Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 98

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

Улсын яллагч Г.Эсэн,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-,

Шинжээч Д.Б-, Ж.Ж-,

Иргэний хариуцагч Х.О-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Шүүгдэгч Д.О-, Б.Ц-, тэдний өмгөөлөгч Я.Баатар,

Нарийн бичгийн дарга В.Орхон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Д-гийн О, Т овогт Б-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726030703 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мянган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, “Т......” ХХК-д дээвэрчин ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн ...... дүгээр хороо, .......... дүгээр гудамжны ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Д-гийн О.

2. Монгол улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уран дарханы мэргэжилтэй, “Т.........” ХХК-д дээвэрчин ажилтай, ам бүл 8, эцэг, эх, хоёр эгч, хоёр дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ..... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Б-ийн Ц.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.О-, Б.Ц нар нь Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь” ХК-ийн үйлдвэрийн цехийн барилгын дээврийг нөхөх засварын ажил хийж байхдаа буюу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гал алдан болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн төлөөлөгч, иргэний хариуцагч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-: “...Би 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ээлжийн амралтаа аваад хөдөө явж байсан. Гал гарсан талаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өглөө мэдээд удирдлагуудтайгаа яриад компани дээрээ 15 цагийн үед ирсэн. Гэтэл компанийг хамгаалтанд авсан, ажилчид бүгд хашааны гадаа байсан. Онцгой байдлын бүрэлдэхүүн ирсэн, бүрэн шатаж дуусаагүй, хүн орж болохгүй гэсэн байдалтай байсан. Маргааш нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ирж дүгнэлт гаргасан, мөн хэргийн газрын үзлэг хийсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр хавтан гайгүй байна, үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Манай компанийн байр, бараа бүтээгдэхүүн даатгалд хамрагдсан байсан тул гэрээний дагуу урьдчилан 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирээд бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан. Нийт компаний данснаас 4,831,696,504.30 төгрөгийг зарцуулсан. Үүнээс даатгалын компаниас авсан 4,4 тэрбум төгрөгийг хасаад 431,696,504.30 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Иргэний хариуцагч Х.О-: “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр манай ажилчид өглөө 09 цагийн үед ажлаа эхлүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 800 гаруй метр талбайд нөхөөсний ажил хийнэ гэсэн гэрээ байгуулсан. ...Бид нар ажлаа эхлүүлэхдээ хамгийн асуудалтай гэх цайны газрын дээврээс эхэлсэн. Мөн тухайн өдрийнхөө 14 цагийн үед ажилчдынхаа хоолыг идүүлчихээд Э-ыг дуудаад би өөрөө хар цаасанд явахаар болсон. Амараа инженерийн заасан газар хуучин хар цаасаар нөхөөсний ажлаа хийгээрэй гэж хэлээд өөрөө шинэ хар цаас авахаар явсан. Миний бодлоор манай ажилчид 15 цагийн үед дээврийн ажлаа хийхээр гарсан байх, намайг 17 цагийн үед хар цаасаа аваад ирэхэд шаврын ажил хийж байна гэж хэлсэн. Хар цаасыг дээвэр лүү гаргуулахаар О-г дуудсан. Тэгээд тухайн хар цаасны хүндийн жин нь 2 тонн учир даац нь ихтэй байх, тарааж тавиарай гэж хэлсэн. Тэгээд би өөрөө О-ийн хийж байсан цайны газрын шаврын ажлыг үзээд заавар зөвлөгөө өгөөд “Говь” ХК-ийн хашаанаас 18 цаг 30 минутын үед гарсан. Гэтэл 20 цаг 30 минутын үед Амараа инженер залгаад та өнөөдөр дээвэр дээр ямар ажил хийсэн бэ гэхээр нь нөхөөсний ажил хийсэн гэхэд дээврээс утаа гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь ажилчдаасаа асуусан...” гэв.

Шинжээч Д.Б-: “...Шинэ хар цаас болон хуучин хар цаас хоёрын шатах орчин өөр, учир нь хуучин хар цаас шатахдаа хялбар болдог. Гал гурван үзүүлэлттэй байдаг. Хүчилтөрөгчийн агууламж, дулааны агууламж, шатах материалын их үүсвэр зэргээс шалтгаалан гал гардаг. Уугин шаталт гэдэг нь хүчилтөрөгчийн хангалттгүй орчинд уугжилт явагдаж байгаа үед уугисан шаталт буюу дөлгүй шаталт явагддаг. Энгийн үгээр хэлэхэд шавартай ханийн цаана байгаа мод уугиж шатдаг. Мөн хөвөнг битүү газар шатаахад уугиж байгаа хэлбэрийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчтэй орчинд гал уугиж асна. Хар цаас шатахдаа хайлж урсдаг бөгөөд халуунаар түлж байгаа тул хар цаас шатаж урсах боломжтой, хар цаасны асах температур 212-270 градус, авалцан асах температур 300-350 градус, өөрөө авалцан асах температур 380-397 градус, авалцсан асах температур гэдэг нь гадны дулааны нөлөөгөөр асах температур гэсэн үг, харин газны хошууны үзүүрт гарч байгаа дулааны темпратур нь 1,200-1,500 градус дулаан ялгаруулдаг. Тухайн материал нь уугиж асаж явсаар хүчилтөрөгчтэй газар очоод асаад анхны цэг буюу уугиж эхэлсэн газрыг унтраах нь материалаасаа шалтгаалаад харилцан адилгүй, гэхдээ тус хэрэгтэй холбоотой материал унтрах боломжтой. 30 метрын урттай банз модыг нэг талаас уугиж шатаавал хүчилтөрөгч их байгаагаас шалтгаалан шаталт явагддаг. Гэхдээ хамгийн удаан шаталт нь 7-8 цаг, хамгийн хурдандаа 30 минутаас 1 цагийн хооронд шатдаг. Хоёр банз хоорондоо зайтай байсан тохиолдолд бусад туслах материалуудаар дамжин шатдаг. Жишээлбэл: дээр доор нь байгаа хар цаас болон хөөсөнцөрөөс дамжин шатдаг...” гэв.

Шинжээч Ж.Ж-: “...“Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр дээр гал гарч дээвэр шатсантай холбоотойгоор галын аюулаас учирсан засварын зардалд 4,831,696,504.30 төгрөгийг зарцуулж, “Тэнгэр даатгал” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2,600,000,000.00 төгрөг, “Монгол даатгал” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000.00 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000,000.00 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 400,000,000.00 төгрөг буюу нийт 4,400,000,000.00 төгрөгийн нөхөн олговор хүлээн авсан байна. Иймд “Говь” ХК-д нийт 431,696,504.30 төгрөгийн бодит хохирол учирсан. Энэ талаар “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-ийн гаргасан аудитын тайлан, шинжээчийн тайлангууд нь үндэслэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Д.О-: “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед “Говь” ХК-д дээврийн ажил хийхээр Ц-, Э-, О-, Ихбаяр, Э- бид нар очсон. Тэгээд “Говь” ХК-ийн гал тогооны шаврын ажил хийж байхад 14 цагийн үед О- захирал гэрээсээ өдрийн хоол авч ирсэн. Бид нар өдрийн хоолоо идээд 15 цагийн үед “Говь” ХК-ийн дээврийн нөхөөсний ажлыг Ц бид хоёр хийсэн. Харин Э-, Ихбаяр, О-, Э- нар хар цаасыг цэвэрлэж өгсөн. Ц бид хоёр 2 см зузаантай хар цаасаар нарийн зурвас хэсгийг бороо орохоос өмнө наах ажил хийсэн. Тэгээд 16 цагийн үед нөхөөсний ажлаа дуусгасан. Тэгээд буцаад гал тогооны шаврын ажлаа хийсэн. Тухайн үед 15 цаг 30 минутын үед О- захирал утсаар яриад шинээр наах хар цаас ирлээ үйлдвэрийн зүүн хойд талд гараад ир гэж хэлсэн. Би хамт ажиллаж байсан хүүхдүүддээ хэлээд захирал дээр очсон. Тухайн үед захирал 90 ширхэг хар цаас авч ирсэн байсан. Тэгээд дээр байгаа хүмүүст өргөж өгсөн. Тэгээд бид нар ажлаа дуусаад 19 цагийн үед “Говь” ХК-ийн хашаанаас гарсан. Гэтэл О- захирал 20 цаг 40 минутын үед утсаар залгаад та нар ажлаасаа хэдэн цагт буугаад явсан бэ гэж асуусан. Бид нар 19 цагийн үед ажлаасаа буусан гэж хэлсэн. О- захирал “Говь” ХК-ийн дээврээс утаа гарч байна, та нар хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь бид нар “Говь” ХК дээр 21 цагийн үед ирсэн. Гэтэл бид нарын нөхөөс хийж байсан газраас гурван дэлгээтэй хар цаасны хэмжээ буюу 30 метрийн цаана гал гарч байсан. О- захирал Онцгой байдлын галын байцаагчаас бид нар энд ажил хийсэн, ажил хийсэн газрыг багажаараа шалгаадах гэж шалгуулсан...” гэв.

Шүүгдэгч Б.Ц-: “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед “Говь” ХК-д дээврийн ажил хийхээр очсон. Бид нар өглөө цайны газрын дээврийн шаврын ажлыг өдрийн 13 цаг хүртэл хийгээд 14 цагийн үед өдрийн цайндаа орсон. Тэгээд 15 цагийн үед дээврийн нөхөөсний ажил хийхээр “Говь” ХК-ийн дээвэр лүү гарсан. Нөхөөсний ажлыг бид нар наймуулаа хийж 16 цаг 40 минутын үед дуусаад дээвэр дээр байсан хар цааснуудаа буулгаад үргэлжлүүлж цайны газрын дээврийн ажлыг хийгээд 18 цагийн үед дуусгаад 19 цагийн үед “Говь” ХК-ийн хашаанаас гарсан. Гэтэл намайг гэртээ байхад 21 цагийн үед захирал утсаар залгаад та нар хаана байна, “Говь” ХК-ийн дээвэр дээр гал гарч байна. Хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би 22 цагийн буцаад “Говь” ХК дээр ирэхэд захирал, О- ах нар ирсэн байсан. Захирал Онцгой байдлын ажилчдаар өөрсдийнхөө нөхөөсний ажил хийж байсан газрыг дулаан хэмжигч багажаар нь шалгуулсан боловч дулааны хэм нь бага байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай компани үйлдвэрийн дээврийг нөхөх засварын ажлыг хийлгэхээр “Топ рууф” ХХК-тай гэрээ байгуулсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс гал тогооны дээврийн ажлыг хийхээр ажилчид ирж эхэлсэн, барилгын инженер А гал тогооны дээврийн ажлыг зааж өгсөн, төв үйлдвэрийн байр руу орох чиглэл өгөөгүй байдаг. Харин тухайн Топ рууф ХХК-ийн ажилчид нь төв үйлдвэрийн дээвэр дээр гарч өөрсдөө санаачлаад ажлаа эхлүүлсэн байдаг. Ингээд захиргаа хүний нөөцийн захирал С- утаа гарч байхыг хараад мэдээллэсэн. ...Гал унтарсны дараа үйлдвэрийн ажиллагааг 10 хоногийн дотор сэргээн засах үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд энэ ажиллагаанд нийт 4,8 тэрбум төгрөгийн зардал гарсан. Үүнээс 4,4 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн олговор  хэлбэрээр авсан тул үлдэгдэл 431,696,504.30 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна...” /4-р хх-ийн 233-234/ гэсэн,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед “Говь” ХК-д гал гарч байна гэхээр нь 23 цагийн үед ирэхэд үйлдвэрийн дээвэр дээр гал гарчихсан байсан. ...“Говь” ХК-ийн төв үйлдвэрийн барилгын дээврийн 22572 м.кв талбай шатсан. Шатсан дээвэр, барилгын ажлын зардал болон усанд нэрвэгдсэн бараа бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, бараа материалтай холбоотой зардалыг хүснэгтээр гаргасан. Шатсан дээвэр, барилгын ажлын зардал урьдчилсан байдлаар 11,852,762.180 төгрөг, усанд нэрвэгдсэн бараа бүтээгдэхүүнд 6,77,266.165 төгрөг, бараа материал худалдан авалтын зардалд 210,559,110 төгрөгийн зардал гарч байна...” /3-р хх-ийн 56-57/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Х.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтанд манай компани тэнцээд гэрээгээ хийгээд ажлаа хурдан хийх хэрэгтэй байна гэхээр нь ...15 цагийн үед хайрга, элс, цемент буулгаад компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд үйлдвэрийн 825 м2, цайны газрын бэлтгэл хэсгийн 4,32 м2, цайны газрын хүнсний агуулахын дээврийн 29,5 м2, ҮТД-ийн 56 м2, нийт 914,82 м2 дээврийн засварын ажлыг гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсан. Тэгээд тэр өдрийнхөө үдээс хойш ажилчдын хамтаар цайны газрын хүнсний агуулахын дээврийн хуучин хар цаасыг хуулж бетон тэгшилгээний налууг засан шинээр бетон цутгаж гаргаад цайны газрын бэлтгэл хэсгийн 4,32 м2 дээр том ширхэгтэй, 0,5 хайргыг цементтэй зуурч цацаад бид нар энэ өдөр ажлаа дуусгасан. Ингээд маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн үед О-, О-, Э-, Э-, Э-, Лхагваа, Ц нарын хамтаар “Говь” ХК дээр цуглаад ажилдаа орсон. Эхлээд цайны газрын хүнсний агуулахын дээвэр дэх ханыг шавардаад тор бэхэлж хадаад бетон дээрээ шилжүүлэг хийгээд онгорхой, цоорхой дээр бетон зуурч дүүргэсэн. Тэрний дараагаар ажилчдын хамтаар уг агуулахын хажууд зүлгэн дээр сууж хоолонд орсон. Манай эхнэр хоол хийж ирэхээр нь хоолоо идээд жаахан амарч байгаад хуучин хар цааснаас 20-30 см өргөнтэйгөөр зүсүүлж үйлдвэрийн дээврийн хар цаасны цууралтан дээр наагаарай гээд Э-, Э- хоёрт ойрхон байснаар нь хэлсэн. Шавараа эвэрлэхээр нь шавараа нэмж цацаарай гээд хар цаасны таталтанд яваад орой 17 цагийн үед цаасаа ачаад буцаад “Говь” ХК дээр эргэж ирээд үйлдвэрийн цехийн дээвэр дээр ажилчдын хамтаар тараагаад тавьсан. Уг өдөр би дээвэр дээр огт гараагүй, 18 цаг 20 минутанд компанийн талбайгаас гараад манай ажилчид үлдээд би түрүүлээд явсан. ...О- ажилтнаар нийгмийн даатгал төлж явсан, бусад нь түр ажиллах гэрээ байгуулж түр ажилтнаар явж байсан...” /4-р хх-ийн 114-115/ гэсэн,

 

Гэрч Б.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Говь” ХК дээр 09 цаг өнгөрч байхад ирээд гал тогооны дээврийг цементээр цутгаж, усны хамгаалалт хийх ажлыг 14 цаг хүртэл хийсэн. Тэрний дараа “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээвэр дээр 3 орчим метр газар хар цаас наах ажил хийсэн. Миний үүрэг бол хар цаасыг дээвэр рүү гаргаад, эвхээд, аваачиж өгөх байсан. Дээвэр дээр хар цаасыг гаазан хошуугаар халаах ажлыг Отгоо ах, Цээгий хоёр хийж, Э- ах хамжилцаж байсан. Бид нар үйлдвэрийн дээвэр дээрээс 16 цагийн үед буугаад 18 цагийн үед захирлын авчирсан хар цаасыг үйлдвэрийн дээвэр рүү гаргаж тавьсан. ...Үйлдвэрийн дээвэр дээр тамхи татсан хүн байхгүй, бид нар өдрийн цайны үеэр нэг тамхийг хувааж татсан...” /2-р хх-ийн 13, 45-47/ гэсэн,

 

Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Говь” ХК-ийн дэлгүүрийн байрны үүдний коридор хэсгийн дээврийн ажлыг эхлүүлсэн. ...Тухайн дээврийн ажил нь дээврийн байрны хар цаасыг нь хуулаад, цутгалт хийх ажил байсан. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай бригад дээврийн хуучин хар цаасыг нь хуулж, буулган дээгүүр нь элс хайргаар цутгалт хийгээд 18 цагийн үед ажлаа дууссан. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цагт цуглаад “Говь” ХК-ийн дэлгүүрийн байрны цутгасан дээврийнхээ босоо ханыг нь шавардсан. ...Шаврын ажил 13 цаг өнгөрч байхад дууссан. Бид нар цайндаа орчихоод зүүн хэсгийн дээврийн ажлыг хийж тухайн дээвэрт гарсан ан цавыг хар цаасаар бөглөсөн. Бүгд л тухайн ажлыг хийсэн, хар цаас наахдаа эхлээд газаар халаан наасан. Тухайн үед Ц-, О нар газаар хар цаасыг халааж, бусад нь наасан. Газийг дээвэр дээр халаасан. Тухайн дээвэр дээр газ нь бараг дуусч байсан 20 литрийн газын баллон, хар цаас, дэгээ төмөр л байсан. Бид хар цаас наах ажлыг 16 цаг өнгөрч байхад дууссан. Тухайн ажил дууссаны дараа 100 ширхэг хар цаас ирсэн. Бид нар ажлаа хийж дуусчихаад газын баллон, газын хошуу зэргийг хуучин шаврын ажил хийж байсан дээвэр дээр зөөж авчирсан. Шинээр ирсэн 100 ширхэг хар цаасыг наалт хийсэн дээвэр дээр кранаар гаргаж тавиад 18 цаг өнгөрч байхад ажлаа дуусаад тарцгаасан.  ...Шатсан дээврийн зүйлүүдийг өөр дээвэр рүү зөөж байрлуулсан, дээвэр дээр 100 ширхэг хар цаас л үлдсэн. ...Бид хар цаас наах ажлыг 16 цаг өнгөрч байхад дууссан. Бид нарыг явахад гал гарсан зүйл огт байгаагүй. Тухайн дээвэр гол хэсгээрээ шатсан байсан, бид нар наалтаа хойд хэсгээр нь наасан. ...Бид хоёр метрийн урттай, 30 см өргөнтэй хар цаас наасан...” /2-р хх-ийн 16-17, 54-55/ гэсэн,  

 

Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О- гэх хүний ахалсан бригад 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн “Говь” ХК-ийн дэлгүүрийн байрны гал зуухны дээврийн хэсгийн ажлыг эхлүүлсэн. Тухайн дээврийн ажил нь дээврийн байрны хар цаасыг хуулж, цутгалж хийх ажил байсан. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дээврийн хар цаасыг хуулж, буулгаад дээрээс нь элс хайргаар цутгалт хийсэн, уг ажил 18 цагт дууссан. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажилчид 09 цагт цуглаад “Говь” ХК-ийн дэлгүүрийн байрны цутгасан дээврийнхээ босоо ханыг нь шавардсан. ...Шаврын ажил 12 цаг өнгөрч байхад дууссан. Бид цайндаа орчихоод “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээврийн зүүн хойд хэсгийн дээврийн нөхөөсийг хийсэн. Нөхөөс гэдэг нь хуучин хар цаасыг хуулж аван шинээр хар цаас наан нөхөөсийг хийх ажил юм. Хар цаасыг Ц-, О нар газаар халааж, бусад нь наасан. Газыг дээвэр дээр байсан 20 литрийн газын баллоноор халаасан. Бид нар хар цаас наах ажлыг 15-16 цагийн үед дууссан. Тухайн ажил дууссаны дараа дахин 100 ширхэг хар цаас ирснийг бид нар дээвэр дээр кранаар гаргаж тарааж тавьсан. Тухайн ажлыг 18 цагийн үед дуусаад, тарцгаасан. ...Дээврийн хар цаас нь халааж наах зориулалттай учраас газаар халаагаад наасан. ...Бид дээврийн урд хэсгээр нэг ч хар цаас наагаагүй, зөвхөн зүүн хойд хэсэгт буюу ойролцоогоор 6х7 м хэмжээтэй газрын ан цавыг нөхсөн, нөхчихөөд гараараа дарж хийг нь гаргасан. Ан цавыг нөхөөд 15-16 цагийн хооронд дуусгаад хоёр ширхэг баллон, хоёр ширхэг газын хошуу, хоёр ширхэг дэгээ төмөрнүүдийг авч буусан. Тухайн зүйлүүдийг гал тогооны хажууд байрлуулсан. ...Дээвэр дээр асаагуураар газаа асаасан...” /2-р хх-ийн 18, 51/ гэсэн,

 

Гэрч Д.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цаг 30 минутын орчим “Говь” ХК-ийн үйлдвэрийн байрны дээврийн нөхөөс, “Говь” ХК-ийн хажуугийн жижиг байшингийн ханыг шавардах ажлыг хийхээр 8 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. ...09 цаг 30 минутаас 14 цагийн хооронд жижиг байшингийн шаврын ажлыг хийчихээд өдрийн цайндаа орсон. Тэгээд 15 цагаас 16 цагийн хооронд “Говь” ХК-ийн үйлдвэрийн байрны дээврийн нөхөөсийг 1 цагийн хугацаад хийсэн. Ингээд 16 цагаас 19 цагийн хооронд жижиг байшингийн шавардсан хэсгээр нэмж тор хадах ажил хийж гүйцэтгэсэн. ...Бид нар шууд өөрсдийнхөө ажил хийсэн хэсгийг онцгой байдлынхны ажилчдаар цоолуулж шалгуулахад ямар нэгэн гал гарсан шинж тэмдэг байгаагүй. Манай компанийн ажилчид буухынхаа өмнө 18 цагаас 19 цагийн хооронд дээвэр рүү хар цаас зөөж гаргасан бөгөөд тэр үед өөрсдийнхөө наасан талбайг шалгахад ямар нэгэн галын шинж тэмдэг байгаагүй. ...Бид нар ажил гүйцэтгэхдээ дэгээ төмөр, хогийн шүүр, газ, баллон, наах хар цаас зэргийг ашигладаг. ...Бид дээврийн зүүн хойд талын хэсэгт ойролцоогоор 6 метрийн урттай, хуруу орох зайны цуурсан хэсгийг хар цаас хайлуулж наасан. ...Дээвэр дээр байхад тамхи татсан хүн байхгүй, бид нарт тамхи байгаагүй, хар цаас хайлуулах гэж гал гаргасан..” /2-р хх-ийн 23, 39-40, 49/ гэсэн,

 

Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “Говь” ХК дээр дээврийн, хананы шаврын ажил хийж эхэлсэн. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед цуглаад үлдээсэн байсан шаврын ажлаа хийж байгаад 13 цаг орчим дуусаад, цайндаа орцгоосон. Хоолонд орж дуусаад үдээс хойш 15 цагийн орчим дээврийн наалтын ажлыг хийж эхлээд 16 цагийн үед дууссан. Ц дангаараа амсарыг нь наах ажил хийж байсан. 16 цагийн үед бид дээврээс буугаад шавардсан ханан дээрээ тор татаж хадсан. Ингээд орой 17 цаг 40 минутын орчим захирал О- хар цаас авчирсныг дээврийн зүүн талын булангаар кранаар буулгаад тарааж тавиад 19 цагийн үед тарцгаасан. ...Гал гарсан хэсэгт дээврийн ажил хийгээгүй, зүүн талын буланд дээврийн ажил хийсэн...” /2-р хх-ийн 24, 43-44, 4-р хх-ийн/ гэсэн,

 

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 08 цагт 5 дугаар постны хамгаалагч Батбаатараас эд, аж ахуй болон бусад лац ломбыг бүрэн бүтэн хүлээж авсан. ...Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байхад 20 цаг 30 минутын орчим постны цонхоор харсан чинь “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээвэр дээр утаа маягийн зүйл харагдсан Тэгэхээр нь би гараад харахад ямар нэгэн хүн ажил хийж байгаа харагдаагүй, утаа нь тод биш байсан. Тэр үед харуулын утас дуугарахаар нь авсан чинь 3 дугаар пост дээр гарч байсан Д- дээвэр дээр утаа гараад байна, гал юм  шиг байна чи харж байна уу гэж хэлэхээр нь би надад сайн харагдахгүй байна, дээвэр дээр хүмүүс засвар хийж байх ёстой гэж хэлсэн. Тэгээд би Д-д сайн хараад шалган нэвтрүүлэх постонд мэдэгд гэж хэлээд дахин гараад постны хажуу талын хашлага төмөр дээр гарч харахад үнэхээр утаа гарч байсан. Тэгээд би буцаж ороод шалган нэвтрүүлэх постонд ахлагч О-т мэдэгдэхэд Д- ах хэлсэн, хоёр хамгаалагч шалгахаар явсан байгаа гэж хэлсэн. Удалгүй гал гарч байна, дуудлага өгсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр шалганы хамгаалагч Батхүрэл, Чойжилсүрэн нар гал унтрааж байгаад намайг шалган руу яв, тэнд хүнгүй байгаа гэж хашгирахаар нь шалган руу явж тэнд очиж үүрэг гүйцэтгэсэн. ...Дээвэр дээр огт шалгалт хийдэггүй, дээвэр рүү гарахад хэцүү, тусгай шат тавьж гарахаас наашгүй, тэнд хүн гарах шалтгаан байхгүй, хамгийн сүүлд дээврийн ажил хийж байсан хүмүүс л гарсан... /2-р хх-ийн 25-26/ гэсэн,

 

Гэрч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 8 цагт ээлж хүлээн авч үүрэг гүйцэтгэж байсан ба гал гарах үед өөрийн үүрэг гүйцэтгэдэг постондоо байхад 20:50 минутын үед галын машины дохиолол дуугарч орж ирсэн. ...Гал гарсан зүг рүү харахад бага зэрэг утаа гарч байсан...” /2-р хх-ийн 27/ гэсэн,

 

Гэрч Г.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 21:00 цагийн үед төв дэлгүүрийн лацыг нь хүлээж авья гэж бодоод постноосоо гарч ирэхэд дээвэр дээрээс утаа гарч байхаар нь буцаж төв шалган руу дээвэр дээр утаа гараад байна гэж хэлээд, би хогийн цэг дээр гал гарч байгаа юм болов уу гэж бодоод хогийн цэг рүү очоод харахад гал гараагүй байсан. Тэгээд эргээд пост руугаа очиход онцгой байдлын автомашин орж ирсэн...” /2-р хх-ийн 28-29/ гэсэн,

 

Гэрч Ц.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний ...20 цагийн үед ажилчид тараад дуусах үед шалган нэвтрүүлэх цэгт ороод сууж байхад 3 дугаар хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Д- миний гар утас руу залгаад “дээвэр дээр утаа гараад байна” гэхээр нь хамгаалагч Х-, Чойжилсүрэн нарыг галын хор бариулж шалгахаар явуулахад манай хоёр хамгаалагч дээвэр дээр гарчихаад гал гарчихсан байна гал команд дуудаарай гэж хашгирахаар нь гал команд дуудахад 2 минутын дотор орж ирээд унтраах гэсэн боловч гал унтраагүй дүрэлзээд ассан...” /2-р хх-ийн 30/ гэсэн,

 

Гэрч Т.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед ажил дээрээ ирээд хяналтын инженер Алтантуяагаас ээлж хүлээн авсан. ...20 цаг 20 минутын үед хүний нөөцийн газрын захирал С- гар утсаа барьсан ирээд Ж- диспетчерээ үйлдвэрийн дээвэр дээрээс цагаан уур гараад байна, энэ хаанаас гараад байна, бүх удирдлагууд явчихсан гэхээр нь  С- захирлын хамтаар тойрсон. Би өөрөө үйлдвэрийн баруун талаас нь тойрсон тэгээд харуулуудыг дуудаад утаа гараад байхад 4, 5 дугаар постны харуулууд яагаад мэдээлэл өгөөгүй талаар асуугаад 102-т мэдээлэл өгсөн. ...Удалгүй 3 минутын дараа гал командын хоёр машин, цагдаагийн нэг автомашин цуг орж ирсэн. ...Хамгийн эхлээд захиралын хамтаар тойрч үзэхэд үйлдвэрийн хойд хэсэг орчим цагаан шаргал утаа гарч байгаа харагдсан...” /2-р хх-ийн 31/ гэсэн,

 

Гэрч У.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цаг 40 минутын үед “Говь” ХК-ийн дэлгүүрийн гадна байсан 22-43 УБК улсын дугаартай машины хажууд зогсож байсан. ...Нямжаргал руу залгахад “Говь” ХК-ийн дээвэр дээрээс утаа гарч байна гэж хэлэхээр нь би төв шалган руу очиж онцгой байдал руу дуудлага өгсөн эсэхийг лавлахад 20 цаг 47 минутад дуудлага өгсөн гэж надад танилцуулсан.  ...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 25 минутанд дээвэр дээр ажил хийж байсан хүмүүс САРА маркийн 47-76 УБТ улсын дугаартай суудлын жижиг машинтай орж ирсэн. Уг автомашин 14 цаг 53 минутад буцаад гарсан. ...Орой 17 цаг 41 минутад 41-60 УНӨ улсын дугаартай “пулсо” маркийн ачааны автомашинаар боодолтой хар цаас буулгаад 18 цаг 13 минутад буцаж гарсан...” /2-р хх-ийн 33-35/ гэсэн,

 

Гэрч М.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай үйлдвэрийн дээвэр дээр 825 м.кв , цайны газрын хүнс хадгалах агуулах 29.5 м.кв, цайны газрын бэлтгэлийн хэсгийн 4.32 м.кв бүхий нийт 914 м.кв дээврийн ажил хийж гүйцэтгэхээр Топ рууф ХХК-г сонгон авсан. Ингээд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлөвлөж гэрээ хийж ажил эхэлсэн. Ингээд гэрээ хийгдсэн өдрөөс эхлэн барилгын ажил эхэлсэн. ...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажилчид дээврийн ажлаа хийж байсан. ...20 цаг  29 минутын үед захиргаа, хүний нөөцийн газрын захирал С-ос барилгын дээврээс утаа гарч байгаа зураг ирсэн. Ингээд дээвэр дээр гал гарч байгаа гэдгийг мэдээд Топ рууф ХХК-ийн захирал О- руу утасдаж хэлсэн. ...Гал юунаас болж гарсныг мэдэхгүй. Гал гарч байсан газар нь дээврийн ажил хийсэн газраас 30 орчим метр зайтай байсан. Манай үйлдвэр 22,000 м.кв талбайтай юм. Би дээрээс нь харахад хялгас ялгах үйлдвэрийн ертөнцийн зүгээр баруун урд талаас эхлэн гарсан байгаа. 21 цагийн үед компани дээр ирэхэд О- өөрийнхөө ажилчдын хамт, Онцгой байдлынхан бас ирчихсэн байсан. Дээвэр рүү гарч харахад дээвэр дээр нөхөөс хийсэн хэсгээс 30 метрийн зайд агааржуулалтын хоолойгоор утаа савсаж байсан. Тэгээд гараад 5 минутын дараагаар утаа гарч байсан хоолойны зүүн талын хойлооноос гал гарч эхэлсэн тул бид нарыг та нар буу гэж буулгасан. ...Үйлдвэрийн дээвэр дээр цахилгааны утас байхгүй...” /2-р хх-ийн 36, 3-р хх-ийн 64-65/ гэсэн,

 

Гэрч Д.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би машины шалган дээр гарч байсан. 14 цаг 25 минутын үед дээврийн газын баллон буулгана гээд 47-76 УБТ улсын дугаартай САРА маркийн машинтай нэг залуу “Говь” ХК-ийн хашаа руу орсон. Тэр үед л би дээвэр дээр хүмүүс ажил хийх гэж байгаа гэдгийг мэдсэн. Тухайн залуугийн машины арын суудал дээр газын баллон байсан. Намайг харахад 80 см орчим өндөртэй баллон байсан. Тэгээд ажлаа хийж байхад 17 цаг 41 минутанд Хар цаас буулгана гээд марк нь тодорхойгүй машинтай нэг залуу орж ирсэн. Машин нь ачааны том машин байсан. Тухайн машин 18 цаг 13 минутанд хар цаасаа буулгачихаад гарсан. ...Би оффисийн байрны 4 дүгээр давхарт гараад харахад Үйлдвэрийн дунд хэсгээс утаа гарч байсан. ...Би Чойжилсүрэнгийн хамт туслах хаалгаар орон дээшээ хоёр ширхэг галын хор аваад гарсан. Дээшээ гарахад дээврийн яг гол хэсгээс бага зэргийн хар утаа гарч байсан. Тухайн утаа бол дүрэлзсэн их хэмжээнийх биш, бага хэмжээний утаа л байсан. Тэгээд Чойжилсүрэнгийн хамт утааны гол хэсэг рүү харахад дөрвөлжин хэлбэртэй агааржуулагч шиг модон зүйлээс утаа гарч байсан. Гэхдээ дөрвөлжийн зүйлийн гол хэсгээс улаан гал асч байсан. Тэр үед “Говь” ХК-ийн мөн хоёр залуу дээвэр дээр гарч ирсэн. Чойжилсүрэн бид хоёр тухайн гал, утааг  хоёр ширхэг галын хороор унтраасан. ...Онцгой байдлын 5-6 ажилчид шатаар дээш гарч ирэхэд нь Чойжилсүрэн, “Говь” ХК-ийн хоёр залуу бид дөрөв тэд нар дээр очсон. Тэд нар дээврийн зүүн талаас орж ирсэн. Тэгтэл нөгөө гол хэсэгт байсан дөрвөлжин зүйлээс дахин утаа гарч байсан. ...Дээвэр дээр гарахад дээврийн гол хэсэгт 40х50 см орчим хэмжээтэй дөрвөлжин модон агааржуулагч шиг зүйлээс утаа гарч байсан. Утаа нь хар өнгөтэй байсан. ...Намайг дээвэр дээр гарахад тамхины иш, шүдэнз, тамхи гэх зүйл харагдаагүй, зүүн хойд буланд нь хуйлаастай хар цааснууд тарсан байсан.../ 2-р хх-ийн 37-38/ гэсэн,

 

Гэрч Х.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017  оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цаг 46 минутанд 101 тусгай дугаарт “Говь” ХК-ийн дээврийн хэсгээс утаа гараад байна гэх дуудлагаар хоёр автомашин долоон алба хаагчийн хамтаар гарч 20 цаг 51 минутад “Говь” ХК дээр ирээд үйлдвэрийн барилгын зүүн талд байрлуулаад буухад дөрвөн залуу дээвэр дээр байсан. Тэд нараас гал хаана гарч байгаа талаар тодруулахад дээвэр дээр гарч байна гэхээр нь сунадаг шатаар гал сөнөөгч Гантөмөр, Э-, Гантхан нартай дээвэр рүү гарч ирэхэд үйлдвэрийн барилгын гол хэсэгт агааржуулалтын хоолойноос гал улалзаж байсан. Эндээс гал гараад удаж байна гэхээр тухайн гал гарч байгаа хоолой руу ус өгч галын дөлийг дарсан. Үүнтэй зэрэгцээд гал тархсан учир нэмэлт гал унтраах анги шаардлагатай байгаа талаар хэлсэн. Дээврийн хэсэгт гал гарсан газраа дотор обьектоос тодруулж асууж, би өөрөө үзэхэд бетон дээвэртэй байсан. Нийт дээврийн хэсгээр гал тархсан дулаан маш ихээр ялгарч байгаад гал дээвэртээ тархахад Нийслэлийн хэмжээнд нийт 12 анги ирж ажилласан. ...Үйлдвэрийн дээвэр дээр гарахад гол хэсэгт агааржуулалтын хоолойноос гал гарсан байдалтай байхаар нь уг хэсэгт хоолой өгөөд дараагаар нь дулаан мэдрэгч камер болон гарын алга хэсгээр дарж үзэхэд хааш хаашаа өндөр дулаантай байсан...” /2-р хх-ийн 56-58/ гэсэн,

 

Гэрч Г.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цаг 40 миунтын үед дуудлагын дагуу “Говь” ХК дээр ирэхэд байрны гол хэсэгт байх агааржуулалтын хоолойгоор утаа гарч байсан. Дээвэр дээр А-, Гантөмөр бид гурав гарахад “Говь” ХК-ийн ажилчин гээд 3-4 хүн байсан. Бид гурав галын голомтыг олох зорилгоор дулаан мэдрэгчээр хайгуул хийхэд дээврийн буюу утаа гарч байсан салхивчний эргэн тойрон халалт өгчихсөн байсан. Иймээс дээврийг задлахгүйгээр гал унтраах 10-р ангийг нэмэлтээр дуудсан. 10-р анги 5-7 минутын дараа ирж салхивчны баруун хойд талд ойролцоогоор 2,5 метр зайд задалж үзэхэд утаажилт ихтэй, халалттай байсан. Ингээд дахин салхивчнаас зүүн тийш 3 метр зайд задалж үзэхэд утаа ихтэй галын голомт мэдэгдэхгүй байсан. Тэр хооронд гал сөнөөгч нар усаар галыг шүршиж байсан. Бид нар тал талд цоолж үзэхэд галын голомт тархчихсан байсан...” /2-р хх-ийн 59-60/ гэсэн,

 

Гэрч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цаг өнгөрч байхад дуудлагын дагуу “Говь” ХК-ийн байранд ирж үзэхэд үйлдвэрийн байшингийн дээвэр дээр гол хэсэгт  нь хэсэг газар гал асчихсан, дээврээр нилдээ тархаагүй байсан...” /2-р хх-ийн 61-62/ гэсэн,

 

Гэрч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “Говь” ХК-ийн баруун талд байрлах гэртээ байсан. ...Гэртээ ажлаа хийгээд сууж байхад гэнэт утаа угаарын үнэр үнэртэж эхэлсэн, тэгэхээр нь цонхоор харахад “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээврийн яг дунд хэсэг буюу гол хэсгийн баруун захад дөрвөлжин хэлбэртэй төмөр зүйлээс ёроол хэсэгт нь эд зүйл шатаад дуусчихсан байдалтай, цагаан цайвар өнгийн утаа суунаглаж байсан...” /2-р хх-ийн 63-64/ гэсэн,

 

Гэрч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цагийн үед тагтан дээр гарахад “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээвэр дээрх агааржуулагчаас утаа, гал гарч байгаа харагдсан. Тэр хэсэг нь үйлдвэрийн урд зүгийн гол хавьцаа байсан. Дээвэр дээр хүн харагадаагүй...” /2-р хх-ийн 65-66/ гэсэн,

 

Гэрч Х.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 17 цаг 30 минутын орчимд гэрийнхээ цонхоор харахад “Говь” ХК-ийн байрны дээврийн дунд хавьцаа зүүн талаасаа 3/1-д байх хэсэгт 1х1 м орчим хэмжээтэй гал гарч байсан. Тэгээд бид Онцгой байдлын газарт дуудлага өгөх гэтэл зүүн талын хэсэгт 20 орчим метр зайд 4-5 хүн гүйлдээд байсан, яг юу хийж байгаа нь мэдэгдэхгүй байсан...” /2-р хх-ийн 70-73/ гэсэн,

 

Гэрч Д.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед “Говь” ХК-ийн дээвэр дээр 4-5 эрэгтэй хүн явж харагдсан. Би дээвэр дээр засвар хийх гэж байгаа хүмүүс гэж бодсон. Тэгээд орой 20 цаг 40 минутын үед цонхоороо харахад дээврийн гол хавьцаа дөрвөлжин юмнаас гал гарч байсан. Тэр үед дээврийн зүүн талын ирмэг дээр өдөр байсан хүмүүс сууж байсан. Хүмүүс нь тоосон шинжгүй сууж байхаар нь би хар тос хайлуулж дээврийн хар цаас наах гэж байгаа юм байна гэж бодсон....” /2-р хх-ийн 74-75/ гэсэн,

 

Гэрч Ч.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний орой 20 цаг 20 минутын үед өрөөнөөсөө гараад коридорын цонхоор харсан чинь үйлдвэрийн дээврийн хэсгээс уур гарч байгаа харагдсан. Тэгэхээр нь өөрийн I phone-7 plus гар утсаараа утаа гарч байгаа хэсгийн зургийг дараад үйлдвэрийн групп болох “Говь” үйлдвэр хаягтай групп дээр зургийг нь тавьсан. ...Тэгээд диспетчер Ж-гийн хамтаар үйлдвэрийн байрыг бүрэн тойроод шалгаад явахад гал гарсан зүйл ажиглагдаагүй, тэгээд гайгүй байна гэж бодоод харуулд мэдэгдээрэй гэж хэлээд гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байхдаа төмөр замын гарамны тэндээс харахад жижигхэн галын дөл хальт харагдаад байхаар нь жижүүр рүү утасдаж харуулаас дээвэр рүү хүн гаргаад шалгуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн эргээд над руу залгаад харуул гаргаж үзүүлсэн чинь утаа гарсан, үе үе хажуунаас нь галын дөл харагдаж байна гал команд дуудах уу гэхээр нь дууд гэж хэлсэн. Удалгүй дахин залгаад галын гурван машин ирсэн үйлдвэрийн бүх тогийг унтраах шаардлагатай гэж байна гэхээр нь би зөвшөөрөл өгч цахилгааныг таслуулсан. ...Үйлдвэрийн цехийн 22.000 м.кв талбай бүхий барилгын гол хэсгээс утаа гарч эхэлсэн. Тэрний доод талд Нэхмэлийн гүйцэтгэн боловсруулах албаны харалдаа байсан...” /3-р хх-ийн 66-67/ гэсэн,

 

Гэрч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дуудлагын дагуу Соронзонболдын хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” ХК дээр очиход Гал унтраах 14 дүгээр анги, 10 дугаар ангийн 2 дугаар тасаг ирчихсэн хайгуул болон задаргаа хийн ажиллаж байхаар нь би гал унтраах удирдагчийг иртэл барилгын хойд хэсэг эргэн тойрноор дулаан мэдрэгчийг барьж үзлэг хайгуулыг хийсэн. Галын голомтоос аль ч тал руугаа 10 метр ямар нэг шинэ галын голомт илрээгүй. ...Галын голомт хэсэгт “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээврийн гол хэсгээс бага зэргийн зүүн талдаа байсан бөгөөд голомтноос хааш хаашаагаа 10 метрийн зайд дулаан мэдрэгч багажаар хайгуул хийж шалгахад өндөр температур илрээгүй. Харин агааржуулалтын сувагнаас өндөр температур илэрч байсан. ...Би дулаан мэдрэгч багажаар хайгуул хийгээд явж байхад энгийн хувцастай хоёр хүнтэй уулзаж хаана юу хийдэг талаар асуухад уг үйлдвэрийн дээвэр дээр хар цаас нааж байсан хүн байна. Тэгэхээр нь аль хэсэгт наасан бэ гэж асуухад тэр хоёр үйлдвэрийн дээврийн хойд хэсэгт хар цаас наасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаана наасан бэ гээд дагуулаад явахад галын голомтоос хойшоо их зайтай байсан бөгөөд тэд нарын заасан газрыг нь очиж дулаан мэдрэгчээр шалгаж үзэхэд ямар нэг өндөр температур илрээгүй. ...Тэр хоёр хүний заасан газар нь би очиж дулаан мэдрэгч багажаар шалгаж үзэхэд халуун мэдрээгүй, хэвийн байсан.  Тэнд нь хар цаас дэлгээстэй харагдаж байснаас яг наачихсан зүйл ажиглагдаж харагдаагүй. Хойд талд нь баахан хар цаас хуйлаастай хураалттай харагдаж байсан...” /4-р хх-ийн 4-5/ гэсэн,

 

Гэрч П.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Говь” ХК-ийн үйлдвэрийн дээвэр дээр хэргийн газрын үзлэгийг хийсэн. Үзлэг хийхдээ дээвэр дээр тэнцүү 2 хувааж явуулсан бөгөөд урд хэсгээс дунд хэсэг хүртэл мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Ууганбаатар хэргийн газрын үзлэгийг явуулж дунд хэсгээс хойд хэсэг хүртэл би хэргийн газрын үзлэгийг явуулсан. ...Хэргийн газрын үзлэгээр хяналтын прокурор Г.Эсэн, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ахлах дэслэгч Ууганбаяр, криминалистикийн шинжээчээр цагдаагийн ахлах дэслэгч Даваадорж, хөндлөнгийн хоёр гэрч болон үйлдвэрийн дээвэр дээр хар цаас наасан гэх ажилчдыг оролцуулсан. Хэргийн газрын үзлэгийн явцад гал гарсан галын голомт хэсгээ тогтоосон. Үзлэгт оролцсон шатсан дээвэр дээр ажил хийсэн ажилчид уг голомт хэсэгт хар цаасыг хайлуулж наасан хэсгийг заахад уг заасан газар нь голомт хэсэгт байсан. ...Хэргийн газрын үзлэг хийх явцдаа гал анх гарсан гэх галын голомтын хэсэгт галын шинжээч Ууганбаяр, шинжээч Даваадорж нарын хамтаар тогтоон 3 метрийн өндөртэй модыг зоож босгон түүнийгээ 30 дугаарын тэмдэглэгээгээр тэмдэглэсэн юм. ...Хэргийн газрын үзлэгт оролцсон О-, Э-, Э-, Л- нар бүгдээрээ галын голомт хэсэгт хар цаас хайлуулан нааж дээврийн ажил хийсэн гэж бүгдээрээ заасан байсан...” /4-р хх-ийн 86-87/ гэсэн,

 

Шинжээч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хар цаас нь орц, найрлагаасаа хамаарч харилцан адилгүй шинж чанартай. Наалдах, шатах шинж чанараараа биш авалцан асалт, өөрөө авалцан асалт, дөл тархалт, хурд зэрэг нь өөр өөр байдаг. Тиймээс хар цаасан дахь битумны хэмжээнээс хамаараад харилцан адилгүй учраас орц, найрлагыг тогтоох боломжгүй. ...Шилэн хөвөн нь шатдаггүй, мод, хар цаас гэх мэт нь шатдаг материал юм. ...Бетоныг барьж байгаа үндсэн хүчин зүйл нь бетоны чийгний байдал. Гал түймрээс үүсэх дулааны нөлөөгөөр бетон дахь чийг ууршиж бутрамтгай болдог. Энэ үед дээвэр дээр гал унтрааж буй гал сөнөөгчид ... хийсний улмаас цоорсон байх боломжтой. Галын нөлөөгөөр дээврийн бетон цөмөрч унах боломжгүй. ...Хар цаас нааж байх явцад болон хар цаасны хайлсан хэсэг нь модон завсраар урсаж уугисан шаталтыг үүсгэх боломжтой. Эсвэл банз хооронд хар цаас нааж байх явцдаа дөл нь банзыг шатаасан байх боломжтой. Цаашлаад гал тархаж уугисан шаталт маань гүн, битүү орчинд тархан, хүчил төрөгчөөр бага орчинд дөл үүсэн шаталт явагдана...” /3-р хх-ийн 73-74/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 09 цагаас эхлэн Говь ХК-ийн гал тогооны дээврийн шаврын ажил, хананы шаврын ажлыг 7 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэсэн. Уг дээвэр нь ус гоожоод байгаа учраас зөвхөн чулуутай хар цаас наах гэрээ манай компанитай хийсэн. ...“Говь” ХК-ийн үйлдвэрийн хажуу талын жижиг дээврийн шаварын ажлыг мөн гүйцэтгэж байсан болохоор өдрийн ихэнх цагийг тэнд шаврын ажил хийгээд өдөр 14 цагийн үед гэрээсээ хоол авчираад бид нар бүгдээрээ хоолоо идэж уугаад дараагаар надад хоёр ширхэг тамхи байсан болохоор нэг ширхэгийг нь Ц-эд өгчихөөд нөгөө тамхиа татчихаад дээшээгээ үйлдвэрийн дээвэр нөхөөсний ажил хийхээр бүгдээрээ гараад үйлдвэрийн жижиг нарийнхан зурвас газар нөхөөс хийхээр гал тогооны дээврийг хуулсан хар цааснаас 2 метрийн урттай, 30 см өргөнтэй 3 ширхэг хар цаасыг гаргаад нөхөөс хийх талбай дээрээ тавиад эхнийх хар цаасыг би өөрөө нугалж өгөөд Ц гаазаар халаагаад наасан. Харин хоёр, гурав дахь хэсгийг Ц-ийн хамтаар хар цаасыг нааж дуусгаад үдээс хойш 16 цагийн үед үйлдвэрийн барилга дээрээс бүгдээрээ бууцгаасан. Дахин цаашаагаа гал тогооны дээвэр шаврын ажлаа үргэлжлүүлж хийж байхад 17 цагийн үед ...дээвэр дээр хар цаасаа буулгаад 18 цаг 30 минутын үед үйлдвэрийн барилгын зүүн хойд талд тарааж тавьчихаад бууж ирсэн. Би тэр үед үйлдвэрийн барилгын дээвэр дээр гараагүй. Удаагүй бид нар шаврынхаа ажлыг дахин хийж байгаад 19 цагийн үед дуусгаад үйлдвэрийн хашаанаас гарч явсан. ...21 цагийн үед “Говь” ХК дээр очиход захирал О-, О- нар дээвэр дээр гарчихсан байхаар нь Ц-ийн хамтаар дээшээ гарахад онцгой байдлын хүмүүс ирчихсэн, бид нарын нөхөөс хийсэн газраас 30 метрийн зайд баруун урд талд цоолчихсон, ус цацаж байсан. Харин захирал онцгой байдлын нэг ажилтантай хамт дулаан мэдрэгчээр бид нарын наасан газрыг харуулсан чинь дулаан мэдрэгдэхгүй байна гэж хэлэхээр нь нөхөөс хийсэн газраа цоолж байгаад гараа хийгээд үзчихээд босоод явсан. Тэгээд удаагүй бид нарыг дээвэр дээрээс буу гэж хэлээд буулгасан. ...Хар цаасыг хуйлаад гаазаар хар тосыг нь халааж хайлуулаад дэгээ гэдэг төмөрөөр татаж наадаг. Жижиг нөхөөс хойноос нь гараад дараж хар цаастай барьцалдуулдаг, томыг нь гаазаар төөнөөд дэгээ төмрөөр татаад явчихдаг. ...Говь ХК-д 14 кг хийн баллон 6 ширхэг, газын хошуу, ниви, төмөр дэгээ, шүүр, хүрз зэрэг багажтай л байсан...” /3-р хх-ийн 89-90, 4-р хх-ийн 8/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутын орчим манай ажилчид цуглараад Говь ХК-ийн хашаа руу ороод гал тогооны үлдсэн шаврын ажлаа хийж дуусгасан. Ингээд 14 цагийн орчим бид нар цайндаа ороод үдээс хойш 15 цагийн орчим үйлдвэрийн дээврийн нөхөөсийн ажлыг хийхээр О-, О-, Э-, Лхагвжаргал, Э-, Э- нарын хамтаар гарсан. Уг үйлдвэрийн дээврийн зүйн хойд гол хэсэгт цайны газрын дээвэр дээрээс хуулсан байсан хар цааснаас нөхөөс хийхээр болж онгойж, цуурсан байсан дээвэрт Э-, Э- хоёр дээр 14 кг газ гаргаж ирээд хамт байсан ажилчид хар цаасыг эвхэж өгөөд О асаагуур гаргаж ирээд газыг асаагаад газтай хошуугаа тохируулаад би нугалсан хар цаас руу үлээлгэж хар цаасыг хайлуулж тосыг гаргаад онгойсон хэсэг дээр наасан. Уг хар цаасыг дээвэр дээр 2 цаг орчим нааж нөхөөсны ажлаа дуусгаад бүгдээрээ багажаа аваад дээвэр дээрээс доошоо бууж гал тогооны дээвэр дээр очоод хийж байсан шаврын ажлаа үргэлжлүүлж байхад 18 цагийн орчим захирал дуудахаар нь хар цаасыг тосч аваад дээврийн зүүн хойд талын буланд тараагаад тавьсан. Тэгээд бүгд буцаж буугаад хувцасаа солиод 19 цагийн үед тарсан. ...21 цагийн үед үйлдвэрийн дээвэр дээр О-гийн хамтаар гарахад захирал О-, О- нар гарчихсан байсан. Хийсэн ажлаа авч үзэхэд миний хийсэн ажил хэвэндээ ямар нэг гал гараагүй байдалтай харагдсан. Харин бид нарын хийсэн ажлаас урагшаа гол хэсэгт байрлах дээврээс гал гараад онцгой байдлын ажилчдад үзүүлж харуулсан. Мөн уг гал сөнөөгч нараар хийсэн ажлын ойр орчимд дулаан мэдрэгч багажаар үзүүлсэн чинь энэ хавьд гал байхгүй байна гэж бидэнд хэлсэн. Удалгүй бид нарыг дээврээс буу гэхээр нь бүгд бууцгаасан. ...Газын баллонд редуктортай газын хошууг залгаж галаар хар цаасыг халааж тостой хар цаасны хайлмаг нь урсаад наалддаг. ...14 кг хэмжээтэй 1 ширхэг газнаас бараг тал шахууг хэрэглэсэн байх. Гаазын баллоныг үйлдвэрийн дээвэр дээрээс буцаж буулгаад цайны газрын коридорт буулгаж тавьсан санагдаж байан. Дээвэр дээр агааржуулалтын яндангаас өөр зүйл харагдаагүй  /3-р хх-ийн 99-100, 4-р хх-ийн 7/ гэсэн мэдүүлгүүд,

 

Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 9/215 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...2. Шинжилгээн ирүүлсэн дээрх материалыг БНбД 21-02-02-д заасны дагуу ангилахад чулуун хөвөн шатдаггүй материал бусад материал болох хар цаас, иод, хар паниар, хөөсөнцөр зэрэг нь шатдаг материалын ангилалд багтаж байна. Дээрх дээжийг тус бүрд нь ангилбал:

Чулуун хөвөн: дөл тархдаггүй,

Хөөсөнцөр: Хялбар авалцан асдаг материал, авалцан асах температур 310 градус, өөрөө авалцан асах температур 440 градус, шатах үедээ хайлж урдсаг ихээхэн хэмжээний дулаан ялгаруулдан. Хувийн дулаан ялгаруулалт 39,4-41,6 МДж/кг шаталтын шугаман хурд 1 см/сек,

Хар цаас: Асах температур 212-270 градус, авалцан асах температур 300-350 градус, өөрөө авалцан асах температур 380-397 градус, дээврийн шатах үеийн шугаман хурд 1,5-2,0 м/мин,

Мод: дунд зэргийн дөллөж авалцан асдаг, бага зэрэг тархдаг.

Хар паниар: дунд зэрэг дөллөж авалцан асдаг, бага зэрэг тархдаг.

3. Хариулах боломжгүй. Учир нь тухайн материалын орчны температур, агаарын даралт, салхины хурд, хүчилтөрөгчийн агууламж зэргээс хамаарч харилцан адилгүй үзүүлэлттэй гарна. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийн агууламж хангалттай, салхины хурд 3 м/с-ээс их байгаа тохиолдолд дүрэлзэн шатаж хүчилтөрөгчийн агууламж бага, салхины хурд 3 м/с-ээс бага тохиолдолд уугиж шатна.

4. Шинжилгээнд ирүүлсэн дээжид үндэслэн тогтоох боломжгүй,

5. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүдээс чулуун хөвөн, мод нь хайлуулсан хар цааснаас болж шатах боломжгүй, хөөсөнцөр болон хар цаас нь халуун хайлуулсан хар цааснаас үүсэх дулааны хэмжээ хангалттай тохиолдолд шатах боломжтой.

9. Шинжилгээнд ирүүлсэн хар цаас, мод, шилэн хөвөн, хөөсөнцөр зэрэг нь төмөр бетоныг шатаах эд зүйлүүд биш харин бетоны даацын шинж чанарт нөлөөлөх боломжтой юм...” /2-р хх-ийн 184-187/ гэсэн,

 

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 279/1513 дугаартай дүгнэлтэд: “...1.5 Хэргийн газрын үзлэг, хэргийн материал, гал түймрийн шаталтын дэлгэрэлт зэргээс үзэхэд галын голомт нь Говь ХК-ийн үйлдвэрийн дээврийн 25000 м.кв талбайн хойд хэсгээс ойролцооогоор 66 метр, баруун талаас 68 метр, зүүн талаас 27 метрийн төв хэсэгт 201726030703 дугаартай хавтас хэргийн /1 гэж дугаарласан/, 138-159 дүгээр хуудас  мөрдөн байцаагч ахлах дэслэгч П.Ө-ын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болох 151 дүгээр хуудасны ар талаас 159 дүгээр хуудас хүртэлх гэрэл зургуудад /үзлэгээр тогтоосон гал түймрийн голомт гэх газар 44-61 дүгээр зурагнууд, 63-87 дугаар зурагнууд нь дээвэр дээр ажиллаж байсан гэрчүүдийн хар цаас наасан газрыг заасан байгаа нь гал түймэр анх гарсан голомтыг тодорхойлж байна.

Гал түймрийн дуудлага мэдээлэл нь Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шуурхай удирдлагын хэлтэс /101,105/-ийн 101 тусгай дугаарын утасанд 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Говь ХХК-ийн хашаанд үйлдвэрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг иргэн Баваржин 89198020 дугаарын утсаар 20:39 цагт өгснөөр анхын дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүн ирж нэмэлт дуудлагаар нийслэлийн 6 дүүргийн гал түймэр унтраах бүрэлдэхүүн ирж нэмэлт дуудлагаар нийслэлийн 6 дүүргийн гал түймэр унтраах аврах 11 ангийн бие бүрэлдэхүүнд нийт 19:17 цаг ажиллаж галыг бүрэн унтраасан.

3. 6. Хэргийн газрын үзлэг, хэргийн материал гал түймрийн шаталтын тархан дэлгэрэлт зэргээс үзэхэд гал түймэр нь ил галын улмаас гарсан байна. /Ил гал гэдэгт галын дөл болон бусад ил задгай галыг тооцно/.

4. Уг гал гарч шатахад гадны ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

7. Уг гал гарсан барилгын дээвэрт шатах материал болох мод , хар цаас, хөөсөнцөр, шилэн хөвөн нь харилцан адилгүй материалууд юм. 201726030703 дугаартай хавтаст хэргийн /2 гэж дугаарласан/ 185, 186 дугаар хуудас, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг 2 буюу 3 дугаар асуултын хариултанд тусгагдсан.

8. Шаталтаас үлдсэн зүйл нь шатсан болон дутуу шатсан хар цаас, чулуун хөвөн, мод, хөөсөнцөрийн үлдэгдэл байна.

9. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” /3-р хх-ийн 69-70/ гэсэн,

 

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 371/1513 дугаартай дүгнэлтэд: “...А. 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 279/1513 дугаартай шинжээчдийн шийдвэрлэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Б. 1. Хэргийн хавтаст материал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээс үзэхэд обьектын дээврийн хэсгийн зүүн болон төв хэсгээр дээврийн хөндийн /мод, дулаалгын хөөсөнцөр, хар цаас г.м/ хялбар шатах материалаар дамжин тархсан байна.

2. Анхны дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги 20:51 цагт хүрэлцон очиж, нэмэлтээр гал унтраах ангиуд очиж, нийт 15 цаг ажиллан галыг унтраасан байна.

3. Гал түймрийн шаталтын явц, тархан дэлгэрэлтийн байдал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “Говь” ХК-ийн үйлдвэрийн дотор талын тоног төхөөрөмж, албан өрөөний тавилга, хана, тааз, цонх, хаалга, өрөө, тасалгаанд шатлага явагдаагүй зэргээс үзэхэд гал түймрийн голомт нь үйлдвэрийн гадна, дээврийн хэсэгт үүссэн байна.

В. Барилгын дээврийн хөндийн дотор талдаа цахилгаан дамжуулагч утасны угсралт, холболт хийгдээгүй байна...” /4-р хх-ийн 239-241/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №53 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-ийн гаргасан аудитын тайлан, шинжээчийн тайлангууд нь үндэслэлтэй байна.

2. Шинжилгээгээр Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэрт гарсан галын улмаас шатсан, эвдэрсэн, үйлдвэрийн барилгыг сэргээн засварлахад гарсан дээврийн засварын ажил, гадна фасатын ажил, дотор заслын ажил, цахилгаан болон монтажны ажил, замын эвдрэл зассан ажил, цалин ба урамшууллын зардал, акталсан бараа материал, бусад ажлуудтай холбогдон гарсан зардлуудын ажил гүйцэтгэх гэрээ, тэдгээрийн хийгдсэн огноо, мөнгөн дүн, нэхэмжлэлийг төлбөрийн баримттай тулгаж, гүйлгээг гэрээ, нэхэмжлэл, банкны харилцах дансны хуулга, орлогын баримт, зарлагын баримт нягтлан бодох бүртгэл болон 2017 оны санхүүгийн тайлантай тулган шалгалаа. Говь ХК нь үйлдвэрийн барилгын дээвэрт гарсан галын улмаас шатсан, эвдэрсэн үйлдвэрийн барилгыг сэргээн засварласан зардалд нийт 4,831,696,504.30 төгрөгийг зарцуулж санхүүгийн тайланд тусгаж, бүртгэсэн байна.

3. “Говь” ХК нь үйлдвэрийн барилгын дээврийн ажлыг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлж байх үед гал алдаж дээвэр шатсантай холбоотойгоор галын аюулаас учирсан засварын зардалд 4,831,696,504.30 төгрөгийг зарцуулж, “Тэнгэр даатгал” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2,600,000,000.00 төгрөг, “Монгол даатгал” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000.00 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000,000.00 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 400,000,000.00 төгрөг буюу нийт 4,400,000,000.00 төгрөгийн нөхөн олговор хүлээн авсан байна. Иймд “Говь” ХК-д нийт 431,696,504.30 төгрөгийн бодит хохирол учирсан байна...” /4-р хх-ийн 50-63/ гэсэн дүгнэлтүүд,

 

-  Үйлдвэрийн барилгын дотор болон гадна хэсэгт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-7, 9-37, 38-51, 81-120, 138-139, 178-244, 2-р хх-ийн 190-250, 3-р хх-ийн 1-41, 141-193/,

- Үйлдвэрийн барилгын дээвэр хэсэгт хэргийн газрын үзлэг хийсэн тухай, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 140-161, 162-177/,

- Ажлын хэсэг байгуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны даргын тушаал, хавсралт /2-р хх-ийн 3-6/,

- “Говь” ХК-ний дээвэр шатсан хэргийн газрын үзлэгийн ерөнхий схем зураглал /2-р хх-ийн 7/

- “Говь” ХК-ний дансны хуулга /2-р хх-ийн 9-10/,

- “Говь” ХК-ийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл /2-р хх-ийн 106-131/,

- Ажил гүйцэтгэх  гэрээ /2-р хх-ийн 132-136/,

- “Топ рууф” ХХК-ийн дээврийн ажилтны хөдөлмөр хамгаалалт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2-р хх-ийн 141-176/,

- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмж /2-р хх-ийн 182-183/,

- Үйлдвэрийн дээврээс утаа гарч буй зураг /3-р хх-ийн 48/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /3-р хх-ийн 51, 137/,

- Туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 75-81/,

- Шүүгдэгч Д.О-, Б.Ц нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 115-117/,

- Цаг уур, орчны шинжилгээний газрын албан бичиг /3-р хх-ийн 129/,

- “Топ рууф” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3-р хх-ийн 243, 4-р хх-ийн 121/,

- “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-ийн аудитын тайлан /4-р хх-ийн 23-44/,

- Гэрч Ц.Б-гийн гар зураг /4-р хх-ийн 65/,

- “Топ рууф” ХХК-ийн дүрэм /4-р хх-ийн 117/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.О-, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

“Говь” ХК, “Топ рууф” ХХК-иуд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамжинд байрлах “Говь” ХК-ийн үйлдвэрийн хялгас ялгах цехийн нөхөөс хийх 825 м2, цайны газрын бэлтгэл хэсгийн дээврийн хуучин хар цаас хуулах, хөрсжүүлэлт хийх, малгай төмрийг засч янзлах, дээд ба доод үеийн хар цаас шинээр наах 4,32 м2, цайны газрын хүнсний агуулахын дээврийн 29,5 м2, ҮТДэлгүүрийн дээврийн хучилт сэргээн засварлах 56 м2, нийт 914,82 м2 дээврийн засварын ажлыг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г /2-р хх-ийн 177-181/ байгуулжээ.

Уг гэрээний дагуу “Топ рууф” ХХК-ийн нэр бүхий найман ажилтан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 9 цагаас цайны газрын хүнс хадгалах агуулахын бетон тэгшилгээ, ханын шавардлага хийх, дээврийн хуучин хар цаас хуулж ажлаа эхлүүлсэн бөгөөд тухайн өдрийн 15 цагаас “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт хар цаасаар нөхөөс хийх ажлыг байгалийн 27 хэмийн халуунд хийж, 17 цагийн орчим дуусчээ.

 

Хар цаасаар нөхөөс хийх ажил нь барилгын дээврийн тодорхой хэсэгт хуучин наасан байсан хар цаас нь элэгдэлд орж ангайсныг шаардлага хангасан хар цаасыг ил галаар халааж, шууд дэвсэж наах ажиллагаа юм.

“Топ рууф” ХХК-ийн ажилтан Д.О-, Б.Ц нар нь “Говь” ХК-ийн цайны газрын бэлтгэл хэсгийн дээвэр дээрээс хуучин хар цаас авчран зүсэж бэлтгэн 30 см-ын өргөнтэй, 6 орчим метрын урттай хуучин хар цаасыг баллонтой газ, газан хошуугаар ил галаар халааж наасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О-гийн “...Цайны газрын дээвэр дээрээс хуучин хар цаас авчраад тэрийгээ 30 см-ын өргөнтэй бэлдсэн, тэгээд 6 орчим метр урттай хар цаасыг газан хошуугаар халааж наасан. Тухайн цайны газрын дээвэр дээрээс авчирсан хар цаас нь хэрэглэгдээгүй, дээвэр дээр сул байсан. “Говь” ХК-ийн дээврийн нөхөөсний ажлыг Ц бид хоёр хийсэн...” гэсэн, шүүгдэгч Б.Ц-ийн “...Гал тогооны дээврийн хэсэг дээрээс хэсэг хар цаасыг авчирч түүнийг 30 орчим см-ын өргөнтэйгөөр бэлдсэн, хар цаас наах үйлдвэрийн дээврийн хэсэгт 30 см өргөнтэй байхад болохор 2 см орчим жижиг хэмжээний газарт нөхөөсний ажлыг хийсэн, тэгээд би газаар ил гал гаргаж, хар цаасыг халааж, Д.О халаасан хар цаасыг наасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдоно.

 

“Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын бүтэц нь 120 метрын өргөнтэй, 190 метрын урттай 2 давхар барилга бүхий 1981 онд ашиглалтанд орсон барилгын дээвэр нь бетонон хучилттай, түүн дээр 10 см-ын зузаантай прус модоор нуруулдаж, 5 см-ын зузаантай банзаар хучилт хийж түүн дээр хар цаасаар хучилт хийсэн, олон жил давхарласан хар цаас нь 8-10 см-ын зузаан болсон дээврийн хийцтэй /2-р хх-ийн 1-2/.

Хэргийн газарт 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр: “...Дээврийн өнгөн хэсэгт хар цаас, түүний доор 3 см өргөнтэй модон банз, түүний доор 17 см-ын зайд барилгын шилэн хөвөн байх ба уг шилэн хөвөнгийн доод хэсэгт 5 см зузаантай хөөсөнцөр, уг хөөсөнцөрийн доод хэсэгт цутгамал бетон суурилсан байна. Банз, суурь цутгамал бетон хоёрын дунд 24 см зайтай. Уг дээврийн хэсгийн хар цаасны доор нилэнхүйдээ гялгар цаас дэвссэн байдалтай байв.

Хар цаасны доор байрлах банз, хөөсөнцөр хоёрын дунд хэсэгт зүүнээс баруун тийш чиглэсэн дам нуруу мод байрласан. Дам нуруу мод хоорондоо 78-82 см-ын хэмжээтэй хөндлөн байрлалтай байна. ...Дээврийн хэсгийг хоёр хувааж, хэсгийн хойд зүгт 4,20 метр зайд, зүүн ирмэгээс баруун тийш 970 см зайд 69 см өргөнтэй, 41 см өндөртэй агааржуулалтын хоолойны салхивч байрласан. Уг салхивчны бүтэц нь дээд хэсгээрээ буюу гадна хэсгээрээ төмрөөр бүрхэгдсэн, доод хэсгээрээ модон бүтэцтэй, дотор хэсгээрээ 25 см-ын хэмжээтэй гүн, дотор хэсгээр дөрвөлжин онгорхой хэсэгтэй байлаа...” /1-р хх-ийн 141, 141 дүгээр хуудасны ар тал/ гэжээ.

 

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч нарын 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 371/1513 дугаартай дүгнэлтээр: “...3. Гал түймрийн шаталтын явц, тархан дэлгэрэлтийн байдал хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “Говь” ХК-ийн үйлдвэрийн дотор талын тоног төхөөрөмж, албан өрөөний тавилга, хана тааз, цонх, хаалга, өрөө, тасалгааны шатлага явагдаагүй зэргээс үзэхэд гал түймрийн голомт нь үйлдвэрийн гадна, дээврийн хэсэгт үүссэн байна.

...Хэргийн газрын материалаас үзэхэд гал түймэр унтраах, аврах анги ирэх үед гал түймрийн тархалт дээврийн хөндийн дотор талаараа ихээхэн хэмжээгээр тархаж хүчилтөрөгчийн агууламж өндөр хэсгээр дөллөн ассан байна. Гал түймэр гарсан өдөр барилгын дээвэр дээр ил гал гаргаж хуучин болон шинэ хар цаасыг халааж, хайлуулан нөхөөсний ажил хийгдэж байсан нь гал түймэр гарах шалтгаан болсон байна.” /4-р хх-ийн 239-241/ гэсэн дүгнэлт,

Гамшиг судлалын хүрээлэнгийн гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 9/215 дугаартай дүгнэлтэд:

“...хар цаас: асах температур 212-2700С, авалцан асах температур 300-3500С, өөрөө авалцан асах температур 380-3970С, дээврийн шатах үеийн шугаман хурд 1,5-2,0 м/мин.

 

Үзүүлэлт

Зэрэглэл

Шинжлэхэд дагаж мөрдсөн стандарт

1

Материалын ангилал

Ш4 (хүчтэй шатдаг)

EN 60695-11-20

2

Авалцан асах ангилал

Д3 (хялбар дөллөж авалцан асдаг)

MNSGOST 21207:2007

3

Дөлний дархан дэлгэрэлтийн ангилал

ТҮ4 (хүчтэй тархдаг)

ГОСТ Р 51032-97

 

Мод:

Үзүүлэлт

Зэрэглэл

Шинжлэхэд дагаж мөрдсөн стандарт

1

Материалын ангилал

Ш2 (дунд зэрэг шатдаг)

EN 60695-11-20

2

Авалцан асах ангилал

Д2 (дунд зөрөг дөллөж авалцан асдаг)

MNSGOST 21207:2007

3

Дөлний дархан дэлгэрэлтийн ангилал

ТҮ2 (бага зэрэг тархдаг)

ГОСТ Р 51032-97

 

Хар паниар:

Үзүүлэлт

Зэрэглэл

Шинжлэхэд дагаж мөрдсөн стандарт

1

Материалын ангилал

Ш2 (дунд зэрэг шатдаг)

EN 60695-11-20

2

Авалцан асах ангилал

Д2 (дунд зөрөг дөллөж авалцан асдаг)

MNSGOST 21207:2007

3

Дөлний дархан дэлгэрэлтийн ангилал

ТҮ2 (бага зэрэг тархдаг)

ГОСТ Р 51032-97

 

3-р асуултын хариулт: Хариулах боломжгүй, учир нь тухайн материалын орчны температур, агаарын даралт, салхины хурд, хүчилтөрөгчийн агууламж зэргээс хамаарч харилцан адилгүй үзүүлэлттэй гарна. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчийн агууламж хангалттай, салхины хурд 3 м/с-ээс их байгаа тохиолдод дүрэлзэн шатаж хүчилтөрөгчийн агууламж бага, салхины хурд 3 м/с-ээс бага тохиолдолд уугиж шатна....” /2-р хх-ийн 184-187/ гэсэн дүгнэлт,

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Д.Баян-Эрдэнийн: “...Шинэ хар цаас болон хуучин хар цаас хоёрын шатах орчин өөр, учир нь хуучин хар цаас шатахдаа хялбар болдог. Гал гурван үзүүлэлттэй байдаг. Хүчилтөрөгчийн агууламж, дулааны агууламж, шатах материалын их үүсвэр зэргээс шалтгаалан гал гардаг. Уугин шаталт гэдэг нь хүчилтөрөгчийн хангалттгүй орчинд уугжилт явагдаж байгаа үед уугисан шаталт буюу дөлгүй шаталт явагддаг. Энгийн үгээр хэлэхэд шавартай ханийн цаана байгаа мод уугиж шатдаг. Мөн хөвөнг битүү газар шатаахад уугиж байгаа хэлбэрийг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүчилтөрөгчтэй орчин гал уугиж асна. Хар цаас шатахдаа хайлж урсдаг бөгөөд халуунаар түлж байгаа тул хар цаас татаж урсах боломжтой, хар цаасны асах температур 212-270 градус, авалцан асах температур 300-350 градус, өөрөө авалцан асах температур 380-397 градус, авалцсан асах температур гэдэг нь гадны дулааны нөлөөгөөр асах температур гэсэн үг, харин газны хошууны үзүүрт гарч байгаа дулааны темпратур нь 1,200-1,500 градус температур дулаан ялгаруулдаг. Тухайн материал нь уугиж асаж явсаар хүчилтөрөгчтэй газар очоод асаад анхны цэг буюу уугиж эхэлсэн газрыг унтраах нь материалаасаа шалтгаалаад харилцан адилгүй. 30 метрын урттай банз модыг нэг талаас уугиж шатаавал хүчилтөрөгч их байгаагаас шалтгаалан шаталт явагддаг. Гэхдээ хамгийн удаан шаталт нь 7-8 цаг, хамгийн хурдандаа 30 минутаас 1 цагийн хооронд шатдаг. Хоёр банз хоорондоо зайтай байсан тохиолдолд бусад туслах материалуудаар дамжин шатдаг...” гэсэн,

гэрч Ц.Б-гийн “Галын голомт хэсэгт “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээврийн гол хэсгээс бага зэргийн зүүн талдаа байсан бөгөөд голомтноос хааш хаашаагаа 10 м-ын зайд дулаан мэдрэгч багажаар хайгуул хийж шалгахад өндөр температур илрээгүй, харин агааржуулалтын сувагнаас өндөр температур илэрч байсан...” /4-р хх-ийн 4-5/ гэсэн,

Гэрч Г.Э-ын “...Дээвэр дээр А-, Гантөмөр бид гурав гарахад “Говь” ХК-ийн ажилчин гээд 3-4 хүн байсан. Бид гурав галын голомтыг олох зорилгоор дулаан мэдрэгчээр хайгуул хийхэд дээврийн буюу утаа гарч байсан салхивчний эргэн тойрон халалт өгчихсөн байсан. Иймээс дээврийг задлахгүйгээр гал унтраах 10-р ангийг нэмэлтээр дуудсан. ...Ингээд дахин салхивчнаас зүүн тийш 3 метр зайд задалж үзэхэд утаа ихтэй галын голомт мэдэгдэхгүй байсан. Тэр хооронд гал сөнөөгч нар усаар галыг шүршиж байсан. Бид нар тал талд цоолж үзэхэд галын голомт тархчихсан байсан...” /2-р хх-ийн 59-60/ гэсэн,

Гэрч Б.Э-ын: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед цуглаад үлдээсэн байсан шаврын ажлаа хийж байгаад 13 цаг орчим дуусаад, цайндаа орцгоосон. Хоолонд орж дуусаад үдээс хойш 15 цагийн орчим дээврийн наалтын ажлыг хийж эхлээд 16 цагийн үед дууссан. Ц дангаараа амсарыг нь наах ажил хийж байсан...” /2-р хх-ийн 24, 43-44, 4-р хх-ийн/ гэсэн, гэрч Д.О-ийн: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 09 цаг 30 минутын орчим “Говь” ХК-ийн үйлдвэрийн байрны дээврийн нөхөөс, “Говь” ХК-ийн хажуугийн жижиг байшингийн ханыг шавардах ажлыг хийхээр 8 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. ...Тэгээд 15 цагаас 16 цагийн хооронд “Говь” ХК-ийн үйлдвэрийн байрны дээврийн нөхөөсийг 1 цагийн хугацаад хийсэн...” /2-р хх-ийн 23, 39-40, 49/ гэсэн, гэрч Б.Э-ын: “...2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр  бид нар цайндаа орчихоод зүүн хэсгийн дээврийн ажлыг хийж тухайн дээвэрт гарсан ан цавыг хар цаасаар бөглөсөн. Бүгд л тухайн ажлыг хийсэн, хар цаас наахдаа эхлээд газаар халаан наасан. Тухайн үед Ц-, О нар газаар хар цаасыг халааж, бусад нь наасан. Газийг дээвэр дээр халаасан. Тухайн дээвэр дээр газ нь бараг дуусч байсан, 20 литрийн газын баллон, хар цаас, дэгээ төмөр л байсан. ...Бид нар хоёр метрийн урттай, 30 см өргөнтэй хар цаас наасан...” /2-р хх-ийн 16-17, 54-55/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-7, 9-13, 14-37, 38-42, 43-51, 61-63, 64-73, 74-79, 80-82, 83-116, 134, 138-139, 140-145, 146-201/-үүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар “Топ рууф” ХХК-ийн ажилтан шүүгдэгч Д.О-, Б.Ц нар нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагаас “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт 30 см-ын өргөнтэй, 6 орчим метр урттай хуучин хар цаасыг байгалийн +27 хэмийн халуунд ил галаар халааж наасан, үйлдвэрийн барилгын дээвэр дээр наасан хар цаасны доогуурх модон банз болон бусад шатамхай хөөсөнцөр зэрэг нь уугиж “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр шатах үндэслэл болжээ гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Д.О-, Б.Ц нарыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1531 дүгээр зүйлийн 1531.1-д “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.О-, Б.Ц нарт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй бөгөөд хуульд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.О-, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.  

 

Гэмт хэргийн улмаас “Говь” ХК-ийн эд хөрөнгөд нийтдээ 4,831,696,504.31 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлан /3-р хх-ийн 208-224/ “Юнифайд Файнаншл Солюшнс Аудит” ХХК-ийн шинжээчийн тайлан /4-р хх-ийн 23-44, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Юнифайд Файнаншл Солюшнс Аудит” ХХК-ийн 4 хавтас материал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ж-ы 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №53 дугаартай дүгнэлт /4-р хх-ийн 50-63/, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ж.Ж-ы “...“Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр дээр гал гарч дээвэр шатсантай холбоотойгоор галын аюулаас учирсан засварын зардалд 4,831,696,504.30 төгрөгийг зарцуулж, “Тэнгэр даатгал” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2,600,000,000.00 төгрөг, “Монгол даатгал” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000.00 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000,000.00 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 400,000,000.00 төгрөг буюу нийт 4,400,000,000.00 төгрөгийн нөхөн олговор хүлээн авсан байна. Иймд “Говь” ХК-д нийт 431,696,504.30 төгрөгийн бодит хохирол учирсан. Энэ талаар “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-ийн гаргасан аудитын тайлан, шинжээчийн тайлангууд нь үндэслэлтэй байна...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдоно.

“Монгол Даатгал” ХХК-иас 2,600,000,000.00 төгрөг, “Тэнгэр Даатгал” ХХК-иас 1,800,000,000,00 төгрөг нийтдээ 4,400,000,000,000 төгрөгийг “Говь” ХК-д төлж барагдуулсан /4-р хх-ийн 97, 98/ бөгөөд үлдэх 431,696,504.30 төгрөгийг гэм буруутай “Топ Рууф” ХХК-иас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О-, Б.Ц нар нь гэмт хэрэгт холбогдох үедээ “Топ Рууф” ХХК-нд дээвэрчин, туслах ажилтнаар ажилладаг байсан болох нь Б.О-гийн “...Би 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “Топ рууф” ХХК-нд дээвэрчингээр өнөөдрийг хүртэл ажилласан, уг ажил нь улирлын чанартай зун дулаан цагаар ажилладаг, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн...” /2-р хх-ийн 39/ гэсэн, Б.Ц-ийн “...Би “Топ рууф” ХХК-нд туслах ажилтнаар 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ажилд орсон байгаа...” /2-р хх-ийн 68-69/ гэсэн, иргэний хариуцагч Х.О-гийн “...О-, Ц нартай түр ажиллах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байсан. Эдгээр хүмүүс надтай 1,6 жилийн хооронд хамтарч ажиллаж байсан залуучууд байгаа юм...” /4-р хх-ийн 114-115/ гэсэн мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 157-160, 173-176 дугаар талд авагдсан аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлагууд, “Топ рууф” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4-р хх-ийн 117-120, 121/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хохирогч байгууллагын эд хөрөнгөнд учирсан хохирлыг “Топ рууф” ХХК-иас гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

“Топ рууф” ХХК өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх, шүүгдэгч Д.О-, Б.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба эрүүгийн  хариуцлага  оногдуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.О-, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.О-, Б.Ц нарын үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч хуульд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дууссан байх тул Д.О-, Б.Ц нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Д.О-, Б.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 201726030703 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  хэрэгт “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-ийн аудиторын 4 хавтас тайлан материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч “Говь” ХК-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Х овогт Д-гийн О, Т овогт Б-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Доржоогийн О-, Б-ийн Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т.......” ХХК /Х.О-/-аас 431,696,504.30 /дөрвөн зуун гучин нэгэн сая зургаан зуун ерөн зургаан мянга таван зуун дөрвөн төгрөг гучин мөнгө/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Г...” ХК /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, Г.....ХК-ийн байр, ТТН...., 207..../-д олгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-ийн аудиторын 4 хавтас тайлан материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч “Г....” ХК-д буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн 201726030703 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О-, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР