Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Д.М-, шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л овогт Д-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810008190032 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн засварчин мэргэжилтэй, “...........” ОСНАА-д ......... ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ........ дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлүй, бие эрүүл, ухаан бүрэн, Л овогт Д-гийн С.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ......... тоотод эхнэр буюу хохирогч Д.М-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, би ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээдэг, сард 700,000 төгрөгийн орлого олдог торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Отгонгэрэл, Долгормаа нарын хамт 2,5 литрийн савалгаатай пиво хувааж уугаад 18 цаг өнгөрч байхад гэртээ очиход хоёр хүүхэд хоол идээгүй гэхээр нь мах хэрчээд хоол хийх гэж байхад Д.С согтуу ирсэн. Тэгэхээр нь би өдөржин гэртээ байдаг мөртлөө хүүхдүүддээ хоол хийж өгөхгүй яасан юм бэ гэхэд чи архи уусан байна, хүргэн ахтай хамт архи уусан уу гэж уурлаад намайг үснээс зулгааж чирж гэрээс гаргаад хашаанд унагааж байгаад нүүр нүдгүй өшиглөсөн...” /хх-ийн 20-23, 67/ гэсэн,

 

Гэрч Д.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр М-гийн гэрт очиход зүүн нүд, хамар хэсэг нь хөхөрч хавдсан, баруун хөлийн булчин нь өнгөц зүсэгдэж шархалсан хөхөрсөн байсан...” /хх-ийн 24-25/ гэсэн,

 

Гэрч Д.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...М Отгонгэрэлийн гэрийн өөдөөс харсан хашааг мөргөсний улмаас хацар нь шалбарсан байсан. ...М гэртээ ороод Д.С пизда минь гараад ир гэж дуудаад байхаар нь гараад харахад Д.С М хоёр барьцалдсан байхаар нь салгасан. Д.С ах М-г хацар руу нь нэг удаа алгадсан...” /хх-ийн 30-32/ гэсэн,

 

Гэрч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...гэрээсээ гараад харахад С-,М хоёр зууралдаж байхаар нь очиж салгасан. Тэр үед С-,М-гийн хацар руу алгадсан...” /хх-ийн 33-34/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч С.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ээж ирээд орон дээр унтаж байсан, аав гаднаас мах авсан хоол хийх гэж байсан. Ээж аавыг хоёр удаа өшиглөсөн, аав ээжийг нэг удаа өшиглөсөн...” /хх-ийн 35-36/ гэсэн,

 

Шинжээч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч Д.М-н хамрын яс хянга хэсгээрээ зөрүүгүй, зүүн хажуу хананд зөрүүтэй хугарал, хамрын салст хавагнаж зузаарсан, хамрын таславч баруун тийш мурийлттай, хамрын нурууны зүүн хажууд 1см х 0,7см хүрэн улаан зулгаралт гэмтэл үүссэн байна. Эдгээр гэмтлүүдээс хамрын таславч баруун тийш мурийлттай гэмтэл нь хуучин гэмтэл байсан ба бусад хамрын нурууны зүүн хажууд үүссэн 1см х 0,7см хүрэн улаан зулгаралт, хамрын ясны хянга хэсгээрээ зөрүүгүй хугарал, хамрын зүүн хажуу хананд зөрүүтэй хугарал салст хавагнаж зузаарсан зэрэг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хамрын ясны далд хугарал гэж гадагш ил гарч хугарахгүй гэмтлүүд буюу хамрын хянга хэсгээрээ зөрүүгүй, зүүн хажуу хананд зөрүүтэй хугаралууд хамаарна. ...Д.М-н биед үүссэн шинэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Хамрын таславчийн баруун тийш мурийлттай хуучин гэмтэл нь чухам хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. ...Д.М-н шилбэнд үзлэг хийгээгүй, энэ талаар хэлээгүй...” /хх-ийн 69-71/ гэсэн,  

 

Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед ажлаасаа ирэхэд эхнэр байхгүй, хоёр хүүхэд байсан. Ээж нь хэзээ ирэх юм гэж асуухад ээж орой ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөн аяга, хөөргөө ломбарданд тавиад идэж уух юм болон 0,33 литрийн нэг шил архи авч ганцаараа уучихаад 18 цагийн үед гэртээ ороход эхнэр орон дээр унтаж байхаар нь ямар хоол хийх вэ гэж асуухаар сэрээхэд өөдөөс хашгираад байхаар нь алгадсан. Тэгээд гэрээсээ гараад тамхи татаж байгаад буцаж ороод унтсан. Тухайн үед би тасарчихсан байх, нэг ухаан ороод харахад эхнэрийн ах ирчихсэн өргөдөл бичиж байсан...” /хх-ийн 47-48/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №4300 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.М-гийн биед хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт завьжинд язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. 4. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 44/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хохирлын баримтууд /хх-ийн 55-56, 72/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 95-96/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 14/,

- Шүүгдэгч Д.С-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 74-78/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.С нь 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ......... тоотод эхнэр Д.М-г зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт завьжинд язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.М-гийн “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...Д.С согтуу ирсэн. Тэгэхээр нь би өдөржин гэртээ байдаг мөртлөө хүүхдүүддээ хоол хийж өгөхгүй яасан юм бэ гэхэд чи архи уусан байна, хүргэн ахтай хамт архи уусан уу гэж уурлаад намайг үснээс зулгааж чирж гэрээс гаргаад хашаанд унагааж байгаад нүүр нүдгүй өшиглөсөн...” /хх-ийн 20-23, 67/ гэсэн, гэрч Д.С-гийн “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөрМ-гийн гэрт очиход зүүн нүд, хамар хэсэг нь хөхөрч хавдсан, баруун хөлийн булчин нь өнгөц зүсэгдэж шархалсан хөхөрсөн байсан...” /хх-ийн 24-25/ гэсэн, гэрч Д.М-ийн “...М гэртээ ороод Д.С пизда минь гараад ир гэж дуудаад байхаар нь гараад харахад Д.С-М хоёр барьцалдсан байхаар нь салгасан. Д.С ахМ-г хацар руу нь нэг удаа алгадсан...” /хх-ийн 30-32/ гэсэн, гэрч Д.Б-ийн  “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...гэрээсээ гараад харахад С-,М хоёр зууралдаж байхаар нь очиж салгасан. Тэр үед С-,М-гийн хацар руу алгадсан...” /хх-ийн 33-34/ гэсэн, шинжээч Ц.Б-ын “...гэмтлүүдээс хамрын таславч баруун тийш мурийлттай гэмтэл нь хуучин гэмтэл байсан ба бусад хамрын нурууны зүүн хажууд үүссэн 1см х 0,7см хүрэн улаан зулгаралт, хамрын ясны хянга хэсгээрээ зөрүүгүй хугарал, хамрын зүүн хажуу хананд зөрүүтэй хугарал салст хавагнаж зузаарсан зэрэг гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Хамрын ясны далд хугарал гэж гадагш ил гарч хугарахгүй гэмтлүүд буюу хамрын хянга хэсгээрээ зөрүүгүй, зүүн хажуу хананд зөрүүтэй хугаралууд хамаарна. ...Д.М-н биед үүссэн шинэ гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой...” /хх-ийн 69-71/ гэсэн,  шүүгдэгч Д.С-ын “...2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед ажлаасаа ирэхэд эхнэр байхгүй, хоёр хүүхэд байсан. Ээж нь хэзээ ирэх юм гэж асуухад ээж орой ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөн аяга, хөөргөө ломбарданд тавиад идэж уух юм болон 0,33 литрийн нэг шил архи авч ганцаараа уучихаад 18 цагийн үед гэртээ ороход эхнэр унтаж байхаар нь ямар хоол хийх вэ гэж асуухаар сэрээхэд өөдөөс хашгираад байхаар нь би алгадсан...” /хх-ийн 47-48/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4300 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.М-гийн биед хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт завьжинд язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. 4. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 44/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 14/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр, нөхөр бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч Д.С-ын өөрийн эхнэр Д.М-гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-гийн эрүүл мэндэд хамрын ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт завьжинд язрал бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь эмчилгээний зардалд 1,120,000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 95/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.С-ын хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь ганцаараа ажил хийх ар гэрээ тэжээдэг, сарын орлого 700,000 төгрөг авдаг тул торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч, оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810008190032 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Л овогт Д-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн С-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.С-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.С-т оногдуулсан торгуулийн ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810008190032 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР