Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ХШТ/107

 

А.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

      Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайцэцэг нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 525 дугаар магадлалтай, А.М-д холбогдох 2305036200031 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д бригадын дарга ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, эхийн хамт амьдардаг,

      Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, А.М

        Шүүгдэгч А.М нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо, “Цоглог” хотхоны сагсан бөмбөгийн талбайд У.Ө-тай маргалдан, цохих, өшиглөх зэргээр зодож бие махбодод нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас хавтаст хэрэгт баримтаар авагдсан 170,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 5,550,000 төгрөг, нийт 5,720,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н-д олгож, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

      Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-аас 170,000 төгрөг гаргуулан, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н-д олгосугай ...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээн, А.М нь шийтгэх тогтоолд заасан 170,000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

     Хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

      1.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд А.М-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу 5,550,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх А.Мын гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцээд хохирогч У.Ө-т хохирол, хор уршгийн 5,550,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн.

      2.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д “Шинжилгээний байгууллага шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

      Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

      Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч А.М нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо, “Цоглог” хотхоны сагсан бөмбөгийн талбайд насанд хүрээгүй хохирогч У.Ө-тай “бохир тоглолоо” гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нь цохиж, нуруу хэсэгт нь өшиглөн зодож хамар ясны хугарал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, цээж, зүүн тохойнд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, гэм буруугийн асуудалд анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

      Харин гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах асуудалд өөр өөр байдлаар дүгнэлт хийжээ.

      1.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн байцаалтын шатанд сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаагүй, харин шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “сэтгэцэд өөрчлөлт орсон, гэрээсээ гарахаас айдаг болсон” гэх мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүхээс нөхөн төлүүлэх төлбөрийг жишиг аргачлалд заасны дагуу 5,550,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасан “...хохирогчийн сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно”, “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрүүгийн гэмт хэргээс гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ...” гэснийг зөрчсөн шийдвэр болжээ.

      Шүүгдэгчээс нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулахдаа тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг  үндэслээгүй, мөн шүүгдэгчийн учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал гэх мэт нөхцөл байдлын алийг харгалзан, юуг үндэслэн хэмжээг тогтоосон талаар дурдаагүй нь шударга ёсны зарчмыг хангаагүй байна.

      Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн ...” гэж дүгнэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд хэлэлцэгдсэн тухай тусгагдаагүй, тэмдэглэлээс зөрүүтэй байна.

      2.Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдсэн, түүний улмаас хохирсон, хор уршиг учирсан асуудлыг заавал иргэний журмаар нэхэмжлэх байдлаар шийдвэрлүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан санал, хүсэлт, мэдүүлэгт дурдсан асуудлыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулан, шинжээч томилж нөхөн гүйцэтгэх, эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэж оролцогчийн эрхийг хангах боломжтой байна.

      Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн А.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

      2.Шүүгдэгч А.М нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 28 дугаар хороо, “Цоглог” хотхоны сагсан бөмбөгийн талбайд У.Ө-тай маргалдан, цохих, өшиглөх зэргээр зодож бие махбодод нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүү, нуруу, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

      Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж дээрх хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

      Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

      3.Харин давж заалдах шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг заавал шинжилгээ хийж тогтоох агуулга бүхий дүгнэлт хийж шийтгэх тогтоолын эдийн бус гэм хорын нөхөн төлүүлэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болов.

      Өөрөөр хэлбэл, гомдлын үндэслэл нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг заавал тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай эсэх тухай байна.

      Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.

      “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” нь шүүх шинжилгээний байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 27.10 дугаар зүйлд /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэсэн 5 төрлийн гэмт хэргийн хохирогчид учрах боломжтой сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд энэхүү жишиг стандартыг тухайн төрлийн хэргүүдэд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж нийтлэг хэрэглэхээр зохицуулсныг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

      “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д дээрх 5 төрлийн гэмт хэргийн тухайд шүүх шинжилгээний байгууллага сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор, 2.2-т хохирогч нь хүснэгтээр шинжилгээ хийлгэхээр, 2.3-т мөрдөгч хүснэгтээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрөх эсэхийг баримтжуулан хэрэгт хавсаргахаар тус тус заасан байна.

      Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н-гийн гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийн нэхэмжлэл /Хэргийн 98 дугаар хуудас/-тэй шүүгдэгч А.М маргаагүй, тэрээр нөхөн төлбөрийн хэмжээг багасгахыг хүссэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. Энэ тохиолдолд Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 1.2, 3.8-д заасны дагуу шүүгдэгчээс гаргуулах нөхөн төлбөрийн хэмжээг өөрчлөх үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагатай байжээ.  

      Гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлын талаар гаргасан нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, талууд тодорхой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх зэрэг хэргийн оролцогчийн онцгой эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой диспозитив зарчмын дагуу давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар маргаагүй асуудлаар заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь буруу байна.

      Энэ хэргийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах талаар талуудын хэн аль нь хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс нөхөн төлбөрийн жишиг аргачлалын хүрээнд шүүгдэгч А.Маас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

      Иймд хохирогчийн өмгөөлөгч Д.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

      1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 525 дугаар магадлалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ч.ХОСБАЯР

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.ЦОГТ