| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0102/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 83
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030954 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, дөрвөн хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн .......дугаар хороо, ....... дүгээр байрны ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Х.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2016 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний хойд замд хууль сахиулагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай Л.А-, К.А- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж Л.А-ын биед хөнгөн хохирол учруулсан,
мөн Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдэхээр хүргэгдэн очоод тус цагдаагийн хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай, хууль сахиулагч Ч.Ц-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж баруун шанаанд нь цохиж, үснээс нь зулгааж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Х-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Л.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаагаар ажилладаг. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр саатуулах байранд 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн. 2016 оны 06 дугаар сарын 27-ны 00 цаг 30 минутын үед жижүүрээс “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний хойд уулзвар дээр согтуу хүн замын цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй танхайраад байна” гэсэн дуудлагыг хүлээн аваад цагдаа, жолооч Э-ын хамт уг дуудлагын дагуу очиход Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн байцаагч ахлах дэслэгч К.А-гийн тавьсан шаардлагыг иргэн Х-, Х-, У- нар эсэргүүцсэн байсан ба Э- бид хоёр Х-, У-, Х- нарт бичиг баримтаа шалгуул, цагдаагийн хэлтэс дээр очиж асуудлаа шийдүүлэхийг хүссэн. Тэгэхэд Х-, Х-, У- нар нь Цагдаагийн хэлтэс рүү явж чадахгүй, энд асуудлыг шийдэж өг, тэгээд ч бид ийм цагдаагийн машинд сууж явдаггүй гэж ахлах дэслэгч А- болон ачигч залууг хэл амаар доромжилж дайрч давшлаад байхаар нь Х-д шаардлага тавьж цагдаагийн машинд суулгах гэтэл Х нь хойноос кителний захнаас татаж нуруу, шилэн хүзүү орчмоор маажсан, тэр үед Х-ын нөхөр Мөнхтөр гэх залуу Х-ыг надаас салгаж холдуулсан. Ингээд Х-, У-, Х- нарыг төмөр зам дахь цагдаагийн саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...Миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” /1-р хх-ийн 28-29, 151-152, 154, 2-р хх-ийн 36-37, 141-143/ гэсэн,
Хохирогч К.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн замын Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажилладаг. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өглөө 07 цаг хүртэлх хугацаанд Туул 16 постонд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу шөнийн 00 цагийн үед Маршалын гүүрний хойд тал буюу Их Монголын гудамжинд шалгалт хийхэд 88-11 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн автомашины жолооч Мөнхтөр гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан. Тухайн үед машины жолооч Мөнхтөрийг согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 0,81 хувийн согтолттой байсан. Ингээд албаны машинд Мөнхтөрийг суулгаад түүнээс тайлбар аваад машиныг журмын хашаанд аваачихаар ачигч машинаар ачих үед Мөнхтөртэй хамт явсан эмэгтэйчүүд “хужаа, янхан, дөрвөн нүдтэй, хувцасны гол, дөрвөн нүдийг чинь сохолно, шоронд хатаалгана” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь өөрийн гар утсаар бичлэг хийхэд урт үстэй, туранхай, 155 см өндөртэй эмэгтэй миний баруун гартаа барьсан байсан утас руу цохиод хар өнгийн Скай маркийн гар утсыг газар унагаасан. Тэгэхээр нь би газар унасан байсан гар утсаа авчихаад цааш явах гэтэл нөгөө жижигхэн эмэгтэй хүзүүний хойд хэсгээс 2-3 удаа маажсан. Ингээд шаардлага тавихад эсэргүүцээд хэл амаар доромжлоод байхаар нь ачигч машины жолооч Бямбажаргал 102 дугаарт дуудлага өгсөн. Ингээд удаагүй байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2 цагдаа Э-, А- нар ирээд шаардлага тавьсан чинь бас адилхан шаардлагыг эсэргүүцсэн, ингээд шаардлага эсэргүүцсэн эмэгтэйчүүдийг авч явах гэтэл А-ыг Мөнхтөрийн эхнэр гэх эмэгтэй толгой руу нь цохиж, нуруу хүзүү орчимд маажсан. ...Би гар утсаа 2015 онд 200.000 төгрөгөөр худалдаж авсан...” /1-р хх-ийн 31-32, 2-р хх-ийн 33, 144-146/ гэсэн,
Хохирогч Ч.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2 эмэгтэй хүнийг саатуулахаар саатуулах байранд А-, Э- нар тухайн хоёр эмэгтэйг авчирсан. Тэр хоёр эмэгтэй саатуулах байранд орж ирэхдээ орилж хашгирсан байдалтай, А-тай зодолдох шахуу орж ирсэн. Тухайн хоёр эмэгтэйг хүлээлгийн танхимд оруулаад биед нь үзлэг хийх гэсэн боловч өөдөөс эсэргүүцэж орилж хашгиран үзлэг хийлгээгүй. ...Тэгээд би саатуулах байранд иргэд гар утсаараа бичлэг хийж болохгүй учраас Х гэх эмэгтэйн гар утсыг аваад эмч Цэндхүүд өгөхөд намайг Х үсдээд авсан. ...Х гэх эмэгтэй өөдөөс эсэргүүцэл үзүүлэн мөн цагдаагийн алба хаагч руу халдсан тул хүч хэрэглэхээс өөр арга байгаагүй. ...Би Б-тэй хамт тухайн Х гэх эмэгтэйн эд зүйл ээмэг бөгж, дотуур хувцас болох хөхөвчийг тайлуулсан. Тэр үед Х миний зүүн хөлний шилбэ, хоёр гарны шуу хэсгээс хазсан. ...У-, Х гэх хоёр эмэгтэй нийлээд өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байсан тул салгаж, тус тусад нь камерт оруулсан. Би тухайн үед 5 сартай жирэмсэн байсан. Тэгтэл У- гэх эмэгтэй тусдаа камерт орчихоод чи хийх ажилгүй, арчаагүйдээ цагдаа хийж байгаа, гэдсээ чирсэн муу авгай гэх мэтээр хэл амаар доромжилсон...” /1-р хх-ийн 73-74, 153, 2-р хх-ийн 46-47, 139-141/ гэсэн,
Гэрч Ж.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Замын цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн согтуу хүн танхайраад байна гэх дуудлага өгсөн. Тухайн дуудлага өгсөн газарт А-ын хамт очиход 3-н эмэгтэй замын цагдаатай зууралдан зогсож байсан. Тухайн үед замын цагдаа А- “энэ хүүхдүүд танхайраад ажил хийлгэхгүй байна” гэсэн. А- бид хоёр танхайраад байгаа хоёр эмэгтэйг албаны машинд суулгах гэхэд суухгүй гээд шаардлага эсэргүүцсэн. ...Х гэх эмэгтэй миний хөл рүү өшиглөсөн, А-ын нүүр, хүзүү рүү нь маажсан байсан. ...Сүүлд тэр хоёр эмэгтэй Төмөр замын цагдаагийн хэлтэс дээр очин Ц- гэх цагдаа үзлэг хийх гэсэн боловч үзлэг хийлгээгүй өөдөөс нь дайраад, доромжлоод байсан, согтолтын зэргийг тогтоох гээд драйгер үлээлгэх гэтэл чадахгүй гээд Х гэх эмэгтэй нь Ц-ийг үстээд авсан...” /1-р хх-ийн 96-97/ гэсэн,
Гэрч Г.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сард эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байх үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс У-, Х гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр эмэгтэй ирсэн. Тэр хоёр гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь Ц- гар утсыг нь авахад Ц-ийг үсдээд доош нь дарсан. Энэ үед Б- бид хоёр салгаад хоёр эмэгтэйг тус тусад нь камерт оруулсан. Тэр хоёр бид нарыг ажилгүй болгоно, явдаг газраар нь явна гэх мэтээр маш их хэл амаар доромжилсон...” /1-р хх-ийн 98/ гэсэн,
Гэрч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сард эрүүлжүүлэх байранд эмч О-, цагдаагийн ахлах ахлагч Ц- нарын хамтаар үүрэг гүйцэтгэсэн. Энэ үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс У-, Х гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйчүүд ирсэн. Тэр хоёр эмэгтэй орж ирэхдээ авчирсан цагдаа нартайгаа маргалдсан байдалтай орж ирсэн. Х гэх эмэгтэй нь камерт орохоос өмнө гар утсаа гаргаж бичлэг хийсэн. Ц- бичлэг хийж болохгүй утсаа хураалга гээд утсыг авах үед түүнийг үсдээд доош нь дарсан. Би очиж Х-ыг Ц-аас салгаад эд зүйлсийг нь хураан авч, үзлэг хийгээд тус тусад нь камерт оруулсан. Тэгээд тэд нарын согтуурлын зэргийг тогтоохоор драйгер үлээлгэх гэсэн боловч үгүй, чадахгүй гэх шалтгаанаар үлээгээгүй...” /1-р хх-ийн 99-100/ гэсэн,
Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Х- залгаад У- гадагшаа сургуульд явахаар болсон, өнөөдөр уулзаж жоохон юм ярьж сууя гэсэн. У-, Х- бид гурав уулзаад дэлгүүр орж хүнсний зүйл аваад Зайсангийн Ханбогд гэх газрын ойролцоо очиж 1 шил вино, нэг нэг пиво уусан. Тэгээд орой хүртэл ярьж сууж байгаад Уянгын гэр рүү явахаар болоод нөхрийгөө дуудсан юм. Манай нөхрийг ирэхээр нь нэг шил пиво өгсөн ч тэрийгээ ууж дуусгаагүй машинтайгаа хөдөлсөн. Тэгээд Маршалын гүүрээр Тайм Скүэр хотхон орох гээд явж байхад замын цагдаа зогсоож драйгер үлээлгэхэд согтолтын хэмжээ байхгүй ч жолоо барих боломжгүй гэж цагдаа хэлсэн. Тэр үед Х-, У- хоёр тэр цагдаагаас энэ хүн бараг уугаагүй, бид хоёр пиво өгөхөд тэрнээс бага зэрэг уусан, зүгээр явуулчих гээд гуйсан, нөхөр бид хоёр машин дотроо сууж байхад цагдаа ирээд бууцгаа, машиныг чинь ачна гэхээр нь буухад Х-, У- хоёр өндөр цагдаатай муудалцаад зогсож байсан. Тэр үед хэв журмын цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн машинд суулгах гээд байхаар нь би “яагаад бид нарыг авч явах гээд байгаа юм бэ” гээд цагдаагийн араас нь татахад маажчихсан. Эрүүлжүүлэх байранд очсоны дараа У- би драйгер үлээхгүй, эрүүлжүүлэхэд орохгүй гээд, манай нөхөр Мөнхтөр манай эхнэр бага сартай жирэмсэн байгаа юм, жирэмсэн хүнийг эрүүлжүүлж болдог юм уу, хүүхэд янз бүр болчихвол яах вэ гэж хэлсэн. Тэр үед цагдаа нар тоохгүй, бид нарыг камерт оруулах гээд байхаар нь та нар ингэж хүч хэрэглэж болохгүй, маргааш та нар хүч хэрэглээгүй гэнэ, тиймээс би бичлэг хийнэ гээд гар утсаа гаргаад ирэхэд цагдаа нар миний гарыг өчөөд газарт унагаасан. Миний халаасанд байсан бүх зүйлийг хурааж аваад цувыг минь тайлуулаад камерт оруулахаар нь илүү утсаараа нөхөр рүүгээ залгах гэхэд чи яасан овоо юм бэ гээд миний утсыг булааж аваад гарсан. Би тухайн үед жирэмсэн гэдгээ Ц- гэдэг цагдаад хэлэхэд яаж нотлох вэ, эмч явуулна гэж хэлчихээд явуулаагүй...” /1-р хх-ийн 147, 149-150, 2-р хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №8985 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А-ын биед баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 36/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн №9389 дугаартай дүгнэлтэд “...Дүгнэлт: 1. Ц-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” /1-р хх-ийн 116/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 8, 16/,
- Илтгэх хуудас /1-р хх-ийн 9, 19/,
- Өргөдөл /1-р хх-ийн 17-18/,
- Гэрч Ц.Энхжаргал /1-р хх-ийн 33-34/,
- Ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет, ажилд томилогдсон тушаал /1-р хх-ийн 76-92, 166, 189-192/,
- Шүүгдэгч Б.Х-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 44, 52, 107, 110, 133, 155-162, 2-р хх-ийн 10/,
- Албадан саатуулсан хүний бүртгэл, мэдээлэл /1-р хх-ийн 94-95/,
- Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн алба хаагчдын ажлын хуваарь /1-р хх-ийн 177-180, 2-р хх-ийн 20-21/,
- Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /1-р хх-ийн 194-199/,
- Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 30/,
- Саатуулах байрны хоногийн мэдээ /2-р хх-ийн 38-40/,
- Хохирол төлсөн тухай баримт /2-р хх-ийн 170/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Х нь 2016 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний хойд замд хууль сахиулагч Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай Л.А-, К.А- нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж Л.А-ын биед баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
мөн Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст эрүүлжүүлэгдэхээр хүргэгдэн очоод тус цагдаагийн хэлтсийн саатуулах байрны цагдаа ажилтай, хууль сахиулагч Ч.Ц-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж баруун шанаанд нь цохиж, үснээс нь зулгааж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.А-ын “...Э-ын хамт уг дуудлагын дагуу очиход Хан-Уул дүүргийн замын цагдаагийн тасгийн байцаагч ахлах дэслэгч К.А-гийн тавьсан шаардлагыг иргэн Х-, Х-, У- нар эсэргүүцсэн байсан, Э- бид хоёр Х-, У-, Х- нарт бичиг баримтаа шалгуул, цагдаагийн хэлтэс дээр очиж асуудлаа шийдүүлэхийг хүссэн. Тэгэхэд Х-, Х-, У- нар нь Цагдаагийн хэлтэс рүү явж чадахгүй энд асуудлыг шийдэж өг, тэгээд ч бид цагдаагийн ийм машинд сууж явдаггүй гэж ахлах дэслэгч А- болон ачигч залууг хэл амаар доромжилж дайрч давшлаад байхаар нь Х-д шаардлага тавьж цагдаагийн машинд суулгах гэтэл Х хойноос кителний захнаас татаж нуруу, шилэн хүзүү орчмоор маажсан, тэр үед Х-ын нөхөр Мөнхтөр гэх залуу Х-ыг надаас салгаж холдуулсан...” /1-р хх-ийн 28-29, 151-152, 2-р хх-ийн 36-37, 144-146/ гэсэн, хохирогч К.А-гийн “...Албаны машинд Мөнхтөрийг суулгаад түүнээс тайлбар аваад машиныг журмын хашаанд аваачихаар ачигч машинаар ачих үед Мөнхтөртэй хамт явсан эмэгтэйчүүд “хужаа, янхан, дөрвөн нүдтэй, хувцасны гол, дөрвөн нүдийг чинь сохолно, шоронд хатаалгана” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь өөрийн гар утсаар бичлэг хийхэд урт үстэй, туранхай, 155 см орчим өндөртэй эмэгтэй миний баруун гартаа барьсан байсан утас руу цохиод хар өнгийн Скай маркийн гар утсыг газар унагаасан. Тэгэхээр нь би газар унасан гар утсаа аваад цааш явах гэтэл нөгөө жижигхэн эмэгтэй хүзүүний хойд хэсгээс 2-3 удаа маажсан. Ингээд шаардлага тавихад эсэргүүцээд хэл амаар доромжлоод байхаар нь ачигч машины жолооч Бямбажаргал 102 дугаарт дуудлага өгсөн. Ингээд удаагүй байхад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хоёр цагдаа Э-, А- нар ирээд шаардлага тавихад мөн шаардлагыг эсэргүүцсэн, тухайн шаардага эсэрүүцсэн эмэгтэйчүүдийг цагдаагийн хэлтэс рүү авч явах гэхэд А-ыг Мөнхтөрийн эхнэр гэх эмэгтэй толгой руу нь цохиж, нуруу хүзүү орчим маажсан...” /1-р хх-ийн 31-32, 2-р хх-ийн 33, 141-143/ гэсэн, хохирогч Ч.Ц-ийн “...2016 оны 06 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр эмэгтэй хүнийг саатуулахаар саатуулах байранд А-, Э- нар хүргэж авчирсан. Тэр хоёр эмэгтэй саатуулах байранд орж ирэхдээ орилж хашгирсан байдалтай, А-тай зодолдох шахуу орж ирсэн. Тухайн хоёр эмэгтэйг хүлээлгийн танхимд оруулаад биед нь үзлэг хийх гэсэн боловч өөдөөс эсэргүүцэж орилж хашгиран үзлэг хийлгээгүй. ...Тэгээд би саатуулах байранд иргэд гар утсаараа бичлэг хийж болохгүй учраас Х гэх эмэгтэйн гар утсыг аваад эмч Цэндхүүд өгөхөд намайг Х үсдээд авсан. ...Х гэх эмэгтэй өөдөөс эсэргүүцэл үзүүлэн мөн цагдаагийн алба хаагч руу халдсан тул хүч хэрэглэхээс өөр арга байгаагүй. ...Би Б-тэй хамт тухайн Х гэх эмэгтэйн эд зүйлс ээмэг бөгж, дотуур хувцасыг тайлуулсан. Тэр үед Х миний зүүн хөлний шилбэ, хоёр гарны шуу хэсгээс хазсан. ...У-, Х гэх хоёр эмэгтэй нийлээд өөдөөс эсэргүүцэл үзүүлээд байсан тул тус тусад нь салгаж камерт хийсэн...” /1-р хх-ийн 73-74, 153, 2-р хх-ийн 46-47, 139-141/ гэсэн, гэрч Ж.Э-ын “...Дуудлага өгсөн газарт А-ын хамт очиход гурван эмэгтэй замын цагдаатай зууралдан зогсож байсан. Тухайн үед замын цагдаа А- “энэ хүүхдүүд танхайраад ажил хийлгэхгүй байна” гэсэн. А- бид хоёр танхайраад байгаа хоёр эмэгтэйг албаны машинд суулгах гэхэд суухгүй гээд шаардлага эсэргүүцсэн. ...Х гэх эмэгтэй миний хөл рүү өшиглөсөн, А-ын нүүр, хүзүүнд маажсан байсан. ...Сүүлд тэр хоёр эмэгтэй Төмөр замын цагдаагийн хэлтэс дээр очин Ц- гэх цагдаа үзлэг хийх гэсэн боловч үзлэг хийлгээгүй өөдөөс нь дайраад, доромжлоод байсан, согтолтын зэргийг тогтоох гээд драйгер үлээлгэх гэтэл чадахгүй гээд Х гэх эмэгтэй нь Ц-ийг үсдээд авсан...” /1-р хх-ийн 96-97/ гэсэн, гэрч Г.О-ын “...2016 оны 06 дугаар сард эрүүлжүүлэх байранд үүрэг гүйцэтгэж байх үед Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс У-, Х гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр эмэгтэй ирсэн. Тэр хоёр гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь Ц- гар утсыг нь авахад Ц-ийг үсдээд доош нь дарсан. Энэ үед Б- бид хоёр салгаад хоёр эмэгтэйг тус тусад нь камерт оруулсан...” /1-р хх-ийн 98/ гэсэн, гэрч М.Б-ийн “...Х гэх эмэгтэй нь камерт орохоос өмнө гар утсаа гаргаж бичлэг хийсэн. Ц- бичлэг хийж болохгүй утсаа хураалга гээд утсыг авах үед түүнийг үсдээд доош нь дарсан. Би очиж Х-ыг Ц-аас салгаад эд зүйлсийг нь хураан авч, үзлэг хийгээд тус тусад нь камерт оруулсан. Тэгээд тэд нарын согтуурлын зэргийг тогтоохоор драйгер үлээлгэх гэсэн боловч үгүй, чадахгүй гэх шалтгаанаар үлээгээгүй...” /1-р хх-ийн 99-100/ гэсэн, шүүгдэгч Б.Х-ын “...Тэр үед хэв журмын цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн машинд суулгах гээд байхаар нь би “яагаад бид нарыг авч явах гээд байгаа юм бэ” гээд цагдаагийн араас нь татахад маажчихсан. Эрүүлжүүлэх байранд очсоны дараа У- “би драйгер үлээхгүй, эрүүлжүүлэхэд орохгүй” гээд, манай нөхөр Мөнхтөр манай “эхнэр бага сартай жирэмсэн байгаа юм, жирэмсэн хүнийг эрүүлжүүлж болдог юм уу, хүүхэд янз бүр болчихвол яах вэ” гэж хэлсэн. Тэр үед цагдаа нар тоохгүй, бид нарыг камерт оруулах гээд байхаар нь “та нар ингэж хүч хэрэглэж болохгүй, маргааш та нар хүч хэрэглээгүй гэнэ, тиймээс би бичлэг хийнэ” гээд гар утсаа гаргаад ирэхэд цагдаа нар миний гарыг өчөөд газарт унагаасан. Миний халаасанд байсан бүх зүйлийг хурааж аваад цувыг минь тайлуулаад камерт оруулахаар нь илүү утсаараа нөхөр рүүгээ залгах гэхэд “чи яасан овоо юм бэ” гээд миний утсыг булааж аваад гарсан...” /1-р хх-ийн 149-150, 2-р хх-ийн 52-53/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны №8985 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А-ын биед баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдатанд тогтонги нөлөөлөхгүй...” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн анкет, ажилд томилогдсон тушаал /1-р хх-ийн 76-92, 189-192/, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн алба хаагчдын ажлын хуваарь /1-р хх-ийн 177-180, 2-р хх-ийн 20-21/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хоногийн нөхцөл байдлын мэдээ /1-р хх-ийн 195-199/, саатуулбах байрны хоногийн мэдээ /2-р хх-ийн 38/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж,
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Х-д 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд хуульд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Б.Х-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.А-ын эрүүл мэндэд баруун, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.А- эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн,
гэмт хэргийн улмаас хохирогч К.А-гийн эд хөрөнгөд учирсан 200,000 төгрөгийн хохирлыг шүүхийн шатанд шүүгдэгч Б.Х төлж барагдуулсан, К.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар заажээ.
Шүүгдэгч Б.Х нь 02-12 насны дөрвөн хүүхэдтэй, түүний бага охин Мөнхтөрийн Танхилуун нь 02 настай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 161/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх-ийн 225/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасны дагуу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 /арав/ сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 201626030954 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.А-, К.А-, Ч.Ц- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 325 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн /1-р хх-ийн 233-234/ бөгөөд уг захирамжаар хуульд заасны дагуу хэд хэдэн ажиллагаа хийлгэхээр заажээ.
Уг захирамжид “...Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримт зэргээс дүгнэхэд албан үүргээ гүйцэтгэж байсан Л.А-, К.А- нарын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үйлдэл болон хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх явцдаа бусдын эд зүйлийг эвдэлсэн гэх үйлдэлд, мөн ЦЕГ-ын Төмөр зам дахь цагдаагийн түр саатуулах байрны цагдаа ажилтай Ч.Ц-ийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн гэх үйлдэлд А.У-, Д.Х- нарын үйлдэл оролцоо байгааг шалгах шаардлагатай...” гэсэн ажиллагааг хийлгэхээр заасан, уг ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Уянгыг олох зорилгоор эрэн сурвалжлалт ажиллагаа, оргодол эрэн сурвалжлах тухай /1-р хх-ийн 247, 248-249/, түүний хаана ажилладаг, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй эсэх /2-р хх-ийн 22-27/ талаар болон хуульд заасан бусад ажиллагааг хийж хайсан боловч /2-р хх-ийн 55-58, 60-113, 117, 119-123, 147-149/ А.У- гэгч нь олдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Д.Х- тухайн гэмт хэрэгт оролцсон гэх хангалттай баримт байхгүй тул энэ талаар шалгаагүй нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу шүүгдэгч Б.Х-д холбогдох хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэн Б.Х-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн Х-ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-д 01 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 /арав/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Б.Х-д анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 201626030954 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Л.А-, К.А-, Ч.Ц- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР