасны дагуу ................ сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гарган шийдвэрлүүлсэн, талууд харилцан тохиролцоогүй шалтгаанаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа дуусгавар болсон байх ба улмаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зуйлийн 158.2-т "Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан", хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: 154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" гэж тус тус заасан байна.
Хуулийн эдгээр заалтаар ................сумын Ерөнхий боловсролын сургууль нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй байгууллага тул нэхэмжлэгч нь ................хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд бус ................ сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шууд шүүхзд хандаж шийдвэрлүүлэхээр байхад ................ сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлсэн нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
-3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй талаар: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д "Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т 123.3-т 123.2-т "....Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулан шийдвэрийг бичгээр гаргана", 9-д "................сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаар тушаал нь дээр дурдсан хуулийн заалтад нийцэхгүй байна", 10-т "Ажилтан Б.А нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод зөрчилд заасан ямар үйлдэл, эс үйлдэхүйг хэзээ, хаана, хэрхэн гаргасан эсэх мөн түүнчлэн ажилтанд сахилгын зөрчлийн шинж, үр дагаварт хүргэх зөрчлийн аль нь ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэлд хамаарч байгааг тодорхойлоогүй байна." , 11-т " Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол 80.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заасан", 12-т "Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж сахилгын арга хэмжээг авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг баримтална" хэмээн тус тус дүгнэсэн атал Үндэслэх хэсгийн 19 дэх хэсэгт "Ажилтан Б.А нь зөрчил гаргасан хэдий боловч хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм журмын ямар заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй байна" гэж хэргийн үйл баримтыг буруу, зөрүүтэй дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан талаар тодорхойлоогүй гэж дүгнэсэн мөртлөө, нэг болохоор "Б.А нь зөрчил гаргасан хэдий боловч" гэх зэргээр шүүхийн шийдэл, дүгнэлт нь зөрүүтэй дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдалд нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нөгөө талаар хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын зүгээс Б.Аийг ажлаас чөлөөлсөн үндэслэл болон хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн зөрчлийн талаар тодорхой тайлбарласан бөгөөд гаргасан зөрчил нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа болно.
Нэхэмжлэгч Б.Аийг ................сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Төрийн албаны тухай хуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.2, 7.1.8, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.3.1, 13.3.9, 13.5.1, 13.5.6, 13.5.7, 13.5.8 дахь заалтуудыг үндэслэн ажил тасалсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил тасалсан, ажлын цагаар ажлын байран дээр архи уусан, ажлын цагаар мөрийтэй тоглож сургуулийн удирдлагын эсрэг хамт олныг өдөөн турхирсан, байгууллагын эд хөрөнгийг эвдсэн, хүүхэд зодсон зэрэг зөрчл үүдийг гаргасан тул ийнхүү ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон.
Б.А нь дээрх дурдсан зөрчлүүдийг гаргасан тул заавал зөрчил тус бүр дээр сахилгын арга хэмжээ авах шаардлагагүй бөгөөд сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах зөрчлийг гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Сургуулийн дотоод журмыг холбогдох заалтыг баримталж ажлаас чөлеөлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон CD болон USB диск бичлэгт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдож байхад шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тус сургуулийн нийгмийн ажилтан Б.А нарын багш нараас сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, шаардлагыг эсэргүүцэж сургуулийн камерыг эвдэрхий камер ирүүлсэн гэсэн асуудал тавьсан тул 2025 оны 4 дүгээр сард сургуулийн үйл ажиллагаанд авсан камерыг шалгаж байхдаа байгууллагын эд хөрөнгө эвдсэн, ажлын цагаар мөрийтэй тоглоом тоглож бусад багш нарыг уруу татсан, удирдлагыг хэрхэн халах тухай хэлэлцсэн зэрэг асуудлыг ийнхүү мэдэж Сургуулийн дотоод журамд заасан заалтыг баримтлан ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.2.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул шүүхийн дүгнэсэн сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэлгүйд тооцох хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үүрэгтэй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т "Мөн түүнчлэн Б.А нь 2025 оны 01 дүгээр сарын 6,7,8,9,10,13,14,15,16,17-ны өдрүүдэд ажил тасалсан, 10 хоногийн цалин 708,000 төгрөгийг хассан нь 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Боловсролын газраас хяналт шалгалт хийсэн хурлын тэмдэглэл, мөн ажилласан цагийн бүртгэлээр тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь хуулийн
үндэслэлтэй болсон байна.
М.Хнь сургуулийн захирал болсноор багш, ажилчдад ажлын шаардлага тавьж, ажлаа хий гэсэн шаардлагыг Б.А, ................ нарын зэрэг ажлаа хийдэггүй, ажлаа тасалдаг, ямар нэгэн cap, жилийн төлөвлөгөө, тайлан байдагггүй сул цалин авч байсан багш нарын дургуйцлийг хүргэж ирсэн ба Б.А-н10 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ажлаа хийгээгүй өдрийн цалинг хассаны улмаас Б.А нь хэсэг багш нарын хамт ажлын шаардлагыг эсэргүүцэн "ажлын байрны дарамт, хууль бус дарамт" мэтээр Төв аймгийн Засаг дарга болон Төв аймгийн Боловсролын хэлтэс зэрэгт гомдол гаргаж, улмаар гомдлын мөрөөр сургуулийн захирал М.Хажидсүрэнгийн үйл ажиллагааг шалгаж, аймгийн Боловсролын хэлтсээс сахилгын арга хэмжээ ногдуулсныг Боловсролын яам 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчш үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан cap, ажш олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуупна" гэж заасны дагуу ажилтан Б.А-н10 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байгаа болно.
Ажилтан Б.А-нхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 10 хоног ажил тасалсан зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасан цалинтай болон цалингүй чөлөө олгох заалтыг зөрчсөн, мөн 2 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан нь ажлаас шууд халахаар заасан зөрчилд хамаарч байгаа ба ажилтан, ажил олгогч нар хөдөлмөрийн гэрээгээр "ноцтой зөрчил"-ийг харилцан тохиролцсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, сургуулийн удирдлага 10 хоног ажил тасалсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй байсан ба ажлаа хийгээгүйн 10 хоногийн цалинг хассан асуудал байсан.
Иймээс Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг үндэслэн ажлаас халсан байхад анхан шатны шүүх "хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар зөрчил...хамаарч байгааг тодорхойлоогүй" гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.
Нийгмийн ажилтан Б.А нь ажил үүргээ гүйцэтгэдэггүй, архи согтууруулах ундаа уудаг талаар аймгийн боловсролын хэлтэс болон Засаг даргын захирамжаар томилсон ажлын хэсгийн шалгалт, дүгнэлтээр тодорхой нотлогдож байхад шүүх нотлогдоогүй гэж үзсэн нь нэг талаараа багшийн ёс зүйгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа уусан, хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх боловсролын багшийн төлөвлөгөө, тайлан байдаггүй, ажлын цагаар бусадтай мөрийтэй тоглоом тоглодог, байгууллагын эд хөрөнгө завшсан, хүүхэд зодсон зэрэг багшийн болон төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн зөрчил зөрчлүүд нь давтан зөрчил гэж үзэж байгаа ба ийнхүү сурагчийг зоддог, архи согтууруулах ундаа уудаг, хүүхдийн эрхийн талаар болон хүүхэд хамгааллын талаар ямар ч ажил, үүрэг гүйцэтгээгүй ажилтныг эгүүлэн томилж өөгшүүлсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймээс нийгмийн ажилтан Б.Аийг сургуулийн дотоод журмыг давтан болон шууд ажлаас халах зөрчлийг гаргасан үзэж ажлаас чөлөөлсөн нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотооод журам болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно.
-4. Шүүгчээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ыг баримтлан ................ыг ажлаас чөлөөлсөн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 168 хоногоор тооцож, нийт 17,170,230 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тооцооллын алдаатай шийдвэр гэж үзэж байна. Учир нь:
Б.Аийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т "Хөдөлмөр эрхлэлтийн харшцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно" гэж заасны дагуу түүнд ажиллаж байсан хугацааны болон 33.9 хоногийн ээлжийн амралтын цалин нийт 3,997,266 төгрөг олгосон байдаг.
Монгол Улсын хэмжээнд Ерөнхий Боловсролын сургууль 6 сарын 13-наас амардаг бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлсөн гэвэл 4 сард 3 хоног, 5 сард 22 хоног, 6 сард 11 хоног байх ба (5, 6,7, 8 сарын 27-ныг хүртэлх амралтын цалин олгосон. Нийт 48 хоногийн ээлжийн амралтын цалин олгох ёстой байснаас 33.9 хоногийн ээлжийн амралтын цалин олгосон) амралтын хоногийн дутуу 14 хоног, 8 сард 3 хоног, 9 сард 19 хоног, нийт 72 хоног ажилгүй байсан хугацаа гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн ээлжийн амралтын онцлогийг анхаарч авч үзэлгүйгээр 168 хоног гэж тооцсон нь хуулийн үндэслэлгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр энэхүү хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг холбогдох төрийн байгууллагаас гаргуулах хариуцагч талын хүсэлтийг авч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг буруу тооцсон тооцооллын алдаатай шийдвэр болсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд ................сумын Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч нар нэхэмжлэгч цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, тодорхойлоогүй гэж тайлбарлаж байна. Гэвч энэ нь үндсэн шаардлагатайгаа уялдсан асуудал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 192 дугаар зүйлд заасны дагуу шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлох боломжтой.
Хариуцагчийн өмгөөлөгч Жигмэддорж ээлжийн амралтын цалин хөлсийг хасаж тооцох ёстой гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх нийт цалин хөлсний хэмжээнээс 3,997,266 төгрөгийн ээлжийн амралтын мөнгийг хасч, нэхэмжлэгчид 17,170,230 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч Бүрнээ нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг дурдсан боловч уг зүйлд мөн 154.2-т зааснаар маргааныг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүх шийдвэрлэнэ гэж зохицуулсан байдаг. Иймд нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэж үзэж байна.
Түүнчлэн ээлжийн амралтын мөнгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Иймд дундаж цалин хөлсийг тодорхойлох журмын дагуу анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцсон нь зөв гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ажилгүй байсан хугацааг 166 хоногоор тооцсон боловч шүүх 168 хоногоор тооцож, нэг өдрийн дундаж цалинг 125,997 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Эдгээр нь хөдөлмөрийн харилцааг цуцлах эсхүл сахилгын шийтгэл оногдуулах хоёр өөр төрлийн арга хэмжээтэй холбоотой зохицуулалт бөгөөд тушаалд аль арга хэмжээг хэрэглэх гэж байгааг тодорхой заагаагүй.
Мөн тушаалд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын 13.3.1, 13.3.9, 13.5.1, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8 дахь заалтуудыг дурдсан боловч эдгээр зөрчлийг бодитоор шалгаж тогтоосон баримт байхгүй.
Тухайлбал, хяналтын камерыг эвдсэн гэх асуудал, камерын бичлэг бүхий CD, флаш диск зэрэг баримтуудыг дурдсан боловч маргаан бүхий 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 3-т заасан ажиллагааг хийж, зөрчлийг тогтоосон үйл баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасны дагуу нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч эдгээр баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэхийг шүүх үнэлж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх хуралдаан олон удаа хойшилсон бөгөөд ихэвчлэн хариуцагч талын нотлох баримт гаргуулах хүсэлтээс шалтгаалсан. Гэвч нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэх үндэслэл болохгүй.
Хэрэгт аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагдсан бөгөөд шүүх эдгээрийг үнэлж шийдвэртээ тусгасан. Иймд нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх бүрэн үнэлсэн гэж үзэж байна.
Тиймээс хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж, Д.Бүрнээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүйн улмаас шүүх хуралдааны шатанд мэтгэлцэх зарчим зөрчигдөж, зохигчийн эрх хөндөгдсөн, шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зөрүүтэй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим зөрчигдсөн байгаа тул шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.А нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 17,891,810 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ................сумын ерөнхий боловсролын сургууль эс зөвшөөрч мэтгэлцэхдээ урьдчилан шийдвэрлэх журмын харьяалал зөрчсөн талаар болон нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр шүүх хуралдааны шатанд тайлбар гаргаж маргасан нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317/ТМ2025/00027 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /2хх-н 19/
Шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдааныг удирдан явуулах, маргааны үйл баримт руу зохигчийг чиглүүлэх үүргээ хэрэгжүүлэх үүднээс зохигч талуудаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны талаар асууж, тодруулах ажиллагаа явуулж талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаа хэрэгжүүлсэн атлаа шүүхийн шийдвэрт зохигчийн маргасан, маргаагүй үйл баримтыг тогтоож, урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй зэрэг нь маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 107 дугаар зүйлд заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
3. Үүнээс гадна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан ба хэрэгт авагдсан нотлох баримт нь энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байхыг шаардана.
Хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн акт /1хх-н 137-138/, Аймгийн Засаг даргын 2025.5.12-ны өдрийн А/2156 дугаар захирамжаар ................ЕБС-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт /1хх-н 158-167/, Хөдөлмөрийн гэрээ /1хх-46/ зэрэг нь маргааны үйл баримтыг тогтооход хамааралтай, ач холбогдол бүхий байх боловч хуулийн шаардлага хангаагүй буюу хариуцагч уг баримтуудад өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдгийг дарсан байхад шүүх нотлох баримтын шаардлага хангуулах талаар мэдэгдээгүй атлаа шийдвэрлэж байгаа нь нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, Ж.Жигмэддорж нарын гаргасан хүсэлтээр сургуулийн камерын дуу, дүрсний бичлэг бүхий сиди, флаш зэрэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. /1хх-н 200-206/
Уг баримтыг шүүх хуралдааны шатанд хариуцагч талаас шинжлэн судалсан байхад тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.
4. Давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, шүүх хуралдаан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн эсэх, зарим тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтооход ч чухал ач холбогдолтой баримт юм.
Иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317/ТМ2026/00027 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тусгахдаа “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ............................... /НЛ........../-ыг урьд эрхэлж байсан ................сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бус насан туршийн боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх олговор 11,581,942.7 төгрөгийг хариуцагч ................сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,309,867.94 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Аы 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт /баталгаажуулалт/ хийхийг хариуцагч ................сумын Ерөнхий боловсролын сургууль /захирал ............/-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ................сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 270,461 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж...” гэж бичсэн нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317/ШШ2026/00038 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгээс зөрүүтэй болсон байх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх зөрчилд хамаарч байна.
6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж, Д.Бүрнээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхдөлийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317/ШШ2026/00038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж, Д.Бүрнээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэх агуулга бүхий хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ххариуцагчийн 244,850 /хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ