Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1934

 

Б.Оюунсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч  Б.Оюунсайхан,

Хариуцагч С.Батбаярт холбогдох,

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Оюунсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун, Б.Баатарсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Намуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 09 дүгээр сард С.Батбаяртай гэр бүлийн харилцаатай болж, 2008 онд том хүү Б.Борохул, 2012 онд бага хүү Б.Эрдэнэ-Очир төрөхөд 2012 оны 5 дугаар сард одоо амьдарч байгаа Баянзүр дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 25 тоот 2 өрөө байрыг худалдан авч, одоог хүртэл хамт амьдарч байгаа болно. Гэтэл манай нөхөр 2015 оны 11 дүгээр сард гэрээсээ явсан бөгөөд ирэлгүй удсан учир хайж сураглахад өөр эмэгтэй хүнтэй харилцаатай болж, хамт амьдарч байсан.

Бидний амьдарч буй орон сууц нөхрийн нэр дээр бүртгүүлж авсан байсныг өөрийн төрсөн эгч С.Бямбасүрэнгийн нэр дээр шилжүүлсэн гэдгийг би сүүлд мэдсэн. Ниссан Санни маркийн автомашин бас нөхрийн нэр дээр байдаг. Одоо яасныг сайн мэдэхгүй байна. Тэрээр гэрлэлтээ бүртгүүлээгүй учир надад ногдох зүйл байхгүй, энэ байрыг зарах гэж байгаа учир чөлөөлж өг, байр зараад мөнгө өгнө, тэгээд салъя гэж байгаа нь хоёр хүүхэд болон бидэнд эвлэрэх боломжгүй хүнд байдал үүсэж байгаа тул нэхэмжлэлийг гаргасан. Иймд төрсөн цагаасаа одоог хүртэл асрамжид байгаа хүү Б.Борохул, Б.Эрдэнэ-Очир нарыг эх Б.Оюунсайхан миний асрамжид үлдээх, С.Батбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмч болох 2 өрөө байр, Ниссан санни маркийн автомашинаас ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Намуун  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, миний бие 2007 оны 06 дугаар сард Б.Оюунсайхантай танилцаж, 9 сар хүртэл мессежээр харилцсан. Улмаар тухайн оны 08 дугаар сарын 28-ны өдөр хотод анх удаа уулзаж, эхэлсэн. 09 дүгээр сарын 20-ны үед жирмсэн болсон тул хамтран амьдарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Б.Оюунсайхан бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд хамтран амьдрах  хугацаанд 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр том хүү Б.Борохул, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бага хүү Б.Эрдэнэ-Очир нар мэндэлсэн.

Б.Оюунсайхан нь хамтран амьдарч эхэлсэн цагаасаа үргэлж хардаж, үгээр доромжилж, сэтгэл зүйн болон бие мах бодын дарамтад оруулдаг байсан. Том хүү Б.Борохулыг энэхүү хэрүүл маргаан, өөрийн үйлдэлдээ  татан оролцуулдаг болсон нь миний бухимдлыг байнга хүргэдэг байсан тул гэр орондоо хэрүүл хийхгүйн тулд гэрээсээ гарч автомашиндаа унтаж, Б.Оюунсайханыг унтсан хойно гэртээ орж ирж унтдаг болсон.

Сүүлдээ энэ байдал даамжирсаар Б.Оюунсайхантай хамтран амьдрахад хэцүү болж 2015 оны 06 дугаар сараас эхлэн гэртээ байхаас илүү хөдөөгүүр явж гэртээ бараг байгаагүй. 2015 оны 11 дүгээр сард гэрээсээ өөрөө явсан. Б.Оюунсайхан намайг хардан хэрүүл маргаан үүсгэдэг энэхүү үйлдлүүдээс гадна надад уурласан уураараа хүүхдүүдтэйгээ маш ширүүн дориун харьцдаг, заримдаа хүүгээ улаан гүврүү болтол нь зоддог байсан. Энэ нь миний хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Б.Оюунсайхан бид хоёрт эвлэрч цаашид хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Иймд Б.Оюунсайханд 2 хүүхдээ үлдээх боломжгүй тул эцэг миний асрамжид үлдээж өгнө үү.

Миний бие 2010 онд Ниссан санни маркийн автомашиныг Хас банкинд ажилладаг байхдаа 8 000 000 төгрөгийн цалингийн зээл авч авсан. Энэхүү зээлээ өөрөө цалингаасаа төлж дуусгасан. Мөн 2012 онд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байх 114 дүгээр байранд 2 өрөө байр худалдан авсан. Би энэхүү байраа авахдаа өөрийн аав болох Б.Сүхбаатараас 22 000 000 төгрөгийн зээл авч урьдчилгаа төлбөрөө өгсөн. Хас банкнаас 45 000 000 төгрөгийн орон сууцны зээл өөрийн нэр дээрээ авч нэг хүний өмчлөлтэй худалдан авсан.

Орон сууцны зээлээ өөрийн цалингаасаа төлж байсан бөгөөд хүү өндөр, долларын ханш өдрөөс өдөрт өсөж, ханшийн зөрүүд их хэмжээний мөнгө алдаж байсан тул Япон улсад амьдарч байсан өөрийн төрсөн эгч С.Бямбасүрэнгээс мөнгө зээлж байрныхаа зээлийн төлбөрт хийж байсан. Эдгээр хөрөнгийг худалдан авахад Б.Оюунсайхан болон түүний гэр бүлийн зүгээс нэг ч мөнгө гаргаагүй, зөвхөн миний хөрөнгө бөгөөд Б.Оюунсайхан бид хоёрын дундын хөрөнгө биш тул Б.Оюунсайханд ногдох хувь хэсэг байхгүй болно гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Борохул, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Эрдэнэ-Очир нарыг эх Б.Оюунсайханы асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч С.Батбаяраас 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Борохул, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Эрдэнэ-Очир нарт 11 хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунсайханд олгож тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийгээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Оюунсайханд, хариуцагч С.Батбаярыг дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учируулахгүй байхыг дурдаж,

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Батбаяраас 53 333 332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунсайханд олгож, нэхэмжлэгчээс Б.Оюунсайханд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюунсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Батбаяраас 70 200 төгрөг гаргуулж Б.Оюунсайханд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Намуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч шаардлагадаа дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгээ нэхэмжилсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр Улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй байсан. Гэтэл хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй байхад шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа л хуулийн дагуу явагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь өөрийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзсэн хөрөнгүүдийг “Мөнх-Оргил” ХХК-ийн шинжээчээр үнэлүүлсэн хэдий ч анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй хэвээр байсан. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх, хойшлуулах хүсэлт гаргаагүй байсан бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт 53 333 332 төгрөгийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хэн, хэзээ, хэрхэн төлсөн тухай ямарч зохицуулалт ороогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа алдаатай  болсон.

Өмгөөлөгч миний бие эд хөрөнгийн маргааны зүйл болох 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч С.Бямбасүрэнг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүгч гомдол гаргах эрхгүйгээр, хүсэлтийн хангахаас татгалзан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт тодорхой заасан байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх орон сууцыг С.Батбаярын өмч мөн бөгөөд хариуцагчид орон сууцыг үлдээж, хүү Б.Борохул, Б.Эрдэнэ-Очир нарт оногдох хэсгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Оюунсайханд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл гуравдагч этгээдээр татах хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэл нь хоорондоо зөрчилдөж байна. Иймд өмгөөлөгч миний гуравдагч этгээдээр татах хүсэлтийг хангахгүйгээр гаргасан шүүгчийн шийдвэр нь С.Бямбасүрэнгийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа алдаатай болсон.    

С.Батбаяр нь өөрийн төрсөн хүүхдүүд болох Б.Борохул, Б.Эрдэнэ-Очир нарыг өөрийн асрамжид авах хүсэлт гаргасан боловч шүүгч 2 хүүг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Ийнхүү үлдээх болсон үндэслэл нь Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт байсан бөгөөд дээрх дүгнэлтэд хариуцагч С.Батбаярыг өөрийн гэсэн амьдрах орон гэргүй бөгөөд нэхэмжлэгч нь 2 өрөө байранд хүүхдүүдээ тав тухтай амьдруулах боломжтой учир хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэсэн санал байсан. Гэтэл бодит байдалд нэхэмжлэгчийн оршин суугаа 2 өрөө байр С.Бямбасүрэнгийн өмч байсныг шинжээчид мэдсэн ч дүгнэлтдээ энэ талаар тусгаагүй.

Шүүгч хуулийн дагуу хэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэлж, хүүхдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй байтал шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хүүхдийг эцгийн асрамжид өгвөл өсч торнисон орчин буюу амьдарч буй байр нь өөрчлөгдөх эрсдэлтэй хэмээсэн нь өөрийнхөө гаргасан шийдвэр болох С.Батбаярт орон сууцыг нь үлдээж гэсэнтэй зөрчилдсөн, мөн хөриуцагчийг хүүхдүүдээсээ тусдаа олон жил амьдарсан мэтээр хүүхдүүдийг ээжтэйгээ дассан гэж үзсэн нь эргэлзээтэй юм.

Нэхэмжлэгч Б.Оюунсайханы нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгээ нэхэмжилсэн нь зөвхөн өөрт ногдох хэсгээ нэхэмжилсэн гэж ойлгохоор байдаг. Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хүүхдүүддээ оногдох хэсгийг нэхэмжилсэн тухай баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх хуульд заасан үүргээ ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.5, 25 дугаар зүйлийн 25.2, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсгийн заалтуудыг буруу хэрэглэж хариуцагч С.Батбаярын хүүхдүүдээ орон байраар хангах үүрэгтэй хэмээн 53 333 332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд С.Батбаярыг орон сууцны өмчлөгч хэмээн үзсэн нь мөн ямар ч үндэслэлгүй шийдвэр болсон.

Мөн шүүх хэргийн 6, 27-29. 86-89 дахь талд авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 37 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтаар үнэлээгүй нь мөн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр болсон бөгөөд дээрх баримтууд нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хүүхдүүдийг эцэгтэйгээ үлдэх үндэслэл болох чухал баримтууд байсан. Гэтэл шүүгч зөвхөн дээрх баримтуудыг үнэлээгүй нь хэрэгт нэг талын ашиг сонирхол байсан гэх хардлагыг төрүүлж байна.

Иймд хуулийг буруу хэрэглэн, хэрэгт чухал ач холбогдолтой гуравдагч этгээдийг оролцуулахгүй, улсын тэмдэгтийн хураамж төлүүлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмуудийг ноцтой зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх зохигчдын хамтын амьдралтай байх хугацаанд төрсөн хоёр хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зөв шийдвэрлэсэн байна. Харин дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,  нэхэмжлэгч Б.Оюунсайхан нь орон сууц болон автомашиныг хууль болон гэрээний үндсэн дээр хамтран өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй шийдвэрийн холбогдох заалтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Оюунсайхан, хариуцагч С.Батбаяр нар нь 2007 онд танилцаж, 2015 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүү Борохул, 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүү Эрдэнэ-Очир нар төрсөн, зохигчид тусдаа амьдарсан 2015 оны 11 дүгээр сараас хойш хүүхдүүд эхийн асрамжид байгаа үйл баримт тогтоогдсон байна.

            Нэхэмжлэгч Б.Оюунсайханы хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан ч эцэг эхийн хэнийх нь асрамжид хүүхдийг байлгах нь тэдний эрх ашигт илүү нийцэх талаарх мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, 8 нас хүрсэн хүү Б.Борохулаас хуульд заасны журмын дагуу авсан санал зэргийг харгалзан 8 настай Б.Борохул, 4 настай  Б.Эрдэнэ-Очир нарыг эхийн асрамжид үлдээхээр, улмаар эцэг С.Батбаяраас хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцсэн байна.

            Нэхэмжлэгчээс хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж ногдох хэсгийг гаргуулна гэж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын 114 дүгээр байрны 25 тоот 29 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, 2001 онд үйлдвэрлэгдсэн ниссан маркийн суудлын  автомашиныг нэрлэж, эдгээр хөрөнгийг худалдан авахад мөнгөн хөрөнгө оруулаагүй ч хамтын амьдралтай байсны хувьд үр хүүхдээ төрүүлэн асарч, хувь оролцоотой байсан гэж тайлбарлан үнэлгээг шинжээчээр тогтоолгон өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг шаардсан ч автомашин болон орон сууцыг Б.Оюунсайхан нь хууль, эсхүл гэрээний үндсэн дээр хамтран өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

            Дээрх орон сууц нь хариуцагчийн төрсөн эгч С.Бямбасүрэнгийн өмчлөх эрхэд бүртгэгдсэн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн үнэн зөв эсэх болон өмчлөх эрхийг С.Батбаяраас шилжүүлэн авсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаан гаргаагүй болохоо давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан болно.

            Иймд хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох тухай Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал, маргаантай үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

Зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг үүсэхгүй бөгөөд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан шаардах эрх мөн үүсэхгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “нэхэмжлэгч Б.Оюунсайханы нэхэмжлэлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” агуулгаар өөрчлөн найруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, уг үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг  “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Оюунсайханы нэхэмжлэлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 494 820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ