Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0384

 

Х.Х-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Х.Х-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, тус аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 23.7, 25 дугаар зүйлийн 25.1, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай” А/16 дугаар тогтоол, Бугат сумын Хурлын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны “Засаг дарга Х.Х-ыг огцруулах тухай” 38 дугаар тогтоол, “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 39 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/518 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, Бугат сумын засаг даргын албан тушаалд эгүүлсэн томилсон шийдвэр гаргахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Х давж заалдах гомдолдоо: “...Ардчилсан намын бүлгийн 8 төлөөлөгчийн гарын үсэг зурсан нэг ширхэг тооцоо судалгаагүй, надтай холбоотой ямар нэгэн эрхийн актгүй, Засаг даргын орлогч Ш.Х-ын Б/25 дугаар захирамж эрх зүйн чадамжгүй хууль бус гэсэн мэтээр дүр эсгэсэн шаардлагын материалыг надад мэдэгдээгүй нуун дарагдуулж, Засаг төрийн ажлыг булааж авах зорилгоор дуусгавар болсон 533 шийтгэх тогтоолыг иргэн Б.С-оос хуулбарлан авч намайг гэмт хэрэгтэн болгож албан тушаалын хөдөлмөрлөх эрхэнд халдаж ... ээлжит бус хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт хуралдуулахыг зарлаж, хэлэлцэх асуудлаар Засаг дарга намайг огцруулах, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх шийдвэр гаргасан, А/16 дугаар Засаг даргыг огцруулах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй ба эрх зүйн чадамжгүй хэлэлцэх асуудлаар батлах эрхгүй байсан.

... Анхан шатны шүүхийн шүүгч хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр 533 шийтгэх тогтоол миний ажилгүй хугацаанд иргэний хэргээр шийдэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар дуусгавар болсон. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр бие даагч М.Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд хүсэлт гаргаж, ... нэг ширхэг шаардлагын хуудсыг тухайн Тэргүүлэгчдийн хуралд хүргүүлсэн байна. Гэтэл М.Х хуулийн эрх ашгийг урдаа тавьж, Сумын засаг даргаас миний нэрийг татаж Засаг даргад өөр хүний нэрийг дэвшүүлэхийг тухайн өдрийн хурлын тэргүүлэгчид "Засаг даргад нэр дэвшүүлэх хэлэлцэх асуудалд бие даагч М.Х төлөөлөгчийн шаардсанаар 4 тэргүүлэгч олонхын саналаар дэмжиж, хэлэлцэх асуудлын 2 дугаарт оруулсан нь Засаг дарга нийт төлөөлөгчийн гуравны хоёр эсвэл нийт төлөөлөгчийн гуравны нэг гэснийг зөрчсөн тул хэлэлцэх ёсгүй байсан. Үүнийг тухайн өдрийн тэргүүлэгчид анхан шатны шүүхийн шүүгч анхаараагүй. Учир нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар бие даагч М.Х 3 дугаар багийн иргэн Б.Е нар сумын Засаг даргад нэрээ дэвшүүлж, бие даагч М.Х 7 төлөөлөгчийн, Б.Е 9 төлөөлөгчийн саналыг авсан Б.Е-д 39 тогтоол гарган аймгийн Засаг даргад уламжилснаар гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцож байгаа хавтаст хэрэгт байгаа материалаар нотлогдож байна

... 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэх Засаг даргыг огцруулах, Засаг даргад нэр дэвшүүлэх, давсан орлогыг хэлэлцэх хуралдааны товыг 2019 оны 06 дугаар сарын 28-нд тогтоосон тухай А/16 дугаар тогтоол бүхэлдээ хүчингүй болох үндэслэлтэй атлаа үндэслэх хэсэгт анхан шатны шүүх нотлох баримтыг гүйцэд шалгаагүй, хэргийн бодит байдлыг зөв үнэлээгүй, нотлох баримт эргэлзээтэй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Улмаар анхан шатны шүүхийн шүүх хурал бүхэлдээ хүчингүй болох үндэслэлд нийцэж байна гэж маргаж тайлбар гаргаж байна.

Бугат сумын сумын Засаг даргаар 2016 оны 11 сард томилогдсоноос хойш 1 жил 6 сар Засаг даргаар ажиллаж байсан хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэргээр огцорч ажлаас чөлөөлөгдөөгүй, хууль тогтоомж зөрчөөгүй буюу чиг үүргээ хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байсан. Үүнээс хойш одоо хүртэл 2 жил ажилгүй байгаа. Гэтэл энэ хугацаанд удаа дараа дээрх удирдлагын албан тушаалтан надад хууль бус дүр эсгэсэн байдлаар шийдвэр гаргаж миний хөдөлмөрлөх эрхэд халдаж сумын Засаг даргаас огцруулсан нь хууль бус. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 110/ШШ2020/0022 дугаар шийдвэрийг бүхэлдээ хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон ... бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ”, 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан нь тусгайлсан буюу нарийвчилсан зохицуулалт, харин нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй тус хуулийн 23.3-д “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно”, 23.4-д “... бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн нь маргаан бүхий энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 533 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Х.Х гэмт хэрэг үйлдсэн болох нь эцэслэн тогтоогдсон, ийнхүү Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүй нь буюу 9 төлөөлөгч “...Засаг дарга Х.Х-ыг албан тушаалаас огцруулах саналд гарын үсэг зурж”[1] Хурлын даргад өргөн мэдүүлснээр Бугат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/16 дугаар тогтоолоор “тус сумын Засаг даргыг огцруулах, Засаг даргад нэр дэвшүүлэх” асуудлыг хэлэлцэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтад нийцсэн, Хурлын хуралдааныг товлон зарлах журам зөрчигдөөгүй байна.

Мөн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг хариуцагч зөрчөөгүй талаар анхан шатны шүүхээс дэлгэрэнгүй дүгнэсэн, “сумын Засаг дарга Х.Х-ыг албан тушаалаас нь огцруулах” саналд холбогдох шүүхийн шийтгэх тогтоол, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хуралдаан болохоос 1 хоногийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан Хурлын төлөөлөгч нарт тараасан болох нь хэрэгт авагдсан “Ээжилт бус 10 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг төлөөлөгчдөд тараасан тухай тэмдэглэл”[2], Ажлын албаны ажилтан Х.Ж-ийн болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр[3] нотлогдсон байх тул хуралдааны бэлтгэл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон ... бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг даргад хүргүүлнэ” гэж заасан Засаг даргыг огцруулах хуульд заасан үндэслэл бүрдсэн, сумын Засаг дарга Х.Х гэмт хэрэг үйлдсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул түүнийг албан тушаалаас нь огцруулсан маргаан бүхий актуудын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 


[1] 1хх-74, 79 хуудас

[2] 1хх-72 хуудас

[3] 1хх-185-192, 210-228, 2хх-03 хуудас