| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0748/Э |
| Дугаар | 789 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 789
2019 10 16 2019/ШЦТ/789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч А.Нямсүрэн,
хохирогч Х.Баярхүү,түүний өмгөөлөгч О.Санчирбал,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн А С холбогдох эрүүгийн 1911020520914 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “Шинэ Их Холдолт” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 11-981 тоотод түр оршин суух, Дорнод, Хэрлэн, 3-р баг, түргэн 1 гудамж, 7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн А С, /РД:/,
Шүүгдэгч А.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.С нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 11-381 тоотод эхнэр З.Туулыг зодох гэж дайрах үед салгах гэсэн Х.Баярхүүг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,
Шүүгдэгч А.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр би ажилдаа явж ирчихээд унтаж байхад манай эхнэр Баярхүү рүү утсаар ярьсан байсан. Би өдөр сэрчихээд 00 орчихоод гэрт орж ирэхэд Баярхүү орж ирсэн. Баярхүү 2-3 хоног нойргүй явсан болохоор ядарч байна гэж хэлчихээд унтсан. Бид даалуу тоголсон. Алтан-Од, Баярхүү нар хожигдож пиво авахаар болсон. Би Баярхүүтэй хамт пивонд гарсан. Тэгээд бид нар даалуу тоглож, пиво ууж, хоол хийж идсэн. Бид нар дахин ярилцаж 2 пиво авъя гэж тохиролцсон. Баярхүү миний гар утсыг дэлгүүр барьцаанд авахгүй юм чинь чиний утсыг тавьчихъя гэж хэлээд Алтан-Одын гар утсыг 100,000 төгрөгөөр ломбардад тавьж уусан. Удалгүй даалуу сонирхолгүй болсон учраас жаахан юм ярьж сууцгаасан дараа нь дуу дуулахаар болсон. Би багаасаа ээжгүй өссөн тэгсэн эхнэр ээжийн тухай дуу дуулаад байхаар нь битгий ээжийн тухай дуулаад бай гэж эхнэртэйгээ маргалдсан. Би хөлөөрөө эхнэрээ жийсэн чинь эхнэр босож ирэхдээ над руу аяга шидсэн. Би босож ирээд эхнэрээсээ миний нүүр рүү яагаад аяга шидэж байгаа юм бэ? гэж асуусан гэтэл Баярхүү чи яагаад эхнэрээ зодох гээд байгаа юм бэ гэхэд би өдий олон жил эхнэртэйгээ хамт амьдрахдаа гар хүрч үзээгүй, зүгээр яагаад аяга шидсэнийг нь асуумаар байна гэж хэлсэн. Тэр үед намайг ал, наймайг зод гэж дундуур байхын эцэсгүй намайг түлхэж дундуур орж ирсэн. Баярхүү намайг үүдний босго руу түлхэж унагаагасан би босож ирж Баярхүүг нэг удаа цохисон Баярхүү буцаж намайг цохисон эргүүлээд би цохих гэтэл Баярхүү миний гарыг чагталсан байсан учраас би мөргөсөн. Удалгүй цагдаа орж ирсэн ” гэх,
Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай эхнэр Туул Баярхүүг утсаар нь худлаа ярьж дуудаж гэртээ авч ирсэн ба манай гэрт Баярхүү, эхнэр Туул, салсан эхнэр Алтан-Од бид 4 хөзөр тоглосон. Тоглохдоо хожигдсон нь пиво авна гэж тохиролцоод тоглосон. Тэгээд Баярхүү хожигдоод пиво авсан. Бид нар пиво уунгаа хоол хийсэн. Авсан пиво дуусаад Баярхүү миний утсыг ломбард авахгүй чи гэрийнхээ орчмын дэлгүүрийг мэддэгээрээ миний утсыг тавиад пиво авчих гэж хэлсэн. Тэгээд Баярхүү, Алтан-Од бид 3 гараад Алтан-Одын утсыг ломбарданд тавихаар болсон. Тэгээд Алтан-Одын утсыг тавиад пиво аваад эргэж ирээд даалуу тоглонгоо уусан. Даалуу тоглохоо болиод дуу дуулж суусан. Би дандаа ээжийн тухай дуу дууллаа гээд эхнэр Туултай маргалдсан. Мөргөлдөж байтал Туул над руу аягатай пиво шидэхээр нь яагаад над руу аяга шидэж байгаа юм гээд би бостол Баярхүү голоор орж ирээд эхнэрээ зодох гэлээ гээд намайг түлхсэн. Би юу гэж эхнэрээ зодох юм бэ яагаад аяга шидсэн талаар асуух гээд байна гэхэд урдаас намайг зод, намайг ал гээд дайраад байсан. Би холд чамд ямар хамаатай юм гэхэд Баярхүү намайг түлхээд үүд хэсэгт унагаасан. Би босч ирээд Баярхүүгийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл намайг зөрүүлээд нэг удаа цохисон ба би зөрүүлээд цохих гэтэл 2 гараараа миний 2 гарыг барьсан байсан болохоор би мөргөсөн. Би Баярхүүгийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-ийн 26х/,
Хохирогч Х.Баярхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Би тэр өдөр эгчийнхээ гэрт очиж усанд орчихоод гэрээс нь гарч явж байсан. Миний утас дуугарсан А.Соёл-Эрдэнийн эхнэр нь залгасан намайг манай нөхөр зодоод байна хотод чамаас өөр таних хүн алга гэж хэлсэн. Намайг очих үед ямар нэгэн архи, дарс уусан шинжгүй байсан. Хамт байж байгаад нэг нь пиво ууя гэж хэлсэн. Би дэлгүүрт орж пиво авахдаа шал дэмий ирлээ гэж хэлж байсан. Пиво авч гэр рүү нь очиж бид нар даалуу тоглож пиво уусан. Даалуу тоглож дуусчихаад орой болсон гэгээ тасарсан миний утсыг дэлгүүрт тавих гэсэн авахгүй гээд хуучин эхнэрийн гар утсыг ломбардад тавьсан. Сансар бил үү 4 дүгээр дэлгүүрийн тэр хавьд очиж ломбардад тавьсан. Би тархиндаа гэмтэл авч хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай. Анх дуунаас болж маргаан эхэлсэн ээжийн тухай дуунаас болж А.С уурласан тэр үед эхнэр нь ээжийн тухай юм ярьсан гэтэл уурлаж эхнэрээ жийсэн тэгээд эхнэр нь босож ирэхдээ аяга авч шидсэн. А.С огцом босож ирээд эхнэр рүүгээ дүүлээд байхаар нь би голоор нь орж хориглоод байсан тэгээд намайг цохисон...” гэх,
Хохирогч Х.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгээд сүүлийн авсан пивоо тэд нар задлаад ууж байгаад дуу дуулсан. Дуу дуулснаас болоод Соёл-Эрдэнэ эхнэр Туултай ам муруйсан ба сүртэй маргалдсан зүйл байхгүй. Тэгээд эхнэр Туул Соёл-Эрдэнэ рүү аяга шидсэн тэгтэл Соёл-Эрдэнэ босч ирээд эхнэрээ зодох гээд дайраад байхаар нь би голоор ороод болиулах гэтэл эхнэр рүүгээ дайраад байсан. Би голд нь зогсоод эхнэр рүү нь ойртуулахгүй хориод байж байтал Соёл-Эрдэнэ миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би яагаад намайг цохиж байгаа юм гээд Соёлоогийн мөр рүү нь түлхсэн. Соёлоо эхнэр рүүгээ дайраад байхаар нь би дахиж голоор нь ортол миний хүзүүний араар 2 гараа салаавчилж байгаад миний шүд, уруул хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд миний шүд хөдөлсөн байсан гэж би тэр үедээ бодсон ба хугарсан байсан юм байна лээ. Тэгээд цагдаа ирээд би Цагдаагийн хэлтэс дээр ирсэн ба найзтайгаа тохиролцоод өргөдөл өгөөгүй явсан. Соёл-Эрдэнэ нь цагдаад битгий өгөөч гээд гуйгаад байхаар нь өгөөгүй ба миний шүдийг хугалсан мөнгийг өгөхгүй байсан учраас би Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх /хх-ийн 11-12х/,
Гэрч З.Туул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэгээд пиво ууж байгаад даалуу тоглосон ба хэсэг тоглож байгаад больсон ба дуу дуулаад сууж байгаад манай нөхөр хөлөөрөө намайг жийсэн ба би арагшаа болохдоо ууж байсан аягатай пивоо шидтэл манай нөхрийн хацар дээр нь оночихсон. Тэгээд бид 2 хоёр талаасаа босоод иртэл Баярхүү голоор орж ирээд Соёлоо боль гээд хаалга руу түлхээд байсан. Тэгтэл манай нөхөр чи яагаад байгаа юм би юу гэж эхнэрээ зодож байдаг юм бэ? би яагаад аяга шидэж байгааг нь асуух гээд байна гэхэд Баярхүү манай нөхрийг түлхээд унагаасан. Манай нөхөр босч ирээд чи одоо яагаад байгаа юм бэ гээд Баярхүүгийн нүүр рүү 2 удаа цохисон. Тэгтэл Баярхүү зөрүүлээд манай нөхрийг 3 удаа толгой руу нь цохисон. Баярхүү манай нөхрийн 2 гарыг бариад автал манай нөхөр чи зүгээр бай гээд шүд рүү нь мөргөсөн...” гэх /хх-ийн 15-16х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9276 дугаартай дүгнэлт:
-М.Баярхүүгийн биед гэмтэл учирсан байна.
-Баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 2-р шүдний талласан хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр багадаа хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл тогтоогдсонгүй.
-Дээрх гэмтлүүдээс шүдний хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Харин хамрын таславчийн муруйлт гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
-Шүдний хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10 хувь нөлөөлнө.
-Дээрх гэмтлүүдээс шүдний хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамрын таславчийн мурийлт 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх /хх-ийн 20х/,
Шүүгдэгч А.Соёл-Эрдэний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30х/,
Хохирогч Х.Баярхүүгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 35х/ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.Соёл-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч А.Сэс нийт 342,500 /гурван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овгийн Хажидсүрэнгийн Баярхүү /УХ96123153/-д олгуулж, хохирогч нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Алтанхүүгийн Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 720 /долоон зуун хорин/цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар биелүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч А.Сэс нийт 342,500 /гурван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Боржигон овгийн Хажидсүрэнгийн Баярхүү /УХ96123153/-д олгуулж, хохирогч нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч А.С нь, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД