Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00496

 

 

 ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10565 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******, ******нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 444,552,524 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч ******, ******нартай 2017 оны 02 сарын 23-ны өдөр ЗГ/201742917125 тоот зээлийн гэрээ байгуулан 360,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 02 сарын 23-ны өдөр БГҮ/201742917125 тоот барьцааны гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэгдсэн, 146.4 м.кв талбайтай 5 өрөө байрыг барьцаалсан. Зээлдэгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд 2017 оны 06 сарын 07-ны өдөр, 2020 оны 12 сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч ******, ******нар 2025 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 63,692,669 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124,721,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,604 төгрөг, нийт 188,416,769 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйн улмаас 1,281 хоногоор зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 296,307,331 төгрөг, зээлийн хүү 138,353,743 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,891,449 төгрөг, нотариатын зардал 78,000 төгрөг, нийт 444,630,524 төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******, ******* байр, ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэгдсэн, 146.4 м.кв талбайтай 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн агуулгад дурдсан зээлийн хүүгийн төлбөр болох 138,353,743 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 9,891,448 төгрөгийн тооцоолол болон тооцсон аргачлалыг нь холбогдох гэрээ, хуулийн дагуу хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд, уг маргааныг шүүх хуралдааны журмаар хэлэлцүүлж, өөрийн байр суурийг тайлбарлаж, танилцуулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

3.   Хариуцагч ****** хариу тайлбар гаргаагүй.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч ******, ******нараас 444,630,523 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 146.4 м.кв талбайтай 5 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,763,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******, ******нарас 2,763,521 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээлийн төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрөөс гадна нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,981,448 төгрөгийг хохиролд тооцсон нь үндэслэлгүй, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн тооцоолол болон тооцсон аргачлал нь буруу гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

6.   Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нь Монгол банкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 сарын 23-ны өдрийн А-106/298 дугаар тушаалын хавсралт буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалд нийцсэн. Мөн хариуцагч тал нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

2.   Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******, ******нарт холбогдуулан үндсэн зээл 296,307,331 төгрөг, зээлийн хүү 138,353,744 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,891,449 төгрөг, нотариатын зардал 78,000 төгрөг, нийт 444,630,524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******нь эс зөвшөөрч, татгалзлаа ...тооцоолол болон тооцсон аргачлалыг зөвшөөрөхгүй... гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

3.   Хэргийн баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  ******* ХК болон ******, ******нар 2017 оны 02 сарын 23-ны өдөр ЗГ/201742917125 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХК нь 360,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлдүүлэх, ******, ******нар зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг харилцан тохирсон;

3.2.  Мөн өдөр ******* ХК болон ****** нар БГҮ/201742917125 тоот Барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, ******, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 146.4 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг барьцаалж, барьцаалуулсан;

3.3.  ******* ХК нь зээлийн мөнгөн хөрөнгө 360,000,000 төгрөгийг 2017 оны 02 сарын 24-ний өдөр *******ын өмчлөлд шилжүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн;

3.4.  Улмаар ******* ХК болон ******, ******нар 2017 оны 06 сарын 07-ны өдөр ЗГ/201742917125-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн хүүг 9.6 хувь болгон бууруулж, 2020 оны 12 сарын 10-ны өдөр ЗГ/201742917125-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 186 сар болгож, 2021 оны 05 сарын 28-ны өдөр ЗГ/201742917125-3 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 189 сар болгож, тус тус зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

 

4.   Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээ хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

5.   Хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэргээс үзэхэд зээлдэгч нар 2017 оны 03 сарын 24-ний өдрөөс 2024 оны 06 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 63,692,669 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124,721,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,604 төгрөг, нийт 188,416,769 төгрөгийг төлсөн, мөн нэхэмжлэл гаргах үеийн буюу 2025 оны 08 сарын байдлаар үндсэн зээл 296,307,331 төгрөг, зээлийн хүү 138,353,744 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,891,449 төгрөг, нийт 444,552,524 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээсэн болох нь тус тус тогтоогдсон.

Хариуцагч ******нь хариу тайлбартаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг зөвшөөрөхгүй гэж, гомдолдоо зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол буруу гэж тус тус бичсэн байх боловч үндэслэлийг тодорхой заагаагүй, нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг өөрийн тооцооллоор няцаагаагүй, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу бодож тооцоолсон гэсэн тайлбарыг үгүйсгээгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******нь өөрийн татгалзал, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

6.   Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, энэ тухай зээлдүүлэгч нь удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч ******* ХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Орон сууцны зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч ******, ******нараас шаардах эрхтэй.

 

7.   Нэхэмжлэгч ******* ХК нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөх зардалд 78,000 төгрөг төлсөн болох нь төлбөрийн баримтаар нотлогдож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

7.1.  Өмнө дурдсанчлан ******* ХК болон ****** нарын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэгч ******* ХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

8.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй байх тул хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

9.   Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Орон сууцны зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, үүрэг шаардсан байхад холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах хуулийн зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.

Түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хувь хэмжээгээр хуваарилаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх мөн залруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10565 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ******, ******нараас нийт 444,630,524 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч... гэсний дараа ...нар... гэж нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...2,763,521... гэснийг ...2,451,303... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 174,653 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР