| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 191/2025/06551/И |
| Дугаар | 210/МА2026/00442 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00442
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11485 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 182/ШШ2013/02334 дугаар захирамжаар хариуцагч *******ийг Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 1-р гудамжны ******* тоот хаягт байрлах хашаанаас гэр болон чингэлэг, амбаарыг нүүлгэн газрыг чөлөөлж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу ******* 23301160 бүртгэлийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Чингэлтэй дүүргийн 175-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад ******* ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу бүрэн хийж гүйцэтгэлгүй, төлбөр авагч намайг хуурч гарын үсэг зуруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны улмаас өнөөдрийг хүртэл би өмчлөлийн хашаагаа бусдад хууль бусаар эзэмшүүлсээр байна. Тодруулбал, 2024 оны 09 сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч ******* хашаан дотор байсан чингэлэг-ийг байсан байрнаас нь шилжүүлж хажуу талд нь тавиулсан. Тэгээд за чингэлгийг холдуулсан, та энэ тэмдэглэл дээр гарын үсэг зурчих гэхээр нь би шүүхийн шийдвэр дээр гэр болон чингэлэг, амбаарыг хашаанаас нүүлгэж газрыг чөлөөл гэсэн байгаа, энэ гэрийг нь чөлөөлж өгөх ёстой биз дээ гэхэд би сая гэрт орж хүмүүстэй нь уулзлаа, одоо ингээд удахгүй гэрээ нүүлгэнэ гэж хэлсэн, та санаа зоволтгүй, гэрийг нүүлгэчих юм чинь та гарын үсгээ зурчих гэхээр нь шийдвэр гүйцэтгэгч маань хүлээх хоорондоо зүгээр сууж байхаар бичиг баримтаа цэгцэлж л байя гэж байгаа юм байлгүй дээ гэж бодоод тэр тэмдэглэл дээр нь гарын үсгээ зурсан. Маргааш нь би ******* очиж *******тай уулзахад өчигдөр очоод газрыг чөлөөлөөд шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлчихсэн, та өөрөө гарын үсгээ зурсан гэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 24/10-1056 дугаар тогтоол гарсныг дараа нь мэдсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт заагдсан гэр, чингэлэг, амбаар өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн газар дээр байсаар байгаа, шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Миний бие 2024 оны 09 сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч *******гийн ажиллагаанд гомдол гаргасан ба ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 10 сарын 15-ны өдрийн 4/1310 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариу өгсөн.
Иймд Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 24/10-1056 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 23301160 дугаартай байр орон сууцнаас албадан чөлөөлөх тогтоолоор амбаар, гэр, чингэлгийг чөлөөлж хадгалалт хамгаалалтыг *******т үлдээж, хүлээлгэн өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Гүйцэтгэх баримтад дурдсан газрыг чөлөөлж, төлбөр авагчид хүлээлгэн өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож 2025 оны 09 сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *******т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тогтоолыг танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн мөн тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 сарын 24-ний өдрийн 24/10-1056 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгохыг хариуцагч *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 2334 дугаар захирамжаар *******ийн хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 1-р гудамжны ******* тоот хашаанаас гэр, чингэлэг, амбаарыг нүүлгэн газрыг чөлөөлж, улсын тэмдэгтийн хураамж 35,100 төгрөгийг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 09 сарын 22-ны өдөр хүлээн авч үүсгэсэн.
4.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 1-р гудамжны ******* тоот хашааг түрээслэгч, төлбөр төлөгч ******* нь гэр, амбаарыг өөрөө сайн дураар чөлөөлж, чингэлэг миний эзэмшлийнх биш хашааны өмчлөгч буюу түрээслүүлэгч Л.Баасансүрэнгийнх, би хүний хөрөнгийг хөдөлгөх эрх надад байхгүй гэсний улмаас чингэлгийг газраас албадан чөлөөлж 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 23301160 дугаартай тогтоолоор газрыг чөлөөлж, хадгалалт хамгаалалтыг төлбөр авагч *******т үлдээж, хүлээлгэн өгсөн.
4.3. Гүйцэтгэх баримт бичигт дурдсан газрыг чөлөөлж төлбөр авагчид хүлээлгэн өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж дуусгавар болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолд нэхэмжлэгч гарын үсэг зурсан... гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02334 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 1-р гудамжны 3ё тоот хашаанаас гэр болон чингэлэг, амбаарыг нүүлгэж, газрыг чөлөөлөхийг хариуцагч *******эд даалгаж шийдвэрлэсэн байна.
4. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага нь 2023 оны 09 сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүгчийн захирамжийг биелүүлэх хугацаат мэдэгдлийг хариуцагч *******эд удаа дараа хүргүүлж, 2024 оны 05 сарын 28-ны өдөр Байр орон сууцнаас албадан гаргах тухай 23301160 дугаар тогтоол үйлджээ.
Улмаар Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ******, 175-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* нарын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолоор хариуцагч *******эд холбогдох 23301160 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.
Уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэл болгосон байна.
5. Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй байна гэсэн агуулгатай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал:
5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл /цаашид тэмдэглэл гэх/ үйлдэнэ гэж, 13.2-т Тэмдэглэл нь доор дурдсан шаардлагыг хангасан байна гээд 13.2.4-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүн гэж тус тус заажээ.
Хариуцагч байгууллагын Байр орон сууцнаас албадан гаргах тухай 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 23301160 дугаар тогтоолд Чингэлтэй дүүргийн 9-р хороонд байршилтай хашаанаас чингэлэг, гэр, амбаарыг албадан нүүлгэн гаргав гэж бичигдсэн боловч мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд ...Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнж 1-р гудамжны 3ё тоот хаягт байрлах 20 тн чингэлгийг *******ын өмчлөлийн газраас зөөвөрлөн Л.Баасанжаргалын өмчлөлийн газарт нүүлгэв... гэж тэмдэглэгджээ.
Дээрх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзвэл шүүгчийн захирамжид дурдагдсан гэр, амбаарыг албадан чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна.
5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа, албадлагын арга хэмжээний үйл явц, үр дүнг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, бэхжүүлж болно гэж заасан.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн гаргасан ...шүүгчийн захирамжид заагдсан гэр, чингэлэг, амбаар өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн газар дээр байсаар байгаа, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй... гэсэн тайлбарыг эргэлзээгүй баримтаар няцаагаагүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Энэ тохиолдолд хариуцагч байгууллагын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 24/10-1056 дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 100 дугаар зүйлийн 100.2-т заасантай нийцсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй.
6. Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийн зохицуулалтыг оновчгүй баримталсан байх тул давж заалдах шатны шүүх үүнийг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан... тухай дурдсан байх ба хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т тус тус заасан хугацааг нэхэмжлэгч баримталсан эсэх талаар анхан шатны шүүхэд тайлбар, татгалзал гаргаж мэтгэлцээгүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
8. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11485 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...29 дүгээр зүйлийн 29.1.5, 100 дугаар зүйлийн 100.2-т... гэснийг ...44 дүгээр зүйлийн 44.4-т... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР