| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0060/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 90
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч Т.И-, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Т-ын И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810012620830 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Р.....” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ........ тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Т-ын И.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.И нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч У.Б-ыг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт сүлд” амралтын газрын орчим бусадтай хардаж, улмаар түүнийг газар унагаан хөлөөрөө толгой, хэвлий орчим өшиглөх, үснээс зулгаах, алгадах зэргээр, мөн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 13 тоотод У.Б-ын толгойнд нь гараараа цохих, зүүн шилбэ рүү өшиглөх зэргээр тус тус зодож биед нь дагз, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн бугалга, гуя, зүүн шилбэ, нурууны цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.И-: “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараад эхнэр Б-той цуг юманд явахаар төлөвлөсөн боловч миний ажил оройтож тараад 8 цагт гэртээ ирсэн. Тэгээд оройтож ирлээ гэснээс болж бид хоёр хоорондоо муудалцсан. Тэгээд Б-ыг машиндаа суулгаад Эрхэт Сүлд амралтын газар руу явах замдаа дахин муудалцаад би Б-ыг цохиж зодсон. Түүний дараа нь шатахуун түгээх станц дээр очоод дэлгүүр орсон хойгуур Б- миний машиныг унаад явчихсан. Тэгэхээр нь такси бариад араас нь гүйцэж очоод дахин хэрүүл маргаан хийж, цохиж зодсон. Маргааш нь эвлэрэх зорилгоор Б-ыг ажлын газрын эгчийндээ дагуулж очсон боловч согтуу байсан учраас дахин зодсон...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч У.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед ...тоглоомын талбай дээр сууж байсан чинь араас “хэнийгээ хүлээж байгаа юм” гээд намайг хардаж машиндаа чирч суулгаад “Эрхэт Сүлд” амралтын газрын хажууд очиж үснээс зулгааж буулгаж ирээд газар унагааж байгаад хөлөөрөө толгой, нуруу, гэдэс, хөл рүү өшиглөөд “дээшээ хар, харахгүй бол ална шүү” гээд алгадаад байхаар нь би зугтах гэхэд машинтайгаа хөөгөөд машиныхаа урд гуперээр миний хөлийг шүргэсэн. Тэгээд тэрүүгээр явж байсан хоёр машинтай хүнийг дуудаад “туслаарай” гээд орилж байхад машиндаа чирч суулгаад Магнай трейдийн шатахуун түгээх станцын хажууд намайг зогсоож байгаад дэлгүүр орсон үед нь би машиныг унаад гэртээ ирсэн боловч араас ирээд дахин намайг өшиглөж зодсон. Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед И ажлынхаа газрын эгчтэй ирчихээд “гурвуулаа гарья, уулзья” гэхээр нь гарахгүй гэхэд намайг өргөж машиндаа суулгаад Биокомбинатад ажлын газрынх нь эгчийнд очсон. Тэгээд И 0,5 граммын архи уугаад миний толгой тархи руу цохиж, хутга бариад ална гээд тэр айлд агсам тавиад байсан. Тэгээд бид гурав тэр айлаас гараад би машин бариад явж байхад одоо чамайг хэрэгт хийнэ за юу гээд машинаас шууд үсэрсэн...” /хх-ийн 16-18, 19-20/ гэсэн,
Гэрч Т.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сард И-, Б- хоёр гэрээс хамт гарчихаад Б- ганцаараа буцаж ирсэн. Удалгүй И гэрийн гадаа согтуу орилоод байхаар нь манай хүү Түвшинбаяр түүнийг явуулсан...” /хх-ийн 26-27/ гэсэн,
Шинжээч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...У.Б-ын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дагз, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тодорхой өвдөлт зовиур үүсгэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 28 хоногийн хугацаанд эдгэнэ. Удаан хугацааны шаналал зовиур үүсгэхгүй...” /хх-ийн 34-35/ гэсэн,
Шүүгдэгч Т.И-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэртээ очиход намайг оройтож ирлээ гээд уурласан. Тэгэхээр нь машинтайгаа явчихаад 10 минутын дараа буцаад ирэхэд Б- гэрийнхээ хажуу талын тоглоомын талбай дээр сууж байхаар нь тэврээд машиндаа суулгаад Эрхэт Сүлд амралтын газрын хойно очихоор явах замдаа хэрэлдсэн. Тэгээд би машинаа зогсоогоод Б-ыг татаж буулгаад 2-3 удаа алгадахад өөдөөс дайраад байхаар нь түүний барьж байсан жижиг гар цүнхээр нь гар, хөл, нуруунд хэд хэдэн удаа цохисон. Мөн Б- над руу дайрч байгаад унахаар нь нуруунд 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Б- доошоо харж хэвтчихээд босохгүй байхаар нь үснээс татаад, нэг удаа алгадахад босоод зугтаасан. Би араас нь гүйцэж барьж аваад машиндаа суулгасан. Тэгээд Өлзийтийн товчооны дэлгүүр ороод тамхи авчихаад гарч ирэхэд Б- миний машиныг унаад хөдлөөд явчихсан. ...Маргааш нь би Б-той эвлэрэх санаатай ажлын эгчийн гэрт очсон. Тэгээд би Б-той юм ярьж сууж байгаад 0,5 литрийн савалгаатай архийг ганцаараа уучихсан чинь согтоод Б-той дахин муудалцаж толгойд нь нэг удаа цохиж, хөл рүү нь өшиглөсөн. Тэгтэл Б- яваад өгсөн...” /хх-ийн 47-51/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №6288 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б-ын биед дагз, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, гуя, зүүн шилбэ, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухай хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 9/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,
- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 59-62/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10/,
- Гэрч З.Сувдмаа, С.Булган нарын мэдүүлэг /хх-ийн 25, 28/,
- Шүүгдэгч Т.И-д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 54, 57-58, 67-68/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.И-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.И нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч У.Б-ыг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт сүлд” амралтын газрын орчим бусадтай хардаж, улмаар түүнийг газар унагаан хөлөөрөө толгой, хэвлий орчим өшиглөх, үснээс зулгаах, алгадах зэргээр,
мөн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгины 13 тоотод У.Б-ын толгойнд нь гараараа цохиж, түүний зүүн шилбэ рүү өшиглөх зэргээр тус тус зодож эрүүл мэндэд дагз, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун зүүн бугалга, гуя, зүүн шилбэ, нурууны цус хуралт бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Б-ын “...2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед ...тоглоомын талбай дээр сууж байсан чинь араас Т.И ирээд “хэнийгээ хүлээж байгаа юм” гээд намайг бусадтай хардаж машиндаа чирч суулгаад “Эрхэт Сүлд” амралтын газрын хажууд очиж үснээс зулгааж буулгаад газар унагааж байгаад хөлөөрөө толгой, нуруу, гэдэс, хөл рүү өшиглөөд “дээшээ хар, харахгүй бол ална шүү” гээд алгадаад байхаар нь би зугтаахад араас машинтайгаа хөөгөөд машиныхаа урд гуперээр миний хөлийг шүргэсэн. Тэгээд тэр хавиар явж байсан машинтай хүнийг дуудаад “туслаарай” гээд орилж байхад машиндаа чирч суулгаад “Магнай трейд” ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд намайг зогсоож байгаад дэлгүүр орсон, энэ үед би машиныг нь унаад гэртээ ирсэн боловч араас ирээд дахин намайг өшиглөж зодсон.
Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн үед И ажлынхаа газрын эгчтэй ирээд “гурвуулаа гарья, уулзья” гэхээр нь би гарахгүй гэхэд намайг өргөж машиндаа суулгаад Биокомбинатад ажлын газрынх нь эгчийнд очсон. Тэгээд И 0,5 граммын архи уугаад миний толгой тархи руу цохиж, хутга бариад ална гээд тэр айлд агсам тавиад байсан...” /хх-ийн 16-18/ гэсэн, шинжээч Ц.О-ийн “...У.Б-ын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Дагз, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тодорхой өвдөлт зовиур үүсгэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул 28 хоногийн хугацаанд эдгэрнэ. Удаан хугацааны шаналал зовиур үүсгэхгүй...” /хх-ийн 34-35/ гэсэн, шүүгдэгч Т.И-н: “...2018 оны 05 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед гэртээ очиход намайг оройтож ирлээ гээд уурласан. ...Б- гэрийнхээ хажуугийн тоглоомын талбай дээр сууж байхаар нь тэврээд машиндаа суулгаад “Эрхэт Сүлд” амралтын газрын хойно очихоор явах замдаа хэрэлдсэн. Тэгээд би машинаа зогсоогоод Б-ыг татаж буулгаад 2-3 удаа алгадахад өөдөөс дайраад байхаар нь түүний барьж байсан жижиг гар цүнхээр нь гар, хөл, нуруунд хэд хэдэн удаа цохисон. Мөн Б- над руу дайрч байгаад унахаар нь нуруунд нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Б- доошоо харж хэвтчихээд босохгүй байхаар нь үснээс нь татаад, нэг удаа алгадахад босоод зугтаасан. ...Маргааш нь би Б-той эвлэрэх санаатай ажлын эгчийн гэрт очсон. Тэгээд би Б-той юм ярьж сууж байгаад 0,5 литрийн савалгаатай архийг ганцаараа уучихсан чинь согтоод Б-той дахин муудалцаж толгойд нь нэг удаа цохиж, хөл рүү нь өшиглөсөн...” /хх-ийн 47-51/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №6288 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б-ын биед дагз, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, гуя, зүүн шилбэ, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. 4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухай хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 59-62/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.И-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.И нь хохирогчийг 2018 оны 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зодож, түүний биед гэмтэл учруулж байгаа нь хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн биед хөнгөн хохирол учруулж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэх бөгөөд прокурорын газраас хуулийн дээрх зүйл, хэсгийг журамлан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдардаг гэр бүлийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд тэдгээрийн хэн аль нь энэ талаар маргахгүй тул Т.И-гийн хамтран амьдрагч У.Б-ын биед үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.Б-ын дагз, зулайн хуйх, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн бугалга, гуя, зүүн шилбэ, нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 19-20/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.И-гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.И-д мөрдөн шалгах ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 145 дугаар захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ /хх-ийн 46/, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар шүүгчийн захирамжаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус давхардуулан авагдсан бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх шаардлагагүй тул хүчингүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1810012620830 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч У.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Т-ын Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын И-г 1,600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.И-д оногдуулсан 1,600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.И 1,600 /нэг мянга зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810012620830 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч У.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР