Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00443

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10615 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг буцаан өгөхийг даалгах тухай,

 

иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2016 оны 12 сарын 28-ны өдөр Таван богд ХХК-тай гэрээ байгуулж, Toyota Land Сruiser-200 маркийн автомашиныг 157,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Мөн өдөр Хаан банк ХК-тай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулж, уг автомашиныг барьцаалан 141,750,000 төгрөгийн зээл авсан. Миний бие 2018 оны 08 сард гадаад улс руу зүрхний хагалгаанд орохоор болж удаан хугацаагаар буцаж ирэхгүй болсон тухай ******* нь олж мэдээд хэд хоног автомашиныг чинь унаж байгаад буцаагаад өгье гэж хэлсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв орны хажууд ******* улсын дугаартай, Toyata Land Cruiser-200 маркийн автомашиныг аваад явсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 сард Монгол Улсад буцаж ирээд автомашинаа буцааж авах гэтэл худал шалтгаан хэлж, өнөөдрийг хүртэл өгөхгүй зугтсаар байна. Хаан банк ХК-ийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 152,389,667 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан.

Иймд ******* улсын дугаартай, Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг буцаан өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: ******* улсын дугаартай, Toyota Land Сruiser-200 маркийн автомашиныг ******* ХХК-ийн нэр дээр анх худалдан авахаар харилцан тохиролцсон байсан. Гэвч нэхэмжлэгч нь компаниас холбогдох төлбөрийг гаргуулсан ч автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан. Миний хамаарал бүхий ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ******* УБК улсын дугаартай, Toyota Land Сruiser-76 маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* нь компанид мэдэгдэлгүйгээр дур мэдэн авч явж, өөрийн хамаарал бүхий Сэлэнгийн ******* ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Уг автомашиныг буцааж өгөөд ******* улсын дугаартай, Toyota Land Сruiser-200 маркийн автомашиныг авч болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар баримтлан, ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, Toyota Land Cruiser-200 GX-R Diesel A/T загварын, хар өнгөтэй, автомашиныг буцаан өгөхийг хариуцагч *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.  Нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг буруу тодорхойлж нэхэмжлэл гаргасан. Уг автомашиныг Хаан банкны зээлээр худалдан авсан цагаас хойш ******* ХХК тухайн автомашины зээлийг төлж өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан. Уг автомашин хариуцагч *******д байгаа эсэхийг тогтоогоогүй атлаа автомашиныг надаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэлд намайг хэд хоног автомашиныг чинь унаж байгаад буцааж өгье гэж хэлсэн хэмээн дурдсан боловч тухайн автомашиныг үнэхээр надад хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, үүнийг нотлох ямар нэгэн баримт, нотолгоо огт байхгүй.

4.2.  Миний бие тухайн автомашиныг хувьдаа огт авч хэрэглээгүй, мөн маргаан бүхий автомашин нь ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсаар байхад надаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Миний бие нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар нэгэн байдлаар халдаагүй, маргаан бүхий автомашиныг хүлээн авч эзэмшээгүй, ашиглаагүй тул намайг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл байхгүй. Харин тухайн автомашин хэн, аль этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг тодорхойлж, түүнээс гаргуулан авах нь хуульд нийцнэ.

4.3.  2025 оны 12 сарын 10-ны өдөр миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн ******* миний бие Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүй хэргийг шийдвэрлэсэн. Миний бие хуульч, өмгөөлөгч биш бөгөөд өөрийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлоо хамгаалуулах үүднээс мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч шүүхээс хүсэлтийг минь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэгдүгээрт, хариуцагч нь шүүх хуралдааны үед маргаан бүхий автомашиныг авсан болохоо зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хариуцагч нь өөрийн хувьцаа эзэмшдэг компанид маргаан бүхий автомашиныг ашиглаж байгаа нь баримтаар тогтоогдсон байхад өөрт хамааралгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, бид 2025 оны 09 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагчид нэхэмжлэл гардуулж өгснөөс хойш шүүх хуралдааныг зарласан хугацаанд хариуцагч өмгөөлөгч авах боломжтой байсан. Гэтэл хариуцагч нь шүүх хуралдааны үед манай өмгөөлөгч өөр хуралтай байгаа тул ирэх боломжгүй гэх тайлбар хэлсэн боловч шүүх хуралдаан давхацсаныг нотлох баримтгүй байсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* улсын дугаартай Toyota Land Cruiser-200 маркийн автомашиныг буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...уг автомашин нь миний эзэмшил, ашиглалтад байхгүй, миний хамаарал бүхий ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа, тус компаниас уг автомашины үнийг төлсөн, нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй ******* УБК улсын дугаартай, Toyota Land Сruiser-76 маркийн автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, түүнийг өгөөд өөрийн автомашиныг авч болно... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  ******* нь Таван богд ХХК-тай 2016 оны 12 сарын 28-ны өдөр 16/914 тоот Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******арлын дугаартай, Toyata Land Cruiser-200 маркийн автомашиныг 157,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон;

3.2.  Үүний дагуу ******* нь Хаан банк ХК-тай 2016 оны 12 сарын 28-ны өдөр ЗГ201642885111 тоот Барьцаат зээлийн гэрээ, ФГ201642885111 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г тус тус байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дээрх автомашиныг Хаан банк ХК-ийн өмчлөлд бүртгүүлж, 141,750,000 төгрөгийн зээл авсан;

3.3.  Улмаар ******* нь 2016 оны 12 сарын 28-ны өдөр уг автомашиныг Таван богд ХХК-аас хүлээн авсан.

 

4.   Анхан шатны шүүх дээр үйл баримтыг зөв тогтоож, маргаан бүхий автомашины өмчлөгч нь ******* болох нь тогтоогдсон тул хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс уг автомашиныг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцжээ.

 

5.   Нэхэмжлэгч ******* нь бусадтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бусдаас авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр уг автомашины үнийг төлсөн байх тул ...уг автомашиныг ******* ХХК-ийн нэр дээр анх худалдан авахаар харилцан тохиролцсон байсан, гэвч нэхэмжлэгч нь компаниас холбогдох төлбөрийг гаргуулсан ч автомашиныг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан... гэх татгалзал үндэслэлгүй.

 

6.   Хариуцагч ******* нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад ...анх бол би хөдөө явах ажилдаа 2016-2019 онуудад унадаг байсан..., ...автомашины түлхүүрийг н.******* гээд уулын инженер залуугаас авсан... гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан байх тул ...тухайн автомашиныг үнэхээр надад хүлээлгэн өгсөн эсэх нь тодорхойгүй, үүнийг нотлох ямар нэгэн баримт, нотолгоо огт байхгүй... гэх түүний татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдоно.

 

7.   Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагч *******ын гаргасан ...******* ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ******* УБК улсын дугаартай, Toyota Land Сruiser-76 маркийн автомашиныг нэхэмжлэгч ******* нь компанид мэдэгдэлгүйгээр дур мэдэн авч явж, өөрийн хамаарал бүхий Сэлэнгийн ******* ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Уг автомашиныг буцааж өгөөд ******* улсын дугаартай, Toyota Land Сruiser-200 маркийн автомашиныг авч болно... гэсэн тайлбараар түүний гаргасан ...маргаан бүхий автомашин нь ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсаар байхад надаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй... гэх давж заалдах гомдол няцаагдаж байна.

 

8.   Анхан шатны шүүхээс хариуцагч *******д 2025 оны 10 сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгч, хэргийн материалтай танилцуулжээ.

Уг хугацаанаас хойш 2 сарын дараа буюу 2025 оны 12 сарын 10-ны өдөр анхан шатны шүүх шүүх хуралдааныг товлон хуралдуулсан байх тул хариуцагч *******д хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2-т тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн болон нэмэлт хугацаа өнгөрсний дараа шүүх хуралдааныг товлон хуралдуулсан байх тул ...тухайн хүсэлтийг одоо гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

9.   Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

10.   Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт маргаан бүхий автомашины арлын дугаарыг буруу бичиж илт техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10615 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ******* гэснийг *******гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ос улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР