Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 790

 

 

      2019        10          16                                2019/ШЦТ/790

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч Г.Тэнгис,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далайнаран овогт З Бхолбогдох эрүүгийн  1911020790908 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улсын Их Дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 4, эмээ, ээж, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15-322 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Далайн наран овогт Зн Б, /РД:/,

Шүүгдэгч З.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бишрэлт” зочид буудлын орчим Г.Тэнгисийн нүүрэн тус газар цохиж Г.Тэнгисийн биед “зүүн дээд 1 дүгээр шүдний талласан хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын тал шарх, цус хуралт” бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх,

Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд би ажлаа тарчихаад УИД-ийн ард байрлах гадаа сааданд хамт ажилладаг Азхүүгийн хамт тус тус 6 лааз пиво уусан...”, “...би тухайн үед их согтуу дээрээ найз охинтойгоо хэрэлдчихсэн байсан уурандаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын ертөнцийн зүгээр зүүн талд Бишрэлт зочид буудлын орчимд явж байсан хоёр залуугийн нэгийг нь ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт ам хэсэг рүү нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиж гэмтээсэн. Би согтуудаа уур уцаараа барьж чадахгүй хүн цохиж гэмтээсэндээ гэмшиж байна. Уг залуу надад цохиулсанаар урд дээд үүдэн шүд нь хугарчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”, “...би их согтсон байсан...”, “... Тэнгис шүдэндээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд би түүний эмчилгээ хийлгэсэн 465,000 төгрөгийг төлсөн...” гэх /хх-ийн 23-24х/,

Хохирогч Г.Тэнгис шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 01-нийг шилжих шөнийн 2 цагийн үед би дүүтэйгээ хамт хоол идэх гэж тэнгис кино театрын урд байрлах “Циркл Кэй” нэртэй дэлгүүр рүү явж байсан. Тухайн үед урдаас 2 хос явж байсан. Гэтэл эрэгтэй нь гүйж ирээд шууд цохиод буцаж явсан. Миний амнаас цус гарсан тухайн үед дүүдээ цагдаа дууд гэж хэлж цагдаа иртэл би саатуулсан. Намайг цохисон гар нь их язралттай байсан. Намайг тухайн үед эмнэлэг авч яваагүй мөртлөө өөрийн гарыг боолгуулсан байсан нь надад их онцгүй санагдсан. Тэр өдрөөс хойш 20 хоног юм идэж чадаагүй хар шөл уусан. Миний толгой их өвдсөн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс ажил хийх гэж байсан ажиллаж чадаагүй. Мөн би 9 дүгээр сард Япон улс руу явж сурах байсан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн учраас явж чадаагүй би их гомдолтой байна. Би нийт 3,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс 460,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан...” гэх

Хохирогч Г.Тэнгис мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 01-02 цагийн орчимд би дүү Баянтөрийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Бишрэлт зочид буудлын хажууд байрлах музейн орчимд алхаж байтал урдаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж байсан ба эрэгтэй нь үгийн зөрүүгүй, ямар ч шалтгаангүй, миний нүүрэн тус газарт ам хэсэг рүү цохиж гэмтээсэн. Тэгээд уг залуу зугтаах гээд байхаар нь би барьж зууралдаж байгаад цагдаа дуудаж барьж өгсөн. Уг хэрэг болох үед би дүүгийн хамт гэрээс гараад явж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, мөн намайг цохиж гэмтээсэн залуутай огт харилцаа үүсгээгүй. Харин уг залуу согтуу байсан ба шууд л намайг цохиж гэмтээсэн...”, “...би уг залууд цохиулсанаар урд нэг үүдэн шүд хугарч, нөгөө үүдэн шүд хөдөлгөөн орж далийсан байна...” гэх /хх-ийн 6х/,

Гэрч Б.Баянтөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би хамаатны ах болох Г.Тэнгистэй хамт 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 02 цаг 25 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Бишрэлт зочид буудлын баруун талд Тэнгисийн хажуу талын “CIRCLE K” гэх дэлгүүр лүү хоол идэх гээд алхаад явж байхад үл таних нэг залуу гүйж ирээд шууд ах Г.Тэнгисийн нүүрэн тус газарт ам руу нь баруун гараараа нэг удаа цохисон...”, “...миний биед учирсан гэмтэл шарх огт байхгүй. Харин ах Г.Тэнгисийн биед түүний үүдэн дээд талын хоёр шүдний зүүн талын шүд нь 2 хуваагдаж хугарсан, баруун талын шүд далийж хөдөлсөн байна лээ...” гэх /хх-ийн 10-12х/,

Гэрч Э.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Орой 23-24 цагийн орчимд намайг миний найз залуу болох З.Б авахаар ирсэн бөгөөд ирчихээд намайг архи уусан байна гэж уурлаад, би өөдөөс нь чи мөн адил уусан байна гээд бид 2 маргалдсан. Бид 2 замдаа маргалдаад алхаж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Бишрэлт зочид буудлын орчимд явж байхад З.Б нь зөрсөн 2 залуугийн нэгийг нь цохисон. Тэгтэл уг залуугийн урд дээд шүд нь хугарчихсан, амнаас нь цус гарч байсан...” гэх /хх-ийн 12х/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 9412 дугаартай дүгнэлт:

-Г.Тэнгисийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний талласан хугарал, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын талд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 16х/,

Хохирогч Г.Тэнгисийн эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн баримтууд /хх-ийн 33-38х/,

Шүүгдэгч З.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч З.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Хохирогч 2,905,000 нэхэмжилж байгаа гэх боловч баримт ирүүлээгүй байна. Шүүгдэгч З.Б нь хохирогч Г.Тэнгисд эмчилгээний төлбөрт 465,000 төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хохирогчийн бусад хохирлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтгүй байх тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Далайн наран овогтой Зэрэгбаярын Баасандоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Бийг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Хохирогч Г.Тэнгис цаашид эмчлүүлэхэд гарсан зардалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД