Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: “Трожан Холдинг” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гагасан өргөдөлд өгөх саналыг хүчингүй болгуулж, №-026393 дугаарт бүртгэгдсэн Шаргалт 1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах”  тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Заантогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ёндонжамц

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болормаа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч “Трожан Холдинг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Шаргал 1 нэртэй газарт Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026393 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.  

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4468 тоот мэдэгдлээр манай хайгуулын зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаар буюу аймгийн Засаг дарга “Дэмжихгүй” санал ирүүлсэн учир татгалзсан болохыг мэдэгдсэн. Ийнхүү татгалзсан болохыг мэдэгдсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ямар үндэслэлтэй татгалзсан, орон нутгаас ямар санал ирснийг судалсны үндсэн дээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/942 тоот албан бичгээр 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот “Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөл өгөх санал”-ыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн бөгөөд тус саналаар манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн болохыг мэдсэн.

Иймд манай компани дор дурдсан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот “Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар

нэгэн байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан.  

2.Аймаг, Нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан “хурлын санал” нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан “...хариу...”-г аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “…татгалзсан хариу өгч болно...” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж тус тус заасан байхад Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбатын “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн “иргэн, аж ахуй нэгжийн эзэмшилд олгогдсон 4 га газар үр тарианы талбайтай давхцаж байна” гээд Газрын тухай хуулийн 31.1 дэх хэсгийг үндэслэсэн байна. Гэтэл Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл нь Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгох хайгуулын тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагад хамаарахгүй.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулж, №026393 дугаарт бүртгэгдсэн Шаргалт 1 нэртэй газарт хайгуулын туснай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу “дэмжсэн” санал гаргахыг даалгаж өгнө үү.

Жич: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/942 тоот албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар манай компанид байхгүй, манай компанид ямар нэг байдлаар албан ёсоор огт ирж байгаагүй тул тус актыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Оргил шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Трожан Холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. “Трожан Холдинг” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг судлан үзээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт Шаргалт 1 нэртэй газарт 508.03 ректар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалыг газрын Кадастрын хэлтсээс санал авахаар ирүүлсэн албан бичгийн дагуу холбогдох солбилцлуудыг мэдээллийн санд оруулан шалгаж үзэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшилд олгогдсон 4 га үр тарианы талбайтай давхцаж байсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хуульГазрын тухайГазрын хэвлийн тухайБайгаль орчныг хамгаалах тухайҮндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэсний дагуу Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд дээрх газар нь иргэдийн үр тарианы талбай болон өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцаж байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” зааснаар уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох боломжгүй болохыг мэдэгдсэн.

Иймд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/942 тоотоор өгсөн хариу нь хуульд нийцсэн акт бөгөөд  дээрх нөхцөл байдлыг хуульд заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

          Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, “Бодь” цамхаг 6 давхар 604 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Трожан Холдинг” ХХК нь “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналыг хүчингүй болгуулж, №026393 дугаарт бүртгэгдсэн Шаргалт 1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргах”-ыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, тайлбаруудаар дараах зүйлүүд тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Үүнд :

          “Трожан Холдинг” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Шаргалт 1 нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь үр тарианы талбайтай давхцаж байгаа тул Монгол улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу дэмжих боломжгүй тул “Дэмжихгүй” гэсэн саналыг өгч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/942 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст хүргүүлжээ.         

          Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 7/4468 дугаартай албан бичгээр “Трожан Холдинг” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5 , Захиргааны ерөнхий хуулийн 27, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлд заасныг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ. 

          “Трожан Холдинг” ХХК-ний Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн Ашигт малтмал, газрын тосны газраас мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 , 19.1.4-т заасан анхан шатны шүүлт болон хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоосны эцэст мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг тус компанид мэдэгджээ. 

          Үүний дараа Трожан Холдинг ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын саналыг авахаар өрөгдөл гаргасан боловч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг зөрчиж Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг авалгүй мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д зааснаар татгалзасан хариу өгсөн болох нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

          Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгч буй Засаг даргын САНАЛ нь захиргааны актын үндсэн шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “ Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж ...” гэж зааснаас үзэхэд зөвхөн Аймаг, нийслэлийн Засаг дарга ДЭМЖСЭН санал өгсөн тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжтой, харин ямар ч үндэслэлээр ДЭМЖИХГҮЙ санал өгсөн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох боломжгүй болох нь хуулийн зохицуулалтаас харагдаж байна.

          Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзэхэд Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр буюу хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэх, зэрэг үндэслэл тогтоогдвол татгалзсан хариу өгөх боломжтой байтал Сэлэнгэ аймгийн Засаг дарга “Трожан Холдинг” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд дэмжихгүй гэсэн санал өгөх болсон үндэслэлээ үр тарианы талбайтай давхцсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтын агуулга нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага бөгөөд “Трожан Холдинг” ХХК нь Засаг даргад хандаж газар эзэмших өргөдөл, хүсэлт гаргаагүй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд хуульд заасны дагуу саналыг нь авахыг хүссэн байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа №026393 дугаарт бүртгэгдсэн Шаргалт 1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг даалгах шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагыг хангах боломжгүй юм. Учир нь:

          Даалгах нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл огт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой юм.

          Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс “Трожан Холдинг” ХХК-с гаргасан өргөдөлд ямар нэг эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд зөвхөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд дэмжихгүй гэсэн саналыг өгч төрийн захиргааны байгууллагад хүргүүлжээ.