Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2026/00014

 

 

 

 

 

 

  2026           04             02                                                   223/МА2026/00014

 

Б.Энэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01817 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Э

Хариуцагч: “Т Т” ХХК /

Ажлаас чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмнөх ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 37,500,000 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, Б.Бнарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Мөнхбүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Б.Э нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Т Т” ХХК-ийн ажлын албанд шийдвэр биелэлт хариуцсан мэргэжилтнээр ажилд орж, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шинэчлэн баталсан бүтцээр 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/**тоот тушаалаар Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Үйлдвэрлэл сургалт хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр томилогдсон болно.

2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Захиргаа удирдлагын газрын дарга Э.Унь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу шинэчлэгдсэн бүтцээр миний ажиллаж байсан албан тушаал байхгүй болсон гэх үндэслэлээр чөлөөлөх мэдэгдэл өгөн гарын үсэг зуруулсан байдаг. Үүний дагуу би 2025 оны 02 дугаар сарын 17-нд ***тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөн тухайн үед миний ажлын байр хасагдсан гэж итгэсэн бөгөөд гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Гэвч 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан миний ажиллаж байсан ажлын байр байхгүй болоогүй харин ч өргөжиж, “Сургалтын алба” болж шинэ бүтэц болон ажиллаж буйг олж мэдсэн. Иймд намайг “ажлын байр хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлсөн илт хууль зөрчсөн, харин үндэслэлгүйгээр халах шийдвэр байсан гэж үзэж байна.

Мөн тус компанийн ажилчид нь 1900 орчим байсныг 1100 орчим болгох Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан гэх бөгөөд энэ тухай бидэнд албан ёсоор мэдэгдээгүй.

Миний бие 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр компанийн албан ёсны цахим хуудаснаас ажлын байр хэвээр байгааг мэдсэнээр хуульд заасан хугацаанд Төв аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлэхээр нэхэмжлэлийг буцаасан. Үүний дагуу Төв аймгийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах гэх зэрэг шаардлага бүхий гомдлыг гаргахад миний гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн. Мөн 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэж зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

           Иймд ажлаас чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***тоот тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалд (Үйлдвэрлэл сургалт хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн) эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, улирлын урамшуулалд нийт 37,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

          2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хуулиар нээлттэй буюу 90 хоног байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан бол 30 хоног, тэгэхээр Б.Эхугацаа дууссан гэж ажил олгогчийн зүгээс үзэж байгаа. Ажил олгогч аль ажлын байраа цөөлөх нь хуулиар нээлттэй бөгөөд буцаж энэ орон тоо сэргээгүй, сургалтын чиглэл нь өөрчлөгдсөн гэж үзэж байх тул ***дугаар тушаал үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвбямбын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: “Тус шүүхэд нэхэмжлэгч Б.Э нь ажлаас чөлөөлсөн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үйлдвэрлэл сургалт хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. “Т Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаар тогтоолоор бүтэц, орон тооны өөрчлөлтийг хийсэн бөгөөд тус тогтоолоор Б.Эорон тоо цөөрсөн тул 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдэх хуудас өгсөн ба Б.Э нь хугацаанаасаа өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус хүсэлтээ өгсөн. Иймд “Т Т” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар тушаалаар Б.Эхөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуулийн дагуу цуцалж, хуулийн дагуу олговол зохих тэтгэмж олговрыг олгон, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуулийн дагуу цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 80.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр дуусгавар болгосон” гэж заасныг баримталсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан ажлын байр хэвээр байгаа гэх үндэслэл огт үндэслэлгүй бөгөөд түүний урд эрхэлж байсан ажлын байр одоо ажил олгогчид байхгүй. Өөрөөр хэлбэл ажил олгогч хууль бус тушаал гаргаагүй бөгөөд “Т Т” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаартай тушаал хуульд нийцсэн гэж үзэж байна. Түүнчлэн нөгөө талаар шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжтой байх ёстой. Хэрэв “Т Т” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан тохиолдолд ажил олгогч “Т Т” ХХК-д нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон тул энэ агуулгаараа нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж миний бие үзэж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.1, 158.2.2-т зааснаар Халх овогт Эийг “Т Т” ХХК-ийн захиргаа удирдлагын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн үйлдвэрлэл, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Т Т” ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 37,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Б.Э2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Т Т” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,128 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Эд буцаан олгож, хариуцагч “Т Т”  ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 37,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 345,450 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Бын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 150, 154, 158 дугаар зүйлд хөдөлмөрийн маргаантай холбоотой хугацааны зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой маргааныг 30 хоногийн дотор, бусад маргааныг тухайн хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэхээр зохицуулсан. Мөн Улсын Дээд шүүхийн тайлбарт ажлаас халагдсан өдрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар тодорхойлдог бөгөөд ажил олгогчийн гаргасан шийдвэр, тушаал, захирамжид ажилтны ажилласан хугацаанд оногдох ээлжийн амралтын хоногийг урьдчилан тооцож, ажил хүлээлгэн өгөхөд зориулсан хоногийг нэмж, сүүлчийн өдрийг тогтооно гэж тайлбарласан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлд заасан хугацааны зохицуулалттай уялдаж байгаа бөгөөд тухайн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлд “эрх нь зөрчигдсөнийг мэдсэн” гэж тайлбарласан. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “мэдсэн хугацаа” гэдгийг ажил олгогчоос гаргасан тушаал, эрх зүйн актыг хүлээн авсан буюу эрх нь зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тооцно гэж заасан байдаг. Гэтэл Төв аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хороо уг зохицуулалтыг буруу тайлбарласан. “Т Т” ХХК-ийн цахим хуудсанд, сургалтын албаны даргын цахим хуудас дээр мэдээлэл нийтлэгдсэнээр нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдсэн гэж үзсэн байна. Үүний үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн.

Энэхүү дүгнэлттэй холбогдуулан “Т Т” ХХК болон холбогдох этгээдээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хугацаа хэтрүүлсэн талаар 2025 оны 7 дугаар сард тус 3 талт хороонд тайлбар хүргүүлсэн. Уг тайлбарыг анхан шатны шүүхэд мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу сургалтын албаны даргатай холбоотой асуудлаар 2 удаа хөндлөнгийн оролцоотой үзлэг хийсэн. Тус 2 удаагийн үзлэгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл тогтоогдоогүй бөгөөд хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлгээр энэ нь нотлогдсон. Ийм байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй. Шүүхээс “та шүүхээс яг ямар шаардлага гаргаж байгаа вэ, хариуцагчаас юу шаардаж байгаа вэ” гэж тодруулахад нэхэмжлэгч тодорхой хариу өгч чадаагүй. Гэсэн хэдий ч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, уг нөхцөлд шүүх хуралдаан үргэлжилсэн. Үүний улмаас хариуцагчийн зүгээс нэхэмжлэлтэй танилцах, хариу тайлбар гаргах, нэмэлт нотлох баримт гаргуулах эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломж хязгаарлагдсан. Энэ нь шүүхийн ажиллагааны үндсэн зарчим болох талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд манай гаргасан давж заалдах гомдол нь нэгдүгээрт, нэхэмжлэл хугацаа хэтрүүлсэн, хоёрдугаарт, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлд тулгуурлаж байгаа болно” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

7.Нэхэмжлэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар марафонтой холбоотой мэдээллийг тухайн байгууллагын цахим хуудсанд нийтлэгдсэнийг харж, түүнд үндэслэн шүүхэд гомдол гаргасан. Өөр тайлбар байхгүй” гэв.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхлээд хугацааны асуудлын талаар тайлбарлая. Ажлаас халагдсан тухай актыг хүлээн авснаар эрх нь зөрчигдсөнийг мэдсэн гэж үзнэ, энэ хугацаанаас эхлэн хугацааг тоолж, гомдол гаргах эрхгүй болсон гэх агуулгаар гомдол гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 152 дугаар зүйлд нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдсэн тухай зохицуулалт байдаг. “Мэдсэн” гэх ойлголт нь тухайн этгээдийн өөрөөс хамаарахгүй нөхцөл байдлыг мэдэх боломжтой болсон үеийг хэлнэ. Энэ тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарч, “таны ажлын байр байхгүй болсон” гэсэн үндэслэлээр тухайн үед хүлээн зөвшөөрч, ажлаас гарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдал юм. Харин тухайн этгээд хэзээ эрх нь зөрчигдсөнийг бодитоор мэдсэн бэ гэдэг асуудал яригдана. “Т Т” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд сургалтын алба татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа талаар, мөн тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргасан тухай мэдээлэл нийтлэгдсэнийг харж, тухайн үед “сургалтын алба татан буугдаагүй юм байна, миний ажлын байр яагаад байхгүй болсон бэ” гэдгийг ойлгож, эрх нь зөрчигдсөнийг мэдсэн гэж үзэж байна. Иймд энэ хугацаанаас эхлэн хугацааг тооцох ёстой. Хэдийгээр Улсын дээд шүүхийн тайлбарт актыг хүлээн авснаас хойш хугацааг тооцно гэж заасан боловч тухайн этгээдийн өөрөөс хамаарахгүй нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Ажлаас халах тушаал гарснаас хойш тухайн байгууллагын дотоод шийдвэр, тушаалтай танилцах боломжгүй болсон байдаг. Ийм нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэх нь зүйтэй.

Шүүхийн үзлэгийн талаар тайлбарлая. Фейсбүүк дэх “Т Т” ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд сургалтын алба тэмцээн уралдаанд оролцсон, сургалтын албаны дарга шагнал хүртсэн тухай мэдээлэл зурагтайгаар нийтлэгдсэн байсан. Үүнийг нотлох баримтаар скрийншот /screenshot/ хэлбэрээр хэрэгт хавсаргасан. Гэвч уг скрийншот /screenshot/  нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасан. Харин “Т Т” ХХК-ийн зүгээс тухайн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн мэдээллийг устгасан байсан тул шүүхийн үзлэг хийх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч уг скрийншот /screenshot/ хэрэгт хавсаргагдсан байгаа.

Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн асуудлын талаар тайлбарлая. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан. Анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хэлэлцсэн. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэх шаардлага гарсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нэмэгдүүлэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд шүүхээс энэ талаар боломж олгосон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан хариу тайлбар гаргах, нэмэлт нотлох баримт гаргах хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн. Иймд шүүхийн үйл ажиллагаа хуульд нийцсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх хүсэлтийг гаргаж, зохих журмын дагуу төлсөн. Анхан шатны шүүхээс ажилтны дундаж цалинг тооцохдоо холбогдох журмын дагуу бодсон нь үндэслэлтэй.

Хариуцагчийн гаргасан гомдол нь үндсэндээ хугацаа хэтэрсэн болон шүүх хуралдааны процесс зөрчсөн гэсэн 2 үндэслэлд тулгуурласан боловч эдгээр нь бодит үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд мэтгэлцэж, нотлох баримтаа гаргаж, шүүхээс бүх асуудлыг хэлэлцсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас хальсан асуудал байхгүй. Мөн хэрэв ажил олгогч орон тоог цөөрүүлсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 81 дүгээр зүйлд заасны дагуу өөр ажил санал болгох үүргээ биелүүлсэн эсэхийг шалгах ёстой. Энэ талаар хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлсон хэдий ч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байгаа тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч Б.Э нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 37,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа: “...2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан миний ажиллаж байсан ажлын байр байхгүй болоогүй харин ч өргөжиж, “Сургалтын алба” болж шинэ бүтэц болон ажиллаж буйг олж мэдсэн. Иймд намайг “ажлын байр хасагдсан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасан үндэслэлээр чөлөөлсөн илт хууль зөрчсөн, харин үндэслэлгүйгээр халах шийдвэр байсан...” гэж тайлбарласан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.П нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсантай холбоотой маргааныг 30 хоногийн дотор, бусад маргааныг тухайн хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэхээр зохицуулсан. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлд “эрх нь зөрчигдсөнийг мэдсэн” гэж тайлбарласан. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “мэдсэн хугацаа” гэдгийг ажил олгогчоос гаргасан тушаал, эрх зүйн актыг хүлээн авсан буюу эрх нь зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн тооцно гэж заасан байдаг. Гэтэл Төв аймгийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 3 талт хороо уг зохицуулалтыг буруу тайлбарласан. “Т Т” ХХК-ийн цахим хуудсанд, сургалтын албаны даргын цахим хуудас дээр мэдээлэл нийтлэгдсэнээр нэхэмжлэгч эрх нь зөрчигдсөнийг мэдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно” гэж татгалзан мэтгэлцсэн.

3. Хэрэгт авагдсан үйл баримтын талаар:

3.1.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Т Т” ХХК-д шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/**дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Үйлдвэрлэл, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажилласан бөгөөд мөн компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар тушаалаар тухайн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан талаарх үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлжээ.  

3.2.Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Т Т” ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан, орон тоо хасагдсан, цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох мэдэгдлийг хүлээн авсан, мэдэгдлийг аваад ажлаас чөлөөлөгдөх өдрийг өөрөө тогтоож хүсэлт гаргасан, ажлаас чөлөөлөгдсөний улмаас нэг удаагийн тэтгэмж олгогдсон зэрэг үйл баримтын талаар талууд маргаагүй.

4.Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг харьцуулан үзвэл:

4.1.“Т Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, “...ажилчдын орон тоог 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар бууруулж, орон тооны дээд хязгаарыг 1089 байхаар” тогтоосон байх бөгөөд хавсралтаар үйл ажиллагааны газарт захиргааны хэлтэс, хүний нөөцийн хэлтэс, санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, төлөвлөлт эдийн засгийн хэлтэс, борлуулалтын хэлтэс, хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагааны гэсэн 6 хэлтэстэй болж,

уг тогтоолтой холбоотойгоор “Т Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хавсралтаар Хүний нөөцийн хэлтсийн сургалтын албыг 7 орон тоотой, үүнээс сургалтын албаны дарга 1, ахлах мэргэжилтэн 1, бүтээмж хариуцсан мэргэжилтэн 2, худалдан авах ажиллагааны сургалт, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн 1, хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалт, хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн 2 байхаар өөрчилж, ажлын байрны тодорхойлолтуудыг тухайн өдөр шинэчлэн баталсан байна.

4.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй ба хариуцагч “Т Т” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудсаар “2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөх” талаарх мэдэгдлийг Б.Э хүлээн авч, үсэг зурсан байх тул хуульд заасан хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн гэж үзнэ /хх-43/.

4.3.Улмаар нэхэмжлэгч Б.Э нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “...шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд холбогдох нэг удаагийн тэтгэмжийг хүлээн авч, үүрэгт ажлаасаа хугацаанаас өмнө /2024.02.17-ны өдөр гарах/ чөлөөлөгдөх хүсэлтэй” гэх бичгийн баримтыг ажил олгогчид өгснөөр маргаж буй “Т Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ***дугаар “Б.Эхөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал гарчээ. Уг тушаалаар “...Захиргаа удирдлагын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн Үйлдвэрлэл, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Эажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тул 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт, ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлыг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор хүлээлцүүлэхээр тогтоосон...” байх ба Б.Э нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлцсэн үйл баримт тогтоогдож байна.

5.Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлтийг хийхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо дараах дүгнэлтийг хийлээ.

5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй; 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор”, 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг, эсхүл тухайн маргааныг шийдвэрлэсэн уг хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 158 дугаар зүйлийн 158.1-д “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ” гээд 158.1.1-д “Энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч Б.Э“ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” агуулгатай гомдлын шаардлага нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэхээр заасан маргааны төрөлд хамаарч байна гэж үзсэн.

5.2.“Т Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг буюу аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэл, “Т Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” 24 дүгээр тогтоолыг үндэслэн Б.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ***дугаар тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргажээ.

Уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгч Б.Э нь ажил хүлээлцэх “Чөлөөлөгдсөн болон халагдсан ажилтны тойрох хуудас” баримтаар ажлаа хүлээлцсэн нь баримтаар нотлогдож байх учир тушаалыг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан, мэдсэн гэж үзэх бөгөөд энэ үеэс эхлэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдлын шаардлага гаргах Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа тоологдоно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Т Т” ХХК-аас өгсөн мэдэгдлийг хүлээн авсан, өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, ажил олгогчийн 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Б.Эхөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” ***дугаар тушаалыг үндэслэн мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгсөн байдаг тул уг тушаалын үндэслэлтэй танилцсан, мэдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байх ба эс зөвшөөрвөл гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөрийн маргаан таслах комисст 30 хоногийн дотор гаргах эрхтэй байхад шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.  

5.3.Үүнээс гадна “Т Т” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Компанийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолоор компанид бүтцийн өөрчлөлт дахин хийгдсэнтэй холбоотойгоор Үйл ажиллагааны газарт “Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтэс” болж дахин өөрчлөгдөн зохион байгуулагдсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Э нь “...миний урьд ажиллаж байсан бүтэц, орон тоо хэвээр байгаа, Сургалтын алба болон өргөжсөнийг 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байгуууллагын албан ёсны цахим сайтад нийтлэгдсэн мэдээг уншиж эрхээ зөрчигдсөнийг мэдсэн” гэх агуулгаар шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй, энэ тогтоол нь маргаан бүхий тушаалын үндэслэлд хамааралгүй байна.

6.Гэтэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т зааснаар өөрийн эрхээ зөрчигдсөнийг хариуцагч “Т Т” ХХК-ийн цахим хуудсаар дамжуулан мэдсэнээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд өөрийн ажлын байрыг хэвээр байгааг мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь энэхүү хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримт болон шаардах эрхийг зөв тогтоогоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

7.Иймд нэхэмжлэгч Б.Э нь хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгосон маргаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгаа тул Хөдөлмөрийн тухай хулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч “Т Т” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Б.Энэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

8.Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 317/ШШ2025/01817 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Т Т” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Б.Э“ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 37,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Л.П нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Т Т” ХХК-ийн төлсөн 345,450 /гурван зуун дөчин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.