| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2019/0763/Э |
| Дугаар | 798 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 798
2019 10 22 2019/ШЦТ/798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Б.О, Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц Б, Б.О нарт холбогдох эрүүгийн 1911018550915 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн оюутан, ам бүл 5, өвөө, аав, ээж, ах, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 15-35 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Ц Бг, /РД:/,
Монгол Улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн оюутан, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт Ховд аймгийн Жаргалант сум, Баатархайрханы 11-10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 11-17 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Дуучийхан овогт Б О, /РД:/,
Шүүгдэгч Ц.Б, Б.О нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б, Б.О нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай центр”-ийн 3 дугаар давхарын бэлэн хувцасны тасаг дээр О.Ариунжаргалын хувцас үзэж байгаад гарахдаа мартаж гарсан Самсунг А-7 маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 920,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10х/,
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Алтай центр” дэлгүүрийн 3 давхарт бэлэн хувцасны тасагт худалдагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байх үед 30-35 орчим насны 3 эмэгтэй хүн манай тасагт орж ирсэн ба нэг эмэгтэй нь хувцас өмсөж үзэх гээд манай хувцас солих өрөөнд орсон. Тэгээд нэг удалгүй манайхаас гараад явсан. Тэгээд би хажуу талын лангууны Оюун-Эрдэнэ эгчтэй юм яриад зогсож байгаад лангуун дээрээ ирэхэд ягаан өнгийн Самсунг загварын гар утас байсан. Тэгэхээр нь Оюун-Эрдэнэ эгчийг дуудаад энд нэг гар утас байна гэсэн чинь наашаа аваад хүрээд ир гэсэн. Тэгээд бид 2 хамт байж байх үед нөгөө гар утсаа мартсан хүмүүс буцаж орж ирээд гар утас аа үлдээсэн байна уу гээд асуухаар нь би сандарсандаа хараагүй гэсэн чинь тэгвэл урбан жинсний тасагт үлдээсэн байх гээд явцгаасан. Гэтэл Оюун-Эрдэнэ эгч нөгөө утсыг аваад би гарчихаад ирье гэсэн. Гэтэл нөгөө утсаа мартсан хүмүүс дахиад манай тасаг дээр ирээд би танай энд гар утсаа үлдээсэн би санаж байна гээд утсаа нэхсэн. Тэгэхээр нь би сайн санахгүй байна та нарын дараа олон хүн орж ирсэн гэж хэлсэн. Тэр хүмүүс камер шүүж үзнэ гээд явцгаасан. Тэр үед Оюун-Эрдэнэ эгч гаднаас орж ирээд сим картыг нь салгачихсан хэрэв хяналтын камер ажиллаж байвал хоёулаа баригдах байх ажиллахгүй бол азны юм болог гэсэн. Тэгээд тэр хүмүүс цагдаад дуудлага өгсөн. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа ахын дүү авсан бол үнэнгээ хэл гэхээр нь би утас олсон гэхдээ надад байхгүй гэдгээ хэлсэн чинь тэгвэл байгаа хүнээ дуудчих гэсэн. Тэгэхээр нь би Оюун-Эрдэнэ эгчийг дуудсан. Тэгээд Оюун-Эрдэнэ эгч ирээгүй бөгөөд нөгөө гар утсыг найзаараа өгөөд явуулчихсан байсан. Тэгээд бид нарыг цагдаагийн хэлтэс дээр ирээд байж байх үед Оюун-Эрдэнэ эгч ирсэн. Тэгээд гар утсыг цагдаад хүлээлгэж өгсөн...”, “...Тухайн үед анхнаасаа аваад нуучихсан байсан болохоор тэр утсыг гаргаж өгөөгүй миний буруу дахин ийм зүйл хийхгүй...” гэх /хх-ийн 22-23х/,
Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би лангууун дотроо сууж байтал манай хажуу талын лангууны худалдагч Баярчимэг намайг дуудсан. Тэгэхээр нь би лангуун дээр нь очиход эгчээ манай энд нэг утас байна. Та энэ утсыг аваад арынхаа өрөө рүү орчих гэхээр нь би тэр утсыг нь аваад лангууныхаа ар талын өрөөнд ороод байж байтал утсаа мартсан гэх хүмүүс ирээд гар утсаа асуугаад хайгаад байсан. Тэр үед утас нь асаалттай нөгөө хүмүүс нь залгаад байсан. Тэгээд би Баярчимэгээс энэ утсыг яах юм бэ гэсэн чинь та аваад гадагшаа гарчих гэсэн. Тэгэхээр нь би тэр утсыг аваад гадагшаа гараад дэлгүүрээс баруун тийш гараад байран дунд байдаг түцэнд гар утсыг үлдээгээд буцаж орсон. Би утсыг түцэнд үлдээхдээ сим картыг нь салгаж аваад өгсөн. Тэгээд намайг буцаад дэлгүүрт орж ирэхэд нөгөө гар утсаа хаясан гэх хүмүүс цагдаа дуудна камер шүүж үзнэ гэж хэлээд байж байсан. Тэгээд би Баярчимэгээс гар утсыг яах талаар асуухад байж бай энэ хүмүүс одоо ингээд явчих байх гэсэн. Тэгээд цагдаа нар ирчихсэн байсан. Би лангуугаа хаагаад гарч яваад нөгөө түцнээс гар утсаа аваад Баярчимэг рүү залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд дэлгүүрийн гадаа хүлээгээд байж байтал цагдаа над руу залгаад тэр утсыг нь өгөөд гэрчийн мэдүүлэг өг гэсэн. Тэгэхээр би тэр утсыг нь цагдаа дээр авч ирж өгөөд гэрчийн мэдүүлэг өгсөн...”, “...Баярчимэг тэр утсыг өөрөө авах гэж байсан байх 1 хоногийн өмнө гар утсаа хагалчихсан гэж хэлж байсан. Намайг энэ утсыг аваад гар гэхээр нь авч явсан миний буруу надад тэр утсыг ашиглах ямар нэг санаа байгаагүй...”, “...Баярчимэг утасны эзэн асуугаад ирэх юм бол битгий гаргаж өгөөрэй гэсэн. Тэгээд ч утсыг гаргаад өгөх юм бол би өөрөө хулгай хийсэн болчих байх гэж бодоод гаргаж өгөөгүй юм...” гэх /хх-ийн 28-29х/,
Хохирогч О.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд төрсөн эгч Ариунаа болон дүү нарын хамт Хурд хороололд байдаг өөрийн ажлын байрнаас гараад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Алтай центр” дэлгүүрээс хувцас авахаар орсон. Тэгээд 3 давхарын 14 дүгээр лангуун дээр өөртөө хувцас өмсөж үзэж байхдаа Самсунг А-7 маркийн гар утсаа лангуун дотор байсан ширээн дээр тавиад мартаж явсан байсан. Тэгээд цагдаагийн 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн...”, “...би очиж худалдагчаас гар утсаа мартсан талаар хэлэхэд би анзаараагүй та хэдийн дараа хар хувцастай эмэгтэй хувцас үзээд гарсан гэж надад хэлсэн...”, “...би “Алтай цент”-ийн зохион байгуулагч эмэгтэйд болсон явдлаа хэлээд камер шүүж үзье гэж хэлсэн боловч камер шүүх боломжгүй эвдэрсэн байгаа гэж хэлээд шүүж өгөөгүй тэгээд би цагдаад дуудлага өгсөн...”, “...би гар утсаа Юнител ХХК-аас 1 сард 1,200,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх /хх-ийн 14-15х/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 20х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21х/,
Самсунг А-7 маркийн гар утсыг 920,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 25х/,
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэний иргэний үнэмлэний лавлагаа /хх-ийн 32х/,
Шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33х/,
Шүүгдэгч Б.Оюун-Эрдэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36х/,
Шүүгдэгч Ц.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.О, Ц.Б нарыг бүлэглэн гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүх, шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, бусдад төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,
Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Цэдэвдоржийн Баярчимэг, Дуучийхан овогт Бямбадоржийн Оюун-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюун-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 120 /нэг зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Бийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар биелүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Б.Од сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Бт сануулсугай.
6. Шүүгдэгч Б.О, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД